Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Б.,

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******д холбогдох 2123001690057 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймаг сум багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн орчим Завхан аймгийн сумын багийн нутаг “Өвгөнт” гэх газар байрлах малын бэлчээрт иргэн Ж.*******той “Бэлчээрт байсан хонийг машинаар хөөсөн байна” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний гар болон толгойн тус газарт малтуурны модон ишээр цохиж тархи доргилт, духны зүүн дээд хэсгийн хуйханд зулгаралт, цус хуралт, баруун гарын алганы ар хэсэгт, зүүн шууны гадна дунд хэсэгт цус хуралт хавдар буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн орчим Завхан аймгийн сумын багийн нутаг “Өвгөнт” гэх газар байрлах малын бэлчээрт иргэн Ж.*******той “Бэлчээрт байсан хонийг машинаар хөөсөн байна” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний гар болон толгойн тус газарт малтуурны модон ишээр цохиж “тархи доргилт, духны зүүн дээд хэсгийн хуйханд зулгаралт, цус хуралт, баруун гарын алганы ар хэсэгт, зүүн шууны гадна дунд хэсэгт цус хуралт хавдар” гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

1. Хохирогч Ж.*******ын “...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нөхөр бид хоёр аймаг орох ажил гараад саахалт айлын хүмүүст малаа үлдээчхээд аймаг орж ирсэн. Аймаг дээрх ажлаа амжуулаад байж байсан чинь манай малыг харж үлдсэн айлын хүн “Танай хонийг ******* гэгч хөөгөөд байна” гэж утсаар ярьж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр аймгийн төвөөс гараад *******ийн гэрт очоод “Чи яагаад манай малыг хөөгөөд байгаа юм бэ?” гэсэн чинь *******ийн нөхөр ******* нь манай нөхрийг барьж аваад хоолойг нь боогоод ******* бид нарыг хэл амаар доромжлоод “ хүүхэд энэ тэр” гэхээр нь би нөхрөө өмөөрөөд салгах гээд очсон чинь ******* малтуурын иш барьж ирээд миний утас барьсан гар руу цохиод гар утас газарт унаад асахгүй болсон. Тэгээд зүүн талын гар руу цохихоор нь модыг нь авах гээд очсон чинь толгой руу цохиод унагаасан. Тэгээд цагдаа дуудаад сумаас түргэний эмч ирж үзсэн. Тэгээд аймаг орж ирээд эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь ажил тарсан байсан. Тэгээд Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчид үзүүлсэн. Би 2021 оны 07 дугаар сард Завхан аймгийн салбараас Samsung Galaxy M12 загварын цэнхэр өнгийн ухаалаг утас авсан. Тэр утсаа ******* гэх хүнд эвдүүлсэн. Дээрээс нь наашаа, цаашаа явсан шатахууны үнэ болох 200,000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24-р хуудас/,

2. Гэрч Д.*******ийн “...Би эхнэр Ж.*******ын хамт Завхан аймгийн сумын багт хөдөө мал малладаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр аймгийн төв орох ажилтай болоод малаа саахалт айлын хүнд захиж орхиод эхнэрийн хамт аймаг орж ирсэн. Тэгээд аймаг дээр ажил төрөл хөөцөлдөөд явж байсан чинь гэдэг хүн миний утас руу залгаад *******ын эхнэр ******* гэдэг хүн машинаар малыг чинь хөөгөөд байна гэсэн. Тэгээд эхнэрийн хамт буцаад *******ын гэрт очоод “Яагаад мал хөөгөөд байдаг юм бэ, намрын хайлган цаг болж байхад” гэсэн чинь ******* нь намайг ална энэ тэр гээд малтуур барьж аваад намайг цохих гэхээр нь би малтуурнаас нь барьж авсан чинь малтуураа орхичхоод намайг заамдаж барьж авсан. Тэр үед *******ын эхнэр ******* гэгч малтуурын ишээр манай эхнэрийн гар руу цохиод дараа нь толгой руу нь цохиод ухаан алдуулсан. Тэгээд цагдаа дуудаад, мөн сумын эмчийг дуудаж үзүүлээд аймаг орж ирж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

3. Гэрч Г.*******ын “...2021 оны 12 дугаар сарын 02-ны орой хонь малаа хотолчхоод, морио тавьчхаад гэртээ ороод байж байсан чинь машин дуугараад гэрийн гадаа машин ирэх шиг болсон тэр үед гэрийн гадаа пижигнээд хонь үргэсэн. Тэгэхээр нь гэрээсээ гараад харсан чинь нэг машин манай хонийг хөөгөөд явж байхаар нь мотоциклоо асаагаад явах гэсэн чинь манай эхнэр гэрийн гадаа байсан малтуурын ишийг бариад миний араар суусан. Тэгээд бид хоёр хониныхоо араас гараад ирсэн чинь цагаан машинтай хүн манай хонийг хөөгөөд явж байхаар нь хониныхоо урдуур ороод юу болж байгаа юм бэ? гэсэн чинь *******, ******* хоёр машинтай манай хонийг хөөж байхаар нь би мотоциклоосоо буугаад мотоциклоо данхраадах гэсэн чинь болохгүй уначих гээд байсан. Тэр үед манай эхнэр мотоциклоосоо буугаад *******, ******* хоёртой хэрэлдээд зогсож байхаар нь би мотоциклоо данхраадаж орхичхоод эргээд харсан чинь ******* манай эхнэрийн барьж явсан малтуурын ишийг дундуур нь хугалаад хоёр гартаа барьчихсан зогсож байхаар нь би ******* “Чи манай малыг байнга хөөдөг, чамайг дуурайж байна” гэсэн. Тэгэхээр нь би *******ын дээлний энгэрээс заамдаж аваад түлхээд машинд нь суулгачхаад эргээд харсан чинь манай эхнэр ******* малтуурын ишээр *******ын толгой руу цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би эхнэрээ аваад, хонио хураагаад гэр рүүгээ явсан. ******* эхнэрээ аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 000000002 дугаартай “...Иргэн Ж.*******ын биед тархи доргилт, духны зүүн дээд хэсгийн хуйханд зулгаралт, цус хуралт, баруун гарын алганы ар хэсэгт, зүүн шууны гадна дунд хэсэгт цус хуралт хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Иргэн Ж.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх үүссэн гэмтлүүд яг юунаас үүссэнг тогтоох боломжгүй байна. Иргэн Ж.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй талаараа тайлбар өгсөн байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хохирогч Ж.******* нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “******* малтуурын иш барьж ирээд миний зүүн талын гар руу цохихоор нь модыг нь авах гээд очсон чинь толгой руу цохиод унагаасан” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн уг үйлдэл нь Ж.******* руу шууд чиглэсэн санаатай үйлдэл байна.

Шүүгдэгч Л.******* нь хохирогч Ж.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, зөв боловсон харьцаа, бие биенээ хүндлэх хүндлэл болон нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Л.*******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ж.*******ын “Самсунг М12” загварын гар утас эвдэрч түүнд 293,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 41-443-р хуудас/

Шүүгдэгч Л.******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.*******ын эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн хохирогч Ж.******* нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой хохирлын баримт ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгч Л.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Л.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 58-р хуудас/

Мөн шүүхээс шүүгдэгч Л.*******ийн хувийн байдлын талаарх Төрийн мэдээллийн сангаас гарах, лавлагаа, тодорхойлолтоос авсан иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 59-67-р хуудас/ болон,

- Гэрч Ц.*******, Ц. нарын “...Манай авга эгч Л.******* нь зан байдлын хувьд төлөв даруу, хамт олонтойгоо нийтэч, харьцаа сайтай хүн байгаа юм. Харин ахуй амьдралын хувьд нөхөр болон 4 хүүхдийнхээ хамт амьдардаг. Манай эгч Л.******* ер нь хэлье гэснээ хүнд шууд хэлчихдэг хүн байгаа юм.” гэх  мэдүүлэг /хх-ийн 68-71-р хуудас/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүхээс Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж шүүгдэгч Л.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ