| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02295/И |
| Дугаар | 102/ШШ2017/02096 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2017/02096
| 2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/02096 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, тээвэрчдийн гудамж, өөрийн байранд байрлах Баянгол дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй Ц.Энхтөрийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “ Мөнгөн тогоо” ХХК нь 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 2890933 тоот регистрийн дугаар авч, Барилгын материал техник сантехник, халаалт, ус түгээх, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. “Мөнгөн тогоо” ХХК нь 2014-2016 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 3,514,952.90 төгрөг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 84,499,222.30 төгрөг, хувь хүний орлогын албан татварын тайлангаар өр төлбөр 1,130,000.00 төгрөгийн 89,144,175.20 төгрөгийн татварын өртэй бөгөөд 2015 оноос хойш татварын албанд ирээгүй, утас нь холбогддоггүй хаягын бүртгэлээ шинэчлээгүй. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байна. Тус компани нь нэг гишүүнтэй компани бөгөөд захирал Цэнддорж овогтой Энхтөр нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, тахилтын 3-512 тоот хаяганд бүртгэлтэй боловч хаяганд оршин суудаггүй 89351036 дугаар луу залгахад ашиглалтанд байхгүй гэдэг. Оршин сугаа хаяг нь тодорхойгүй. 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Татварын ерөнхий хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “Мөнгөн тогоо” ХХК-ийн захирал Монгол улсын иргэн Ц.Энхтөрийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Ц.Энхтөр нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 3-512 тоотод оршин суух хаягтай боловч тус хаягт оршин суудаггүй болох нь хорооноос авсан албан бичгээр батлагдаж байгаа болон 89351036, 91669666 утас холбогдох боломжгүй. Иймд ЗП88032618 регистрийн дугаартай Цэнддорж овогтой Энхтөрийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс нь Ц.Энхтөрийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Цэнддорж овогтой Энхтөр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан татвар төлөгчийн карт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1, 3-5, дугаар тал/
Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Энхтөрийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Цэнддоржын Энхтөр /РД:ЗП88032618/-ийг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Цэнддоржын Энхтөр РД:ЗП88032618/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Цэнддоржын Энхтөрийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст/-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дугаар зүйлд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР