Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             М.Баярмэнд

Улсын яллагч                                             Б.*******

Шүүгдэгч                                                      Г.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.*******

Хохирогч                                                       Л.*******                      

Гэрч                                                               Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,  Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Завхан аймаг Алдархаан сум багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ийн *******, Регистрийн дугаар: *******

Шүүгдэгч Г.******* нь 1 тооны морь буюу уналга ашиглан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сум Алдар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт байсан иргэн Л.*******ийн үхэр сүргээс 6 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж 5.900.000 /Таван сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.*******гийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн алаг зүсмийн соёолон насны  мориор Завхан аймгийн Алдархаан сум Алдар багийн нутаг дэвсгэр “” гэх газраас Л.*******ийн  6 тооны үхрийг  хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

 6 тооны үхрээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Л.*******ийн “Манай үхэр 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн орчимд Алдархаан сумын Алдар багийн нутаг “Алаг уулын шоронгийн барцан” гэдэг газар байж байгаад доошоо уруудаад “” гэх газарт оччихсон байсан юм. ...үхэр дотроос 6 тооны үхэр алга болчихсон байсан. Зөв чих урдаасаа ухам, буруу чих онь имтэй урагшаа хөмрүү эвэртэй улаан ягаан үнээ 1 ширхэг, улаан ягаан зүсмийн хязаалан насны эр үхэр 1 ширхэг, судалтай хүрэн үнээ 1 ширхэг, сартай хар үнээ 1 ширхэг, тарман нүүртэй гэдсээрээ цагаантай гунжин үхэр 1 ширхэг, тарман нүүртэй улаан ягаан шүдлэн эр үхэр 1 ширхэг, нийт 6 үхэр алга болсон...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн  мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ц.*******ийн “... 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ...манай үхэр “”-д байсан. Тэгээд үхрээ тоолж бүртгэсэн чинь 6 тооны үхэр дутсан. ...би аав руу залгаж “6 тооны үхэр дутсан байна наагуураа хай” гэж хэлээд үхрээ цааш нь тууж “Тасархайн шил” гэх газар хүргээд адуундаа явсан. Орой болохоор нь аймаг орсон. Тэгээд хоноод байж байтал аав утсаар яриад нөгөө 6 тооны үхрийг чинь хүн авсан байна. Аймгаас 3 тооны үхрийг нь гаргаж явуулсан байна. Агьт, Худаг гэх газраар яваад ир гэсэн. Тэгээд би хайж яваад үхрээ “Тасархайн араад” цуваад явж байхад олж авсан. Тэгээд би 3 тооны үхрээ үхэртээ нийлүүлж аваад гэртээ ирсэн. Бүгдээрээ буруу талын чих онь, зөв талын чих урдаасаа ухам имтэй сартай цавь цагаан хар үнээ, судалтай хүрэн үнээ, улаан үнээ, улаан хязаалан шар, сартай цавь цагаан ягаан гунж, барлан халзан шүдлэн эр үхэр 6 тооны монголын үхэр байсан.  ...Аймгийн төвөөс гаргаж хөлөөр нь явуулсан гэх сартай хар үнээ, судалтай хүрэн үнээ, улаан хязаалан шараа “Тасархай” гэх газраас гэр рүүгээ цувж явахад нь олж авсан. Энэ 3 үхэр нилээн хөөгдсөн бололтой таваг нь улдсан байсан. Барлан нүүртэй цавь цагаан улаан ягаан гунж, барлан нүүртэй улаан зүсмийн эр үхэр хоёроо олж авч чадаагүй...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн 4 тооны зөв чих урдаасаа ухам, буруу чих хойноосоо онь имтэй монголын үхрүүдийг машиндаа ачсан талаар мэдүүлсэн гэрч Б.*******ын “...2021 оны 10  дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед ******* утсаар яриад мал ачаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би хонинд явж байна зав алга гэсэн. Тэгээд удалгүй 20 цагийн үед ******* дахиж залгаад Алдархаан сумын Богдын  гол багийн нутаг Ямаатын хөндий гэх газарт ирээд мал ачаад өгөөч гэж ярьсан. За тэгье гээд би гэрээсээ Бонго Жи-3 маркийн тээврийн хэрэгслээ унаад гараад Богдын гол багийн нутаг Ямаатын хөндий гэх газарт очоод гэрэл гаргаад тааралдсан чинь С., ******* хоёр 4 тооны зөв чих урдаасаа ухам, буруу чих хойноосоо онь имтэй монголын үхрүүд, алаг морьтой тууж ирээд С., ******* хоёр барьж аваад миний улсын дугаартай тээврийн хэрэгслээр 4 тооны монголын үхэр, 1 алаг морийг ачиж Алдархаан сумын Богдын гол багийн нутаг “Худгийн дунд” буулгаж өгөөд би явсан. *******, хоёр 4 тооны монголын үхэр, 1 алаг морио буулгаж аваад үлдсэн...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч С.ын “...******* над руу утсаар залгаад “4 тооны үхэр ачилцаад өгөөч” гэсэн би “юун үхэр юм бэ” гэсэн чинь хүнээс авсан үхэр гэсэн тэгэхээр нь би “ямар машинаар ачих гэж байгаа юм бэ” гэсэн чинь “******* ахаар ачих гэж байгаа” гэсэн “яг хаана байгаа юм бэ” гэсэн чинь “Устын дөрөлжний замын хажууд байна” гэсэн. Тэгээд намайг очоод удаагүй байж байтал ******* “Устын дөрөлж”-өөр араас нь давж ирсэн. Тэгээд ******* ирээд 4 тооны монголын үхрээ морьтой нь хамт ачиж аваад ******* ******* хоёр аймаг орно гээд явсан би мотоциклтой буцаад гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлгээр,

 Хохирогчийн алдсан 1 тооны үхрийн махыг нь худалдан авсан талаар мэдүүлсэн гэрч Б.*******ын “2021 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн үед ******* манай нөхөр рүү утсаар яриад “Үхэр авах уу” гэж асуусан тэгэхээр нь “Үхэр авахгүй манайх үхэртэй” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай арын эзэнгүй хашаа руу 4 тооны монголын үхэр хийж орхиод өглөө авъя гэж хэлсэн. Маргааш өглөө 07 цагийн орчимд ******* мотоциклтой ирээд хаалга нүдээд гарч хаалга тайлж өгөөд эргэж орж ирээд 1 сая төгрөгөөр сувай үнээ аваад орхи гэж хэлсэн. Тэгээд би жижигхэн дөнжин үнээ гэсэн гэхээр нь гаргаад өгчих би бөөний үнээр нь авъя гэж эд хэлээд гаргасан. Тэгээд эргэж гарч *******тай уулзаад ******* хоёр үхрээ хашаанд хамжиж гаргасан. Тэгээд үхрийн махаа жинлээд 123 килограмм болсон. Тэгээд ясны 23 килограммыг хасаад 100 килограмм махыг 8000 төгрөгөөр бодож бэлэн 500.000 төгрөг *******д өгсөн. 300.000 төгрөгөө гарал үүслийн бичгээ авчирч өгөөд ав гэж хэлээд явуулсан. Тэгээд би граж руу махыг нь хийлгээд ажил руу явсан. ******* 1 үхрээ гаргаж дуусаад үлдсэн 3 тооны үхрээ гаргаж явуулсан...” гэсэн мэдүүлгээр  тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Л.*******ид 6 тооны үхэр буюу 5.900.000 төгрөгийн хохирол учирсан нь “” ХХК-ны  хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан дүгнэлтээр тогтоогдсон.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд “шүүгдэгч *******г 6 тооны үхэр хулгайлсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдоогүй эргэлзээтэй  байна. Харин 1 тооны үхрийг хулгайлснаа хүлээн  зөвшөөрдөг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсэн заалтын дагуу түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.

 Хэргийн нөхцөлд байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.******* нь хохирогч Л.*******ийн 06 тооны үхрийг байнга бэлчээрлэж байдаг газраас холдуулан тууж явсан нь өөртөө  захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хулгайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэн байна. Ийнхүү хулгайлсан үхрээ тууж явахад 2 тооны үхэр нь үлдэж хоцорсон, мөн 3 тооны үхрийг хашаанаасаа гаргаж явуулсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй учир өмгөөлөгчийн дээрх дүгнэлт үндэслэлгүй.

Шүүгдэгч Г.*******г Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 6 тооны бод малыг шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг  тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Хохирогч Л.******* нь “хохирол төлбөрөө бүрэн хүлээж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болно. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч Г.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийн өмчлөлийн 1.000.000 /Нэг сая/ төгрөгийн үнэ бүхий алаг зүсмийн соёолон насны 1 тооны морийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Г.*******д  2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд     

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга буюу алаг зүсмийн соёолон насны морийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан алаг зүсмийн соёолон насны морийг битүүмжилсэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Г.*******гаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Г.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН. ДЭЛГЭРМАА