Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар  2022/ШЦТ/262

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,

шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Л.Данзанноров,

хохирогч Б.Бямбабаяр,

улсын яллагч Ц.Хулан нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Халтарын Гд холбогдох эрүүгийн 2211 00000 0177 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Халтарын Г /РД: /,

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Скоорбет” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 22-354 тоотод оршин суудаг,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Г нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 07-08 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 22- 354 тоот дахь гэртээ өөрийн найз эмэгтэй Б.Бямбабаярыг бусадтай хардсаны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж газарт унагаан хэвлий, нуруу хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, элгэнд язарсан шарх, зүүн нүдний доод зовхи, доод уруулын салст, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, баруун ташаанд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 136 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Х.Г нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 07-08 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 22-354 тоот дахь гэртээ өөрийн найз эмэгтэй Б.Бямбабаярыг бусадтай хардсаны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж газарт унагаан хэвлий, нуруу хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, элгэнд язарсан шарх, зүүн нүдний доод зовхи, доод уруулын салст, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, баруун ташаанд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.Бямбабаяр шүүхийн хэлэлцүүлэгт:

Миний хувьд цоо эрүүл болсон үедээ гомдолгүй болно. Надаас уучлалт гуйхын хувьд гуйсан. Гэхдээ хоёр хоногийн өмнө намайг ална гэж хэлсэнд гомдолтой байна. Би ажилгүй байсан хугацааны 4 сарын цалин болон цаашид гарах эмчилгээний зардалаа нэхэмжилнэ гэх,

Хохирогч Б.Бямбабаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн үед миний бие Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байх найз залуу Гантулгын гэрт нь очсон. Тэгсэн Гантулгын найз гэх Ганбагана нь эхнэрийн хамт мөн Гантулгын гэрт ирсэн тэгээд Г нь Ганбаганын хамт 1 шил “Эдэн” гэсэн бичиглэлтэй архи хувааж уусан. Тэгсэн Г найз Ганбагана гэгчтэй маргалдаж байгаад найз Ганбагана нь эхнэрийн хамт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 08 цагийн үед явсан. Тэгтэл Г нь намайг найз Ганбагана гэгчтэй хардаад уурлаад 2 гараараа миний хоолойг шахаж боогоод үснээс зулгааж үсдэж чирээд толгойгоор шал мөргүүлж, хөлөөрөө миний хэвлий хэсэг болох нуруу хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгтэл миний хэвлий хэсэг өвдөөд байхаар нь Гэмтлийн эмнэлэг орж үзүүлтэл дотуураа цус алдсан байна гээд хагалгаанд орж 11 хоног эмнэлэгт хэвтсэн. Тухайн Г гэгчид зодуулах үед өөр хэн нэгэн хамт байгаагүй ээ. Г гэгчтэй үерхээд 2 жил гаран болж байгаа. Түүнтэй ямар нэгэн хамтран амьдарсан болон гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй. Би Г гэгчийг цохиж зодсон зүйл байхгүй. Г нь найз Ганбагана гэгчтэй намайг хардаад зодсон юм. Тухайн үед Г нь нэлээн согтолттой байсан. Г өмнө нь намайг цохиж зодож байгаагүй ээ. Тэр хэрэг болох үед би Г гэгчээс өөр хүнтэй муудалцаагүй ээ...”,“...миний бие эмчилгээнд зарцуулсан 1,895,930 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгч байна... эмч намайг 6 cap гам барь гэсэн тул 6 сарын цалин 8,400,000 төгрөгийг мөн Г гэгчээс нэхэмжилж байна. Миний бие Г гэгчээс 1,900,000 төгрөг авсан байгаа. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг Г гэгчээс гаргуулмаар байна...” гэх /Хавтаст хэргийн 9-12 дугаар тал/,

Гэрч Б.Янжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгсэн манай хүү өөрийн гэртээ ганцаараа үлдсэн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай гэрт Бямбабаяр гэх манай хүү Гтай үерхэж байсан эмэгтэй ороод ирсэн. Тэгээд би яасан юу болсон гэхэд харин Гтай муудалцаад та санаа зоволтгүй гэж хэлээд манай гэрээс гараад явсан..." гэх, /Хавтаст хэргийн 17 дугаар хуудас тал/,

Гэрч Ц.Ганбагана мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн үед эхнэр Тунгалагийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байх найз Г гэгчийн гэрт нь очсон. Тэгсэн тэдний гэрт нь Гантулгын найз эмэгтэй гээд Бямбабаяр гэх эмэгтэй хамт байсан...миний бие бол Г гэгчтэй тухайн өдөр муудалцсан зүйл огт байхгүй ээ. Бямбабаяр гэгч нь намайг тэдний гэрээс гарах үед биед нь ямар нэгэн гэмтэл шарх учраагүй зүгээр байсан...” гэх, /Хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

Шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1206 дугаартай дүгнэлт:

Б.Бямбабаярын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, элгэнд язарсан шарх, зүүн нүдний доод зовхи, доод уруулын салст, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, баруун ташаанд цус хуралт тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” /Хавтаст хэргийн 22-24 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 69 дүгээр тал/,

Шүүгдэгч Х.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний бие шинэ оноо гаргах гээд өөрийн болох ЧД-ийн 18 дугаар хороо Яргайтын 22-354 тоот байж байтал 2022 оны 01 дүгээр сарын 01-ны шөнийн 00 цаг 30 минутанд манай найз эмэгтэй Бямбабаяр нь ганцаараа манай гэр болох ЧД-ийн 18 дугаар хороо Яргайтын 22-354 тоот хүрч ирсэн. Тэгээд бид хоёр байж байтал манай найз Ганбагана гэгч нь эхнэрийн хамт мөн манай гэрт ирсэн бөгөөд бид дөрөв шинэ жилийн баяраа тэмдэглэсэн юм. Тэгээд миний бие Ганбаганы хамт “Эдэн” гэсэн бичиглэлтэй 0,75 граммын 2 шил архийг хувааж уусан. Тэгээд би нилээн муудсан байсан бөгөөд нэг мэдсэн гэртээ унтаж байсан ба Бямбабаяр нь гэрт байхгүй байхаар нь гэрийнхээ хажууд байдаг байшин руу орход манай ээж Янжин унтаж байсан ба Бямбабаяр нь сууж байсан, тэгсэн гаднаас цагдаа нар орж ирээд намайг аваад явсан юм...” гэх, /Хавтаст хэргийн 30 дугаар тал/,

            Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Х.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 07-08 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 22- 354 тоот дахь гэртээ өөрийн найз эмэгтэй Б.Бямбабаярыг бусадтай хардсаны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж газарт унагаан хэвлий, нуруу хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, элгэнд язарсан шарх, зүүн нүдний доод зовхи, доод уруулын салст, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, баруун ташаанд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Х.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад заасан учруулсан хохиролыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг баримтаар төлсөн, “Скоорбет” ХХК-д менежер ажилтай нөхцөл байдлыг нь харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Х.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

 

Хохирол, хор уршигийн талаар. 

Шүүгдэгч Х.Гас 2,927,487 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дах 10090020080 дансанд төлүүлж,

хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирол төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцож,

Харин хохирогч Б.Бямбабаярын цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохиролоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Халтарын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гд 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 / хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Х.Гас 2,927,487 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дах 10090020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.

6. Хохирогч Б.Бямбабаяр нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохиролоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Хавтаст  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                               П.АРИУНБОЛД