Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/01341

 

    2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/01341

              Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Сөүл роял каунти, 307-302 тоот хаягт байрлах, “Хера холдинг” ХХК /РД:5187346/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:    Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Төрийн өмчийн 8 дугаар байр /Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гарвалжингийн гүүр Хера бизнес төв/-д байрлах “Оюут хясаа групп” ХХК /РД:5928559/-д холбогдох,

“Хера Холдинг” ХХК, “Оюут хясаа групп” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн байрыг чөлөөлүүлэх, түрээсийн байрны эд хөрөнгийг хүлээлцсэн актыг үндэслэн хүлээлцэж гэмтсэн, дутсан эд хөрөнгийг түрээслэгчээр засварлуулах, түрээсийн төлбөр 450,672,758 төгрөг, алданги 225,336,379 төгрөг нийт 676,009,137 төгрөг гаргуулах,

“Хера холдинг” ХХК-иас түрээсийн байрны засвар үйлчилгээний зардалд 128,326,700 төгрөг, элсэлтийн квотийн зөрүү 402,015,250 төгрөг, сургалтын төлбөрийн зөрүү 192,290,000 төгрөг нийт 722,631,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Хера Холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Очир, хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Алтантариа, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “Хера холдинг” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хера холдинг” ХХК нь “Оюут хясаа групп” ХХК-тай 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн 996.5 м.кв талбай бүхий агуулахын байрыг м.кв нь 10,000 төгрөгөөр, 2160 м.кв талбай бүхий оффиссын байрыг м.кв нь 15,000 төгрөгөөр нийт нэг сард 35,700,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож талууд түрээсийн гэрээг байгуулсан. Эхний жилд бид түрээслэгчид 20 хувийн хөнгөлөлт үзүүлж нэг сарын түрээсийн төлбөрийг 20,592,000 төгрөгөөр тооцож, харин 2015 оны 11 сараас эхлэн төлбөрийг гэрээний үндсэн үнээр тооцож төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн түүнчлэн тус түрээсийн байранд ашиглагдаж байсан оффиссын тавилгыг 3,000,000 төгрөгөөр, мэдээлэл технологийн тоног төхөөрөмжийг 6,906,000 төгрөгөөр тус тус тооцож худалдан авахаар талууд тохиролцож гэрээ байгуулсан билээ. Гэтэл түрээслэгч 2015 оны 09 сараас эхлэн төлбөрийг тасалдуулж эхэлсэн бөгөөд 2016 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар түрээслэгчээс төлөөгүй түрээсийн төлбөр нь нийт 450,672,758 төгрөг болоод байна. Бид түрээслэгчийн гаргасан хүсэлтийг аль болох нааштайгаар шийдвэрлэхийг эрмэлзэж “Оюут хясаа групп” ХХК-д үүсээд байгаа байдлыг харгалзан үзэж төлбөрийн хоцрогдлыг тодорхой хугацаанд арилгасан тохиолдолд түрээсийн үнэнд хөнгөлөлт үзүүлэх саналыг гаргаж байсан боловч түрээслэгч тал энэхүү боломжийг ашиглалгүй хоцрогдол төлбөрийн хэмжээг улам нэмэгдүүлсэн байна. Түрээслэгчид гэрээний үүргийн зөрчлийг арилгах тухай албан бичгийг удаа дараа хүргүүлсэн боловч “Оюут хясаа групп” ХХК нь төлбөр барагдуулах ямар нэгэн алхам хийгээгүй бөгөөд бидний өмчлөлийн хөрөнгө нь хугацаа өнгөрөх тусам улам дордох байдалд хүрээд байгаа төдийгүй өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө түрээслэхээс өөр орлогогүй манай байгууллага нь татварын байгууллагуудад их хэмжээний төлбөрийн өр үүссэнээс болж компанийн данснаас гүйлгээ хийх эрх нь хязгаарлагдаж, компанийн үйл ажиллагаа доголдох зэрэг хохирол учраад байна. Түрээслэгч “Оюут хясаа групп” ХХК нь Монгол улсын Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дах заалт, 222 дугаар зүйлийн 222.1 дэх заалт, Түрээсийн гэрээний тусгай нөхцөлийн 2.1.1 дэх заалт, гэрээний ерөнхий нөхцөлийн 3.1 дэх заалтуудыг тус тус ноцтойгоор зөрчөөд байгаа тул бид шүүхэд хандахаас өөр аргагүй болоод байна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйл, 326 дугаар зүйлийг үндэслэн шүүхийн журмаар дараах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Үүнд: “Хера Холдинг” ХХК болон “Оюут хясаа групп” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний 6.2 дахь заалтыг үндэслэн түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн байрыг чөлөөлүүлж түрээслэгч “Оюут хясаа групп” ХХК-ийг албадан гаргах, “Хера Холдинг” ХХК болон “Оюут хясаа групп” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5.1.11 дэх заалтын дагуу түрээсийн байрны эд хөрөнгийг актаар хүлээлцэх, мөн гэрээний 3.3 дахь заалтын дагуу гэмтсэн, дутсан эд хөрөнгийг түрээслэгчээр засварлуулах, “Хера Холдинг” ХХК болон “Оюут хясаа групп” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу хуримтлагдсан түрээсийн төлбөр 450,672,758 төгрөг, гэрээний 6.4 дэх заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцсон 225,336,379 төгрөг нийт 676,009,137 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Хера холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Очир шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд түрээсэлсэн байранд засвар үйлчилгээ хийлгэсний эцэст байраа буцааж авах нэхэмжлэл гаргаж, хууран мэхэлсэн гэж байна. “Оюут хясаа групп” ХХК нь түрээсийн гэрээ байгуулахаар хэлэлцээр хийх явцад сургуулийн үйл ажиллагаанд тохируулж засвар хийх шаардлагатай тул тодорхой хэмжээний зардал гаргах талаар танилцуулж хөнгөлөлт хүссэн бөгөөд үүний дагуу “Хера холдинг” ХХК нь эхний жил түрээслэгчид оффиссын түрээсийн төлбөрт 20 хувийн хөнгөлөлт, агуулахын байрны түрээсийн төлбөрт 100 хувийн хөнгөлөлт тус тус үзүүлсэн. Харин 2015 оны 11 сараас эхлэн төлбөрийг гэрээний үндсэн үнээр тооцож төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэ нь нийлбэр дүнгээрээ нэг зуун наян сая орчим төгрөгийн хөнгөлөлт үзүүлсний зэрэгцээ түрээслэгчид итгэлцэл үзүүлж гэрээний ерөнхий нөхцөлийн 3.4 дэх заалтад заасан барьцаа төлбөрийг аваагүй болно. Үүнээс гадна бид өөрийн байрыг анх хүлээлгэн өгсөн байдлаар буцаан хүлээн авах сонирхолтой байгаа тул энэ нөхцөлийг түрээсийн гэрээнд тусгаж баталгаажуулсан болно. Хүүхдийн элсэлт алдсан тухайд “Оюут хясаа групп” ХХК-ийн алдагдал хүлээгээд байгаа тооцоолол нь ямар нэгэн баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд түрээслүүлэгч болох “Хера холдинг” ХХК-иас нэхэмжлэх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй болно. Иймд “Оюут хясаа групп” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Алтантариа, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хера Холдинг” ХХК-тай 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 01 өдөр хүртэл 5 жилийн хугацаатай “Түрээсийн гэрээ” байгуулж, 2 тал харилцан тохиролцон “Түрээсийн гэрээний тусгай нөхцөл”-ийг баталсан. Энэхүү гэрээгээр “тусгай нөхцөл” 2.2.1-т эхний жил буюу 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд түрээслүүлэгч тал нь түрээслэгчид оффиссын түрээсийн төлбөрт 20 хувийн хөнгөлөлт үзүүлж түрээсийн төлбөрт 20,592,000 төгрөг, агуулахын байрны түрээсийн төлбөрт 100 хувь хөнгөлөлт үзүүлж, түрээсийн төлбөр 0 төгрөг тус тус тооцож авахаар харилцан тохиролцов гэж гэрээ хийсэн. Уг барилга нь оффиссын зориулалтаар том том заалны зохион байгуулалттай баригдсан байсан учраас эхний жил бид барилгыг хүлээн авснаас хойш сургуулийн зориулалтаар анги танхимыг өөрчилж барих засварлах болсон. Ер нь анх уг барилгыг түрээсээр ашиглах гэрээ хийсэн боловч уг барилгыг манай байгууллага худалдаж авахаар урьдчилсан яриа хийсэн учир биднийг өөрсдийн сургалтын бааздаа тохируулан засаж, засварлахыг зөвшөөрсөн тул бид анги танхимын зориулалтаар засч тохижуулж ирсэн. Тиймээс ч засварыг чанартай, үзэмжтэй стандартын дагуу хийж гүйцэтгэсэн байгаа. Уг барилгыг гэрээ хийхдээ сургуулийн үйлчилгээний зориулалтаар ашиглана гэсэн бөгөөд “Барилга технологийн коллеж” сургууль үйл ажиллагаа явуулдаг. Манай сургууль нь бусад сургуулиудаас онцлог ялгаатай. Мэргэжлийн боловсролын байгууллага учраас үндсэн сургалтын 70 хувь нь үйлдвэр, мэргэжлийн сургалт явуулдаг. Иймээс анги танхимууд ч гэсэн мэргэжил мэргэжлээрээ өөр өөр байдаг бөгөөд мэргэжлийн ангиуд сургалтын /хичээлийн/, дадлагын гэсэн 2 байртай байдаг. Тиймээс уг том том өрөөнүүдийг Багш нарын өрөө, Компьютерийн лаборатори, Англи хэлний кабинет, Түүх нийгмийн ухааны кабинет, Физикийн танхим, Химийн танхим, Бүрэн тохижуулсан онолын анги танхимууд, ХАБ-ын лаборатори, Цахилгаан техникийн лаборатори, Барилгын сантехникийн дадлагын газар, Дадлагын байрны онолын ангиуд, Өрлөгийн дадлагын газар, Гоо засал, Үс засах урлагийн дадлагын газар, Цахилгааны дадлагын газар, Гагнуурын дадлагын газар, Спорт          заал, Мужааны дадлагын газар, 0юутан, сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбай,  Цайны газар гэх мэт өрөө тасалгаануудыг хийж тохижуулсан. Мөн цаашид өөрсдөө ашиглана гэсэн зорилготой /бодолтой/ байсан учраас агуулахын барилгын дотор талыг 2 давхарлаж маш их хэмжээний хөрөнгийг зарцуулсан. Мөн суралцагчдын сургалт дадлагын ажилд зориулсан материал тоног төхөөрөмж шаардлагатай байдаг тул бүгдийг өөрсдийн хөрөнгө мөнгөөр авч бэлддэг. Жишээ нь: Үсчний ангид үсчний толь, хайч, будаг, хими, химийн хор, шампунь гэх мэт, тогоочийн ангид төрөл бүрийн тогоо шанага, жигнүүр гэх мэт, барилгын ангид тоосго, цемент, төмөр, электрод, гагнуурын аппарат гэх мэт багаж хэрэгслүүдийг авч хэрэглэдэг бөгөөд энэ нь өдөр тутамд хэрэглэгдэж байдаг. Уг засвар үйлчилгээнд 200-гаад сая төгрөгийн зардал гарсан. Энэ нь бид уг барилгыг худалдаж авна гэсэн тохиролцоотой байснаас л ийм зардал гарган засварласныг “Хера холдинг” ХХК-ний удирдлагууд сайн мэдэж байгаа байхаа. Тиймээс ч түрээсийн гэрээг уян хатан хийж үндсэн нөхцөлөө тогтоогоод харин түрээсийн төлбөрийг “Тусгай нөхцөлийн” 2.2.2-т 2015 оны 11 сарын 01-ний өдрөөс хойш жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор уулзалт зохион байгуулж шийдвэрлэж байхаар харилцан тохиролцов гэж заасан. Гэтэл “Хера холдинг” ХХК нь ямарч уулзалт зохиогоогүй бөгөөд гэрээгээ зөрчин түрээсийн төлбөрийг жил бүрийн 10 дугаар сарын 30-ны өдөр шинэчлэн хийгээгүй билээ. Харин манай байгууллагаас түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх тухай хүсэлтийг “Хера холдинг” ХХК-д хүргүүлж байсан боловч ямар нэгэн гэрээ хийгээгүй билээ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сургуулийн тохижилт засвар үйлчилгээнд маш их зардал гарсан. Сургуулийн орчин өөрчлөгдсөн /баруун 4 замаас гурвалжингийн гүүр/ учраас оюутнууд сургуулиас гарч Хөдөлмөрийн яамнаас өгсөн элсэлтийн квотоор 945 оюутан элсүүлэх байсан боловч 560 оюутан сурагчидтай хичээллэж байна. Энэ нь мөн “Хера холдинг” ХХК-иас 2 сар гаран хаалга үүдийг лацдаж оруулахгүй байсан мөн сургуулийн гадна зам бороо усанд идэгдэж хонхойсноос сургууль руу ордог зам хүндрэлтэй гаднах орчин муугаас хүүхдүүд сургуулиа солих явдал их гарсан. Түрээсийн гэрээний төлбөр тодорхой бус байсан. Барилга Технологийн коллеж нь Мэргэжлийн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Боловсролын хуулийн 41.1-д Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн байгуулагчийн хөрөнгө, 1 сурагчид ноогдох хувьсах зардлын төсвөөс санхүүжүүлэх хэсэг, сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ гэж заасан байдаг. Гэвч төрөөс олгодог хувьсах зардал хугацаандаа олгогдоогүйгээс түрээсийн төлбөрийг хоцроох тохиолдол гардаг болсон. Мөн тус сургууль /Оюут хясаа групп/ нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 31 хүртэл түрээсийн төлбөрт 2014.10.30-20,592,000, 2014.12.01-20,592,000, 2016.04.15-20,000,000, 2014.12.31-20,347,000, 2015.01.31-20,592,000, 2015.02.07-20,485,800, 2015.03.01-20,000,000, 2015.03.30-20,000,000, 2015.05.11-20,000,000, 2015.06.03-20,000,000, 2015.09.03-10,000,000, 2015.09.08-5,000,000, 2015.09.18-2,000,000, 2015.09.23-3,000,000, 2015.10.02-5,000,000, 2016.01.29-10,000,000, 2016.03.21-12,000,000, 2016.05.05-3,000,000, 2016.05.18-10,000,000, 2016.05.26-2,000,000, 2016.06.03-3,500,000, 2016.06.21-1,500,000, 2016.07 лацадсан, 2016.08 лацадсан, 2016.09.07-2,500,000, 2016.09.12-1,000,000, 2016.09.14-1,000,000, 2016.09.21-500,000, 2015.11.13-5,000,000, 2015.11.20-4,000,000, 2015.11.25-30,000,000, 2015.12.25-10,000,000 төгрөг нийт 294.217.590 төгрөг төлсөн байна. Анх “Хера холдинг” ХХК нь тухайн түрээслэх байрыг зарж болох юм, түрээсийн төлбөрт төлж байгаа мөнгийг худалдан авсан тохиолдолд худалдан авах үндсэн үнийн дүнгээс хасаж тооцохоор харилцан тохиролцсон бөгөөд манай компани нь уг байранд суруулийн үйл ажиллагаа явуулдаг. Тус сургууль нь боловсролын байгууллага тул ойр ойрхон байршлаа солих маш эрсдэлтэй хэрвээ байр түрээсэлсэн тохиолдолд 5-аас дээш жилээр гэрээ хийсэн байхыг боловсролын яамнаас шаарддаг тул “Хера холдинг” ХХК нь харилцан зөвшөөрч гэрээний ерөнхий хугацааг 5 жил харин түрээсийн төлбөрийг жил бүрийн 10 дугаар сарын 31-ний дотор уулзалт зохион байгуулж шийдвэрлэж байхаар харилцан тохиролцсон. Иймд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй. “Түрээсийн гэрээний тусгай нөхцөлд” Үндсэн гэрээт ажил эхлэх огноо 2014.11.01, Гэрээний дуусах огноо 2019.11.01 гэж заасан. Түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад байрыг чөлөөлөх болон гэрээг цуцлах үндэслэл байхгүй. Учир нь манайх анх орохдоо сургуулийн байрыг ойр ойрхон сольж болдоггүй тул гэрээг доод тал нь 5 жилээр хийх ёстой байдгийг тайлбарлаж гэрээг 5 жилээр хийсэн. Түрээсийн гэрээний ерөнхий нөхцөл 5.1.11-д Түрээслэгч тал нь түрээслүүлэгч талаас томилогдсон комиссийн хамт холбогдох зүйлсийг эд хөрөнгө хүлээлцэх актаар хүлээн авч, түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болмогц зохих журмын дагуу ердийн элэгдлийг тооцон хүлээлгэн өгнө гэж заасан тиймээс гэрээний хугацаа дуусаагүй байхад буцаан өгөх боломжгүй. Түрээсийн гэрээний тусгай нөхцөлд 2.2 Хөнгөлөлт үзүүлэх тухай. 2.21-т Эхний жилийн буюу 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Түрээслүүлэгч тал нь Түрээслэгчид оффиссын түрээсийн төлбөрт 20 хувийн хөнгөлөлт үзүүлж түрээсийн төлбөр 20,592,000 төгрөг, агуулахын байрны түрээсийн төлбөрт 10 хувийн хөнгөлөлт үзүүлж түрээсийн төлбөр 0 төгрөг тус тус тооцож авахаар харилцан тохиролцов гэж заасны дагуу 2014 онд нийт 41,184,000 төгрөг төлөхөөс 61,776,000 төгрөг төлсөн. Тус гэрээний 2.2.2-т 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Түрээслүүлэгч тал нь Түрээслэгчид үзүүлж болох хөнгөлөлтийг талууд жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор уулзалт зохион байгуулж шийдвэрлэж байхаар харилцан тохиролцов ^гэж заасан.Гэтэл “Хера холдинг” ХХК нь ямар ч уулзалт зохиогоогүй бөгөөд гэрээ хийгээгүй. Түрээсийн гэрээний тусгай нөхцөлийн 1-д Энэхүү гэрээний тусгай нөхцөлд талууд гарын үсэг зурснаар Гэрээний ерөнхий нөхцөлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх бөгөөд аливаа заалтыг өөрчлөх, нэмэлт зүйл оруулах бол нэмэлт хэлэлцээрээр шийдвэрлэнэ гэж заасан. Иймээс манай компаниас уулзалт зохион байгуулж гэрээ хийхийг удаа дараа шаардаж албан бичиг өгч байсан. 2015 онд 247,104,000 төгрөг төлөхөөс 155,122,000 төгрөг төлсөн. 2016 онд 196,310,400 төгрөг төлөхөөс 77,319,590 төгрөг төлсөн. 2016 оны 1 дүгээр сараас түрээсийн төлбөрийг сар болгон төлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 41,184,000 төгрөг төлөхөөс 41,184.000 төгрөг төлсөн. Яг энэ байранд нүүн ирсэн хугацаанд эдийн засгийн хямрал гүнзгийрч санхүүжилт хугацаандаа орохгүй байснаас гадна үндсэн гол шалтгаан нь: 2014 оноос эхлэн 9 анги төгсөгчдийн тоо эрс буурч 2016 онд хамгийн бага төгсөгчидтэй жил байсан нь элсэлтэд нөлөөлж сургуулийн гол орлого доголдож хугацаандаа төлбөр төлөх асуудал хүндэрсэн. /Боловсролын салбарт шинэчлэл болж 12-р ангитай болсноор дэвшүүлэн суралцуулдаг болсон/ 2014 оны хувьд сургуульд шилжилт хөдөлгөөн их гарсан. 2015 онд байршил өөрчлөгдсөнөөс элсэлт муудсан. 2016 оны тухайд элсэлтийн үе буюу зуны 2 сар лацдаж бүртгэл хийлгээгүй ба харуулууд нь бүртгүүлэхээр ирсэн хүмүүст манай сургуулийг ажиллахгүй байгаа дампуурсан гэж хэлж манай нэр төрд халдсан. 20,0 сая төгрөгийг түрээсийг бид санал болгон төлж чадна гэж тооцоолсон боловч эдийн засгийн хүндрэл улам нэмэгдэж бидний зүгээс түрээсийг 20 хувь бууруулж өгөөч гэж хүсэлт гаргах хэмжээний хүнд байсан боловч ядаж энэ үнэндээ бариач гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Иймд "Хера холдинг" ХХК-ийн тавьсан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Алтантариа, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “Хера холдинг” ХХК-тай “Оюут хясаа групп” ХХК-ийн үндсэн салбар болох Барилга технологийн коллеж нь сургуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар харилцан ярилцан нэгэнт худалдах гэж байгаа бол манайх өөрийн байр барьж байгаа боловч  одоохондоо ашиглалтад орох болоогүй байна, тиймээс танайх зарах юм бол манайх худалдан авъя гэж ярилцаад эхний ээлжинд та нар түрээсийн гэрээ хийгээд мөнгөө төлж бай гэсэн. Харин төлсөн мөнгийг чинь худалдан авах үнэнд чинь тооцож хасна гэж гэж гэрээ хийсэн, тиймээс ч гэрээний ерөнхий хугацааг 5 жилээр хийсэн. Худалдан авна гэсэн зорилготой байгаагаа хэлээд уг байрыг өөрсдийн үйл ажиллагааныхаа чиглэлээр засвар хийж тохижуулна гэхэд “Хера Холдинг” ХХК зөвшөөрч эхний жил буюу Түрээсийн гэрээний тусгай нөхцөл гэсэн гэрээ байгуулж тус гэрээний 2.2.1-т эхний жил буюу 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс 2015 оны 10-сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Түрээслүүлэгч тал нь Түрээслэгчид оффиссын түрээсийн төлбөрт 20 хувийн хөнгөлөлт үзүүлж, түрээсийн төлбөрт 20,592,000 төгрөг, агуулахын байрны түрээсийн төлбөрт 100 хувь хөнгөлөлт үзүүлж түрээсийн төлбөр 0 төгрөг тус тус тооцож авахаар харилцан тохиролцов. 2.2.2-т 2015 оны 11р сарын 01-ний өдрөөс хойш Түрээслэгч тал нь Түрээслэгчид үзүүлж болох хөнгөлөлтийг талууд жил бүрийн 10 сарын 31-ний өдрийн дотор уулзалт зохион байгуулж шийдвэрлэж байхаар харилцан тохиролцов гэж гэрээ хийсэн. Гэтэл “Хера холдинг” ХХК нь өөрийн байранд асар их засвар хийлгэсний эцэст байраа буцааж авахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь анхнаасаа хууран мэхэлж зарна гэсэн ойлголт өгч байраа тохижуулж авчхаад биднийг өндөр түрээсээр дарамтлан гаргах зорилготой байсан байжээ гэж ойлгоход хүргэлээ. Иймд бид тус барилга нь оффиссын зориулалтаар том том заалны зохион байгуулалттай баригдсан байсан учраас барилгыг хүлээн авснаас хойш сургуулийн анги танхимын зориулалтаар өөрчилж барих, засвар үйлчилгээ, гадна болон дотор тохижилтыг хийсэн зардлаа нэхэмжилж байна. Манай сургууль нь бусад сургуулиудаас онцлог ялгаатай. Мэргэжлийн боловсролын байгууллага учраас үндсэн сургалтын 70 хувь нь үйлдвэр сургалтын хичээл явагддаг. Иймээс анги танхимууд ч гэсэн мэргэжил мэргэжлээрээ өөр өөр байдаг бөгөөд мэргэжлийн ангиуд сургалтын /хичээлийн/, дадлагын гэсэн 2 байртай байдаг. Нэг. Тиймээс уг том том өрөөнүүдийг Багш нарын өрөө, Компьютерийн лаборатори, Англи хэлний кабинет, Түүх нийгмийн ухааны кабинет, Физикийн танхим, Химийн танхим, Бүрэн тохижуулсан онолын анги танхимууд, ХАБ-ын лаборатори, Цахилгаан техникийн лаборатори, Барилгын сантехникийн дадлагын газар, Дадлагын байрны онолын ангиуд, Өрлөгийн дадлагын газар, Гоо засал, Үс засах урлагийн дадлагын газар, Цахилгааны дадлагын газар, Гагнуурын дадлагын газар, Спорт заал, Мужааны дадлагын газар, Оюутан, сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбай, Цайны газар гэх мэт нийт 16 өрөө тасалгаануудыг шинээр бий болгосон. Мөн цаашид өөрсдөө ашиглана гэсэн зорилготой /бодолтой/ байсан учраас агуулахын барилгын дотор талыг 2 давхарлаж суралцагчдын дадлагын хичээлийн 2 байр болгосон. Уг засвар үйлчилгээнд 200,000,000 төгрөгийн зардал гарсан. Хоёр. Хөдөлмөрийн яамнаас өгсөн элсэлтийн квотоор 970 оюутан элсүүлэх байсан боловч 683 оюутан сурагчидтай хичээллэж байна. Учир нь элсэлт авдаг буюу бүртгэл явуулдаг 2016 оны 06 сарын 18-наас 2016 оны 08 сарын 02-ны өдөр хүртэл “Хера холдинг” ХХК нь сургуулийн байрыг лацдаж, хаалга үүдийг нь хааснаас оюутны элсэлт буурсан, оюутны шилжилт хөдөлгөөн ихэссэн мөн багш ажилтнуудын ажлын байр баталгаагүй болсон гэх шалтгаанаар ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлагдан, сургуулийн үйл ажиллагаа доголдож нэр хүнд унасан. Үүнээс болж манай сургууль маш их эрсдэлд орсон. Барилга Технологийн коллеж нь Мэргэжлийн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Боловсролын хуулийн 41.1-д Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн байгуулагчийн хөрөнгө, 1 сурагчид ноогдох хувьсах зардлын төсвөөс санхүүжүүлэх хэсэг, сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ гэж заасан байдаг. Тиймээс 970 хүүхэдтэй хичээллэхээс 683 хүүхэд хичээллэж байгаа бөгөөд 287 хүүхдийн элсэлтийг алдсан. Ингээд улсаас 1 хүүхдэд 1 жилд 560,300 төгрөгийн хувьсах зардал өгдөг гэхэд 287 * 560,300=160,806,100 төгрөг, 1 оюутны суралцах хугацаа 2.5 жил гэхэд төгрөг 160,806,100 *2.5=402,015,250 төгрөг алдагдаж байна. Гурав. Элсэлтээс алдсан 287 суралцагчийн сургалтын төлбөрт 2.5 жил дунджаар 670,000 төгрөгийн төлбөр авах байсан. 287*670.000=192,290,000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Иймд “Хера холдинг” ХХК-иас засвар үйлчилгээний зардалд 128,326,700 төгрөг, элсэлтийн квотийн зөрүү 402,015,250 төгрөг, сургалтын төлбөрийн зөрүү 192,290,000 нийт 722,631,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч “Хера холдинг” ХХК нь хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн байрыг чөлөөлүүлэх, түрээсийн байрны эд хөрөнгийг хүлээлцсэн актыг үндэслэн хүлээлцэж гэмтсэн, дутсан эд хөрөнгийг түрээслэгчээр засварлуулах, түрээсийн төлбөр 450,672,758 төгрөг, алданги 225,336,379 төгрөг нийт 676,009,137 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Хера холдинг” ХХК-иас түрээсийн байрны засвар үйлчилгээний зардалд 128,326,700 төгрөг, элсэлтийн квотын зөрүү 402,015,250 төгрөг, сургалтын төлбөрийн зөрүү 192,290,000 төгрөг нийт 722,631,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэгч “Хера холдинг” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна гэж үзэв. Үүнд:

 

Нэхэмжлэгч “Хера холдинг” ХХК нь хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-ийг түрээсийн төлбөрөө гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөөгүйгээс нэхэмжлэгч байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан тул гэрээг цуцалж, төлбөр, алданги гаргуулж, түрээсийн байрыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч өөрт учирсан хохирол гаргуулах сөрөг шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч “Хера холдинг” ХХК нь хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-тай Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Ажилчны гудамж-19 байршилтай конторын зориулалттай 2160 м.кв талбайтай зоорьтой 4 давхар барилга, тус гудамжны 19/1-д байршилтай 1206 м.кв талбайтай, агуулах конторын зориулалттай байрыг бүхэлд нь 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 01 өдөр хүртэл 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ” байгуулж, гэрээний тусгай нөхцөлд нэг сарын түрээсийн төлбөрийг агуулахын байр 1 м.кв=10,000 төгрөг, ашигтай талбай 996.5 м.кв нийт 9,965,000 төгрөг, оффиссын байрыг 1 м.кв=15,000 төгрөг, ашигтай талбай 1716 м.кв нийт 25,740,000 төгрөг бүгд 35,700,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, түрээслэгч түрээсийн төлбөрөөс эхний жил агуулахын байрыг төлбөргүй, оффиссын байрны төлбөрөөс 20 хувь хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан.

 

Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй тул түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэрээ хүчин төгөлдөр бус болсноор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Зохигч “Оюут хясаа групп” ХХК нь түрээсийн байрыг 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2016 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ашигласнаас нэхэмжлэгч 2015 оны 06 сарын 18-ны өдрөөс 2015 оны 08 сарын 02-ны өдөр хүртэл 44 хоног түрээсийн байрыг лацдаж, түгжсэнээс хариуцагч ашиглах боломжгүй байсан тухайд, түрээсийн төлбөрт хариуцагч 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд нийт 294,217,590 төгрөг төлсөн тухайд зохигч маргаагүй байна.

 

Хэдийгээр талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасны дагуу хариуцагч түрээсийн байрыг ашигласан хугацааны буюу 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 сарын 18-ны өдөр, 2015 оны 08 сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл нийт 350,455,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Харин хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаахаар шаардахаас биш гэрээ цуцлах, гэрээний дагуу алданги шаардахгүй.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч түрээсийн гэрээг үндэслэн алданги шаардсаныг нэхэмжлэгчид дээрх хэмжээний хохирол учирсан нь тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч түрээсийн байрны эд хөрөнгийг актаар хүлээлцсэн баримтыг үндэслэн гэмтсэн, дутсан эд хөрөнгийг түрээслэгчээр засварлуулах шаардлага гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...зохигч... нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч ямар эд хөрөнгө дутсан, гэмтсэн талаар нотлох баримт гаргаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-иас 350,455,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хера Холдинг” ХХК-д олгож, хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-ийн эзэмшил, ашиглалтаас Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Ажилчны гудамж-19 байршилтай конторын зориулалттай 2160 м.кв талбайтай зоорьтой 4 давхар барилга, тус гудамжны 19/1-д байршилтай 1206 м.кв талбайтай, агуулах конторын зориулалттай байрыг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас “Хера Холдинг” ХХК, “Оюут хясаа групп” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн байрны эд хөрөнгийг хүлээлцсэн актыг үндэслэн гэмтсэн, дутсан эд хөрөнгийг түрээслэгчээр засварлуулах болон 325,554,137 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч нь дээр дурдсанчлан хүчин төгөлдөр бус хэлцээр шилжүүлсэн зүйл болон хохирлоо шаардах эрхтэй. Гэвч түрээсэлсэн байрыг нэхэмжлэгчээс худалдан авахаар тохиролцсоны дагуу сургалтын байрны зориулалтаар өөрийн хөрөнгөөр тохижуулсан гэх зардлыг гаргуулна гэж маргадаг боловч нэхэмжлэгчтэй түрээсийн байрыг худалдан авахаар тохиролцсон байдлыг нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Хүчин төгөлдөр бус хэлцлийн нөгөө тал нь уг хэлцэл хүчин төгөлдөр бус байхад буруугүй бол хохирлоо өөрсдөө хариуцан арилгах бөгөөд түрээслэгч тал түрээсийн байрны түрээсэлсэн хугацааны төлбөр төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байхад хэн аль нь буруутай зэргээс үзэхэд түрээслэгч учирсан хохирлоо нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч “Хера холдинг” ХХК нь 2015 оны 06 сарын 18-ны өдрөөс 2015 оны 08 сарын 02-ны өдөр хүртэл 44 хоног түрээсийн байрыг лацдаж, түгжсэнээс хариуцагч “Оуют хясаа групп” ХХК-ийн Барилга технологийн коллеж түрээсийн байрыг ашиглах боломжгүй болсон нь тогтоогдсон боловч энэ байдлын улмаас элсэгчдийн тоо буурч элсэлтийн квотын зөрүү 402,015,250 төгрөг, сургалтын төлбөрийн зөрүү 192,290,000 төгрөгийн хохирол учирсан болох нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч түрээсийн байр засварлаж тохижуулсан хөрөнгө, бүрэн элсэлт авч чадаагүй зэргээс хохирсныг хариуцагч нотолж чадаагүй байна гэж үзэв.

 

Иймд “Хера холдинг” ХХК-иас түрээсийн байрны засвар үйлчилгээний зардалд 128,326,700 төгрөг, элсэлтийн квотын зөрүү 402,015,250 төгрөг, сургалтын төлбөрийн зөрүү 192,290,000 төгрөг нийт 722,631,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас оффиссын тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй гэснийг дурдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хангагдаагүй шаардлагын хэмжээгээр улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-иас 350,455,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хера Холдинг” ХХК-д олгож, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Ажилчны гудамж-19 байршилтай конторын зориулалттай 2160 м.кв талбайтай зоорьтой 4 давхар барилга, тус гудамжны 19/1-д байршилтай 1206 м.кв талбайтай, агуулах конторын зориулалттай байрыг хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-ийн эзэмшил, ашиглалтаас чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас “Хера Холдинг” ХХК, “Оюут хясаа групп” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн байрны эд хөрөнгийг хүлээлцсэн актыг үндэслэн гэмтсэн, дутсан эд хөрөнгийг түрээслэгчээр засварлуулах, 325,554,137 төгрөгт холбогдох хэсгийг, “Хера холдинг” ХХК-иас 722,631,950 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Хера холдинг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,537,995 төгрөг, хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,771,109.75 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,910,225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР