Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 134/ШШ2017/00153

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, Сансарын 1-44 тоотод оршин суух, Д овогт Д-ийн М /РД: ЗН86111402, утас: 88048429/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газар /Хуулийн этгээдийн РД:9018522, утас:89959548/-т холбогдох 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай,

Д.М-гийн ажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан “Орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын байрны тодорхойлолтын 2.II, 2.6, 2.7, 2.8-д заасан бүхий л ажил үүрэг нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан байх тул тус үүргүүдийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагчийн төлөөлөгч В.Гантуяа, түүний өмгөөлөгч Э.Сайханаа, гэрч Д.Сувд-Эрдэнэ, Ш.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.М миний бие нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албаны нягтлан бодогчоор ажиллаж байгаад Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Д.М-г үүрэгт ажлаас нь халах тухай” Б/16 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр халагдаад байна.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Д.М-г үүрэгт ажлаас нь халах тухай” Б/16 дугаартай тушаалд намайг “удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хязгаарлалтай дүгнүүлсэн, Төрийн өмчийн жилийн эцсийн тайлан мэдээг хоцроосон” гэж үзэн намайг үүрэгт ажлаас халсан байна. Тийнхүү халахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 43.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг тус тус үндэслэжээ. Уг тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болохыг дараахь байдлаар тайлбарлая.

1.Уг тушаалаар намайг ажлаас халж, миний хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргаж байгаа мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг огт үндэслээгүй байна. Учир нь миний эрхэлж байсан ажил албан тушаал нь ТҮ-8-2 шатлалаар цалинждаг, төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан.

2.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална” гээд 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа 2 ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг үндэслэн намайг үүрэгт ажлаас халсан. Гэтэл миний хувьд төрийн жинхэнэ албыг хашиж байгаагүй тул энэ үндэслэлээр үүрэгт ажлаас халагдах ёсгүй гэж үзэж байна. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна гээд 5.1.1-д төрийн улс төрийн, 5.1.2-д төрийн захиргааны, 5.1.3-д төрийн тусгай, 5.1.4-д төрийн үйлчилгээний гэж ангилаад мөн хуулийн 5.2-т “энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн жинхэнэ албан хаагч биш тул түүнийг халахад мөн хуулийн 25.1-т заалт хэрэглэгдэх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр миний бие ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шаардлагын хэмжээнд хангалттай гүйцэтгэж ирсэн бөгөөд удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг зөвшөөрөх боломжгүй байна.

3.Намайг үүрэгт ажлаас халахын өмнө 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тушаалын агуулгыг төсөл хэлбэрээр үзүүлж мэдэгдэл нэрээр гарын үсэг зуруулсан. Би танилцсан гэдэг утгаар гарын үсэг зурсан. Тэрнээс биш Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан ажлаас халах тухай мэдэгдлийг 1 сарын өмнө мэдэгдэл өгөх тухай үүргээ Баянтал сумын Засаг даргын Тамгын газар нь огт хэрэгжүүлээгүй.

Өөрөөр хэлбэл ийм шийдвэр гаргах гэж байгаагаа тодорхой үндэслэл шалтгааны хамт 1 сарын өмнө надад мэдэгдэх ёстой. Гэтэл ийм мэдэгдэл огт байхгүй болно. Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн болно. Мөн тус заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 17-д хуулийн 40 дүгээр зүйлйн 40.5-д заасан “сарын өмнө мэдэгдэх” “45 хоногийн өмнө мэдэгдэх” мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д заасан “ажилтанд 2 сар түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх” тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна гэж тайлбарлажээ.

Иймээс Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Д.М-г үүрэгт ажлаас нь халах тухай” Б/16 дугаартай үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халсан, хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэн Д.М-гийн “Ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь эсэргүүцэж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөх, эвлэрэн хэлэлцэх боломжгүй байх тул хариу тайлбарыг дараах байдлаар гарган хүргүүлж байна. Нэхэмжлэгч Д.М нь тус сумын Засаг даргын Тамгын газарт Санхүү албаны нягтлан бологчоор ажиллаж байх хугацаандаа хариуцсан үүрэгт ажилдаа хайнга хандаж, чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлэх байдлыг удаа дараа гаргадаг байсан. Удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй нь Засаг даргын Тамгын газрын хурлын тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдсэн баримтаар нотлогдоно. ГСА-/2016/-05-СТА-ТШЗ кодтой Санхүүгийн аудитын тайлангаар дүгнэлтээр хязгаарлалттай дүгнэгдсэн тул сахилгын шийтгэл бүхий тушаал, төрийн өмчийн жилийн эцсийн тайлан мэдээ хугацаа хоцорсон тул төрийн албаны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, тайлан мэдээг хүргүүлэх комиссын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/13 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал зэргээр нотлогдоно. Нэхэмжлэгч Д.М нь ажил үүргээ хэрэгжүүлж байхдаа захирах, захирагдах ёсны зарчмыг огт баримталдаггүй нь Тамгын газрын хурлын тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдсэн нь баримтаар нотлогдоно.

Иймд, Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг. Энэ суурь хэлбэрээр зохицуулж байгаа асуудал дээр төрийн байгууллага дотроосоо төрийн үйлчилгээний албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хууль чөлөөтэй хэрэглэгддэг. Хөдөлмөрийн харилцаанд ажилтан, ажил олгогч гэсэн хоёр тал оролцдог. Хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэг нь ажил олгогчид байгаа.  Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тохирно гэж байгаа. Үүнд: 4 гол нөхцөл байдаг. Ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл гэсэн 4 гол нөхцөл байгаа. Мөн тус хуульд аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй.

Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан 4 гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй. Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна гэж хуульд заасан байгаа. Засгийн газрын тогтоол дээр Д.М-гийн ажлын байрны чиг үүргийг зааж өгсөн байгаа. Санхүү алба нь 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Уг тогтоолын хавсралтаар санхүү албаны чиг үүрэг, зохин байгуулалт, жишиг нормативыг баталсан. Санхүү албаны чиг үүргийн жишигт санхүү албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн нэр томъёон дээр 1.1.7-т зааснаар орон нутгийн өмчийн хяналт бүртгэлийг хэрэгжүүлэх гэж зааж өгсөн. Орон нутгийн өмчийн бүртгэл хяналт гэдгийг ерөнхий агуулгаар нь авч үзвэл төрийн захиргааны албан хаагчид хамаарахаар харагдаж байгаа. Тэр утгаараа Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тусгаж өгсөн байгаа. Санхүү албаны дарга буюу тухайн сумын ерөнхий нягтлан бодогчид 9 нэр төрлийн ерөнхий чиг үүргийг зааж өгсөн байдаг.

Харин нягтлан бодогч нь сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албанд дараах төсвийн байгуулага болон Орон нутгийн хөгжлийн сан, тусгай сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хариуцсан нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх хоёр нягтлан бодогчтой байна гэж заасан байдаг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, соёлын төв гэсэн байгууллагуудыг хуваарилах маягтайгаар хариуцаад эдгээр байгууллагуудын гүйлгээг хийхээр энэ алба байгууллагдсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. Хөдөлмөрийн гэрээн дээр талууд гарын үсэг зурж байгаа боловч, ажлын байрны тодорхойлолтод дээр гарын үсэг зурах ёстой. Хөдөлмөрийн гэрээн талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Гэтэл ажлын байрны тодорхойлолтод дээр Д.М-гийн гарын үсэг байхгүй байгаа. Энэ нь хүчин төгөлдөр бус гэрээний хэсэг болж байгаа. Ажлын байрны тодорхойлолтыг хүлээн зөвшөөрч байх ёстой, ажил олгогч нь ямар ч хамаагүй ажлыг шаардана гэсэн үг биш юм. Энэ ажлыг хийхийг ажилтан өөрөө хүлээн зөвшөөрч байх ёстой. Энэ маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан гэдэгт тус хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол мөн хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан тухай ажилтны нэхэмжлэл гаргасан.

Ажил олгогч  ажилтны ажлаас халахдаа холбогдох зүйл заалтыг оновчтойгоор хэрэглэх үүрэгтэй. Ингэснээр тухайн шийдвэр нь түүний зорилго болон үр дагварыг илэрхийлдэг. Энэ асуудлыг зохицуулсан хууль байсаар байхад үүнийг хэрэглэх ёстой. Зохицуулсан хууль байхгүй бол агуулгад нийцүүлэх ёстой. Гэтэл энэ тухай зохицуулсан хууль байгаа. Тушаалын нэгдүгээр заалтад сахилгын шийтгэлээр ажлаас халсан юм шиг байгаа. Сахилгын шийтгэлээр ажлаас хаслан бол холбогдох заалтыг авах ёстой. Сахилгын шийтгэл нь дотроо үр дагвартай, ийм учраас сахилгын шийтгэл ногдуулсан талаар дурдах шаардлагатай. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т ажилтан ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн бол ажлаас хална гэж байгаа. Энэ нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах хуулийн заалт байгаа. Тиймээс энэ тушаал нь үндэслэлгүй тушаал болж байна. Тушаалын гол агуулга дээр 2015 оны санхүүгийн тайланг хязгаарлалттай дүгнүүлсэн гэж байгаа. Энэ зөрчлийн хэмжээнд 2015 онд хариуцлага тооцсон байгаа. Энэ өмнө үр дагавар нь яригдчихсан асуудал байгаа. Төрийн өмчийн жилийн мэдээ тайланг хоцроосон гэж байгаа. Энэ нь хууль тогтоомжид заагдаагүй ажлын чиг үүргийг шаардсан, үүнийгээ биелүүлэхийг шаардсан байгаа. Энэ байдлаас авч үзэхэд ажил олгогч өөрөө, өөрсдийн үзэмжээр ажлыг шаарддаг гэдэг нь харагдаж байна. Талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Ажлын байрны тодорхойлолтод дээр Д.Мөнхбаясгалан өөрөө гарын үсэг зураагүй байхад тулган шаардаж ажлыг шаардаж байна. Мөн энэ талаар танилцуулж байгаагүй гэдэг талаар Д.М өөрөө хэлдэг. Энэ байдлаас харахад энэ байгууллага нь ажилтнууддаа танилцуулах ёстой албан бичгүүдийг танилцуулддаггүй гэдэг нь харагдаж байна. Энэ байдлаас харахад Д.М энэ ажлыг хийж гүйцэтгэх үүрэг байхгүй байхад тухайн ажлыг хийж гүйцэтгэхийг шаардаж, тухайн ажлыг хийж гүйцэтгээгүйн төлөө ажлаас нь халсан нь үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч В.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа хүлээж аваад 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө шуурхай хурал хийсэн. Тухайн долоо хоногтоо хийх ажлын төлөвлөгөөг гаргаж шуурхай хуралдаан хийсэн. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс санхүүгийн үйл ажиллагаа тасалбар болж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор санхүүгийн тайланг хугацаандаа гаргаж өгөх ёстой байсан. Орон нутгийн өмчийн мэдээ тайланг санхүү албаны даргын хийдэг ажил биш, энэ тухайн албан ажлыг хашиж байгаа нягтлан бодогч бүрээс гардаг орлого, зарлага хөдөлгөөний өөрчлөлтийн тайлан байдаг. Баянтал сумын Засаг даргын Тамгын газар нь 7 хоног бүрийн даваа гаригт өглөө 08 цаг 00 минутаас 09 цаг 00 минут хүртэл шуурхай хуралдаан хийдэг. Тухайн шуурхай хуралдаанаар өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлаа дүгнээд, энэ 7 хоногт ямар ажил хийх талаар төлөвлөгөөгөө боловсруулдаг. Тус хуралд Засаг даргын Тамгын газрын бүх ажилчид суудаг бөгөөд, архив бичиг хэргийн эрхлэгч тэмдэглэлийг хөтлөөд явдаг. Миний хувьд Д.М-тай Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллахаас өмнө 7 жил хамтарч ажиллаж байсан. Д.М нь ажлын хариуцлага муутай хүн юм. 2015 оны санхүүгийн тайланг хязгаарлалттай дүгнүүлээд удалгүй арга хэмжээ авахуулж байсан.

Д.М нь санхүүгийн тайланг хугацаандаа өгдөггүй, араасаа тогтмол дуудуулдаг, замын голд ажлыг чирэгдүүлдэг. Тиймдээ ч 2016 оны санхүүгийн тайланг сөрөг дүгнүүлсэн. 2 жил дараалан ийм муу дүгнэлт гаргуулсан. Д.М нь ажлын байрны тодорхойлолтонд гарын үсэг зураагүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Энэ ажлын байрны тодорхойлолт нь 2016 оны 01 дүгээр сарын 25-нд тухайн үед Тамгын газрын дарга байсан Баярсайхан, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Наранмандах нар баталгаажуулж өгсөн ажлын байрны тодорхойлолт байгаа. Д.М би ажлын байрны тодорхойлотон дээр гарын үсэг зураагүй юм чинь би энэ ажлыг хийх ёсгүй, Сангийн яамнаас мөрдөгдөж байгаа сангийн яамны журам зааврын дагуу ажил үүргээ гүйцэтгэнэ гэж байна. Ажлын байрны тодорхойлотонд гарын үсэг зураагүй нь хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн гэрээн дээр ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргийг биелүүлнэ, ёс зүйн алдаа гаргахгүй гэж заасаар байхад гарын үсэг зурсан байна. Гэтэл одоо би мэдээгүй гэж болохгүй. Шагнал урамшуулал авах болохоор Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтоо дурдаж хүсэлт бичээд шагнал урамшуулал авсан байж, хийх ёстой ажлаа хийгээгүй, алдаа дутагдал гаргаад ажлаас халагдчихаад одоо болохоор мундаг ажиллаж байсан юм шиг хандаж байна.

2015 оныхоо санхүүгийн тайлан балансаа дутуу гаргачихаад Б.Улаанхүү даргаар хариуцлага тооцуулчихаад 07 дугаар сард нь та яагаад өөрийгөө аудитын дүгнэлтээр сайн гарсан гээд шагнал урамшуулал авдаг юм бэ? Энэ нь хуулийн цоорхойг ашиглаж байна. Д.Мөнхбаясгалан бол ажилдаа маш хариуцлагагүй хүн, миний гарын үсгийг зуруулаагүй байж гүйлгээ хийгээд нэг хүнийг ажлаас нь халуулж байсан хүн. Би энэ талаар тушаал дээр бичээгүй л болохоос биш. Д.Мөнхбаясгалан ажлын хариуцлага муу гэдгийг нь Тамгын газрын бүх ажилчид мэднэ. Гадаа хоёр гэрч ирсэн байгаа энэ хоёр нотлоод хэлээд өгөх байхаа гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Сайханаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн дөрвөн шаардлага гаргаж байна. Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажлын байрны тодорхойлолтын 2.2, 2.6, 2.7, 2.8 дахь заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дахь заалтыг зөрчсөн байх тул энэ заалтуудыг хүчингүй болгох гэсэн дөрвөн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн гол гурван шаардлагыг хангуулах үндэслэл нь ажлын байрны тодорхойлолтын зохих зүйл заалтууд нь хуульд нийцээгүй хууль зөрчсөн юм. Тийм учраас орон нутгийн өмчийн тайлан мэдээг оруулах ёсгүй байсан гэсэн үндэслэлээр маргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний нөхцөл хамтын гэрээний зохицуулалтыг хуульд заасан зохицуулалтаас дордуулсан гэж байна. Энэ байдлаар нэхэмжлэлийг гаргаж болно, гаргахдаа нэг зүйлийг анхаарах хэрэгтэй юм.

Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа юм. Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргах хугацаа гэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэлээ ажлаас халагдсныхаа дараа гаргах ёстой байсан юм уу? эсвэл ажлын байрны тодорхойлолт танилцуулсаны дараа гаргах ёстой байсан юм уу? гэдэг нь өөр асуудал юм. Үүнийг ажлаас халагдсаныхаа дараа биш ажлаас халагдахаасаа өмнө ажлын байрны тодорхойлолттой танилцсаныхаа дараа гомдол гаргах ёстой байсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэл гаргах нь хөөн хэлэлцэх хугацаа алдсан, цаг үеээ олоогүй, энэ хэрэг маргааныг шийдвэрлэх ач холбогдолгүй гэж ойлгож байна. Маргалдагч талуудын ярьж байгаагаар сахилгыг зөрчил удаа дараа гаргасан, ажил үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж ярьж байна. Хуулийн зүйл заалт буруу хэрэглэсэн гэж маргаж байна. Энэ бол үндэслэлтэй байж болно. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд Хөдөлмөрийн тухай хуулийн эрх зүйн байдлын хүрээнд тодорхойлогдоно гэж үзэж болно. Гэхдээ тухайн зөрчил гарсан уу, гараагүй юу гэдэг нь маргааны гол асуудал юм. Ямар хуулийн зүйл заалт барьсан гэдэг бол техникийн асуудал юм. 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар цалингийн 20 хувиар арга хэмжээ авсан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1 жилийн дотор дахин сахилгын арга хэмжээ авагдаагүй бол дараа жил нь дахин сахилгын шийтгэл авагдаагүйд тооцогдоно. Тиймээс 2017 оны 04 дүгээр сарын 08 хүртэл гэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан харагдаж байгаа. Гэтэл энэ хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй нь хангалтай нотлогдож байна. Нэхэмжлэгч тал хэлэхдээ орон нутгийн өмчийн тайлан мэдээ гаргаагүй гэж байсан. Орон нутгийн өмчийн газраас албан тоот ирээд тухайн албан тоот нь өөрийн маягтуудтай хавсаргаад ирсэн байдаг. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай албан бичиг ирсэн. Д.М хугацаанд ирүүлье гээд 2017 оны 02 дугаар сарын 08-нд В.Г дарга цохсон байдаг. 2017 оны 02 дугаар сарын 10-нд хүргүүлэх ёстой байсан. Энэ нь нэг сарын дараа ажлын хэсэг байгууллагдаж, хурал зөвлөгөөн дээр хэд хэдэн удаа яригдаж хэрэгжихгүй байсаар байгаад сүүлд хэрэгжсэн байдаг. Тухайн үед орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн үүрэг даалгавар хэрэгжүүлээгүй гэдэг нь энэ албан тоот цохолт, ажлын хэсэг байгуулаад давтан зөрчил гаргасан гэдэг нь гарч ирж байна. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.2-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажлаас халсан үндэслэл болно гэж заасан байна. Ажлын байрны тодорхойлолтон дээр маргаж байна. Энэ маргаж болохгүй биш маргаж болох зүйл гэхдээ тухайн үедээ л маргах ёстой байсан. Одоо ажлаас халагдчихсан мөртлөө энэ дээр маргалдах шаардлагагүй. Тухайн үедээ ажлын байрны тодорхойлолтыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь холбогдох тайлбар зэргээр нотлогдож байна. Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн гэдэг нь нотлогдож байна. Хууль бусаар хийх ёсгүй ажлыг хий гэж шаардсан гэдэг тайлбар гаргаж байна. Энэ нь ажлын байрны шаардлагад заасан зүйлүүдийг хүргүүлэх байсан цаг хугацаанд нь хүргүүлээгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл болох зүйлүүд байна. Энэ нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмын заалтуудаар тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.М нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай,

Д.Мөнхбаясгалангийн ажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан “Орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын байрны тодорхойлолтын 2.II, 2.6, 2.7, 2.8-д заасан бүхий л ажил үүрэг нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан байх тул тус үүргүүдийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчаас “... Д.М нь тус сумын Засаг даргын Тамгын газарт Санхүү албаны нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хязгаарлалттай дүгнүүлсэн, Төрийн өмчийн жилийн эцсийн тайлан мэдээг хоцроосон ...” хэмээн маргана. 

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Д.М-г Санхүү албаны нягтлан бодогчийн албан тушаалд томилох тухай” Б/04 дүгээр тушаалаар Д.М-г Санхүү албаны нягтлан бодогчийн албан тушаалд томилон ажиллуулж байжээ.

Улмаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Д.М-г үүрэгт ажлаас нь халах тухай” Б/16 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Д.М-г ажиллаж байх хугацаандаа “удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хязгаарлалттай дүгнүүлсэн, Төрийн өмчийн жилийн эцсийн тайлан мэдээг хоцроосон зэрэг зөрчил дутагдлыг гаргасан” гэж үзэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ажилтан Д.М-г ажлаас халсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Д.М-г үүрэгт ажлаас нь халах тухай” Б/16 дугаартай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна. Үүнд:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заажээ.

Ажил олгогч нь Д.М-г “Үүрэгт ажлаас нь халах тухай” Б/16 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслээгүй байна.

Д.М нь төрийн үйлчилгээний албан хаагч болох нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Д.М-г Санхүү албаны нягтлан бодогчийн албан тушаалд томилох тухай” Б/04 дүгээр тушаал, “...тушаалд Д.М-гийн үндсэн цалинг ТҮ-8-2 шатлалын...”, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ажил олгогч, ажилтан хоёрын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, “... хөдөлмөрийн гэрээний 3.2-д үндсэн цалингийн хэмжээ /ТҮ-8-2/, 560 865 төгрөг...”, Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /хх76-77/, зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэтэл Б/16 дугаар тушаал нь нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албан тушаалтан байхад энэ талаарх заалт огт баримтлаагүй, ямар хуулийн заалт зөрчсөн болох нь тодорхойгүй байна гэж үзэв.

2. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална” гээд мөн хуулийн 25.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”,

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “төрийн албан тушаалыг дор дурсанаар ангилна”, мөн хуулийн 5.1.1-д “төрийн улс төрийн”, 5.1.2-д “төрийн захиргааны”, 5.1.3-д “төрийн тусгай”, 5.1.4-д “төрийн үйлчилгээний”,

мөн хуулийн 25.2-д “Энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ” хэмээн заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Б/16 дугаар тушаалын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт нь төрийн жинхэнэ албан хаагчид буюу “төрийн захиргааны” болон “төрийн тусгай” албан тушаалд хамаарах хуулийн зохицуулалт байх ба Д.М нь төрийн үйлчилгээний албан тушаалтан тул уг хуулийн заалт нь нэхэмжлэгчид хамаарахгүй юм.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч нь 40.1.1, 40.1.2-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ...”, мөн хуулийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” байвал нэг сарын өмнө мэдэгдэхээр заасан бөгөөд ажил олгогч нь хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй нь “Мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл”-ээр /хх-6/ тогтоогдож байна.

4.Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилснийг түүнийг ажлаас чөлөөлсөн буюу 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах буюу 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцов.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ын А-д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэг сард үндсэн цалин 560 865 төгрөг+ур чадварын нэмэгдэл 140 216 төгрөг=701 081 төгрөг авч байсан нь түүний 000061317 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх94-95/, 2017 оны цалингийн картаар /хх-188/ тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин нийт 2 103 243 төгрөг болох ба нэг сард дунджаар 701 081 төгрөгийн цалинтай ажилласан, үүнийг 21.5 хоногт хуваахад /701 081:21.5=32 608/ 1 хоногт 32 608 төгрөгийн цалинтай байна.

Ажилгүй байсан хугацааг тооцвол: Үүнд:2017 оны 03 дугаар сард ажлын 16 хоног, 04 дүгээр сард ажлын  20 хоног, 05 дугаар сард 23 хоног, 06 дугаар сард 21 хоног, 07 дугаар сард 17 хоног, 08 дугаар сард 21 хоног, нийт ажлын 118 хоног, 1 хоногийн цалин болох 32 608х118 хоног=3 847 744 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Иймд, нэхэмжлэгч Д.М-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв. 

 

2.Д.М-гийн ажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан “Орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын байрны тодорхойлолтын 2.II, 2.6, 2.7, 2.8-д заасан бүхий л ажил үүрэг нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан тус үүргүүдийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь “ …Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. Хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурж байгаа боловч, ажлын байрны тодорхойлолтод бас гарын үсэг зурах ёстой. Хөдөлмөрийн гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл ажлын байрны тодорхойлолтод  Д.М-гийн гарын үсэг байхгүй байна. Энэ нь хүчин төгөлдөр бус гэрээний хэсэг болно ...”,

Хариуцагчаас “ …Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа гэж байгаа. Нэхэмжлэлээ ажлаас халагдсаныхаа дараа гаргах ёстой байсан юм уу? эсвэл ажлын байрны тодорхойлолт танилцуулсаны дараа гаргах ёстой байсан юм уу? гэдэг нь өөр асуудал юм. Үүнийг ажлаас халагдсаныхаа дараа биш ажлаас халагдахаасаа өмнө ажлын байрны тодорхойлолттой танилцсаныхаа дараа гомдол гаргах ёстой байсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэл гаргах нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан ...” хэмээн тус тус маргана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана “ хэмээн заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь хүчингүйд тооцуулах гэж буй ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь уг эрхээ хэрэгжүүлсэн эсэх талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба харин хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2 739 072 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 76 514 төгрөг, нийт 146 714 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.8-д зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхбаясгаланг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Д.М-гийн ажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан “Орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын байрны тодорхойлолтын 2.II, 2.6, 2.7, 2.8-д заасан бүхий л ажил үүрэг нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан тус үүргүүдийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 847 744 /гурван сая найман зуун дөчин долоон мянга долоон зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хөдөлмөрийн  тухай  хуулийн  46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч

Д.М-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 146 714  /нэг зуун дөчин зургаан мянга долоон зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.ЦОГЗОЛМАА