Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01441

 

    2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01438

                 Улаанбаатар хот

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, 4 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой, Цэений Мөнхболд /РД:НД87011772/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар, Эрчим хүчний гудамж 82 тоотод байрлах “Эрдэм транс” ХХК /РД:2619415/-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цалин хөлснөөс үндэслэлгүйгээр суутгасан 754,726 төгрөг, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Мөнхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир, түүний өмгөөлөгч Э.Батбаяр, хариуцагч “Эрдэм транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, цалин хөлснөөс үндэслэлгүйгээр суутгасан 754,726 төгрөгийг гаргуулж, бусдын хууль бус эзэмшлээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иргэн Ц.Мөнхболд нь 2017 оны 01 дүгээр сарын 10- ны өдөр “Эрдэм транс” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр тус компанид сарын 590,000 төгрөгийн үндсэн цалинтай автобусны жолоочийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Гэтэл “Эрдэм транс” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд түүнийг ажиллуулж түүнээс хойш ямар нэгэн үндэслэлгүйгээр ажилд нь гаргахгүй зогсоосон байдаг. Уг хугацаанд “Эрдэм транс” ХХК-ийн зүгээс нийт 2 удаа буюу 2017 оны 01, 02 сард цалин бодсон боловч 1 сард орлого суутгал 109,330 төгрөг 2 сард орлого суутгал 645,396 төгрөг нийт 754,726 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр суутгасан бөгөөд 02 сарын 20-ны өдрөөс хойш компани Ц.Мөнхболдыг үндэслэлгүйгээр ажилд нь гаргаагүй тул түүний зүгээс ямар шалтгааны улмаас ажилд гаргахгүй байгаа талаар удаа дараа тодруулга хийхийг шаардсан боловч чамайг ажлаас халсан учраас дахин ирэх шаардлагагүй, чиний өмнөөс компани нийгмийн даатгал төлсөн, уг мөнгийг эргүүлэн төлж байж нийгмийн даатгалын дэвтрээ аваарай гэж хэлээд одоог хүртэл ажилд нь гаргаагүй байна. Хариуцагч “Эрдэм транс” ХХК-ийн зүгээс Ц.Мөнхболдод ажлаас чөлөөлсөн үндэслэлийг танилцуулж тушаалыг гардуулж өгөөгүй атлаа өнөөдрийг хүртэл ажилд нь гаргахгүй, нийгмийн даатгалын дэвтэр болон, хөдөлмөрийн гэрээний 1 хувийг өөрт нь өгөхгүй, ажилласан хугацааны цалингаас нь үндэслэлгүйгээр суутгах зэрэг Ц.Мөнхболдын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Компанийн уг хууль бус үйлдлийн улмаас Ц.Мөнхболд нь өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй хүнд байдалтай байна. “Эрдэм транс” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1.1-д Ажил олгогч иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний 1 хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэснийг тус тус зөрчиж байх тул тус хуулийн 128.1.2, 129.2-т заасныг тус тус үндэслэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн шимтгэл нөхөн төлүүлэх, цалин хөлснөөс үндэслэлгүйгээр суутгасан 754,726 төгрөг, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтрээ гаргуулах шаардлага гаргасан. Нийгмийн болон Эрүүл мэндийн дэвтрийг өгсөн тул энэ шаардлагаасаа татгалзаж байна. Бусад шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч “Эрдэм транс” ХХК-ийн шүүхэд гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ц.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь нийтийн тээврийн газартай байгуулсан 2016 оны 07 сарын 22-ны өдрийн нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх 1-15/04 тоот гэрээг үндэслэн шугамын орлогын төлөвлөгөөг батлан мөрдүүлсэн. Иргэн Ц.Мөнхболд нь 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/07 тоот тушаалаар туршилтын 3 сарын хугацаатай автобусны жолоочоор томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус ажилтан нь хөдөлмөрийн гэрээний  5.1.2.15 дугаар заалтыг удаа дараалан зөрчиж ажлын үүрэг биелүүлээгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 дахь заалт жолоочтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.2.15 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2017 оны 02 сарын 25-ны өдрийн Б/38 тоот тушаалаар ажлаас халсан болно. Хамт ажилладаг жолооч нь орлогыг хангаж ажиллаж байгаа. Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтрийг өгсөн. Иймд Ц.Мөнхбодлын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхболд нь хариуцагч “Эрдэм транс” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэр гаргуулах шаардлагаа багасгаж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цалин хөлснөөс үндэслэлгүйгээр суутгасан 754,726 төгрөг, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэр гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч Ц.Мөнхболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв. Үүнд:

 

“Эрдэм транс” ХХК нь Ц.Мөнхболдтой 2017 оны 01 сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн өдөр “Эрдэм транс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/07 дугаар тушаалаар туршилтын 6 сарын хугацаатай автобусны жолоочоор томилон ажиллуулсан байх бөгөөд 2017 оны 02 сарын 25-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар Ц.Мөнхболдыг батлагдсан орлогын төлөвлөгөөг удаа дараалан биелүүлээгүй үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 5.1.2.15-д заасныг үндэслэн ажил олгогчийн санаачлагаар 2017 оны 02 сарын 25-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь “...2017 оны 01 дүгээр сарын 10- ны өдөр “Эрдэм транс” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр тус компанид сарын 590,000 төгрөгийн үндсэн цалинтай автобусны жолоочийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч нь “...Эрдэм транс” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд түүнийг ажиллуулж түүнээс хойш ямар нэгэн үндэслэлгүйгээр ажилд нь гаргахгүй зогсоосон, ажлаас үндэслэлгүй халсан” гэж, хариуцагч нь “...талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.1.2.15-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг удаа дараалан гаргасан тул ажлаас халсан” гэж маргасан.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1-д “Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдолд цуцална”, 5.1.2.15-д “Компаниас тогтоосон орлогын төлөвлөгөөг удаа дараалан биелүүлээгүй” гэсэн нөхцөлийг тусгасан байна. Мөн “Эрдэм транс” ХХК-ийн захирлын 2016 оны 07 сарын 25-ны өдрийн А/30 дугаар тушаалаар баталсан “Орлогын төлөвлөгөө тогтоох журам”-ын хоёр дахь хэсгийн 3-д “Ч:6 Толгойт-Вокзал” чиглэлийн 1 рейсийн орлого ажлын өдөр 25,000 төгрөг, амралтын өдөр 23,000 төгрөг, 8-д “Ч:44 Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлийн 1 рейсийн орлого ажлын өдөр 24,000 төгрөг, амралтын өдөр 22,000 төгрөг байхаар тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхболд нь “Эрдэм транс” ХХК-д “Ч:6 Толгойт-Вокзал”, “Ч:44 Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлийн автобусны жолоочоор ажиллах хугацаандаа буюу 2017 оны 01 сарын 11-ний өдрөөс 02 сарын 20-ны өдөр хүртэл 29 өдөр ажилласнаас 27 өдөр нь байгууллагын тогтоосон орлогын төлөвлөгөөний дагуу 2,793,920 төгрөгийн орлого оруулахаас 1,924,890 төгрөгийн орлого оруулж, 869,030 төгрөг дутсан байна.

 

Дээрх тооцоо, ажилласан байдал, ажил олгогч “Эрдэм транс” ХХК нь ажилтан Ц.Мөнхболдын цалингаас орлогын төлөвлөгөө дутаасан үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын цалингаас 109,330 төгрөг, 02 дугаар сарын цалингаас 654,396 төгрөг нийт 754,726 төгрөгийг суутган авсан талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхболд хөдөлмөрийн гэрээний 5.1.2.15-д заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчлийг удаа дараалан гаргасан нь нотлогдож байх тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцалсныг хууль зөрчсөн, үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэхгүй. 

 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Ажилтны цалин хөлснөөс зөвхөн дор дурдсан тохиолдолд суутгал хийж болно”, 63.1.1-д “ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан” гэж заасан.

 

Гэвч Ц.Мөнхболдын цалингаас суутгах тухай ажил олгогчоос гаргасан шийдвэргүй, нотлох баримтаар нотлогдохгүй байх тул 754,726 төгрөгийг цалингаас суутгасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд өөрийн Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрч шүүхэд өгсөн, маргах зүйл байхгүй гэж тайлбарласан.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар Ц.Мөнхболдыг ажлаас халсан тушаал үндэслэлтэй гарсан байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цалингаас суутгасан 754,726 төгрөгийг хариуцагч “Эрдэм транс” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнхболдод олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хариуцагч шүүхэд өгсөн тул энэ шаардлагаа хасч багасгасан гэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу хариуцагч “Эрдэм транс” ХХК-иас 754,726 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнхболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Эрдэм транс” ХХК-иас 22,663 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнхболдод олгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.АЗБАЯР