Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 857

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

“Саммит Компьютер Технологи” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани,

 Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 21-19 тоотод оршин суух, Жөгд овогт Дамдинсүрэнгийн Баярдалай нарт холбогдох

3.512.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч "Саммит Компьютер Технологи” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхжаргал, хариуцагч Б.Мөнхсайхан, Д.Баярдалай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Саммит Компьютер Технологи” хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Саммит Компьютер Технологи” ХХК нь өөрийн “Рс mall”  сүлжээ дэлгүүрээрээ дамжуулан дэлхийн томоохон электрон бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг салбар дэлгүүрүүдээрээ албан ёсны эрхтэйгээр дамжуулан борлуулдаг юм.

Манай салбар болох “Мөрөн хотын Рс mall" салбараас Хөвсгөл аймгийн Дулааны станц ТӨХК нь 2016 оны 05-р сарын 16-ны өдөр Канон брэндийн EOS 7D Магк2/G/ загварын /Serial №-058021010208/ дугаартай мэргэжлийн аппаратыг бусад хэрэгслийн хамт тус салбар дэлгүүрээр захиалан худалдан авахаар тохирсон бөгөөд тухайн үед хуулийн зөвлөх албан тушаалтай байсан Д.Баярдалай ирж тухайн барааны нэхэмжлэлийг бараа бүтээгдэхүүний хамт өгчих, удахгүй төлбөрийг нь шилжүүлнэ гэсээр авч явсан бөгөөд манай зүгээс итгэл хүлээлгэн өгсөн юм.

Гэвч Хөвсгөл дулааны станц нь тус хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй бөгөөд манай компани бусад байгууллагаас авах авлага ихтэй байна, одоогоор төлбөр төлөх боломж гарахгүй байна гэсээр 2016 оны 10 сарын 11-ний өдөр ерөнхий нягтлан Мөнхбаяр болон хуулийн зөвлөх Баярдалай нар нь дараа сард мөнгөө шилжүүлээд авъя дэлгүүр дээрээ байлгаж байгаарай хэмээн буцаасан. /Энэ хугацаанд тухайн байгууллага нь тухайн мэргэжлийн аппаратыг 4 сар ашиглаж элэгдэл хорогдол тус аппарат дээр үүссэн, засвар дүгнэлтийн акт манай засварын төвөөс гаргасан/

Гэвч тухайн байгууллага нь өнөөдрийг хүртэл янз бүрийн тайлбар өгөх шалтгаанаар тус захиалж авсан мэргэжлийн аппаратны үнэ төлбөрийг төлж бараагаа авахгүй байгаа бөгөөд тус байгууллагын дарга удирдлагаууд солигдож тухайн байгууллагад шинээр томилогдсон дарга удирдлагууд бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхгүй гэсэн хариу өгч байгаа нь манай байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.

Иймд, шүүхээс уг хэргийг хэлэлцэж, манай байгууллагад учирсан 3.512.000  гуван сая таван зуун арван хоёр мянга/ төгрөгийн хохирлыг гаргахыг тогтоож, хохирлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Д.Баярдалай манай байгууллага дээр ирээд манайх мэргэжлийн аппарат авах гэсэн юм танайх захиалаад өгөөч гэж хэлсэн. Мөнгөө тухайн сардаа шилжүүлнэ гэж хэлээд нэхэмжлэх бичүүлээд авсан боловч тухайн сардаа төлөөгүй, өнөөдрийг хүртэл уг аппаратны үнэ төлөгдөөгүй байна. Даргатай нь уулзахаар манай байгууллага авлага ихтэй, санхүүгийн боломжгүй байна, дараа хүрээд ир гэж хэлсэн. Үүний дагуу дараа очиж даргатай нь уулзахад Дулааны цахилгаан станцын дарга солигдоод Мөнхсайхан гэдэг хүн дарга болсон байсан. Учир байдлаа хэлэхэд Д.Баярдалайгаас асууя гэж хэлсэн. Дараа дахиад орж уулзахад Баярдалай бид хоёр ярилцаж байна гэх шалтгаанаар удаа дараа хойшлуулж байсан. Сүүлд уулзахад надад хамаагүй асуудал байна. Уг аппаратаа авсан хүнтэйгээ хариуцлагаа тооц гэж хэлсэн учраас би хоёуланг нь шүүхэд хариуцагчаар татаж оролцуулсан байгаа. Одоогийн захирал нь тухайн үед өөр дарга байсан учраас надад хамаагүй гэж хэлсэн. Иймд хариуцагч нараас аппаратны үнэ болох 3.512.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг аппаратыг 3 сар ашигласан байсан ба хэрэглэж, ашиглах болгонд элэгдэл, хорогдол гардаг учраас мөнгөө төлчихөөд аваарай гэж хэлэхэд дараа сард мөнгөө шилжүүлчихээд ирж авна гэж хэлээд уг аппаратыг манай байгууллагад хүлээлгэж өгсөн аппарат дагалдах хэрэгслийнхээ хамт манайд байгаа гэв.

Хариуцагч “Хөвсгөл Дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Мөнхсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани нь танай байгууллагаас EOS7D маркийн зургийн аппарат худалдаж аваагүй болно. Манай байгууллага нь уг аппаратыг худалдан авах ажлын хэрэгцээ шаардлага байхгүй ба өмнө нь тус байгууллагын захирлаар ажиллаж байсан хүмүүс аппарат худалдан авах албан тоот зөвшөөрөл өгөөгүй байна. Иймд уг аппаратыг байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн авсан хүн болох Д.Баярдалай нь өөрөө хариуцна. Х.Энхжаргалаас “Хөвсгөл Дулааны Станц” төрийн өмчит хувьцаат компанийн захирлын аппарат худалдан ав гэсэн зөвшөөрөл байна уу гэж асуухад манайд тийм зөвшөөрөл өгөөгүй гэж хариулдаг. Иймд уг нэхэмжлэлийг манай байгууллага хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “Хөвсгөл Дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ аппаратыг авсан гэж ярьдаг боловч уг аппарат нь манай байгууллагад байдаггүй. Миний хувьд тэр аппаратыг үзэж хараагүй, хэний зөвшөөрлөөр хэн авсан талаарх баримт байдаггүй юм. Мөн манай байгууллагад уг аппаратыг хүлээж авсан талаарх баримт байдаггүй. Иймд манай байгууллагад байхгүй зүйлийг төлөх үндэслэлгүй юм. Уг аппаратыг тус оныхоо буюу 2016 оны 10 сард буцааж өгсөн байхад хөрөнгө материалын 2016 оны жилийн эцсийн тооллогоор байгаа мэтээр тоолсон байсан. Ямар учраас ингээд байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж авсан талаар тодруулахад Д.Баярдалайг бүртгэж бич гэж хэлээд бичүүлсэн гэж тооллогын комисс тайлбарладаг юм. Манай байгууллагын гүйцэтгэх захирал солигдсон болохоос биш байгууллага солигдоогүй. Байгууллагын өмнөх захирлуудын хэн нь ч тухайн аппаратыг “Саммит Компьютер Технологи” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас авах зөвшөөрөл болон ямар нэгэн хүсэлтийг бичгээр гаргаагүй байдаг юм. Уг аппаратыг буцааж хүлээлгэж өгсөн гэдэг боловч зарлагын падаан дээр аппаратыг хүлээлгэн өгсөн талаар Баярдалай гарын үсэг зураагүй. Харин уг аппаратыг хүлээж авсан баримтанд л гарын үсгээ зурсан байдаг юм. Иймд байгууллагын ямар ч захирал тухайн үед аппаратыг авах талаар зөвшөөрөл өгөөгүй. Мөн уг аппаратыг хүлээлгэж өгсөн,  хүлээн авсан талаарх баримт байдаггүй учир манай байгууллага төлөх ямар ч  үндэслэл байхгүй юм гэв.

 

Хариуцагч Д.Баярдалай шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Дамдинсүрэнгийн Баярдалай нь “Хөвсгөл Дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид ажилладаг байхдаа 2016 оны 05 дугаар сард бүтээмжийн мэргэжилтний ажилд хэрэглэгдэх багаж болох аппаратыг захирал, ерөнхий нягтлан бодогчийн зөвшөөрлөөр нэхэмжлэлээр авч байгууллагын хөрөнгө санхүүд бүртгүүлэн өөрийн нэр дээр эзэмшиж байсан. Гэтэл тухайн дэлгүүрийн худалдагч Х.Энхжаргал нь 2016 оны 10 сард аппаратаа авчирч өг, мөнгөө төлөхгүй байна гэсэн. Тэр даруй би аппарат болон дагалдах хэрэгслийг Х.Энхжаргалд гарын үсэг зуран хүлээлгэн өгсөн. Миний бие 2017 оны 02 дугаар сард ажлаасаа халагдсан тул энэ асуудал надад хамаагүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Д.Баярдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 сард байгууллагын захирал болон ерөнхий нягтлан надад аппарат, камер авах тухай хэлсэн. Тухайн үед би Хөвсгөл Дулааны станцад бүтээмжийн мэргэжилтэн хийдэг байсан. Дээрх ажлыг хийхэд аппарат, камер маш их хэрэг болдог учраас байгууллагынхаа дарга, нягтлан хоёрт хэлэхэд намайг өөрөө аппаратаа судлаад эргээд танилцуулаарай гэж хэлсний дагуу би PC-mall электрон барааны дэлгүүрт хандахад бэлэн байхгүй байсан ба уг салбараар худалдаалагддаг хамгийн сайн зургийн аппаратуудаасаа надад танилцуулаад авахаар бол манай байгууллага аппаратыг захиалгаар авчирч өгнө гэж хэлсэн. Үүний дагуу би байгууллагын дарга нягтлан хоёрт хэлэхэд нэхэмжлэх бичээд аппаратаа ав гэж хэлсэн. Хэд хоногийн дараа захиалсан аппарат маань ирсэн. Ингээд аппаратыг аваад байгууллагадаа өгсөн. Уг аппаратыг байгууллагын нэр дээр бүртгээд, эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлж надад хүлээлгэж өгсөн. Хүлээж авсны дараа эднийх мөнгөө нэхэж ирсэн. Үүнийг байгууллагынхаа нягтланд хэлэхэд энэ бол чиний асуудал биш, чи санхүүгийн хүн биш, зүгээр ажлаа хийгээд яв, мөнгөний асуудал байгууллагад хамааралтай асуудал гэж хэлсэн. Намайг ажлаа хийгээд явж байтал ерөнхий нягтлан над руу яриад “Саммит Компьютер Технологи” компани мөнгөө нэхээд байна, одоогийн байдлаар манай байгууллага санхүүгийн боломжгүй болчихоод байгаа, аппаратыг нь буцааж өг гэж хэлсний дагуу миний зүгээс аппарат болон дагалдах хэрэгслүүдийнх нь хамт PC-mall электрон барааны дэлгүүрт очиж аппаратыг буцаан өгсөн талаар гарын үсэг зураад хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш 2017 оны 2 сарын 20-ны өдөр би ажлаасаа халагдсан. Иймд нэгэнт байгууллагад бүртгэлтэй байгууллагын өмч болсон аппаратыг миний хувьд төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

 Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Саммит Компьютер Технологи” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компани болон Д.Баярдалай нарт холбогдуулж Канон брэндийн EOS7D Mark2/G/ загварын мэргэжлийн аппарат, дагалдах хэрэгслийн үнэ нийт 3.512.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани нь  аппарат дагалдах хэрэгслийнхээ хамт одоо манай байгууллагад байхгүй, хэний зөвшөөрлөөр хэн авсан талаарх баримт байдаггүй, байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн авсан хүн болох Д.Баярдалай үнийг хариуцан төлнө гэж, хариуцагч Д.Баярдалай нь аппаратыг захирал, ерөнхий нягтлан бодогчийн зөвшөөрлөөр нэхэмжлэхээр авч байгууллагын хөрөнгө санхүүд бүртгүүлэн өөрийн нэр дээр эзэмшиж байсан. Үнэ төлөгдөөгүй гэх шалтгаанаар 2016 оны 10 сард аппаратаа авчирч өг, мөнгөө төлөхгүй байна гэснийх нь дагуу би аппарат болон дагалдах хэрэгслийг нэхэмжлэгчид гарын үсэг зуран хүлээлгэж өгсөн. Миний бие 2017 оны 02 дугаар сард ажлаасаа халагдсан тул энэ асуудал надад хамаагүй гэж маргаж байна.

Шүүх хариуцагч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компаниас 3.512.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Саммит Компьютер Технологи” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, хариуцагч Д.Баярдалайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргээс дүгнэн үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани нь "Саммит Компьютер Технологи” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймаг дахь “PC mall” салбараас 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 3.159.000 төгрөгийн үнэ бүхий CANON EOS7D Mark2/G/ загварын дижитал аппарат, 279.000 төгрөгийн үнэ бүхий линз, 45.000 төгрөгийн үнэ бүхий цүнх, 29.000 төгрөгийн үнэ бүхий 32 гега байтын багтаамж бүхий ST картын хамт нийт 3.512.000 төгрөгийн эд зүйлийг худалдан авсан болох нь зохигчийн гарын үсэг бүхий зарлагын баримтаар тогтоогдож байна.

Зохигч нь дээрх дижитал аппарат болон дагалдах хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ болон бусад гэрээг бичгээр байгуулаагүй ч худалдах худалдан авах хэлцэл амаар хийгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баталгааны хуудас /хх-ийн 3-р тал/, нэхэмжлэх /хх-ийн 4-р тал/, зарлагын баримт /хх-ийн 5-р тал/ зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Талууд худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулснаар Иргэний хуульд заасан гэрээний харилцаа нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн байх тул худалдагч буюу нэхэмжлэгч "Саммит Компьютер Технологи” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь худалдан авагч буюу хариуцагч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компаниас гэрээний төлбөрийг нэхэмжлэх эрхтэй юм.

Хариуцагч нар нь дижитал аппарат болон дагалдах хэрэгслийн үнийн дүн дээр маргаагүй, харин төлбөрийг хэн төлөх эсэх дээр маргаж байгаа ба дээрх дижитал аппарат болон дагалдах хэрэгслүүдийг “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани хүлээн авсан болох нь “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн ажилчин, албан хаагчийн хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл /хх-ийн 31-32-р тал/, “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн 2016 оны жилийн эцсийн хөрөнгө бараа материалын тооллогын жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 27-30-р тал/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Д.Баярдалайгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Мөнхсайхан нь дижитал аппарат дагалдах хэрэгслийнхээ хамт одоо манай байгууллагын эзэмшилд байхгүй, нэхэмжлэгч байгууллагын эзэмшилд байгаа тул үнийг төлөхгүй гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч буюу "Саммит Компьютер Технологи” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь дижитал аппарат болон дагалдах хэрэгслийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй юм.

Түүнчлэн Д.Баярдалай нь 3.512.000 төгрөгийн үнэ бүхий дижитал аппарат, дагалдах хэрэгслийг хувьдаа авч ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, хариуцагч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани нь дээрх үйл баримтыг баримтаар нотолж чадаагүй тул хариуцагч Д.Баярдалайгаар аппарат болон дагалдах хэрэгслийн үнийг төлүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компаниас 3.512.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Саммит Компьютер Технологи” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компаниас 3.512.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 71.142 төгрөгийг, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 8 төгрөгийг буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компаниас 3.512.000 /Гурван сая таван зуун арван хоёр мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Саммит Компьютер Технологи” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, хариуцагч Д.Баярдалайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.150 /Далан нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компаниас 71.142 /далан нэгэн мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг, улсын орлогоос 8 /Найм/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "Саммит Компьютер Технологи” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БЯМБАСҮРЭН