Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/00874

 

 

 

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/00874

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 48-12 тоотод оршин суух, Бархай овогт Рагчаагийн Баярсайхан /РД: ХГ62092679/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж, 63 дугаар байрны 2 тоотод оршин суух, Боржигон овогт Чулуунбаатарын Бат-Ирээдүй /РД: ЧЛ79120270/-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Баярсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Ч.Бат-Ирээдүйтэй 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу хариуцагч нь 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 80,000,000 төгрөгийг бөөнд нь өгөх ёстой байсан боловч төлбөрийг төлөхгүй удаа дараа худал хэлж явсаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 80,000,000 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн гэрээний 2.7-т заасныг үндэслэн зээлдэг нь зээлийн гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй тул алданги 37,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Бат-Ирээдүйгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Бат-Ирээдүйн шүүхэд гаргасан тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Р.Баярсайханаас 80,000,000 төгрөг зээлэхээр гэрээ байгуулахад надад мөнгө өгөөгүй, 5 ширхэг машин худалдан борлуулах итгэмжлэл хийж өгсөн. Эдгээр машиныг зараад мөнгөө олж ав гэсэн. Тэгсэн мөртлөө гэрээн дээр мөнгө бэлнээр өгсөн гэж бичээд надад мөнгийг эргүүлж өгөх 3 сарын хатуу хугацаа өгсөн. Надаас хүү, алданги авахгүй гэж байсан мөртлөө хүү алдангиа тооцоод 80,000,000 төгрөг гэж бичсэн. Энэ 80 саяд өмнө нь авсан 2 машины үлдэгдэл төлбөр бас тооцогдсон. Тэр 5 машин нь гаалиар 2014 онд орж ирсэн, үнэлгээ багатай машин байсан тул зарагдахгүй удсан. Гэсэн ч би хүний машин нэгэнт авсан учир хэлсэн мөнгийг нь өгсөн. Надаас ингэж үндэслэлгүйгээр ийм их хэмжээний мөнгө нэхнэ гэж бодоогүй, зарагдахгүй байсан машиныг нь авч, зах зээлийн үнээс илүү үнээр тооцож, хүү, алдангийн хамт буцааж өгсөн. Надад бэлэн мөнгө өгөөгүй, намайг төөрөгдүүлж хийсэн гэрээ тул энэ гэрээний дагуу алданги нэхэх үндэслэлгүй.

 

Зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөг өгөх ёстой байхад өгөөгүй бөгөөд Р.Баярсайхан гэдэг хүн 5 машин өгөөд наад машинаа зараад мөнгийг нь ав гэж итгэмжлэл хийж өгсөн. Ч.Бат-Ирээдүй 2 жилийн турш машинуудыг зарсан ба 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Р.Баярсайханд  80,000,000 төгрөг өгсөн. Өмнө нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2,300,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны 700,000 төгрөг, нийт 83,000,000 төгрөг төлсөн. Гэрээг н.Дуламцоо гэх нотариатч баталсан, нотариатч үнэн зөвийг батлах ёстой байхад зээлийн гэрээний 2.5-д 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр олгосон гэснийг нотариатч өөрөө харсан юм шиг мөнгө олгосон гэдгийг баталж өгсөн байдаг. Гэтэл машин шилжүүлсэн гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан. Гэтэл мөнгийг өгөхгүйгээр бусад зүйлээр орлуулж өгсөн нь 3 сарын хугацаанд зарагдах боломжгүй нөхцөл байдал үүсч, уг машиныг 2 жилийн хугацаанд зарж, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Р.Баярсайханд 80,000,000 төгрөг өгсөн байдаг. Энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ учраас уг гэрээний дагуу алданги тооцох үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Баярсайхан нь хариуцагч Ч.Бат-Ирээдүйгээс 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу алдангид нийт 37,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. Хариуцагч бэлэн мөнгө аваагүй, намайг төөрөгдүүлж хийсэн гэрээ, мөн үндсэн мөнгийг, алдангийн хамт төлсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэжээ. Нэхэмжлэгч Р.Баярсайхан нь хариуцагч Ч.Бат-Ирээдүйтэй 2015 оны 6 дугаар сарын 26-ний өдөр 80,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлэв гэж зээлийн гэрээ байгуулсан боловч зохигчдын тайлбараас үзэхэд 80,000,000 төгрөгийг бэлнээр өгөөгүй, харин төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө буюу 80,000,000 төгрөгийн үнэ бүхий “Toyota Corolla Axio, Toyota Alphard, Nissan Tida Latio, Nissan Wingroad, Honda Insight” загварын 5 ширхэг машиныг өгсөн нь тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.  

 

Хариуцагч Ч.Бат-Ирээдүй нь зээлийн үндсэн төлбөр 80,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн болох нь Р.Баярсайханы эзэмшдэг Хаан банкин дахь 5003360941 тоот дансны хуулгаар тогтоогдож байна. Мөн хариуцагч Ч.Бат-Ирээдүй 2016 оны 7 дугаар сарын 6-нд 2,300,000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 700,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх төлбөрийг хасаж тооцсоныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.7 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Р.Баярсайхан нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй байна. 

 

Гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд тухайн өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 505 хоногийн алдангийг тооцоход 202,000,000 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч дээрх хугацааны алдангид 37,000,000 төгрөг нэхэмжилж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 37,000,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.   

 

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ. Мөн анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, хугацаа хэтрүүлсэн тал дээр маргаагүй ба зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2.7-д зааснаар хариуцагч тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхийг зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй байна.

 

Хариуцагч тал “бэлэн мөнгө аваагүй, намайг төөрөгдүүлж хийсэн гэрээ, мөн үндсэн мөнгийг, алдангийн хамт төлсөн” гэж маргах боловч төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг хүлээж авсан нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, үүрэг гүйцэтгэгчийг алданги төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл байхгүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Бат-Ирээдүйгээс нийт 37,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Баярсайханд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 342,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бат-Ирээдүйгээс 342,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         М.МӨНХТӨР