Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01436

 

 

        2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01436

           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 хороолол, 91-1-17 тоотод байрлах “Өгөөмөр хотгойд” ХХК /РД: 5537886/-ийн нэхэмжлэлтэй П.Уранбаатарыг  эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Өгөөөмөр Хотгойд”, ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Өгөөмөр Хотгойд” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: "Өгөөмөр Хотгойд” ХХК-ийн захирал Н.Батцэцэг миний бие 2014 оны 06 сарын 19-ний өдөр П.Ууганбаатартай 14 хоногийн хугацаатайгаар 400 ширхэг сапудыг нэг бүрийн үнэ 110 төгрөгөөр тооцож, барьцаа 30 хувийг урьдчилан авахаар тохиролцон, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээг байгуулах үед П.Уранбаатар нь 14 хоногийн түрээсийн төлбөр болох 616,000 төгрөг болон урьдчилгаа 30 хувь болох 184,800 төгрөгийг төлж, манай компани 400 ширхэг сапудыг хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш гэрээг амаар тохиролцон сунгаж, төлбөрийг хийж байсан ба ийнхүү гэрээг амаар тохиролцон сунгасан нь 2014 оны 09 сарын 14-ний өдөр дуусгавар болсон. Ингээд гэрээний хугацаа дуусахад П.Уранбаатар 400 ширхэг сапудыг манай компанид хүлээлгэн өгөөгүй бөгөөд дахин гэрээгээ сунгах хүсэлтэй байгаагааг илэрхийлсэн. Манай компани түрээсийн төлбөрийг удаа дараа төлөх, эсхүл 400 ширхэг  сапудыг буцаах тухай шаардаж байсан боловч өнөөг хүртэл төлбөрөө төлөөгүй болно. Хамт ажилладаг гэх н.Баттүвшинтэй холбоо барьсан хэдий ч уулзахаас зайлхсхийн, тоног төхөөрөмжөө авъя гэхээр хамт ажилладаг хүнд байгаа би таньд олж өгнө  гэсэн хариуг хэлдэг. Гэрээний үүргийн хугацаанд  биелүүлж 400 ширхэг сапудыг компанид буцаан өгсөн бол өнөөдрийг хүртэл бид 4 сар буюу 120 хоногоор тооцоход сапудаа түрээслэн олох ёстой байсан орлого маань 5,280,000 төгрөг болж байна. Ийнхүү “Өгөөмөр Хотгойд” ХХК-ийн хувьд хариуцагч нараас сапуд эсхүл үнэ, мөн хохирлын мөнгө гаргуулах гэж хөөцөлдөж явсаар өдийг хүрлээ. Д.Уранбаатар нь одоо хаана амьдардаг нь тодорхой бус холбоо тасарсан тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч “Өгөөмөр Хотгойд” ХХК нь П.Уранбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

 Жонуул ургийн овогтой Пүрэвсүрэнгийн Уранбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан “Өгөөмөр Хотгойд” ХХК П.Уранбаатар нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бичгээр байгуулсан “Төхөөрөмж түрээслэх гэрээ”, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1, 7-9 дүгээр тал/

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан П.Уранбаатар иргэний үнэмлэхийн лавлагаанд бичигдсэн Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 16 гудамж, 416 тоот хаягт оршин суудаггүй болохыг тодорхойлсон Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Жонуул овгийн Пүрэвсүрэнгийн Уранбаатар /РД:ЗЕ84073114/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Жонуул ургийн овогтой Пүрэвсүрэнгийн Уранбаатарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан П.Уранбаатарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс/-д даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Өгөөмөр Хотгойд”  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР