Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/255

 

 

 

 

 

 

 

2022          03         14                                    2022/ШЦТ/255

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Г.Түвшинбаяр,

хохирогч С.Б-,

шүүгдэгч Л.С-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2209000000146 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч, жүжигчин мэргэжилтэй, “...” студид найруулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 797 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 190 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн / хх 56-57 /, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Л.С- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 03 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Континентал зочид буудлын гадна С.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.С- мэдүүлэхдээ: ... 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр надтай явсан 2 эмэгтэйн нэгийг нь С.Б-гийн танил байсныг сүүлд нь мэдсэн. Тэрээр эмэгтэй хүнийг түлхээд байхаар нь би шаардлага тавьсан. Гэтэл нэг нь миний чих рүү цохихоор нь маргалдаад салцгаасан. Тэгээд буцаад ирэхээр нь барьж аваад нүүр рүү нь нэг удаа цохиод унасан хойно нь нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгох ял оногдуулж өгнө үү. Хохирогчоос уучлалт гуйж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б- мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр хажуугийн ширээнд сууж байсан танил эмэгтэйтэй яриад үүдэнд уулзахаар тохирсон. Тэгтэл Л.С- намайг буруугаар ойлгоод надтай маргалдаад үгийн зөрүүгүй нүүр рүү цохьсон. Би зугтаад хальтарч унахад толгой руу өшиглөсөн. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хамрын хагалгаа хийлгүүлэхээр цаг авсан. Тэгтэл Л.С- төлбөрийг нь төлнө гэснээ утсаа авахгүй алга болсон. Перфект эмнэлэгт 40.000 төгрөгөөр үзлэг хийлгэсэн бөгөөд 7.000.000 төгрөгийн баримт бичиж өгснийг нэхэмжилж байна. Цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Б-гийн мэдүүлэг / хх 10-11 /, гэрч О.С-ын мэдүүлэг / хх 13 /, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 25-26 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгий шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 989 дугаартай дүгнэлт / хх 19-20 /, яллагдагч Л.С-ын мэдүүлэг / хх 35-36 /, Перфект эмнэлгийн баримт / хх 31 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 38 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 42 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.С- нь 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 03 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Континентал зочид буудлын гадна С.Б-тай эмэгтэй хүнтэй зүй бус харьцлаа гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр рүү цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, зулай, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч С.Б-гийн / хх 10-11 / “...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах Темпел нэртэй бааранд найз Н, О, Ө нартай орсон. Бааранд үйлчлүүлж байгаад зүс таних Баярмаа гэх эмэгтэйтэй тааралдаад мэнд ус мэдээд байж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн над руу дайрч миний эрх чөлөөнд халдсан. Тэгээд эмэгтэй нь миний нүүр рүү гараараа 3 удаа цохьсон. Би тухайн баарнаас гарахад тус баарны үүдэн дээр эрэгтэй хүн нь намайг заамдаж аваад гараараа нүүр рүү хоёр удаа цохиод газарт унагааж нүүрэн дээр хөлөөрөө дэвсэж зодсон” гэх мэдүүлгээр,

 

Гэрч О.С-ын / хх 13 / “..2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө би найзуудын шинэ жилд Б, Л.С, Х нарын хамт орсон. Тэгээд шөнө тарах болоход нэг залуу манай найз Баярмааг авч явна гэхээр нь би найзыгаа өгч явуулахгүй гэсэн чинь миний хацар руу цохингоо алдаад тэгээд намайг түлхээд байсан. Тэр үед манай найз Л.С- хараад эмэгтэй хүнд гар хүрлээ гээд тэр залуугийн нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгээд тэнд бөөн бужигнаан зодоон болсон гэх мэдүүлгээр,

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд / хх 25-26 / “...Цагаан өнгийн машины хажуугаар нэг залуу гүйж байгаад хальтарч нуруугаараа газар унах үед улаан өнгийн куртиктэй араас нь нэг залуу ирж баруун хөлөөрөө нүүр хэсэгт өшиглөөд босож гүйх оролдлого хийх үед нь куртикнээс нь татаж нэг удаа толгой хэсэг рүү нэг удаа цохих бөгөөд цохиулсан залуу зугтаж замын наад талд гарч байгаа дүрс байх ба цаана нь хэсэг бүлэг хүмүүс хоорондоо зодолдож байгаа дүрс бүхий бичлэг байв” гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгий шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 989 дугаартай дүгнэлтэд:

1. С.Б-гийн биед хамрын ясны хугарал, зулай, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 19-20 /

 

            Яллагдагч Л.С-ын / хх 35-36 / “...Би эхлээд С.Б-гийн нүүр хэсэгт нэг удаа баруун гараараа цохьсон. Үүний дараа С.Б-гийн араас нь хөөж байхад газар унахаар нь бие рүү өшиглөөд нүүр хамар хэсэгт нь нэг удаа баруун гараараа цохих үед гэмтэл үүссэн гэж бодож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.С-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Л.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Л.С-т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 3 удаа үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Л.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатай гэмт хэрэг үйлдсэн, урьд 2 удаа торгох ялаар шийтгүүлсэн боловч өөрийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, “...” ХХК-ний тодорхойлолтоос өөр баримтгүй, мөрдөн шалгалтын явцад ... –д найруулагч ажилтай гэж мэдүүлж байсан / хх 15 / тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв. 

 

Шүүгдэгч Л.С- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.  

 

Шүүхээс шүүгдэгч Л.С-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Бусад асуудлаар:

 

Хохирогчоос мөрдөн байцаалтын явцад 40.000 төгрөгөөр үзлэг хийлгэсэн төлбөрийн баримт / хх 31 / гаргаж өгсөн тул 40.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч С.Б-д олгож, одоогоор хамрын хагалгаанд ороогүй тул дээрх хагалгааг хийлгэсэн үедээ баримтаа бүрдүүлж, иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Л.С- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ... овогт Л.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Л.С- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.С-аас 40.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д олгож, хохирогч нь хамрын хагалгаатай холбоотой зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нь Л.С- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Л.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ