Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

             

 

 

 

               2022/ШЦТ/94

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Аын Бөд холбогдох эрүүгийн 2112000000008 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1984 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын .................. гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Д овогт Аын Б/РД:АЖ............./

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

 

  Шүүгдэгч Аын Б нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох сүм багийн нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн өвөр гэх газраас Б.Цагийн 11 тооны хонь, 4 тооны ямаа буюу олон тооны бог малыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            * Эрүүгийн 2112000000008 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Б.Цагийн өгсөн:

“...Манайх 2021 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө гэрийн гадаа хотолсон байсан хонь, ямаан сүргээсээ 11 тооны хонь 4 тооны ямаагаа хулгайд алдсан. Тэгээд хонь, ямаа бэлчдэг газраараа эрж хайгаад зэргэлдээ нуталдаг А.Бийн хонь, ямааг гэрийнхээ гадаа байхад нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр очиж алдсан хонь ямаагаа шүүж үзэхэд манай алдсан шар халзан зүсмийн эм хонь, дээрх им нь зөв чих сам имтэй, буруу чих урдаасаа ухам ганзага имтэй, ямаа хув хар зүсмийн эр борлон ямаа, цагаан халтар зүсмийн бүдүүн эм ямаа, дээрх хоёр ямааны им хонины имтэй ижил дээрх хонь ямаануудаа А.Бийн хонь ямаанаас олж авсан. Тэгээд А.Бтэй 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 10 цагийн үед гэрийнхэн гадаа уулзаад чи манай алдсан 11 тооны хонь,4 тооны ямааг хулгайлсан байна гэж хэлэхэд А.Б төлье төлье би танайхаас 2021 оны11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 11 тооны хонь 4 тооны ямааг чинь хулгайлсан би ганцаараа хулгайлсан доогуураа тохиръё цагдаад битгий хэлээрэй найз нь чамайг хохиролгүй болгоё хэсгийн төлөөлөгчид битгий хэлээрээ гэж хэлээд олон удаа гуйгаад байсан. Энэ үед миний бие чи ганцаараа хулгай хийнэ гэж байхгүй хамт хулгай хийсэн хүнээ хэл гэж хэлтэл. А.Б надад би ганцаараа хулгай хийсэн өөр хүн оролцоогүй гэж хэлсэн. А.Б надад манай 11 тооны хонь, 4 тооны ямааг хулгайлснаа хүлээж төлж өгье  гэж хэлэхэд манай хүү Ц.Ө хамт байсан. А.Бийн нутагладаг гэр, мал манай гэр малаас 5 км орчим зайтай байдаг. Манай алдсан 11 тооны хониноос 1 тооны шар халзан эм хонио олж авсан, 2 тооны ямаагаа олж авсан, Одоо 10 тооны хонь, 2 ямаагаа олж аваагүй байгаа. Миний алдсан 10 тооны хонины им нь зөв чих сам имтэй, буруу чих араасаа ганзага имтэй мөн буруу чих урдаасаа ухам имтэй дээрх 10 зүсийг хэлж чадахгүй имээр нь бол танина ямааны им хонины имтэй ижил цагаан загас зүсмийн эм, ямаа байхгүй байсан би сайн санаж байна. Нөгөө нэг алдсан ямаагаа санахгүй байна.  Манайх хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед миний бие өөрийн эхнэр Д.О, А.Н нарын хамтаар хонь ямаагаа хашиж тоолсон тэгэхэд хонь 966 ямаа 291, хурга 483 тоологдсон хонь ямаа тоолсоноо бүртгэж бүртгэл хөтөлдөг дэвтэр дээр манай эхнэр Д.О бичсэн. Мөн тухайн өдөр манайх хонь ямаагаа тоолж байхад А.Б хараад зогсож байсан. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр Д.О төрсөн хүү Ц.Ө хамтаар бид гурав хонь ямаагаа тоолоход/хонь 954, ямаа 271, хурга 483/ тоологдсон хонь ямааны бүртгэлийн манай эхнэр Д.О дэвтэрт бүртгэж бичсэн. Миний бие муухан уншиж чадна тоо тоолж чадна муухан бичиж чадна. Манайх 16 ямаа төхөөрч борц хийсэн, борц хийсэн 16 ямааны мах гэрт өлгөөтэй байгаа дээрх ямааны арьснууд гэрт байгаа. Нэг хонь идшинд идсэн. Миний хувьд гомдолтой үлдсэн хонь ямаагаа А.Бөөс авна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/

 

*Хохирогч Б.Цагийн дахин өгсөн:

“...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө нар мандсан байхад хонь, ямаагаа хартал шөнө бөөгнөрч хоноогүй бололтой тааруу байдалтай байсан тул энэ хонь ямаанууд яахаараа бөөгнөрч хотолж хонодог байхад хонь ямаа холилдоод шөнө хэвтэр дээрээ удаан хэвтээгүй бололтой байдал надад харагдахаар нь энэ нэг л биш гэж бодоод маргааш өдөр  нь буюу 2021 оны 11 дүгээр      сарын 20-ны өглөө эрт хонь, ямаагаа тоолтол хонь 11, ямаа 4 тооны ямаа дутсан тэгээд хонь, ямаагаа гэрийн ойр хавиар сүргээсээ тасарч явж уу гэж бодоод эрж хайсан боловч хонь, ямаа маань олдоогүй. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манайхыг хонь тоолж байхад А.Б манайд ирсэн байсан хонь ямаа тоолж байхыг А.Б харж байсанг бодоод дээрх хүнийг сэжиглээд. Миний бие мотоциклтой А.Бийн гэрийн гадаа ирээд гэрт нь ортол А.Б 2 тооны хонь, 1 тооны ямаа төхөөрсөн байдалтай байсан. А.Б хонины толгой арьсыг салгаагүй гэдсийг нь гаргаж байсан. А.Бийн гэрийн баруун хоймор авдрын урд хар зүсмийн ямааны арьс байсан. А.Бийн гэрт миний алдсан хонинуудын хоёр тооны хонийг төхөөрсөн байсанг би таньсан мөн нэг тооны хар зүсмийн ямааг бол зүсээр нь би таниагүй учир нь дээрх хар зүсмийн ямааны арьсыг бөөгнүүлж хуйлаад газар тавьсан байсан тул надад зүс им нь сайн харагдаагүй. Миний бие А.Бийн төрсөн ээж Б.Ж, А.Б, А.Бийн төхөөрч байгаа хонины хөлөөс барьж өгч байсан Б.Ж уг хонинуудын гэдсийг арилгаж байсан. Д нартай тодорхой зүйл ярилгүй гэрээс нь гараад явсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн төрсөн хүү Ц.Өын хамтаар А.Бийн хонь, ямаа гэрийнхээ гадаа ойрхон бэлчиж байхад нь алдсан хонь, ямаагаа уг айлын хонь ямаанд байгаа эсэхийг шүүж үзэхэд манай алдсан хонь, ямаанаас цагаан халтар зүсмийн эм ямаа, Хар зүсмийн эр борлон, Шар халзан зүсмийн эм хонь тус тус байсан. Тэгээд А.Бийг дуудаж гэрийнхэн гадаа уулзаад шууд хэлсэн чи миний алдсан 11 тооны хонь, 4 тооны ямааг хулгайлсан байна. Өчигдөр танай гэрт намайг ирэхэд чи миний алдсан хонины хоёр хонийг өөрийн гэртээ төхөөрсөн байсан бодвол чи намайг ямар ажлаар танайд ирсэнийг тэр үед мэдээ байлгүй аливаа юманд би ул суурьтай ханддаг хүн гэдгийг чи мэднэ. Би чамд саяхан адуу хүртэл сайн санаж бэлгэнд өгсөн тэгтэл чи миний малаас хонь ямаа хулгайлаад өөдгүй зантай хүн бэ? гээд шууд хэлтэл А.Б таны алсдан хонь ямааг би хулгайлж авсан ганцаараа хулгайлсан та цагдаад битгий хэл доогуураа тохиръё гээд гуйгаад байсан. Энэ үед би чи ч тус болсон хүн рүүгээ ус цацдаг хүний тус мэдэхгүй хүн юм даа хэлэх ч үг алга гээд олж авсан нэг хонь хоёр ямаагаа туугаад гэр рүүгээ явсан. Надтай 2021 оны 11 дүгээр сарын 21-нээс хойш нэг удаа уулзсан А.Бийн гэрийн гадаа 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр таарч уулзсан А.Б надад хандан хоёулаа учраа олъё доогуураа тохиръё гэж хэлсэн. Би А.Бөд хандан битгий дэмий юм яриад бай өнөөдөр зулын 25-ны өдөр энэ өдөр чамтай би хэрүүл хиймээргүй байна гэж хэлээд явсан. А.Б хэд хэдэн удаа над руу залгаж ярьсан ахаа уучлаарай гомдолгүй гээд хэлээд өгөөрэй таныг ямар ч байсан хохиролгүй болгон гэж ярьсан. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр А.Бийн төрсөн ах Ж.Б морьтой ганцаараа манайд 10 тооны хонь 2 тооны ямаа тууж авчираад А.Б чамд хохиролд өгөөрөө гэж хэлсэн тэгээд дээрх хонь ямааг тууж авчирлаа гэж хэлээд. Ж.Б А.Бөөс болж нутгийн булаа боллоо А.Бийн хонь, ямаа хулгайлсан хэрэгт найз нь буруугүй шүү би оролцоогүй гэж хэлээд Ж.Б явсан. А.Бөөс чи манай хонь ямаануудыг хулгайлсан бол одоо дээрх хонь ямаа хаана байна зүсээр нь авъя гэхэд дугарахгүй доошоо хараад зогсоод байсан. Надад одоо гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар тал/

 

*Гэрч Д.Оын өгсөн:

“...Манайх 2021 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө гэрийн гадаа хотолсон байсан хонь, ямаан сүргээсээ 11 тооны хонь 4 тооны ямаагаа хулгайд алдсан. Тэгээд хонь, ямаа бэлчдэг газраараа эрж хайсан боловч хонь, ямаа шөнө сүргээсээ тасарсан шинжгүй байсан. Учир нь хонь, ямаа алдагдсан шөнө цаг агаар тогтуун байсан. Тэгээд манай нөхөр зэргэлдээ нутагладаг А.Бийн хонь, ямааг гэрийнхээ гадаа байхад нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр очиж өөрийн хүү Ц.Өын хамтаар алдсан хонь ямаагаа шүүж үзэхэд манай алдсан шар халзан зүсмийн эм хонь дээрх хонины им нь зөв чих сам имтэй, буруу чих урдаасаа ухам араасаа ганзага имтэй, ямаа болохоор хув хар зүсмийн эр борлон ямаа, цагаан халтар зүсмийн бүдүүн эм ямаа, дээрх хоёр ямааны им хонины имтэй ижил дээрх хонь ямаануудаа А.Бийн хонь ямаанаас олж аваад нөхөр Б.Ца хүү Ц.Ө хоёр алдсан 11 тооны хониноос нэг тооны хонио 4 тооны ямаанаас 2 тооны ямаагаа мотоциклоор тууж гэртээ авчирсан. Тухайн өдрөө манай нөхөр А.Бтэй гэрийнхэн гадаа уулзаад чи манай алдсан 11 тооны хонь,4 тооны ямааг хулгайлсан байна гэж хэлэхэд А.Б төлье төлье би танайхаас 2021 оны11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 11 тооны хонь 4 тооны ямааг чинь хулгайлсан би ганцаараа хулгайлсан доогуураа тохиръё цагдаад битгий хэлээрэй найз нь чамайг хохиролгүй болгоё хэсгийн төлөөлөгчид битгий хэлээрэй гэж хэлээд олон удаа гуйгаад найз нь одоо хэрэгт шалгагдвал шоронд явна ганц хүү минь хүний гар хараад хэцүүдэн гэж хэлээд гуйгаад байсан гэж нөхөр Б.Ца надад хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн үед манай гэрийн 98800784 дугаарын утас руу А.Б залгаад Архангай аймагт байна оройхон танай гэрт очно гэж хэлээд утсаа салгасан. А.Б манайд ирээгүй. Харин 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 12 цагийн үед А.Бийн төрсөн Ж.Б ганцаараа Халиун зүсмийн морьтой 10 хонь, 2 ямаа тууж авчирч өгсөн. Ж.Б А.Бийн хулгайлсан хонь. ямааны хохиролд өгч байна гэж хэлээд явсан. А.Б өөрөө бол ирээгүй. А.Бийн нутагладаг гэр, мал манай гэр малаас 5 км хүрэхгүй орчим зайтай байдаг. Манай алдсан 10 тооны хонины им нь зөв чих сам имтэй, буруу чих араасаа ганзага имтэй мөн буруу чих урдаасаа ухам имтэй дээрх 10 хонины зүсийг хэлж чадахгүй имээр нь бол танина алдсан 2 ямааны зүсийг би хэлж чадахгүй манай олон тооны хонь ямаатай тул имээр нь сайн танина алдсан хонь ямаанууд нийтлэг зүстэй хонь ямаанууд. Манайх хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед миний бие өөрийн эхнэр Б.Ца, А.Н нарын хамтаар хонь ямаагаа хашиж тоолсон тэгэхэд хонь 966, ямаа 291, хурга 483 тоологдсон хонь ямаа тоолсоноо бүртгэж бүртгэл хөтөлдөг дэвтэр дээр манай эхнэр Д.О бичсэн. Мөн тухайн өдөр манайх хонь ямаагаа тоолж байхад А.Б хараад зогсож байсан. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нөхөр Б.Ца, төрсөн хүү Ц.Ө нарын хамтаар бид гурав хонь ямаагаа тоолоход хонь 954, ямаа 271, хурга 483 тоологдсон хонь ямааны бүртгэлийн дэвтэрт би хонь ямааны тоог дэвтэрт бүртгэж бичсэн. Манайх 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 3 дахь өдөр байсан, тухайн өдөр 16 тооны ямаа төхөөрч би гэдсийг арилгаад дээрх 16 тооны ямааны махаар илүү гэртээ борц хийсэн байгаа...гэх  мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар тал/

 

*Гэрч Б.Дгийн өгсөн:

“...2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр миний бие хөрш зэргэлдээ ойрхон нутагладаг Ж.Бын гэрт нөхөр З.Пны хамтаар ирсэн Ж.Б манай нөхөр З.Пныг нэг шил юм уух уу гээд гэртээ нэг шил архи задалсан уг архийг манай нөхөр З.Пн Ж.Бтой хувааж уусан. Тэгээд Ж.Бын гэрээс гараад манай гэрт очиж нэг шил архи уусан тэгээд Ж.Бын гэрт дахин ирсэн тэгээд Ж.Бын төрсөн дүү А.Бийн гэрт санаандгүй хууч хөөрөхөөр ороход А.Б гэртээ 2 тооны хонь 1 тооны ямаа гаргасан байсан. Энэ үед А.Бийн төрсөн ээж Б.Ж надад хандан өнөөдөр манайх идшээ идэж байгаа ашгүй эгч нь ганцаараа гэдэс арилгаж барахгүй байна гэж хэлсэн. Тэгээд миний бие А.Бийн төхөөрсөн хоёр хонины гэдсийг арилгаж шувтарч өгчихөөд миний бие гэртээ харьсан. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны 16 цагийн багцаа байсан. А.Бийн гэрт орж хонины гэдэс арилгаж өгсөн. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А.Бийн гэрт гэдсийг арилгасан хонины нэг нь хар толгойтой хонь байсан. Бор нүдэн хонь байсан миний бие сайтар ажиглаж хараагүй. Ямааны арьс гэрийнхээ баруун талын модон авдрын өмнө хар зүсмийн ямааны арьс хуйлаад тавьсан байсан. Миний бие гэдсийг арилгасан 2 тооны хонины имийг хараагүй. Миний бие А.Бийн төрсөн ээж Б.Жгийн хамтаар уг хоёр хонины гэдсийг арилгасан. Манай гэр мал А.Б болон Ж.Б нарын хонь ямаа нэг км орчим зайтай нутагладаг. А.Б, Ж.Б нар нэг дороо нутагладаг хүмүүс. Тухайн өдөр нэг ямаа намайг гэрт нь ороход төхөөрсөн байсан.  Гэрт орсоны дараа хоёр хонь төхөөрсөн А.Бийг хоёр хонь төхөөрөх үед Ж.Бын банд Б.Ж А.Бийн гаргаж байгаа хонинуудыг барьж өгч байсан. Тухайн өдөр А.Бийн гэрт төрсөн ээж Б.Жгийн хамтаар хонины гэдэс арилгаж байхад гаднаас Б.Ца орж ирээд гэрт байгаа хүмүүстэй мэндлээд удалгүй гарч явсан. А.Б болон Ж.Б нарын хонь ямаа хамт байдаг дээрх хонь ямаанууд ямар имтэйг би мэдэхгүй. Миний бие мал дээр гараад 20 шахам жил болж байна.Манай нөхөр хонь ямаагаа хардаг бэлчээрт эргэж тойрдог миний хувьд гэр орны ажлаа л хийдэг тул хөрш айлын хонь ямаа ямар имтэйг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-22 дугаар тал/

 

*Насанд хүрээгүй гэрч Ц.Өын өгсөн:

“...Манайх 2021 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 33 гэрийн гадаа хотолсон байсан хонь.ямаан сүргээсээ 11 тооны хонь 4 тооны ямаагаа хулгайд алдсан тэгээд хонь.ямаа бэлчдэг газраар аав Б.Цагийн хамтаар мотоциклтой явж эрж хайсан боловч хонь ямаагаа олоогүй тэгээд аав Б.Цагийн хамтаар манай гэрээс 5 км орчим нутагладаг А.Бийн ахын хонь, ямааг гэрийнхээ гадаа бэлчиж байхад нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр очиж алдсан хонь ямаагаа А.Бийн хонь ямаан дотор шүүж үзэхэд манай алдсан шар халзан зүсмийн эм хонь дээрх хонины им нь зөв чих сам имтэй, буруу чих урдаасаа ухам ганзага имтэй, ямаа хув хар зүсмийн эр борлон ямаа, цагаан халтар зүсмийн бүдүүн эм ямаа, дээрх хоёр ямааны им хонины имтэй ижил дээрх хонь ямаануудаа А.Бийн хонь ямаанаас олж авсан. Тэгээд манай аав Б.Ца бид хоёр А.Бтэй 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 10 цагийн үед гэрийнхэн гадаа уулзсан манай аав Б.Ца А.Б ахад хандан чи манай алдсан 11 тооны хонь, 4 тооны ямааг хулгайлсан байна танай хонин ямаан дотроос алдсан хонь ямааныхаас нэг хонь хоёр ямаагаа олж авлаа гэж хэлэхэд А.Б ах шууд төлье би танайхаас 2021 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 11 тооны хонь 4 тооны ямааг чинь хулгайлсан би ганцаараа хулгайлсан доогуураа тохиръё цагдаад битгий хэлээрээ хохиролгүй болгоё хэсгийн төлөөлөгчид битгий хэлээрээ гэж хэлээд манай аав Б.Цагаас олон удаа гуйгаад байсан. Аав Б.Ца бид хоёр нэг хонь хоёр ямаагаа А.Бийн хонь ямаанаас салгаад туугаад гэртээ харьсан. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хөдөө гэртээ ирсэн маргааш өдөр нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ээж Д.О аав Б.Ца нартай хонь ямаагаа малын байранд хашиж байгаад тоолоход/ хонь 954, ямаа 271, хурга 483/тоологдсон хонь ямааны бүртгэлийн манай ээж Д.О дэвтэрт бүртгэж бичсэн ишигээ тухайн өдөр манайх тоолоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

 

*Гэрч Ж.Бын өгсөн:

“...Манайх одоо Өгийнуур сумын Тоглох багийн Шар өлөн гэх газар өвөлжиж байгаа манайх өөрийн төрсөн Б.Ж болон А.Б нарын хамтаар хоёр гэрээрээ нэг дор нутаглаж байгаа. Миний бие дээрх өдрүүдэд Хөдөө гэртээ хүүхдүүдийн хамтаар байсан. Өөрийн гурван хүүхдийн хамтаар байсан.Том охин маань төрөх дөхөөд эхнэр Б.Мөнхцэцэг Архангай аймаг авч явсан байсан учир үлдсэн гурван хүүхдийн хамтаар гэртээ байсан. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө гэрээсээ гараагүй. Дээрх өдрүүдэд миний бие өдрийн цагаар малаа харж эргүүлж тойруулж бэлчээрээс гэр рүүгээ дөхүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нутгийн хүн болон З.Пны хамтаар 2 шил архи уусан. Тухайн өдөр А.Бийн гэрт ороход А.Б бор нүдэн хонь төхөөрсөн байсан эр эмийг би мэдэхгүй, мөн хар толгойтой хонь, хар зүсмийн ямаа эр эмийг нь хэлж чадахгүй сайтар ажиглаж хараагүй тул эм хонь эр хонь эр,эм ямаа байсан эсэхийг хэлж чадахгүй. А.Бийн төхөөрсөн хоёр хонины хөл махнаас миний төрсөн хүү Б.Ж барьж өгсөн А.Б өөрөө голын тасалсан тухайн өдөр миний бие А.Бийн гэрээр орж гараад явсан. Дээрх хонь ямааны гэдсийг миний төрсөн ээж Б.Ж нутгийн хүн Б.Дгийн хамтаар арилгасан. Б.Д хоёр хонины гэдсийг арилгасан. Өөр хонь ямаа гаргаагүй надад өөр хонь ямаа гаргасан зүйл харагдаагүй. Тухайн өдөр А.Бийн гаргасан хоёр тооны хонь,нэг тооны ямаа бүгд манай им тэмдэгтэй хонинууд биш байсан. А.Бийн хонь, ямаа манай хонь ямаа нэг дороо нэг малын байранд байдаг хамт бэлчдэг тулд дээрх хоёр тооны хонь нэг тооны ямаа А.Бийн болон манай хонь ямаанууд биш байсан. Сам имтэй хонь ямаанууд байсан. Манай хонь ямаа зөв чих чуулбар, буруу чих голоосоо ац имтэй А.Бийн хонь ямаа хоёр чих голоосоо цуулбар дээр нь манай хотод байдаг хамаатны хүмүүсийн хонь ямаа манай хонь ямаанд бий дээрх хоёр айлын хонины зөв талын чих хулгар имтэй буруу талын чих ац имтэй. Тухайн өдөр миний бие А.Бөөс ямар учиртай хонь ямаа төхөөрөөд байгаа юм бэ? гэж асуухад А.Б хүнээс авсан хонь ямаанууд гэж хариулсан дахин миний бие А.Бөөс юм асуугаагүй. Дээрх хонь ямааны мах арьс толгойг А.Б яаснаа мэдэх байх миний хувьд дээрх хонь ямааны толгой арьс махыг хаашаа авч явсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний төрсөн дүү А.Б Архангай аймгаас утсаар над руу яриад Б.Батбаярт алдсан малын хохиролд 10 тооны хонь 2 тооны ямаа өгчих гэж хэлээд мөн ээжид хэлсэн байгаа ээж Б.Ж Б.Цад хохиролд өгөх хонь ямааг зааж ялгаж өгнө. Та туугаад Б.Цад хүргээд өгчих гэсэн тэгээд миний бие Б.Цад 10 тооны хонь, 2 тооны ямааг мориор тууж ганцаараа хүргэж өгсөн. Миний Б.Цад 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тууж ганцаараа хүргэж өгсөн 10 тооны хонины зүс 1, бор толгойтой хонь эм хонь, том биетэй хар толгойтой хонь эм, эвэртэй хар халзан эм хонь, эвэртэй хар халзан эр төлөг, шар халзан зүсмийн эр хонь, шар халзан зүсмийн эр төлгөн хонь, хар халзан эм хонь хар халзан эм хонь, хар толгойтой эм хонь, халзан эр төлөг байсан. Дээрх 10 тооны хонинууд бүгд А.Бийн хоёр чих голоосоо цуулбар имтэй хонинууд байсан. Хар зүсмийн хоёр эм ямаа им нь хонины имтэй ижил...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-44 дүгээр тал/

 

*Гэрч Б.Жы өгсөн:

“...Тухайн өдөр А.Б гэртээ хоёр тооны хонь нэг тооны ямаа төхөөрсөн энэ үед юун хонь төхөөрөөд байгаа юм бэ? хэний хонь юм 6э? гэж асуухад А.Б хүнээс авсан хонь юмаа гэж хэлсэн миний хувьд дээрх хоёр хонины гэдсийг арилгасан мөн нэг тооны ямааны гэдсийг арилгасан. Нутгийн хүн болох Б.Д хоёр хонины гэдсийг арилгалцаж өгсөн уг хүнийг манай гэрт орж ирэхэд би гуйсан. Тухайн өдөр А.Бийн гэртээ төхөөрсөн хонь бол бор нүдэн хонь төхөөрсөн байсан эр эмийг би мэдэхгүй, мөн хар толгойтой хонь хар зүсмийн эм ямаа бол манай өөрийн ямаа байсан. А.Бийн төхөөрсөн хоёр хонины хөл махнаас Б.Ж барьж өгсөн А.Б өөрөө голын тасалсан. Дээрх хонь ямааны мах арьс толгойг А.Б яаснаа мэдэх байх миний хувьд мэдэхгүй. Миний төрсөн хүү А.Б Архангай аймгаас утсаар над руу яриад Б.Цад алдсан малын хохиролд 10 тооны хонь 2 тооны ямаа өгчих гэж хэлсэн Б.Цад хохиролд өгөх хонь ямааг би хонь, ямаанаасаа ялгаж өгөөд Ж.Боор мориор туулгаад Б.Цад хүргээд өгчих гээд явуулсан. Миний Б.Цад 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тууж ганцаараа хүргэж өгсөн 10 тооны хонины зүс бор толгойтой хонь эм хонь, том биетэй хар толгойтой хонь эм, эвэртэй хар халзан эм хонь, эвэртэй Хар халзан эр төлөг, шар халзан зүсмийн эр хонь, шар халзан зүсмийн эр төлгөн хонь, хар халзан эм хонь хар халзан эм хонь, хар толгойтой эм хонь, халзан эр төлөг байсан. Хар зүсмийн хоёр эм ямаа им нь хонины имтэй ижил...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар тал/

 

*Гэрч А.Нийн өгсөн:

“…Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 11 ний өдөр Б.Цагийн хонь, ямааг байранд нь хашиж байгаад хонийг тоолсон. Тухайн өдөр мал тоолоход Б.Ца түүний эхнэр Д.О нар хамт байсан. Тухайн өдөр хонь 966, ямааг миний тоололцоогүй яваад өгсөн. Хонийн тоололцож өгөхөд 966 тоологдсон санагдаж байна. Ямаагаа Б.Ца эхнэрийн хамтаар тоолсон байх. Тухайн өдөр А.Б хамт байсан А.Б Б.Цагаас бэлгэнд адуу авна гээд ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар тал/,

 

*Гэрч Б.Жгийн өгсөн:

“...Тухайн өдөр А.Б манай гэрт орж ирээд хонины өвчүү түшээд өгөөч гэж гуйсан тэгээд гэрээсээ гараад А.Бийн гэрт ороход хоёр тооны хонины голыг тасалсан, нэг тооны хар зүсмийн ямааг төхөөрөөд махыг нь ширээн дээрээ цээж бөгсөөр нь салгаж эвдээд тавьсан байсан. Хоёр хонийг А.Б гэрийнхээ баруун талын авдрын урд зэрэгцүүлээд тавьсан байсан. Эхлээд хар толгойтой хонины гэдсийг гаргасан би өвчүүг түшиж өгсөн А.Б цээж бөгсөөр нь уг хонины махыг салгасан арьс толгой А.Бийн гэрт үлдсэн. Тэгээд бор нүдэн хонины гэдсийг гаргасан би өвчүүг түшиж өгсөн А.Б уг хонины махыг бөгс цээжээр нь салгаад гэрийн дотор газар гурил элддэг гамбанзан дээр тавьсан уг хонины арьс толгой мөн А.Бийн гэрт үлдсэн өөр хонь гаргаагүй А.Бийн гэрт намайг байхад Б.Ца ах орж ирсэн энэ үед би А.Бийн гэрээс гараад усанд явж өөрийн гэртээ ундны ус авчирсан.  А.Бийн төрсөн ээж манай эмээ Б.Ж нутгийн эгч Б.Д эгч хоёр хонины гэдсийг арилгасан ямааны гэдсийг хэн арилгасанг би мэдэхгүй намайг А.Бийн гэрт орж ирэхэд ямааг төхөөрөөд дууссан байсан. Төхөөрсөн хоёр хонины имийг би анзаарч хараагүй. Хонины махыг арьс толгойг яасанг мэдэхгүй ямааны арьсыг тушааж бензин хийнэ гэж хэлж байсан. Хаана ямааны арьсаа тушаахаа надад хэлээгүй. Манай өөрийн хонь ямаа нийлээд зуу гаран тооны хонь.ямаа байгаа А.Бийн хонь.хориод хоньтой.ямаа мөн хориод л байдаг цөөхөн хонь ямаатай...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/,

 

*Гэрч Д.Гын өгсөн:

“...А.Б нэг тооны ямааны мах,хонины эвдсэн мах нэг мөн нэг цаасан хайрцагтай зүйл авч явсан. Тухайн өдөр А.Б манай гэрт ирээд Архангай аймаг явах гэж байгаа бол намайг аваад яваач гэж хэлсэн. Тэгээд удалгүй миний бие А.Бийн гэрт очиж А.Бийг өөрийн хүү болох Ерөөлтийн хамтаар авч явсан. Тухайн өдөр А.Б надтай хамт Архангай аймгийн төвд өдрийн 12 цагийн үед ороод малчны хүнсний зах дээр хонины мах ямааны махаа аваад мөн цаасан хайрцагтай зүйлээ аваа хүүгийн хамтаар миний машинаас буусан. Хонь ямааны мах арьс толгой байхгүй махнууд байсан. А.Б надад Архангай аймаг явах замдаа Б.Цагийн хонь ямаанаас хулгайлсан талаараа надад хэлсэн хэзээ хулгайлсан талаараа тодорхой хэлээгүй. А.Б надад хэлэхдээ баларсаан Б.Цагийн хонь ямааг хулгайлаад баригдсан, баларсан нутагтаа байх нүүргүй боллоо гэж хэлсэн. Миний бие А.Бөд хандан чи аймаг явж байхаар мал хулгайлсан айлтайгаа учраа олсон дээрдээ гэж хэлсэн. Миний бие 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А.Бтэй гэрийнхэн гадаа таараад чи Б.Ца ахтай уулзсан уу чамайг аймаг авч явсанаараа би буруутан болох нь чи очиж Б.Ца ахтай очиж учраа олоорой гэж хэлсэн. Тэгтэл А.Б би чамайг гуйж аймаг явсанг Б.Ца мэдэж байгаа би Б.Цагийн хонь ямааг хулгайлсан өөрөө Б.Цатай уулзаад учраа олноо санаа зоволтгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар тал/,

 

*Яллагдагч А.Бийн өгсөн:

“...Би нутгийн иргэн Б.Цагийн хонь, ямааг хулгай хийсэн нь үнэн. 2021 оны 11 дүгээр сарын дундуур идэшний үеэр хулгай хийсэн. Хулгай хийсэн он сар өдрийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Нүхтийн өвөр гэх газар хонь, ямаа нь хээр бэлчсэн байхаар өөрийн эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклоор тасдан хөөгөөд өөрийн хонь ямаатай нийлүүлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа санагдаж байна Б.Цатай таараад үнэнээ хэлээд хохирлыг нь барагдуулсан. Надад мөнгөний хэрэг болоод өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоцикл ашиглан хулгай хийсэн. Бусдын малыг хулгай хийсэн үйлдэл нь миний буруу. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Б.Цагаас уучлалт гуйсан. Тухайн үед би ганцаараа явж байсан. Хулгай хийхэд ашигласан Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл миний эзэмшлийн мотоцикл байгаа юм. Би Б.Цад 10 хонь, 3 ямаа буюу алдсан малыг тоогоор өгсөн. Мөн өөрөө манай хонинд байсан 1 хонь, 2 ямааг зүсээр эргүүлж авсан. Би тухайн үед Б.Цас хулгай хийж авсан хонь, ямааны махыг нь тухайн үедээ идээд, үлдэгдлийг нь Архангай аймагт танихгүй хүнд зараад мөнгийг нь ойр зуурын зүйлд зарцуулаад дуусгасан. Би Б.Цагийн бог малыг хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байгаа, өөрийн буруугаа хүлээж байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин хулгайн хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэх мэдүүлэг/хх-ийн 90-92 дугаар тал/

 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний 424 дугаартай: “...6 тооны нас гүйцсэн эм хонины үнэ 900.000/есөн зуун мянга/, 2 тооны эр төлөгний үнэ 200.000/хоёр зуун мянга/ төгрөг, 3 тооны эм төлөгний үнэ 300.000/гурван зуун мянга/ төгрөг, 2 тооны эр борлоны үнэ 160.000/нэг зуун жаран мянга/ төгрөг, 2 тооны нас гүйцсэн эм ямааны үнэ 260.000/хоёр зуун жаран мянга/ төгрөг, нийт 1.820.000/нэг сая найман зуун хорин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 37 дугаар тал/

 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний 462 дугаартай: “...Улаан өнгийн Даюун маркийн мотоциклийн үнэ 350.000/гурван зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 133 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч А.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн өвөр гэх газраас иргэн Б.Цагийн 11 тооны хонь, 4 тооны ямаа хулгайд алдагдаж, түүнд 1.820.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

 Шүүгдэгч А.Б нь машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Цагийн“...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө нар мандсан байхад хонь, ямаагаа хартал шөнө бөөгнөрч хоноогүй бололтой тааруу байдалтай байсан тул энэ хонь ямаанууд яахаараа бөөгнөрч хотолж хонодог байхад хонь ямаа холилдоод шөнө хэвтэр дээрээ удаан хэвтээгүй бололтой байдал надад харагдахаар нь энэ нэг л биш гэж бодоод маргааш өдөр нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө эрт хонь, ямаагаа тоолтол хонь 11, ямаа 4 тооны ямаа дутсан тэгээд хонь, ямаагаа гэрийн ойр хавиар сүргээсээ тасарч явж уу гэж бодоод эрж хайсан боловч хонь, ямаа маань олдоогүй. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манайхыг хонь тоолж байхад А.Б манайд ирсэн байсан хонь ямаа тоолж байхыг А.Б харж байсанг бодоод дээрх хүнийг сэжиглээд. Миний бие мотоциклтой А.Бийн гэрийн гадаа ирээд гэрт нь ортол А.Б 2 тооны хонь, 1 тооны ямаа төхөөрсөн байдалтай байсан. А.Б хонины толгой арьсыг салгаагүй гэдсийг нь гаргаж байсан. А.Бийн гэрийн баруун хоймор авдрын урд хар зүсмийн ямааны арьс байсан. А.Бийн гэрт миний алдсан хонинуудын хоёр тооны хонийг төхөөрсөн байсанг би таньсан мөн нэг тооны хар зүсмийн ямааг бол зүсээр нь би таниагүй учир нь дээрх хар зүсмийн ямааны арьсыг бөөгнүүлж хуйлаад газар тавьсан байсан тул надад зүс им нь сайн харагдаагүй. Миний бие А.Бийн төрсөн ээж Б.Ж, А.Б, А.Бийн төхөөрч байгаа хонины хөлөөс барьж өгч байсан Б.Ж уг хонинуудын гэдсийг арилгаж байсан. Д нартай тодорхой зүйл ярилгүй гэрээс нь гараад явсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн төрсөн хүү Ц.Өын хамтаар А.Бийн хонь, ямаа гэрийнхээ гадаа ойрхон бэлчиж байхад нь алдсан хонь, ямаагаа уг айлын хонь ямаанд байгаа эсэхийг шүүж үзэхэд манай алдсан хонь, ямаанаас цагаан халтар зүсмийн эм ямаа, Хар зүсмийн эр борлон, Шар халзан зүсмийн эм хонь тус тус байсан. Тэгээд А.Бийг дуудаж гэрийнхэн гадаа уулзаад шууд хэлсэн чи миний алдсан 11 тооны хонь, 4 тооны ямааг хулгайлсан байна. Өчигдөр танай гэрт намайг ирэхэд чи миний алдсан хонины хоёр хонийг өөрийн гэртээ төхөөрсөн байсан бодвол чи намайг ямар ажлаар танайд ирсэнийг тэр үед мэдээ байлгүй аливаа юманд би ул суурьтай ханддаг хүн гэдгийг чи мэднэ. Би чамд саяхан адуу хүртэл сайн санаж бэлгэнд өгсөн тэгтэл чи миний малаас хонь ямаа хулгайлаад өөдгүй зантай хүн бэ? гээд шууд хэлтэл А.Б таны алсдан хонь ямааг би хулгайлж авсан ганцаараа хулгайлсан та цагдаад битгий хэл доогуураа тохиръё гээд гуйгаад байсан. Энэ үед би чи ч тус болсон хүн рүүгээ ус цацдаг хүний тус мэдэхгүй хүн юм даа хэлэх ч үг алга гээд олж авсан нэг хонь хоёр ямаагаа туугаад гэр рүүгээ явсан. Надтай 2021 оны 11 дүгээр сарын 21-нээс хойш нэг удаа уулзсан А.Бийн гэрийн гадаа 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр таарч уулзсан А.Б надад хандан хоёулаа учраа олъё доогуураа тохиръё гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Оын“...Манайх 2021 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө гэрийн гадаа хотолсон байсан хонь, ямаан сүргээсээ 11 тооны хонь 4 тооны ямаагаа хулгайд алдсан. Тэгээд хонь, ямаа бэлчдэг газраараа эрж хайсан боловч хонь, ямаа шөнө сүргээсээ тасарсан шинжгүй байсан. Учир нь хонь, ямаа алдагдсан шөнө цаг агаар тогтуун байсан. Тэгээд манай нөхөр зэргэлдээ нутагладаг А.Бийн хонь, ямааг гэрийнхээ гадаа байхад нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр очиж өөрийн хүү Ц.Өын хамтаар алдсан хонь ямаагаа шүүж үзэхэд манай алдсан шар халзан зүсмийн эм хонь дээрх хонины им нь зөв чих сам имтэй, буруу чих урдаасаа ухам араасаа ганзага имтэй, ямаа болохоор хув хар зүсмийн эр борлон ямаа, цагаан халтар зүсмийн бүдүүн эм ямаа, дээрх хоёр ямааны им хонины имтэй ижил дээрх хонь ямаануудаа А.Бийн хонь ямаанаас олж аваад нөхөр Б.Ца хүү Ц.Ө хоёр алдсан 11 тооны хониноос нэг тооны хонио 4 тооны ямаанаас 2 тооны ямаагаа мотоциклоор тууж гэртээ авчирсан. Тухайн өдрөө манай нөхөр А.Бтэй гэрийнхэн гадаа уулзаад чи манай алдсан 11 тооны хонь,4 тооны ямааг хулгайлсан байна гэж хэлэхэд А.Б төлье төлье би танайхаас 2021 оны11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 11 тооны хонь 4 тооны ямааг чинь хулгайлсан би ганцаараа хулгайлсан доогуураа тохиръё цагдаад битгий хэлээрэй найз нь чамайг хохиролгүй болгоё хэсгийн төлөөлөгчид битгий хэлээрэй гэж хэлээд олон удаа гуйгаад найз нь одоо хэрэгт шалгагдвал шоронд явна ганц хүү минь хүний гар хараад хэцүүдэн гэж хэлээд гуйгаад байсан гэж нөхөр Б.Ца надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дгийн“...Ж.Бын төрсөн дүү А.Бийн гэрт санаандгүй хууч хөөрөхөөр ороход А.Б гэртээ 2 тооны хонь 1 тооны ямаа гаргасан байсан. Энэ үед А.Бийн төрсөн ээж Б.Ж надад хандан өнөөдөр манайх идшээ идэж байгаа ашгүй эгч нь ганцаараа гэдэс арилгаж барахгүй байна гэж хэлсэн. Тэгээд миний бие А.Бийн төхөөрсөн хоёр хонины гэдсийг арилгаж шувтарч өгчихөөд миний бие гэртээ харьсан. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны 16 цагийн багцаа байсан. А.Бийн гэрт орж хонины гэдэс арилгаж өгсөн. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А.Бийн гэрт гэдсийг арилгасан хонины нэг нь хар толгойтой хонь байсан. Бор нүдэн хонь байсан миний бие сайтар ажиглаж хараагүй. Ямааны арьс гэрийнхээ баруун талын модон авдрын өмнө хар зүсмийн ямааны арьс хуйлаад тавьсан байсан. Миний бие гэдсийг арилгасан 2 тооны хонины имийг хараагүй. Миний бие А.Бийн төрсөн ээж Б.Жгийн хамтаар уг хоёр хонины гэдсийг арилгасан. Манай гэр мал А.Б болон Ж.Б нарын хонь ямаа нэг км орчим зайтай нутагладаг. А.Б, Ж.Б нар нэг дороо нутагладаг хүмүүс. Тухайн өдөр нэг ямаа намайг гэрт нь ороход төхөөрсөн байсан.  Гэрт орсоны дараа хоёр хонь төхөөрсөн А.Бийг хоёр хонь төхөөрөх үед Ж.Бын банд Б.Ж А.Бийн гаргаж байгаа хонинуудыг барьж өгч байсан. Тухайн өдөр А.Бийн гэрт төрсөн ээж Б.Жгийн хамтаар хонины гэдэс арилгаж байхад гаднаас Б.Ца орж ирээд гэрт байгаа хүмүүстэй мэндлээд удалгүй гарч явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бын”...Тухайн өдөр А.Бийн гэрт ороход А.Б бор нүдэн хонь төхөөрсөн байсан эр эмийг би мэдэхгүй, мөн хар толгойтой хонь, хар зүсмийн ямаа эр эмийг нь хэлж чадахгүй сайтар ажиглаж хараагүй тул эм хонь эр хонь эр,эм ямаа байсан эсэхийг хэлж чадахгүй. Дээрх хонь ямааны гэдсийг миний төрсөн ээж Б.Ж нутгийн хүн Б.Дгийн хамтаар арилгасан. А.Бийн хонь, ямаа манай хонь ямаа нэг дороо нэг малын байранд байдаг хамт бэлчдэг тулд дээрх хоёр тооны хонь нэг тооны ямаа А.Бийн болон манай хонь ямаанууд биш байсан. Сам имтэй хонь ямаанууд байсан. Тухайн өдөр миний бие А.Бөөс ямар учиртай хонь ямаа төхөөрөөд байгаа юм бэ? гэж асуухад А.Б хүнээс авсан хонь ямаанууд гэж хариулсан дахин миний бие А.Бөөс юм асуугаагүй. Та туугаад Б.Цад хүргээд өгчих гэсэн тэгээд миний бие Б.Цад 10 тооны хонь, 2 тооны ямааг мориор тууж ганцаараа хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Жы”...А.Бийн төхөөрсөн хоёр хонины хөл махнаас Б.Ж барьж өгсөн А.Б өөрөө голын тасалсан. Дээрх хонь ямааны мах арьс толгойг А.Б яаснаа мэдэх байх миний хувьд мэдэхгүй. Миний төрсөн хүү А.Б Архангай аймгаас утсаар над руу яриад Б.Цад алдсан малын хохиролд 10 тооны хонь 2 тооны ямаа өгчих гэж хэлсэн Б.Цад хохиролд өгөх хонь ямааг би хонь, ямаанаасаа ялгаж өгөөд Ж.Боор мориор туулгаад Б.Цад хүргээд өгчих гээд явуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Жгийн”...А.Бийн гэрт ороход хоёр тооны хонины голыг тасалсан, нэг тооны хар зүсмийн ямааг төхөөрөөд махыг нь ширээн дээрээ цээж бөгсөөр нь салгаж эвдээд тавьсан байсан. Хоёр хонийг А.Б гэрийнхээ баруун талын авдрын урд зэрэгцүүлээд тавьсан байсан. Эхлээд хар толгойтой хонины гэдсийг гаргасан би өвчүүг түшиж өгсөн А.Б цээж бөгсөөр нь уг хонины махыг салгасан арьс толгой А.Бийн гэрт үлдсэн. Тэгээд бор нүдэн хонины гэдсийг гаргасан би өвчүүг түшиж өгсөн А.Б уг хонины махыг бөгс цээжээр нь салгаад гэрийн дотор газар гурил элддэг гамбанзан дээр тавьсан уг хонины арьс толгой мөн А.Бийн гэрт үлдсэн өөр хонь гаргаагүй А.Бийн гэрт намайг байхад Б.Ца ах орж ирсэн энэ үед би А.Бийн гэрээс гараад усанд явж өөрийн гэртээ ундны ус авчирсан...” гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээг гаргасан Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний 424 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт олон тооны мал найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Бийн өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг ашиглан хохирогч Б.Цагийн 11 тооны хонь, 4 тооны ямааг хулгайлсан үйлдэл нь  бусдын олон тооны малыг машин механизм ашигласан хулгайлах гэмт хэргийг шинжийг хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

           Иймд шүүхээс шүүгдэгч А.Бийг машин механизм ашиглан, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

   Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ца нь 11 тооны хонь, 4 тооны ямаа хулгайд алдаж түүнд 1.820.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.Ца нь уг хохирлыг авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу хоёр жилийн хорих оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн нь шүүгдэгч А.Бөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй юм.  Учир нь шүүгдэгч А.Б нь бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, мөн урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байсан түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд хуульд зааснаас доогуур ял оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 350.000/гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн мотоциклийг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч шүүгдэгч А.Бийн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 16/арван зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч А.Б нь бага насны хүүгийн хамт амьдардаг, ганц бие эцэг болох талаар түүний байнга оршин суух багийн засаг дарга тодорхойлолт ирүүлсэн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хүү бага насны Б.Ерөөлтөд асран хамгаалагч томилохыг Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Д овогт Аын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бөд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 16/арван зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

              5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч А.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 350.000/гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг хураан улсын орлого болгосугай.

 

              6. Шүүгдэгч А.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бага насны Б.Ерөөлтөд асран хамгаалагч томилохыг Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргад даалгасугай.

 

              7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР