| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01658/И |
| Дугаар | 102/ШШ2017/01381 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/01381
| 2017 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2017/01381 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 113 дугаар байр, 11 тоотод Зээрд овогт Цэрэнлувсангийн Мөнхсайхан /РД:ДЮ88112796/-ны гаргасан А.Номинчулууныг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 96-08 УБК улсын дугаартай Тоёото Хайландер маркийн автомашины өмчлөгч бөгөөд өөрийн өмчлөлийн машиныг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнсчдийн гудамжны 77-01 тоотод байрлах “Бийлэг” ХХК-ийн зогсоол дээр байрлуулсан байх үед А.Номинчулуун нь “ажил хөөцөлдөх хэрэгтэй байна. Машиныг чинь түр ч хэрэглэчихээд өгье” гэж 2016 оны 09 сарын 10-ны өдөр авч яваад өнөөдрийг хүртэл миний машиныг өгөхгүй зугтаж, өөрийн хууль бус эзэмшилд байлгаж байна. Иргэн А.Номинчулуунтай тухайн автомашиныг худалдан борлуулах, түрээслэх, эзэмшүүлэх зэргээр ямар нэгэн тохиролцсон зүйл байхгүй. Миний бие А.Номинчулууны хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн авотомашиныг гаргуулан авахаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэн хоорондын эд хөрөнгийн маргаантай асуудал гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсэгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн өмчлөлийн 96-08 УБК улсын дугаартай Тоёото Хайландер маркийн автомашиныш иргэн А.Номинчулууны хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй, түүнийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн 102/2017/05666 тоот захирамж 2017 оны 04 сарын 21-ний өдөр гарчээ. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Номинчулууны 99008033 дугаарт залгахаар утсаа авахгүй, иргэний үнэмлэх дэх хаягт оршин суудаггүй, нүүсэн байгаа тул нэхэмжлэгч болох миний бие шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байна. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох АЮ69021376 регистрийн дугаартай Боржигон овогт Андрейн Номинчулууныг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ
Нэхэмжлэгч Ц.Мөнхсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: А.Номинчулууныг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. А.Номинчулуун нь 2017 оны 05 сарын 08-ны өдөр миний машиныг унаж явахад нь тааралдаж улмаар би Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу өөртөө туслаж, эрх бүхий байгууллагад даруй мэдэгдсэний үр дүнд өөрийн өмчлөлийн автомашиныг Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагаар журмын хашаанд саатуулуулж, машины бичиг баримтыг мөн дүүргийн хэлтсийн байцаагч н.Игорт хадгалуулсан байгаа болно. Нэгэнт өөрийн өмчийг А.Номинчулууны хууль бус эзэмшлээс гаргуулж, эрх бүхий байгууллагын хамгаалалтад авхуулсан байгаа тул А.Номинчулуунтай эрх зүйн маргаан үүсгэх шаардлагагүй болсон. Иймд түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж байгаа тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхсайхан нь А.Номинчулууныг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Мөнхсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.А.Номинчулууныг эрэн сурвалжлуулах тухай Ц.Мөнхсайханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг /Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-ийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР