Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/322

 

 

 

 

 

 

 

   2022       03          28                                   2022/ШЦТ/322

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

Улсын яллагч Л.Мажигсүрэн,

Шүүгдэгч Б.Б-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2109016880151 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Завхан аймгийн ... тоотод бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Б.Б- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн гадна хамт архи уусан Г.С-тай маргалдаж, улмаар түүний толгой, зүүн шанаан тус газарт гараараа цохих, хавсарч унагаах, толгой дээрээс нь дэвсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун чамархайн ясанд шугаман хугарал, тархины зүүн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, цус хуралт, хүзүүнд сорви, хамар ясны хугарал баруун доод зовхи, баруун чамархайд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: ... Согтуудаа гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 2 сая орчим төгрөг төлсөн. Цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх 16 /, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд / хх 20-32 /, хохирогч Г.С-ын мэдүүлэг / хх 41-42, 44-46 /, гэрч У.Ц-ийн мэдүүлэг / хх 54-55 /, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11414 дугаартай дүгнэлт / хх 67-68 /, яллагдагч Б.Б-ын мэдүүлэг / хх 9-11 /, хохирлын баримтууд / хх 109-112 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 78 /, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / хх 119 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 77 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн гадна хамт архи уусан Г.С-ыг архи, тамхинд явсангүй гэж маргалдаж, улмаар түүний толгойн зүүн шанаа тус газарт гараараа цохих, хавсарч унагаах, толгой дээрээс нь дэвсэх зэргээр зодож баруун чамархайн ясанд шугаман хугарал, тархины зүүн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, цус хуралт, хүзүүнд сорви, хамар ясны хугарал баруун доод зовхи, баруун чамархайд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх 16 /

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд / хх 20-32 / “...Цагаан өнгийн малгайтай, цэнхэр өнгийн подволктой хүн автомашины баруун талын хойд талын хаалга онгойлгон ажлын хувцастай хүнийг угз татан буулгаж байгааг харуулав. ...14:42:49 цагт цагаан малгайтай цэнхэр өнгийн подволктой хүн ажлын хувцастай хүнийг толгойгоороо мөргөж, ...баруун гараараа толгой хэсэгт цохиж, ...хавиран унагааж, ...толгойг нэг удаа дэвсэж байгааг” харуулав.

 

Хохирогч Г.С-ын / хх 41-42, 44-46 / “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед Эрдэнэт рүү ажлаар явах гэж байгаад болиод 5 шарын цаана байдаг Энхжин худалдааны төв дээр буугаад такси барьсан. Тэр таксинд байсан 2 хүнтэй архи уугаад Сүхбаатар дүүрэгт байрлах Номин худалдааны төв дээр очсон. Тэгээд тэнд тэр хоёр хүнтэй архи ууж байгаад муудалцаж, тэр хоёр намайг зодсон. ... Өндөр залуу нь намайг боогоод авахаар нь би зөрүүлж тэр залууг бооход миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод намайг хавсарч газар унагаасан. Тэгээд миний толгой руу хөлөөрөө дэвссэн. Цааш юу болсонг мэдэхгүй. Нэг сэрэхэд эмч нар намайг үзэж байсан” гэх мэдүүлгээр,

 

Гэрч У.Ц-ийн / хх 54-55 / “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээс 10 цагийн үед Г.С-ын хамт гарсан бөгөөд Г.С- ажилдаа явах гээд таксинд суугаад би 21-н буудал дээр буусан. Намайг гэртээ ороод байж байсан чинь Г.С- над руу залгаад би ажилдаа явахаа больлоо, такси бариад буцаад явж байна гэж надад хэлсэн. Тэгтэл 15 цагийн үед Г.С- намайг ирээд аваач ээ, хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Би Драгон төвөөс такси бариад Г.С- дээр очиход 32-н буудлын Номин худалдааны төвийн хүлэмж дотор 2 чихнээс нь цус гарсан хажуу талаараа хэвтсэн байсан” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11414 дугаартай дүгнэлтэд:

1. Г.С-ын биед баруун чамархай ясанд шугаман хугарал, тархины зүүн чамархайн аалзан хальсан доор цус харвалт, цус хуралт, хүзүүнд сорви, хамар ясны хугарал баруун доод зовхи, баруун чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 67-68 /

 

Яллагдагч Б.Б-ын / хх 9-11 / “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Г.С-тай ирж мэдүүлэг өгснөөс хойш холбоотой байж, уулзаж уучлалт гуйж, эрүүл мэнд болон эмчилгээ сувилгаанд нь тусалж байгаа. Би буруугаа ойлгосон гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардалд 1.050.000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчид хүнд хохирол учруулсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Бусад асуудлаар:

 

Хохирогч Г.С- нь эмчилгээний зардалд баримтаар 548.700 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирогч 1.050.000 төгрөгийг авсан, гомдол саналгүй талаар бичгээр шүүхэд хүсэлтээ ирүүлсэн тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Хохирогчоос цалингийн тодорхойлолтыг хавтаст хэрэгт / хх 109 / гаргаж өгсөн боловч Г.С- нь дээрх гэмтлийн улмаас хэдий хугацаанд эмнэлгийн акттай байсан, ямар хугацаанд ажил эрхлээгүй нь тодорхойгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин болон цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ... овогт Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.С- нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ