Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 134/ШШ2017/00154

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны  шүүхийн шүүгч

П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх нээлттэй шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Мөнхийн 12 тоотод оршин суух, ЗБ67070106 регистрийн дугаартай, Боржигон овогт Алтанцэцэгийн Уранчимэгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Уранчимэг миний бие 1984 оноос нэгдлийн гишүүн болж Баянхошуу бригадад мал маллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтрийн эцгийн нэрийг Сосор гэж зөрүүтэй бичсэн тул уг овгийг Алтанцэцэг болгож сольж өгнө үү. Иймд, ажилласан жил тогтоолгох гэж байгаа тул алдаатай бичигдсэн 1984 он, 1991 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

С.Уранчимэг нь “1984 онд Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Ардын жаргал” нэгдэл, мөн 1991 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Шинэ-Эхлэлт” нэгдлээс тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна. 

С.Уранчимэгийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, иргэний үнэмлэхний лавлагаа, 1995 онд олгосон 368101 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, төрсөн эх Сосорын Алтанцэцэгийн иргэний үнэмлэхний хуулбар, Олон хүүхэдтэй эхийн тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрийн хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1525 дугаар тодорхойлолт, нэхэмжлэгчийн өвөг эцэгтэй нь цуг ажиллаж байсан Г.Эрдэнэ-Очирын “… Би тухайн үед бригадын тоо бүртгэгч хийж байхад А.Уранчимэг нь малчин болж ирээд өвөг эцэг Сосор гэдэг хүнтэй цуг мал маллаж байсан учир хөдөлмөрийн дэвтрийн овгийг буруу бичсэн байна” гэх тодорхойлолт, тухайн үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Б.Одончимэгийн өгсөн “...бид хоёр нэг ангид сурч байсан, А.Уранчимэг нь багаасаа өвөөтэйгээ цуг байсан болохоор тухайн үед Сосор гэж овоглож явдаг байсан, өвөө нь Сосор гэдэг хүн, ээж нь Алтанцэцэг гэдэг хүн байсан …” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд, шүүхээс хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, мөн 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус тус олгосон хөдөлмөрийн жинхэнэ эзэмшигчээр РД: ЗБ67070106 регистрийн дугаартай Боржигон овогт Алтанцэцэгийн Уранчимэгийг тогтоосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ЦОГЗОЛМАА