Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Хэргийн индекс | 185/2022/0171/Э |
Дугаар | 2022/ШЦТ/256 |
Огноо | 2022-03-14 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Амармөрөн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/256
2022 03 14 2022/ШЦТ/256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
Улсын яллагч Б.Амармөрөн,
Хохирогч Г.А-, түүний өмгөөлөгч Б.Энхболд,
Шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа,
Шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Ч.Түвшинжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2109000000954 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Ю...” ресторанд хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Б.А-,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй, “Ю...” ресторанд салбарын захирал ажилтай, ам бүл 1, Архангай аймгийн ... гэх газарт бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Б.Ц- нар нь:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Б.А- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ц-тай бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх шинжтэйгээр 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн ... тоотод Г.А-ийн нүүрэн тус газар нь гараараа, хөлөөрөө цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Б.Ц- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.А-тай бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх шинжтэйгээр 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн ... тоотод Г.А-ийн нүүрэн тус газар нь гараараа, хөлөөрөө цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: ... Манай байгууллагынхан ахлах тогоочийнхоо лагер дээр очиж наадмын баяр тэмдэглэхээр болсон. Өдөр 12 цагийн үед очиж хоол унд хийж идээд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд 18 цагийн үед бүгд согтоцгоосон байсан. Тэгээд Г.А- ажлын Ө гэх дүүтэй маргалдаж байгаад миний хажууд түүнийг цохьсон. Тэгэхээр нь би Ө-ыг өмөөрөөд битгий жаахан хүүхэд цохиод бай гэсэн чинь намайг ирээд цохихоор нь би босож ирээд Г.А-ийг зөрүүлж нүүр рүү нь нэг удаа цохьсон. Б.Ц-ыг найз нь авах гээд ирсэн байсан бөгөөд тэр найзыг нь турбагаар цохьсон. Г.А-ийг хүмүүс дотогш оруулаад тайвшруулж байхад байшингаас буцаж гарч ирээд намайг цохьсон. Тэгэхээр нь би машин руу зугтахад Г.А- хойноос хөөгөөд байсан. Тэр үед ажлын хүмүүс дундуур орж Г.А-ийг болиулсан. Г.А- намайг машин тойрч хөөж байхад жижиг Аагий Г.А-ийг унагаасан. Тэр үед нь би Г.А-ийн нуруу руу нь 1-2 удаа өшиглөсөн. Би гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц- мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр хамт олонтойгоо нийт 20 гаруй ажилчдаа дагуулаад ахлах тогооч Оюунчимэгийнд очиж хорхог хийж идэхээр явсан бөгөөд очоод согтууруулах ундаа хэрэглэсэн. Би болсон үйл явдлын талаар сайн санахгүй байгаа. Манай найз Түвшинбаяр намайг ирж аваад бид хоёр өөр тийшээ явах гэж байсан. Ө- хорхог гаргах гээд чадахгүй байсан чинь Г.А- ингэж гаргадаггүй юм гэж хэлээд зодоон маргааны асуудал эхэлсэн. Тэнд байсан 10 гаруй хүн зодооныг болиулах гэж бүгд очсон. Бүгд Г.А-эд түлхүүлж, цохиулсан. Г.А- архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд өөрөө эхэлж агсам тавьсан. Намайг салгах гээд очиход 3 удаа цохиж унагаасан. Би Г.А-ийг тайвшруулах гээд айлын граж руу орж ярилцаад гарч ирсэн боловч дахиад л агсам тавьсан. Манай найз Г.Түвшинбаяр болиулах гээд очиход түүнийг турбагаар цохисон. Би Г.А-ийг хаана нь яаж цохисноо сайн санахгүй байгаа. Орой манай ажилчид Г.А-ийг эмнэлэгт үзүүлчихээд буцаад гэрт нь оруулаад байж байхад Г.А- гэрээсээ буцаж гарч машинаа унаад айл руу очиж хутга аваад намайг ална гэж дайрсан. Би тухайн үед эрүүл болчихоод хүмүүстэй юм яриад сууж байсан. Улмаар би биеэ хамгаалаад хутганаас нь барьж гараа гэмтээсэн. Маргааш нь миний толгой хавдартай, тархи толгой өвдсөн байдалтай байсан. Би хохирогчийг цохьсон гэдгээ сайн санахгүй байна. Гэхдээ би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг цохьсон байхыг үгүйсгэхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Г.А-ээс уучлалт хүсье. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А- мэдүүлэхдээ: ... Би Ө-ыг хорхог буруу гаргалаа гэснээс болж маргаан үүссэн. Тэгээд би Ө-ыг загнаад зогсож байх үед Б.А- ирээд Ө-ыг өмөөрсөн. Тэгээд Б.А- миний зүүн нүд рүү 1 удаа цохиод зугтахаар нь хашаан дотор хөөж гүйсэн. Намайг Б.А-ыг хөөж байхад хүмүүс дундуур орж ирж болиулах гэж оролдсон. Дундуур орж ирсэн хүмүүсийг би түлхэж холдуулаад явсан. Түлхэж дийлэхгүйг нь цохьсон байж магадгүй. Би тодорхой сайн санахгүй байна. Тэгээд Б.А-ыг барьж чадаагүй. Г.А- намайг барьж байхад Б.А- намайг 1 удаа цохьсон бөгөөд би нүдээ дараад газарт унасан. Тэгээд унасан хойгуур Б.А-, Б.Ц- хоёр толгой руу цохиж, өшиглөсөн. Нүдээ дараад хэвтэж байсан болохоор хэн нь яаж цохисныг мэдэхгүй. Миний толгой руу олон удаа өшиглөсөн. Нүдээ дарж байсан баруун гар руу өшиглөснөөс болоод савхан яс нь хугарсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эхлээд хөнгөн гэмтэл гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Дараа нь хүндэвтэр гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Тэгээд хэрэг шүүх рүү шилжихэд хөнгөн зэргийн гэмтэл болж ирсэн байсан. Тэрийг дахин шалгуулах хүсэлтэй байгаа. Хөнгөн зэргийн гэмтэл бол хөдөлмөрийн чадварыг 14 хоногийн хугацаагаар алдагдуулдаг. Гартаа хадаас хадуулсан байгаа болохоор одоо авхуулах ёстой. Миний гар 2-3 сарын хугацаанд зүгээр болох байх. Нүдний ухархай нөхөх мэс заслын зардалд 2.500.000 төгрөг болон эм тарианы зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хохирогч Г.А-ийн мэдүүлэг / хх 21-22, 24 /, гэрч Л.Ө-ын мэдүүлэг / хх 26-27 /, гэрч Н.О-гийн мэдүүлэг / хх 31-32 /, гэрч Н.Ж-ын мэдүүлэг / хх 34-35 /, гэрч Б.М-ын мэдүүлэг / хх 37 /, гэрч Б.Б-ын мэдүүлэг / хх 39 /, гэрч М.Н-ийн мэдүүлэг / хх 175-176 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6254 дугаартай дүгнэлт / хх 48-49 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 606 дугаартай дүгнэлт / хх 56-57 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 687 дугаартай дүгнэлт / хх 157-160 /, “Лазер мед” эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээ / хх 100-103 /, хохирлын баримтууд / хх 180-187 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 106, 124 /, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх 112, /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 110, 129 / зэрэг болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А-, Б.Ц- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн ... тоотод хохирогч Г.А-ийн нүүрэн тус газар гараараа, хөлөөрөө цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч Г.А-ийн / хх 21-22, 24 / “...2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн үед ажлын газрын хүмүүстэй цуг ажилладаг эгч О”Ю...”агийн гэрт нь очиж ууж идээд сууцгаасан. Тэгээд орой 20 цагийн үед бүгд согтчихсон байсан. Тэгсэн гаднаас манай салбар хариуцсан Б.Ц-ын найз нь гээд танихгүй хүн гаднаас ирсэн. Би тэр хүнтэй маргалдахад Б.Ц тэр найзыгаа өмөөрөөд намайг Б.А-ын хамт нийлээд зодсон. ...Б.Ц- найзыгаа өмөөрөөд надтай барьцалдаад зогсож байхад Б.А- хажуунаас миний зүүн нүд рүү цохьсон. Би газар унаад цус гараад байхаар нь нүдээ дараад хэвтэж байхад тэр хоёр дээрээс өшиглөөд байсан гэсэн. ...Би нүдээ дарсан байсан учраас Б.А-, Б.Ц- нарын хэн нь цохиж өшиглөсөн талаар мэдэхгүй байна. ...Миний Айфоне 11 про загварын гар утас хагараад эвдэрсэн байсан. Засварчинд үзүүлэхэд плат нь хугарсан, ажиллах боломжгүй болсон гэж хэлсэн. Миний гар утас халаасанд байсан бөгөөд дараа нь гаргаад ирэхэд эвдэрчихсэн байсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Л.Ө-ын / хх 26-27 / “...Г.А- ах тэр үед өөрт нь ойртож, юм хэлсэн болгон руу дайрч цохиод байсан. Тэнд байсан бүх эрэгтэй хүмүүсийг цохьсон. Миний шанаа хэсэг рүү нэг удаа алгадаад дараа нь дахиж цохих гэж дайрсан. Б.А-ыг эхлээд нэг удаа цохьсон. Сүүлд хоорондоо барьцалдаж аваад хоорондоо цохилцоод байсан. Б.Ц- ахыг бол эхлээд унатлаа 3 удаа цохиулаад сүүлдээ зодолдож эхэлсэн. ...Б.А- эхлээд нэг удаа цохиход зүүн нүдний доод хэсэгт жаахан хөхөрчихсөн байсан. Дараа нь Б.А-тай барьцалдаж аваад хоорондоо цохилцоход Г.А-ийн хамарнаас нь цус гарсан. Б.Ц- ах цохилцоход цохиулсан нүд нь улам хөхөрсөн. Газар унасан байхад Б.Ц- дээрээс нь хэд хэдэн удаа цохьсон...” гэх мэдүүлгээр,
Гэрч Н.О-гийн / хх 31-32 / “...Б.А- Г.А-ийг цохиод авсан чинь Г.А- Б.А-ыг зодох гэж хөөгөөд байсан. Тэгээд Г.А-ийг салгах гэж очсон хүмүүс түлхүүлэх нь түлхүүлээд цохиулах нь цохиулаад байсан. Тэгээд нэг харсан чинь Г.А- үүд рүү гүйхэд нь тогооч Оюунчимэгийн нөхөр Г.А- тэвэрч авахад бас намайг тэвэрлээ гээд уурлаад байсан. Тэгэхэд Б.Ц-, Б.А- нар цохиод хоорондоо зодолдоод эхэлсэн. ...Намайг турбаг салгах гэж ноцолдож байхад Б.А- гүйж ирээд цохисноос болоод Г.А-ийн зүүн нүд нь хавдсан байсан. Г.А- Б.Ц-ыг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бас хэд хэдэн удаа цохиулсан. Тэгээд сүүлд хашааны үүдэнд байхад жижиг Г.А-, том Г.А-ийг тэвэрч авсан байхад Б.Ц- очиход түлхээд хашаа руу унагаасан. Тэгээд босож ирээд Г.А-ийг цохиод авсан. Яг хаана нь цохисныг мэдэхгүй байна. Өмнө нь Б.А-ад цохиулсан байсан болохоор нүднээс нь цус гараад нүд нь хавдсан байсан болохоор Б.Ц-ын цохилтоос болж гэмтэл учирсан үгүй мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,
Гэрч Н.Ж-ын / хх 34-35 / “...Г.А-ийг бид нар болиулах гээд барьсан байхад Б.А- ирээд зүүн нүд рүү нь гараараа нэг уда цохиход нүд нь хавдаад, шууд цус гоожоод эхэлсэн. Б.Ц- бол хөл дээрээ тогтож чадахгүй байдалтай байсан. Харин Г.А- нь Б.Ц-ыг салгах гээд очиход нь 2-3 удаа цохьсон. Тэгээд дараа нь Г.А-ийг Оюунчимэгийн нөхөр барьж аваад дарсан байхад очоод хөл гар руу нь өшиглөж байгаа харагдсан. ...Сүүлд гэмтлийн эмнэлэг рүү авч явж байхад Г.А- гар утсаа гаргаж ирээд миний утсыг ийм болгосон байна шүү дээ гэж хэлж байсан. Утсыг нь харахад ар өвөргүй хагарсан харагдаж байсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Б.М-н / хх 37 / “...Гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад ирэхэд Г.А- ахыг өмнө хамт ажилладаг байсан Болдмаа барьчихсан байхад Б.А- ирээд гараараа зүүн нүд рүү нь нэг удаа цохьсон чинь нүднээс нь цус гарсан. Тэгээд Б.Ц- ах Г.А-тэй ярилцахаар граж руу орсон. Г.А- ах гарч ирээд Б.А-ын хойноос машин тойроод хөөгөөд байсан. Тэгээд Б.Ц- ах, Г.А- ах 2 ноцолдож байгаад газар унасан. Тэгээд Г.А- ахыг газар хэвтэж байхад нь Б.Ц- ах, Б.А- ах 2 ирээд дээрээс нь өшиглөөд цохиод байсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Б.Б-ын / хх 39 / “...Г.А-ийн аль нэг нүдэн дээр нь цохьсон гээд нүд нь хавдчихсан байсан. Сүүлд цуг явж байхад хамар нь жаахан эвгүй байна гэж хэлж байсан. Тэр гэмтлийг өөрөө хэлэхдээ Б.А- ахыг цохьсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч М.Н-ийн / хх 175-176 / “...Унтаж байхад гадаа хүмүүс хашгираад байхаар нь цонхоор харахад Г.А- ах төмөр барьчихсан, Б.Ц-, Б.А- хоёр руу дайраад байсан. Тэнд байсан хүмүүс Г.А- ахыг болиулах гээд зөндөө оролдсон. Би хүртэл тэр төмрөнд цохиулсан. Би зүрх давчидхаар ухаан алдаад уначихдаг. Нэг мэдэхэд намайг Бадрах өргөчихсөн хоёр давхар руу гаргаж байсан. Ухаан ороод харахад Г.А- ахыг эмнэлэг рүү Бат-Оргил, Жаагий, Мэнд-Амар нар аваад явсан байсан гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6254 дугаартай дүгнэлтэд:
1. Г.А-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, зүүн нүдний салст, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 48-49 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 606 дугаартай дүгнэлтэд:
1. Г.А-ийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, баруун гарын ядам хурууны алганы шивнүүрийн далд хугарал, зүүн нүдний доод зовхины язарсан шарх, зүүн нүдний ухархайн хананы хугарлыг металл имплантаар нөхөх, зүүн нүдний доод зовхины язарсан шархыг оёж цэгцлэлт хийсэн мэс ажилбар, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6254 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Учир нь дүгнэлт гарснаас хойш нэмэлт шинжилгээнүүд хийгдсэн байна гэжээ. / хх 56-57 /
“Лазер мед” эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээ / хх 100-103 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А-, Б.Ц- нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Б.А- нь хохирогчийн эмчилгээний зардалд 900.000 төгрөг, Б.Ц- нь 1.319.280 төгрөг нөхөн төлсөн, хохирогчид хөнгөн хохирол учруулсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А-, Б.Ц- нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хохирогч Г.А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилж холбогдох баримтаа хэрэгт хавсаргасан / хх 181-187 / болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.А-ийг хохирогчоор тогтоож, тухайн үед ямар ямар гэмтэл учирсан талаар / хх 21, 24 / мэдүүлэг авахад: “... Миний зүүн нүд хөхөрч, хавдаад зовхи сэтэрсэн, хамрын яс бяцарсан. Одоо толгой хөндүүрлээд байна. Баруун гар хавдсан” гэж, мөн хохирогчоор дахин байцаахад: “...Тухайн үед зүүн хамар, зүүн шанаа, толгойн дагз зэрэг газруудад гэмтэл учирсан. Энэ гэмтлүүд нь өмнө нь миний биед байгаагүй” гэж тус тус мэдүүлсэн байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 687 дугаартай дүгнэлтэнд:
1. Урьд гарсан 6254, 606 дугаартай дүгнэлтүүд тухай бүртээ үндэслэлтэй байна.
2. Г.А-ийн биед баруун гарын ядам хурууны алганы шивнүүрийн далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүдээс баруун гарын ядам хурууны алганы шивнүүрийн далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Г.А- нь 2021 оны 07 дугаар сарын 11,14-нд яаралтай тусламж авах үедээ, 2021 оны 07 дугаар сарын 12-нд шүүх эмнэлэгт үзүүлэхдээ, 20221 оны 07 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд ТТАХНЭ-т хэвтэж эмчлүүлэх үедээ баруун гарын ядам хурууны алганы шивнүүрийн далд хугарал гэмтлийн талаар ямар нэгэн зовиур хэлээгүй, 2021 оны 07 сарын 27-ны өдөр рентген зураг авахуулснаар оношлогдсон байх тул уг гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна гэжээ.
Шинжээч Л.Ганцэнгэл мэдүүлэхдээ: “...Г.А- нь баруун гарын ядам ядам хурууны алганы шивнүүрийн далд хугарал гэмтлийг авсан үед гарын ясаар өвдөж хавдана, өөрт нь зовиур их илэрнэ. Сарвууны үений хөдөлгөөн хязгаарлагдмал байна. 2021 оны 07 сарын 11-нээс 07 сарын 29-ний хүртлэх хугацаанд зовиур илэрнэ. Энэ хугацаанд эдгэрэх боломжгүй. Багадаа л сарын хугацаанд эдгэрнэ / хх 178 / гэжээ.
Эдгээрээс дүгнэхэд хохирогч Г.А-ийн биед учирсан баруун гарын ядам хурууны алганы шивнүүрийн далд хугарал нь хэзээ үүссэн нь тодорхойгүй буюу хэрэг гарсан гэх 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр үүссэн нь нотлогдохгүй байгаа тул прокуророос хохирогчийн биед гэмт хэрэг гарах үед хөнгөн гэмтэл учирсан буюу шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “Хохирогчид учирсан гэмтлийг дахин тогтоолгохоор хэргийг прокурорт буцаах” хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хохирогч Г.А- болон түүний өмгөөлөгч нар нь юу юуны зардалд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаараа шүүх хуралдаанд тодорхой мэдүүлээгүй боловч хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилж, хавсаргасан баримтын хэмжээнд / хх 179-187 / хохирлыг эмчилгээний зардал, эмнэлэгт үзүүлэхдээ өөрийн машинаар явсан бензиний зардал, гар утасны үнэ зэрэгт нийт 5.191.187 төгрөг нэхэмжилсэн гэж үзэж дараахь байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:
1. Хохирогч Г.А- нь дээрх гэмтлийн улмаас ТТАХНЭ-д 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хэвтэж, / хх 77-103 / нүдний ухархайн имплант суулгах хагалгаа хийлгэсэн, дээрх гэмтэлтэй холбоотойгоор “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”, “Лазер мед” эмнэлэг, “ЭМЖЖ” эмнэлгүүдэд тус тус үзүүлсэн байх ба дээрх эмчилгээ, эм тарианы зардал, өвчтэй хугацаанд хэрэглэсэн бензиний зардал / хх 181-187 / зэрэгт нийт 2.638.550 төгрөг төлсөн болох нь түүний гаргаж өгсөн баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүү хуваан гаргуулах үндэслэлтэй байна. Үүнээс шүүгдэгч Б.А- 900.000 төгрөг, Б.Ц- 1.319.280 төгрөг тус тус төлсөн тул үлдэх 419.280 төгрөгийг шүүгдэгч Б.А-аас гаргуулан хохирогч Г.А-эд олгохоор шийдвэрлэв.
2. Эмчлүүлж байсан хугацаанаас хойшхи хохирогч өөрийн машиндаа бензин авсан 477.568 нийт төгрөг, эмнэлэгт үзүүлэхээр орсны дараа машинаа ачуулсан 60.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ТТАХНЭ-т бугуй ба сарвууны хугарлын эмчилгээнд 165.069 төгрөг төлсөн / хх 181, 187 / нь шүүгдэгч нарын гэм буруут үйлдэлтэй холбоогүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш юм.
Мөн хохирогч Г.А- нь зодуулах үедээ өөрийн өмсөж явсан шортны халаасанд гар утсаа хийсэн байсныг шүүгдэгч нар өшиглөж хагалснаас ашиглах боломжгүй болгосон тул шүүгдэгч нараас 1.850.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн болно.
Хохирогч Г.А- нь согтуугаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан тэнд байсан хүмүүсийн шаардлагыг үл биелүүлж, тэдгээрийг түлхэх, унагах, цохих, барьцалдаж хамт унах, труба авч дайрах зэргээр зүй бус үйлдэл гаргасан талаар гэрч, шүүгдэгч нар мэдүүлдэг ба дээрх үйлдэлд нь тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаартай шийтгэврээр түүнд торгуулийн арга хэмжээ авсан байх ба түүний гар утас нь дээрх гэмт хэрэг гарсны дараа хагарсан байсан талаар гэрч нар мэдүүлжээ.
Гэвч дээрх гар утас нь хэний гэм буруут үйлдлийн улмаас ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хэрхэн эвдэрсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, хохирогчийн халаас цахилгаантай байсан, шүүгдэгч нар өшиглөх үед хагарсан гэж хохирогч мэдүүлж байгаа боловч хохирогчийн толгой хэсэгт шүүгдэгч нар гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдсон, утас нь ажиллагаагүй болсон эсэхийг шалгаж тогтоосон, гар утсанд үзлэг хийсэн баримт байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирээгүй, зөвхөн дээрх эвдэрсэн гэх гар утсыг 1.850.000 төгрөгөөр үнэлсэн / хх 62 / үнэлгээнээс өөр баримт байхгүй байна.
Эдгээрээс дүгнэхэд хохирогчийн гар утсыг шүүгдэгч нар өшиглөж, ашиглах боломжгүй болгосон нь баримтаар нотлогдохгүй байх тул дээрх нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
3. ““Ю...” рояал кастл” ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А-043/21 дагууртай албан тоотоор жолооч Г.А- нь сард 800.000 төгрөгний цалинтай нь үнэн болохыг тодорхойлсон боловч тус компаний 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай албан тоотоор Г.А- нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хойш өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн болохыг тодорхойлсон, шүүх хуралдаанд Г.А- нь ажилгүй хугацааны цалин нэхэмжлээгүйг дурьдаж, “ЭМЖЖ” ХХК-ний 1.890.000 төгрөгний нэхэмжлэлд дурьдсан хамрын хагалгааг / хх 186 / хохирогч одоогоор хийлгээгүй байх тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.А-, Б.Ц- нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ... овогт Б.А-, ... овогт Б.Ц- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.А-, Б.Ц- нар нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Ц- нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас 419.280 төгрөг гаргуулан хохирогч Г.А-эд олгож, хохирогч нь хамрын хагалгаа хийлгэхтэй холбоотой зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.А-, Б.Ц- нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.
6. Б.А-, Б.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ