Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
Хэргийн индекс | 186/2022/0200/Э |
Дугаар | 2022/ШЦТ/278 |
Огноо | 2022-03-24 |
Зүйл хэсэг | 20.7.1., |
Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Н.Гэрэлмаа нарыг оролцуулан,
Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булган овгийн Цэцэгмаагийн Дд холбогдох эрүүгийн 2202000450044 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Булган овгийн Цэцэгмаагийн Д /РД:.
Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, франц хэлний орчуулагч мэргэжилтэй, “Мийт лоурс” ресторанд тогооч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо, Холбооны 2-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт орших “Наран ресинденс” ХХК-ийн байранд, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,0862 гр бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар иргэн О.Ган-Эрдэнэд өгсөн,
2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн биедээ 11,5378 гр, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 41-р байрны 18 тоот орон өөрийн амьдардаг орон сууцанд 12,3670 гр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ц.Д
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт орших Наран ресинденс ХХК-ийн байранд, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,0862 гр бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар иргэн О.Ган-Эрдэнэд өгсөн,
2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн биедээ 11,5378 гр, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 41-р байрны 18 тоот орон өөрийн амьдардаг орон сууцанд 12,3670 гр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 41-р байрны 18 тоот Ч.Дий амьдардаг гэх орон сууцанд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 04 цаг 00 минутад эхэлж, 04 цаг 23 минутад дууссан, хэргийн газар үзлэг хийсэн, “...шүүгээн дээр үзлэг хийхэд “nominsupermarket” гэх бичиг бүхий гялгар уутанд өвс мэт нунтаг хар ногоон өнгийн зүйл байсныг сэжигтнийг байлцуулан түр хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-5 дугаар тал/,
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 309 тоот албан өрөөнд Ц.Дий биед 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 00 цаг 25 минутаас эхэлж 00 цаг 50 минутад дууссан, “куртканы зүүн энгэрийн дотор талын халааснаас цагаан өнгийн “WK wan ke” утас 95169211 гэх бичиглэл бүхий тор гарч ирнэ, уг торыг онгойлгож үзэхэд дотор нь бичгийн цаасанд ороосон нунтаглаж бэлдсэн өвс мэт зүйлийг түр хурааж, гэрэл зургаар бэхжүүлэн тэмдэглэл үйлдэв” гэсэн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.Дөөс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,
Сэжигтэн О.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр намайг гараатай байх үед над дээр дадлагажих гэж Д ах ирсэн. Тэгээд тухайн хүнтэй хамт ажил дээр хонож ажилласан. ...намайг өвс татаж үзэх үү гэж асуусан, тэгэхээр нь тэгье гэтэл Д ах ууттай нунтаг хэлбэртэй зүйл гаргаж ирсэн. Тэгээд бид хоёр 00 өрөөнд орж тус нунтаг зүйлийг цаасанд ороогоод гадаа гарч татсан. Тэгээд татаж дуусаад Д ах надад гялгар ууттай өвсөө надад бас ороодог нимгэн цаас бас өгсөн. Би тэрийг нь аваад гэртээ авч очоод татах гэж ороогоод байж байтал манай ээж надаас булааж аваад шатаасан юм. ...Надад тэр өвс гэх зүйлийг хорт хавдар эмчилдэг, сэтгэцийн өвчинг эдгээдэг, ухаантай болгодог гэх мэтээр сурталчилсан зүйл ярьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 511 дугаартай дүгнэлтэд:
1.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс 9046 дугаартай гомдолд 3 ширхэг дээж 1 гэж дугаарласан” гэж хаягласан ургамал мэт зүйл, “Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс 9046 дугаартай гомдолд 3 ширхэг дээж 2 гэж дугаарласан” гэж хаягласан, ургамал мэт зүйл, “Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс 9046 дугаартай гомдолд 3 ширхэг дээж 3 гэж дугаарласан” гэж хаягласан, ургамлын үр мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ- ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. “ОСВ Slim Organic hemp” гэсэн бичиглэлтэй, задалсан байдалтай цааснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй.
2.4. “Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс 9046 дугаартай гомдолд 3 ширхэг дээж 1 гэж дугаарласан” гэж хаягласан, цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 11.5378 грамм, “Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс 9046 дугаартай гомдолд 3 ширхэг дээж 2 гэж дугаарласан” гэж хаягласан, тунгалаг өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 12.3670 грамм, "Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс 9046 дугаартай гомдолд 3 ширхэг дээж 3 гэж дугаарласан” гэж хаягласан, тунгалаг өнгийн гялгар ууттай ургамлын үр мэт зүйлийн цэвэр жин нь 0.0862 грамм байна гэх /хавтаст хэргийн 81-85 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 510 дугаартай дүгнэлтэд:
1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Д АЮ93071013, 2021/12/30” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтдаг болно...” гэх /хавтаст хэргийн 93-95 дугаар тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн
“4.Ц.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх 141 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 102-103 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.Д сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2021 оны 9 дүгээр сарын дундуур найзуудтайгаа ууж байгаад хуучны танил болох Билгүүн гэх залуугаас ууттай нунтаг өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал авсан юм. Тэгээд тэр өвс гэх бодисыг эмчилгээний зорилгоор татаж хэрэглэдэг байсан. ...би тус хүнээс худалдаж аваагүй, зүгээр байхаар нь авлаа шүү гээд найзын шугамаар авсан. Би тэр хүнийг одоо хаана байгааг мэдэхгүй. Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа шүүх хурал болох гэж байна гэж 2021 оны 10 сард хэлсэн, тэрнээс хойш харьцаа тасарсан, гэр орон болон утасны дугаарыг мэдэхгүй...” гэх /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... Би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолтой танилцлаа. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 09 дүгээр сарын дундуур Билгүүн гэж нэрлэдэг өмнө нь нэг удаа тааралдаж байсан залуутай Чингэлтэй дүүргийн “Тэнгис” кино театрын урд санамасаргүй байдлаар тааралдаад мэнд мэдээд тамхилаач тамхи байна уу? гэхэд ийм юм байгаа ш дээ гээд гялгар уутанд боосон өвс гаргаж ирсэн. Гаргаж ирсэн өвсийг нь би бүгдийг нь аваад яваад өгсөн. Тэр өвсөө гэртээ авч очоод хоёр хэсэг болгож нэг хэсгийг гэрийнхээ хувцасны шүүгээний дээд хэсэгт, нөгөө хэсгийг нь хувцасныхаа хармайнд хийсэн байсан. Би гэртээ хадгалж байсан өвснөөсөө 2 удаа ганцаараа хэрэглэсэн. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Наран резиденс” гэх газарт ресепшинээр ажилд орсон. Тэгээд Ган-Эрдэнэ гэх залуутай 24 цагаар хонож ажилласан. Ингээд нойлын өрөөнд тамхи татаад байж байтал Ган-Эрдэнэ гаднаас орж ирээд тамхилаач гэхээр нь энэ жирийн тамхи бишээ өвс байгаа юмаа гэж хэлсэн. Тэгтэл Ган-Эрдэнэ наадахаас чинь сорж үзье сонин санагдаж байна гэхээр нь бага зэргийн өвс өгөөд наадахаа татаж хэрэглээд дуусгаарай хүн амьтан харвал асуудал үүсгэнэ шүү гэж хэлээд орхиод гарсан. Би Ган-Эрдэнэд татаж байсан тамхинаас үлдэгдэлээ өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад баригдах үед би ажил дээрээ байсан. Намайг ажил дээрээс очиж баривчилж авч явсан учраас би тэгээд шууд ажлаасаа гарсан. Манай гэрт очиж нэгжпэг хийхэд гэрийн хувцасны шүүгээ дээрээс өвс гарч ирсэн. Мөн хувцасны хармаанд байсан өвсөө өөрийн сайн дураар гаргаж өгсөн...” гэх /хавтаст хэргийн 116-117 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдэлээр хориглосон сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал болох Сити их сургуулийн оюутан, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын “ам бүл 2”, “өрх толгойлсон эцэг болох нь үнэн” гэх /хавтаст хэргийн 131 дэх тал/ зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжих боломжтой гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дах заалтад заасан мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Шүүгдэгч Ц.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч Ц.Д бусдад төлөх төлбөргүй,
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Цагдаагийн ерөнхий хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 11,5378 гр, 12,3670 гр, 0,0862 гр өвс гэх бодисуудыг устгахыг Цагдаагийн ерөнхий хар тамхитай тэмцэх газарт даалгаж,
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Булган овгийн Цэцэгмаагийн Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдэлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дах заалтад заасан мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 11,5378 гр, 12,3670 гр, 0,0862 гр өвс гэх бодисуудыг устгахыг Цагдаагийн ерөнхий хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ц.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, , түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД