Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 134/ШШ2017/00156

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: 1967 онд төрсөн, эмэгтэй, 50 настай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 6 дугаар багт оршин суух, ЕГ67040906 регистрийн дугаартай, Баяжих овогт Хайсандайн Туулын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Туул шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Туул миний бие 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Залуу хүч” нэгдэлд хэсэг дундын малын бага эмчээр ажиллаж байсан. Тухайн үеийн ажилд орсон тушаал байдаг ба ажлаас гарсан тушаал байдаггүй. Архив шатсаны улмаас устаж үгүй болсон учраас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна.

Иймд, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Залуу хүч” нэгдэлд хэсэг дундын малын бага эмчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.  

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Х.Туул нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Хүсэлт гаргагч Х.Туул нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Залуу хүч” нэгдэлд хэсэг дундын малын бага эмчээр ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Дунд боловсролтой мэргэжилтнийг ажилд томилох тухай” 31 дүгээр тушаал, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 093/07 дугаар тодорхойлолт, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 он 05 дугаар сарын 23-ны өдрийн 3/212 дугаар тодорхойлолт, Дорноговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 501 дүгээр албан бичиг, гэрч Ш.Амарсайхан, Ч.Оргодол, А.Сугар нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баяжих овогт Хайсандайн Туулыг 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Залуу хүч” нэгдэлд хэсэг дундын малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Туулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   П.ЦОГЗОЛМАА