| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2022/0279/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/302 |
| Огноо | 2022-03-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/302
2022 03 23 2022/ШЦТ/302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
Улсын яллагч Г.Цогтмагнай,
Шүүгдэгч Т.Ц-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2109014790035 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн ... тоотод бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1031 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Т.Ц- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Банштай цай, цуйван” нэртэй цайны газрын үүдэнд орхисон байсан иргэн Х.Б-гийн өмчлөлийн эд хөрөнгө болох хаалт буюу нүүрний целойд 24 ширхэг, хүүхдийн резинэн поп ит нэртэй тоглоом 17 ширхэг, хүүхдийн бойтог / хос / 31 ширхэг, алчуур / ванны болон гар нүүрний / 45 ширхэг, амны маск хүүхдийн / 50 болон 10 ширхэгтэй, нярайн 1 боодол, том хүний 10 ширхэгтэй, Н94 загварын 10 ширхэгтэй / 126 боодол, трико 12 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 921.100 төгрөгний,
2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Apple нэртэй цайны газарт текен дээр цэнэглэж байсан хохирогч Ч.Г-гийн өмчлөлийн эд хөрөнгө болох Самсунг эс 21 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.600.000 төгрөгний, бусдад нийт 2.521.100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлсөн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Б-гийн мэдүүлэг / хх 30-32 /, гэрч Т.Э-ын мэдүүлэг / хх 35 /, “Дамно” ХХК-ний СБ2-21-898 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 42-43 /, хохирогч Х.Б-гийн гомдол саналгүй гэх хүсэлт / хх 68, 152 /, хохирогч Ч.Г-гийн мэдүүлэг / хх 97-98 /, хохирогч Ч.Г-д Самсунг Эс-21 загварын гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 104 /, иргэний нэхэмжлэгч О.Ө-ын мэдүүлэг / хх 94-95 /, иргэний нэхэмжлэгч О.Ө-т 250.000 төгрөгийн хохирол өгсөн баримт / хх 149 /, “Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 114-115 /, яллагдагч Т.Ц-гийн мэдүүлэг / хх 7-8, 137-138 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 55 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 61 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Ц- нь 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Банштай цай, цуйван” нэртэй цайны газрын үүдэнд орхисон Х.Б-гийн өмчлөлийн эд зүйл болох хаалт буюу нүүрний целойд 24 ширхэг, хүүхдийн резинэн поп ит нэртэй тоглоом 17 ширхэг, хүүхдийн бойтог / хос / 31 ширхэг, алчуур / ванны болон гар нүүрний / 45 ширхэг, амны маск хүүхдийн / 50 болон 10 ширхэгтэй, нярайн 1 боодол, том хүний 10 ширхэгтэй, Н94 загварын 10 ширхэгтэй / 126 боодол, трико 12 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 921.100 төгрөгний хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Apple” нэртэй цайны газарт текен дээр цэнэглэж байсан хохирогч Ч.Г-гийн өмчлөлийн эд хөрөнгө болох Самсунг эс 21 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.600.000 төгрөгний хохирол учруулсан, бусдад нийт 2.521.100 төгрөгний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Х.Б-гийн / хх 30-32 / “...Би 7 буудлын Хүсэл төвийн гадна талбайд худалдаа эрхэлдэг. Өчигдөр 15 цагийн орчимд өөрийн худалдан борлуулдаг 3 гялгар уутанд хувааж хийсэн эд зүйлсийг банштай цай, цуйван гэх нэртэй хоолны газарт орхиж явсан ба өнөөдөр ирээд өөрийн барааг авах гэхэд байхгүй байсан. ...Би Нарантуул захаас 7 хоногт 3-4 удаа явж бараагаа авдаг. Заримдаа хүмүүс авч ирээд бөөнөөр нь зардаг. Тийм үед авсан бараа болохоор олон удаагийн хуримтлагдсан бараа байсан юм гэх мэдүүлгээр,
Гэрч Т.Э-ын / хх 35 / “...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр миний тээврийн хэрэгсэлд 3 ууттай эд зүйл авч суугаад надад мөнгө өгөлгүй Чингэлтэй дүүргийн гэр хороололд буусан хүн мөн байна гэх мэдүүлгээр,
“Дамно” ХХК-ний СБ2-21-898 дугаартай хөрөнгийн үнэлгээнд “Алдагдсан эд зүйлийг 921.100 төгрөгөөр” үнэлжээ. / хх 42-43 /
Хохирогч Х.Б-гийн гомдол саналгүй гэх хүсэлт / хх 68, 152 /
Хохирогч Ч.Г-гийн / хх 97-98 / “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Apple цайны газраа 11 цагийн орчимд нээсэн бөгөөд тогооч гал тогоондоо үлдэж, би өөрөө хажуу талын эмнэлэг орж хор цацуулах уу гэж асуух гээд орсон. Энэ үед Самсунг Эс 21 загварын ягаан өнгийн гар утсаа текэн дээрээ цэнэглээд үлдээсэн байсан бөгөөд хулгайд алдагдсан. Уг утсаа Сайн электроникс дэлгүүрээс 2.699.000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлгээр,
Хохирогч Ч.Г-д Самсунг Эс-21 загварын гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 104 /
Иргэний нэхэмжлэгч О.Ө-ын / хх 94-95 / “...Би өчигдөр 11 цаг өнгөрч байхад манай гар утас худалдааны Моби шопт хөгшин ах утас зарах гээд хүнээс асууж яваад над дээр ирсэн. Тэр ах манай охины гар утас байгаа юм авах уу гээд утас үзүүлсэн. Тэгээд тохироод 250.000 төгрөгөөр худалдан авахаар болж бэлнээр 250.000 төгрөг өгсөн. Тэгээд утсыг нь худалдаж авсан боловч үдээс хойш нь цагдаа ирж хураан авсан” гэх мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч О.Ө-т 250.000 төгрөгийн хохирол өгсөн баримт / хх 149 /
“Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээнд “...Самсунг Эс-21 загварын гар утсыг 1.600.000 төгрөгөөр” үнэлжээ. / хх 114-115 /
Яллагдагч Т.Ц-гийн / хх 7-8, 137-138 / “...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 7-н буудал дээр явж байгаад нэг цайны газарт орох гэтэл үүдний шатан дээр хүн хаясан юм уу гэмээр ууттай хайрцагтай хоёр ширхэг зүйл байхаар нь аваад үзэхэд дотор нь дүүрэн маск зэрэг зүйлс байсан. Тэгэхээр нь би такси барьж яваад эгчийн гэрт очтол жолооч нь надаас 1500 төгрөг нэхэхээр нь нэг уут маск өгөөд эгчийн амбаарт хийсэн. Дараа нь аваад нэг хүнд 20.000 төгрөгөөр бүгдийг нь зарсан” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ц-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Ц-гийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Прокуророос шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Т.Ц- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Ц- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний гэм буруут үйлдлийн улмаас 2.521.100 төгрөгний хохирол учирсан, өндөр настай, оршин суух тодорхой хаягтай зэрэг хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Ц- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Х.Б-, Ч.Г-, иргэний нэхэмжлэгч О.Ө нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 143, 150-152 / гэсэн тул Т.Ц- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Т.Ц-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Т.Ц-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
5. Т.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ