Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2018/02870/И |
Дугаар | 001/ХТ2020/00113 |
Огноо | 2020-02-20 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2020/00113
Д-О- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00402 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 680 дугаар магадлалтай,
Д-О- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Д.Я-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 100.482.443 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Д-О- ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.Я- нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай байгууллагатай 00000447 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 36.817.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Содон хорооллын 103 дугаар байрны 162 тоот Ү-2201044183 тоот улсын бүртгэлийн дугаартай, 58,06 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дуусаж, зээлдэгчид зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан ч төлөөгүй, сүүлдээ оршин суугаа хаяг нь тодорхойгүй болсон. Зээлдэгч нь 2018 оны 6 дугаар сард ирж уулзан хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээнд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 34.976.900 төгрөг нэмж зээлэн 71.793.687 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. Нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш зээлдэгч нь өнөөг хүртэл төлөөгүй ба гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлийн гэрээний 6.2-д Зээлдэгч нь зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү төлөхийн зэрэгцээ нэмэгдүүлсэн хүү, гарсан хохирол, зардлыг нэмж төлнө гэж тус тус заажээ. Иймд үндсэн зээл 71.793.687 төгрөг, хүү 12.061.336 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.412.267 төгрөг, нийт 86.267.290 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нийт 100.482.443 төгрөг болгон нэмэгдүүлсэн гэжээ.
Хариуцагч Д.Я-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Д-О- ББСБ ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 36.817.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээл авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаанд хавсралтад тусгагдсан хуваарийн дагуу зохих төлбөрийг төлж байсан. Өөр зээлийн болон нэмэлт гэрээ талуудын хооронд байгуулагдаж байгаагүй. Гэтэл нэхэмжлэлд зээлдэгч нь 2018 оны 6 дугаар сард ирж уулзан хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээнд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 34.976.900 төгрөг нэмж зээлэн 71.793.687 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон гэж дурджээ. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр талуудын хооронд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ бодитоор байгуулагдаагүй, нэхэмжлэгч ББСБ-аас 34.976.900 төгрөг шилжүүлээгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсэг мөн барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн үлдэгдэл төлбөр, 6 сарын хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Д-О- ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 36.817.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаанд хавсралтад тусгагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зохих төлбөрийг төлж байсан. Нэхэмжлэгч байгууллагын дурдсанчлан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 34.976.900 төгрөгийг нэмж зээлсэн, мөн зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлэн авсан зүйлгүй болно. Иймд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан талуудын хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 447 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Тус гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан талуудын чөлөөт байдлыг хангасан, хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл ба зээлдэгч Д.Я- нь нэмэлт гэрээ байгуулж өгөхийг хүссэн хүсэлт гаргасны дагуу гэрээ хийж, талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон. Мөн энэ гэрээг хуульд заасан шаардлагын хүрээнд зохих ёсоор нотариатаар гэрчлүүлсэн. Зээлдэгч Д.Я-гийн дээрх гэрээг байгуулж мөнгө зээлсэн, зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлэн авсан зүйлгүй болно гэх тайлбар нь үндэслэлгүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх үндэслэл болохгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зохих төлбөрийг төлж байсан гэдэг нь ор үндэсгүй. Зээл авснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй ба зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, өнөөг хүртэл нэхэмжлэгч Д-О- ББСБ ХХК-ийг хохироож байгаад гомдолтой байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00402 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Я-гээс 36 066 312,53 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д-О- ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 64 416 130,47 төгрөгийн шаардлага, хариуцагчийн гаргасан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044183 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000442912 дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 103 байр 162 тоот хаягт байршилтай, 58.06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 589 287 төгрөг, 70 200 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 170 674 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 86 670 төгрөг, нийт 916 831 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 339 000 төгрөгийн 332 834.5 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Я-гээс 338 281.5 төгрөгийг гаргуулж, Д-О- ББСБ ХХК-д, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 6 165.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Д.Я-д тус тус олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 680 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00402 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...хариуцагч Д.Я-гээс 36 066 312,53 төгрөгийг гаргуулж... гэснийг 48 267 590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дайманд Очир ХХК-д олгож, үлдэх 52 214 853 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох... гэж, шийдвэрийн 3 дахь заалтад ...338 281,5... гэснийг ...399 287,95... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 592 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Талуудын хооронд 2018 оны 447 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусч, зээлдэгч нь зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн нөхцөл байдал үүссэн тул зээлийн хугацааг 6 сараар сунгах, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж зээлийн гэрээнд тусгаж төлөх тухай 2 нөхцөлтэй гэрээг байгуулсан ба зээлийн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 21-нийг хүртэл сунгасан. Нэмэлт гэрээг байгуулах үед зээлдэгчийн үндсэн зээл 36.816.787 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 34.976.900 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Зээлийн хзз, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээл дээр нэмж, 71.793.687 төгрөгөөр зээлийн нэмэлт гэрээг байгуулсан. Давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж зөв дүгнэсэн. Иймд анх байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн зээлийн тооцооллыг гаргах үндэслэлтэй байна. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 447 тоот зээлийн гэрээний төлбөрөөс зээлдэгч нь нийт 4.123.000 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгээгүй. Анхан шатны шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр буюу шүүхийн шийдвэр гарахаас өмнө сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Дээрх өдрийг хүртэлх хугацааны зээлийн гэрээний төлбөрийг тооцож үзэхэд үндсэн зээл 36.817.000 төгрөг, хүү 45.174.459 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.911.891 төгрөг, нийт 86.903.350 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн магадлалын үнийн дүн дээр 38.635.760 төгрөг нэмж зээлдэгчээс гаргуулах үндэслэлтэй. Хариуцагч Д.Я- нь өнөөг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, манай байгууллагад ноцтой хохирол учруулж, зээл авснаас хойш 3 жил өнгөрч байхад шүүхээс нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг хангаагүй, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн, нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул хэргийг бүх талаас нь хянан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалд зээл, зээлийн хүүнд 38.635.760 төгрөг нэмж, хариуцагчаас 86.903.350 төгрөг гаргуулах тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Д-О- ББСБ ХХК, Д.Я-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100.482.443 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл, хариуцагч 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Нэхэмжлэгч Д-О- ББСБ ХХК нь нэхэмжлэлээ, зохигчийн хооронд байгуулагдсан 2016.11.02, 2018.06.21-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэсэн, хариуцагч эхний зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, 6 сарын хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрч, хоёр дох удаагийн зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлж аваагүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 36.066.312 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 48.267.590 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор өөрчилж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
1. Зохигчийн хооронд 2016.11.02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр Д-О- ББСБ ХХК нь Д.Я-д 36.817.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон, уг зээлийн барьцаанд Самбилын овоо ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан нь тогтоогдсон, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасантай нийцжээ. Энэ хэрэгт барьцаалуулагчийн хувьд Самбилын Овоо ХХК-г шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Зээлдүүлэгч Д-О- ББСБ ХХК нь гэрээгээр тохирсон мөнгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн, зээлдэгч Д.Я- мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу үүргийн биелэлт шаардах эрхтэй.
Гэрээгээр тохирсон 6 сарын хүү төлнө, хэтэрсэн хугацаанд хүү төлөхөөр тохироогүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болохыг шүүх зээлийн гэрээний 6.2 дахь заалтыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасны дагуу тайлбарласан нь үндэслэлтэй болжээ.
2. Зохигчийн хооронд 2018.06.21-ний өдөр 71.793.687 төгрөг зээлэх гэрээ байгуулагдсныг нэхэмжлэгч өмнөх зээлийн гэрээний хүү 34.976.900 төгрөгийг хариуцагч төлж, үндсэн зээлийн үлдэгдэл дээр нэмж 34.976.900 төгрөг зээлж гэрээгээ шинэчилсэн гэж тайлбарласан хэдий ч уг тайлбар хэргийн баримтаар үгүйсгэгдсэн байна. Учир нь хариуцагч эхний зээлийн хүүд 34.976.900 төгрөг төлсөн, үүний дараа нэхэмжлэгч ийм хэмжээний мөнгийг нэмж зээлсэн мэтээр талууд зөвхөн баримт үйлдсэн болох нь тогтоогдсон байх тул дээрх мөнгийг зээлсэн гэж үзэхгүй юм.
3. Анхан шатны шүүх анхны зээлийн гэрээгээр хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлж дүгнэсэн атлаа хариуцагчийн гүйцэтгэвэл зохих нийт төлбөрөөс хариуцагчийн төлөөгүй 34.976.900 төгрөгийг хасч тооцсон нь дээрх дүгнэлттэй зөрчилтэй болжээ.
4. Давж заалдах шатны шүүх 2016.11.02-ны өдрийн гэрээний дагуу тооцоолол хийхдээ хариуцагч нь үндсэн зээл 36.817.000 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгийг, гэрээний хугацаанд төлбөл зохих зээлийн хүү 9.940.590 төгрөгөөс 4.123.000 төгрөг төлөгдсөн тул үлдэх 5.635.000 төгрөг, хэтэрсэн хугацаа буюу 17 сар 15 хоногт бодогдсон хүү 28.330.681 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүг 20 хувь 5.633.001 төгрөг гэж тооцсон боловч нийт 48.267.590 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтэд хэтэрсэн хугацааны хүүг 28.330.681 төгрөг гэсэн атлаа уг хүүг нийт үнийн дүнд оруулж тооцоогүй байх бөгөөд энэ үндэслэлээ магадлалд тодорхой заагаагүй байна.
5. Нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа үндсэн зээл 71.793.687 төгрөг, зээлийн хүү 12.061.336 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.412.267 төгрөг, нийт 86.267.290 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь 2016.11.02-ны өдрийн гэрээгээр үндсэн зээл 36.817.000 төгрөг төлөх үүрэгтэй тул уг мөнгөнөөс гэрээний хугацаан дахь болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох хэдий ч хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах анхны нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт хийх нь зөв байна.
Иймд үндсэн зээл 36.817.000 төгрөг, хүү 12.061.336 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.412.267 төгрөг нийт 51.290.603 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
6. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлж нэхэмжлэлийн нийт шаардлагыг 100.482.443 төгрөг гэж тодорхойлсон боловч уг шаардлагын үндэслэл ойлгомжгүй байх тул хангах боломжгүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.
7. Хариуцагч төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдаж үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 147.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 680 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00402 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “36.066.312.53” гэснийг “51.290.603” гэж, “64.416.130.47” гэснийг “49.191.839” гэж, тогтоох хэсгийн 3 дах заалтад “338.281.5” гэснийг “414.403 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 351.130 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ