Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
Хэргийн индекс | 170/2022/0083/Э |
Дугаар | 2022/ШЦТ/77 |
Огноо | 2022-04-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Н.,
Хохирогчийн өмгөөлөгч Б.*******
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.*******д холбогдох 2223000000074 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн суманд амьдардаг, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.******* нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.*******тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч С.******* нь 2022оны 02 дугаар сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.*******тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
1. Хохирогч Л.*******ийн “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ******* над руу залгаад гэрийнхээ гадаа гараад ирээч уулзаадахъя гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарсан чинь ******* улаан өнгийн машинтай нэг залуугийн хамт байж байсан. Тэгээд манай гэрээс уруудаад гудамд зогссон. Тэгээд *******тай хамт явж байсан залуу нэг шил 0,5 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд уусан. Тэгээд надад хийж өгөхөөр нь би уугаагүй. Тэгээд тэр хоёр хоорондоо яриад хөдлөөд явчихсан. Тэгээд шууд “Агьт”-ын ам гэх газар очиж зогссон. Тэгээд үлдсэн байсан тал шил архиа ууж сууж байтал ******* машинаас гараад явчихсан. Тэгсэн чинь хамт явж байсан ******* гэгч залуу надад хоёулаа унтах уу? гэж хэлсэн. Тэгээд би үгүй гэсэн чинь юун сүртэй юм гээд байсан. Тэгэхээр нь би явъя гэж хэлээд хөдөлсөн. Тэгээд Агьтын ам гэх газраас сум руу орох гээд явж байх үед ******* гэгч намайг явах гэлээ гэх шалтгаанаас болж миний зүүн нүд рүү гараараа цохчихсон. Тэгээд зам дээр зогссон тэгэхээр нь би түлхүүрийг нь аваад замын унаанд суугаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
2. Гэрч Д.*******ийн “...******* араас залгаад ахиад ганц юм аваад өгчхөөч гээд залгаад байхаар нь С.*******гийн гэрээс гараад *******ийн гэр рүү явах замаараа 0,5 литрийн “Ерөөл” нэртэй нэг шил архи авсан. Тэгээд *******ийн гэрт орсон чинь ******* байхгүй байсан. Тэгэхээр нь утсаар ярьсан чинь одоо очиж байна гэж хэлээд удалгүй ороод ирсэн. Тэгээд ******* хүүхдүүд ирчихсэн байна хээр очиж ууя гээд бид гурав *******ийн үүднээс хөдлөөд холдож зогссон. Тэгээд бид гурав 0.5 литрийн архиа хувааж уусан. Тэгээд би тухайн үед “Агьт”-ын амруу найзындаа очих ажил байсан тул тийшээ явъя гэж хэлсэн. Тэгээд бид гурав хамт явсан. Тэгээд Агьтын амруу явах замаараа нэг шил архи авсан. Тэгээд нөгөө айлдаа очсон чинь хүн байхгүй байсан. Тэгээд бид гурав замдаа авсан нэг шил архиа хувааж уугаад сууж байсан чинь ******* бие засах гээд машинаас гарсан. Тэгээд буцаж орж ирэх үедээ өмдөө хагас татчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би машинаас татаад буулгачихсан. Тэгээд өмдөө татчихаад буцаж орж ирсэн. Тэгээд бид гурав хөдөлсөн. Тэгээд буцаад явж байтал *******, *******гийн үрүүлнээс булаагаад татсан. Тэгээд машин хар замаас гараад зогссон. Тэгээд машинаас буугаад С.******* *******ийг чи яаж байгаа юм бэ гэж хэлээд нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохчихсон. Тэгээд ******* бид хоёр машинаа довноос гаргаж байх хооронд ******* явчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
3. Шүүгдэгч С.*******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед Агьтын ам уруудаад мод үржүүлэх өнгөрөөд явж байтал ******* хойно сууж байгаад машины үрүүлийг булаасан. Тэгээд машин замын хажуу руу орж зогссон. Тэгэхээр нь би машинаас бууж ирээд *******ийг чи яаж байгаа юм гэж хэлээд баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохчихсон. ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид 300,000 төгрөгийг бэлнээр өгч, гэрийн шал, 2 ширхэг дээвэр, 7 ширхэг туурга, 1 хонины мах өгч хохирлыг барагдуулсан. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.*******гийн 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 000000130 дугаартай “...Иргэн М.*******ийн биед биед гэмтэл учирсан байна. Иргэн М.*******ийн биед: Тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хавдар, хамрын нурууны зүүн хэсэгт цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Иргэн М.*******ийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй учир шүүх хуралдаанд оролцохгүй” тухайгаа илэрхийлсэн байна. Иймд хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч С.******* нь хохирогч М.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд С.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, бусадтай харилцах харилцаа хандлага болон нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч М.******* мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 1,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч С.******* “300,000 төгрөгийг бэлнээр өгч, гэрийн шал, 2 ширхэг дээвэр, 7 ширхэг туурга, 1 хонины мах” зэргийг өгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн болох нь хохирогч М.*******ийн хүсэлт, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбар болон шүүгдэгч С.*******гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн учир түүнд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ