Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 351

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 21 өдөр           Дугаар 128/ШШ2020/0351          Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Д.Оюумаа, шүүгч С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны гуравдугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК,

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗДын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З, Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Ж.Б, Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын "Хөхөнгийн голын адаг" гэдэг нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олборлох тусгай зөвшөөрлийг 2007 онд олгож, 2015 онд энэхүү тусгай зөвшөөрлийг 2015 онд дахин авсан байдаг.

 2007 онд анх ашиглалтын тусгай зөвшөөрлийг аваад 2009 оноос үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажил дуусаж байсан. Үйл ажиллагаа явуулах явцад 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан. Энэхүү хуулийн дагуу "Т" ХХК-ийн тусгай зөвшөөрөл ашиглах зөвшөөрлийн нэг хувь нь хамгаалалтын бүстэй давхцаж тухайн тусгай зөвшөөрлийг ашиглах ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 195, 289, 235 дугаар тогтоол зэрэг төрийн захиргааны байгууллагаас холбогдох бичиг баримтууд гарснаар цаашид ашиглах боломжгүй болсон байдаг.

Энэ хүрээнд "Т" ХХК нь өөртөө түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан. Шилжүүлж авсантай холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газар болон Байгаль орчны яамны төрийн захиргааны бусад байгууллагуудад холбогдох хүсэлтүүдийг гаргадаг.

2005 оны 35 дугаар тогтоолуудын дагуу тухайн газарт олборлолт хайгуулын ажил явагдаж эхэлсэн. Тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээг авч, нөхөн сэргээлт хийлгэхээр шаардлагатай арга хэмжээнүүдийг хийж, олборлолтын үйл ажиллагаа явуулах хүсэлтүүдийг өгсөн байдаг. Үүний дагуу Ашигт малтмалын газраас тухайн газар дээр очиж хэмжилт хийж давхцал байгаа эсэхийг тодруулдаг. Гэхдээ төрийн захиргааны байгууллагаас холбогдох зөвшөөрлийг олгоогүй. "Т" ХХК-д ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломж гараагүй юм.

Нийслэлийн Байгаль орчны газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан хяналт шалгалтын удирдамж гарч хамтарсан хяналт шалгалт явуулж 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зөрчил арилгуулах албан шаардлага гаргасан юм. Энэхүү 0205201763 албан шаардлагаар нийтдээ 9 төрлийн зөрчил арилгуулахаар албан шаардлага хүргүүлдэг. Үүнд зайлшгүй гаргах баримт бичгийн бүрдүүлэлт дутуу, уулын ажлын тайлан, төлөвлөгөөг батлуулаагүй, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан  зөрчил болон Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-35.3.7-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй гэдэг. Үүний дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний төлөвлөгөөг тогтоосон хугацаанд батлуулаагүй гэдэг.

Энэ нь уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд зайлшгүй бүрдүүлэх ёстой бичиг баримтын бүрдүүлэлт байгаа юм.

Гэтэл "Т" ХХК нь 2005 онд үүнийг шилжүүлж авсан. Үүнээс өмнө "Бирж констракшн" ХХК-ийн ашиглаж байсан талбай дээр олборлолт хийгээгүй ч гэсэн олборлолт хийх тоног төхөөрөмжийг байрлуулж ирсэнтэй холбоотойгоор газар тэгшилсэн асуудал байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу нэг ажуй нэгжээс нөгөө аж ахуйн нэгжид тусгай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийн тулд нөхөн сэргээлт хийлгэх, нөхөн сэргээлтийн талбайтай холбоотой асуудлаар нэг компаниас нөгөөд шилжүүлэхдээ эдгээр асуудлуудыг дуусгасан байх ёстой. Нөхөн сэргээлт хийгдсэний дараагаар эдгээр бичиг баримтуудыг бүрдүүлж "Т" ХХК-д бүрдүүлээд шийдвэр гарсан байдаг. 

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-д зааснаар нэгээс нөгөөд шилжүүлэхдээ энэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж дуусгасан байх ёстой. Нөхөн сэргээлт хийлгэсний дараа эдгээр бичиг баримтуудыг бүрдүүлж "Т" ХХК-д шилжүүлсэн байх ёстой байсан. Үүнтэй холбоотойгоор "Т" ХХК-ийг буруутгах үндэслэл байхгүй. Энэ нь өөрөө нэхэмжлэгч компанийн олборлолт хийсэн зүйл биш юм.

Хөрс уснаас шинжилгээ тогтмол хийлгээгүй, шинжилгээ хийлгэх нөхцөл байдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллаагүй, олборлолтын үйл ажиллагаа явуулсан газар нөхөн сэргээлт хийж нутгийн захиргааны төв байгуллагад хүлээлгэж өгөөгүй зэргээр заалтуудад дурдсан байсан. Мөн  усны цэгт тоолуур тавиагүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй зэргээр зөрчлүүдийг 6-8 дугаар заалтууд дээр дурдсан байсан. "Т" ХХК-ийн зүгээс дээрхийн адил ашиглах боломжгүй байсан учраас тухайн байгууллагын зүгээс ямар нэгэн албан хаагч байдаггүй учраас тухайн газар очоогүй гэж ойлгосон байсан. Тухайн газар дээр тусад нь хашаалж, мод үржүүлгийн ажил эхлүүлээд дахин давхар худаг нээсэн байгаа. Энэ нь "Т" ХХК-ийн үйл ажиллагаа биш. "Т" ХХК нь боломжтой хэсгийг нь өөрсдөө ашиглах, боломжгүй хэсэгт нь нөхөн олговор авах байдлаар төрийн захиргааны төв байгууллагад хандсан. Хөрс, ус худагтай холбоотой зүйл нь нэхэмжлэгч компанитай ямар ч хамааралгүй зүйл байгаа юм.

Байгаль орчны газраас ирсэн мэдэгдэлд 104 га талбайн 96 га усны хамгаалалтын бүсэд үлдсэн 8 га газар нь айлын эзэмшил газартай давхцалтай байгаа учраас  тухайн хэсгийг гаргах боломжгүй байгаа юм.

Ийм учраас Мэргэжлийн хяналтын газрын анхан шатаар үндэслэж гаргасан НЗДын А/609 дүгээр захирамж нь хуульд нийцээгүй байна. Энэхүү хэрэг нь гурван шатны шүүхээр шийдэгдсэн. Маргаан бүхий захирамжийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6-д заасан заалтуудыг барьсан байгаа юм.

Гэтэл шүүхээс явуулсан албан бичгийн хүрээнд ч НЗД тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагаандаа нутгийн захиргааны байгууллагаас ирсэн саналаар энэхүү ажиллагаа хийгээгүй. Энэ нь Мэргэжлийн хяналтын газар болон төрийн захиргааны байгууллагын хамтарсан хяналт шалгалтын удирдамжийг үндэслээд тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.

Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой НЗД түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхээр болсон байдаг.

2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хамтарсан хяналт шалгалтын явцад төрийн захиргааны байгууллагын хамтарсан удирдамжийн хүрээнд шийдвэрлэсэн байдаг. Уг шалгалтаар тус компани нь усны хамгаалалтын бүсэд давхцалтай байгаа талаар тогтоосон бөгөөд бичиг баримтын бүрдэл хангаагүй, улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй гэж Засаг даргын захирамж гаргасан байдаг. Эдгээр үндэслэлүүдийг баримтлан 2017 оны А/609 дүгээр захирамжийг хуулийн дагуу гаргасан гэж үзэж байна...” гэв.

Гурав. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Т ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасан нийтлэг чиг үүргийг биелүүлээгүй бөгөөд байгаль орчноо хамгаалах нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй учраас улсын байцаагчийн албан шаардлага тавьсан байдаг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017-2019 оны хооронд хийсэн улсын байцаагчийн бичсэн хяналт шалгалтаар байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээгүй. Хяналт шалгалтаар улсын байцаагчийн бичсэн хяналтын тэмдэглэлд байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй учраас хуульд заасан үндэслэлийн дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй гэдэг нь нотлогдож байгаа гэж үзэж байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “НЗДын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн Т ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

Маргаан бүхий захиргааны акт болох НЗДын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус баримтлан Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэсэн үндэслэлээр “Т” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-011893 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.              

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газрын хамтарсан хяналт шалгалтын дүнг үндэслэсэн...” гэжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газар хамтарч “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиуд, “Байгаль орны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам” болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль журам зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах“ зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай” 2017/16 дугаар удирдамжийг батлан хяналт, шалгалтыг гүйцэтгэж, улмаар 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763 дугаартай улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна.

Уг албан шаардлагад нэхэмжлэгч “Т” ХХК-ийг “...нэхэмжлэгч Т ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д заасан үүргээ биелүүлээгүй, 2016 оны уулын ажлын тайлан, 2017 оны уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй, мөн 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж тайлагнаагүй, 2017 оны байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлуулаагүй, орчны хяналт, шинжилгээний хөтөлбөрийн дагуу агаар, хөрс, уснаас шинжилгээ тогтмол хийлгэж, хэмжилтээр гарсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч ажиллаагүй, олборлолтын болон үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн, биологийн нөхөн сэргээлт хийж нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэж өгөөгүй, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгээгүй, гүний худгийн зөвшөөрөл, дүгнэлтгүй...” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгчээс уг албан шаардлагыг биелүүлсэн эсэхтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөөгүй, энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газарт тус тус хүсэлт тайлбар гаргаж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, албан шаардлагад дурдсан дээрх зөрчлийг хэрхэн арилгасан, үүнтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаагаас үзвэл нэхэмжлэгч нь 2016, 2017 онд үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь нотлогдож байна.

            Түүнчлэн 2015 оноос “Т” ХХК нь Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст /хуучин нэрээр/ “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдсантай холбогдуулан ашиглалтын үйл ажиллагаа явуулах  хүсэлтийг удаа дараа гаргаж байсан ба тус аж ахуйн нэгжийн MV-011893 дугаартай  тусгай зөвшөөрөлтэй талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар ашигт малтмал ашиглах, хайхыг хориглосон талбай буюу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор /Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/  баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагтай болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон хамгаалалтын бүстэй 96 хувийн давхцалтай, үлдэх талбай нь иргэдийн суурьшлын бүсэд орсон болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шүүхэд ирүүлсэн лавлагаа болон шүүхийн үзлэгээр тогтоогдож байгаа, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

            Мөн хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан “мэдэгдэх” “сонсгох” үүргээ “...маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдээллийг ulaanbaatar.mn цахим хуудсаар 2017 оны 3 сарын 29-ний өдөр мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийсэн” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх  баримтаа ирүүлээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27, 43  дугаар зүйлд заасан “сонсох”, “мэдэгдэх” ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэх боломжгүй боловч энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох  боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “НЗДын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн Т ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.1.14 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасныг баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗДд холбогдуулан гаргасан  “НЗДын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн Т ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх   тухай   хуулийн   114   дүгээр

зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д. ЧАНЦАЛНЯМ                                                                   ШҮҮГЧ                             С. ГАНБАТ

                                       ШҮҮГЧ                             Д. ОЮУМАА