Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/113

 

 

 

 

                                   2022/ШЦТ/113  

 

 

                                                                                                        

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат   

Шүүгдэгч: Г.Г, Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ггийн Г, Б овогт Гий Э нарт холбогдох эрүүгийн 2212000000053 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ............ гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Ггийн Г/РД:АЯ......../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувийн малаа малладаг, Ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ............х газар оршин суух хаягтай, урьд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дугаартай Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Гий Э/РД:А3............/

 

                               Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Г.Э, Г нар нь 2022 оны 01 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн нутаг, Элстэй гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 *Эрүүгийн 2212000000053 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 *Хохирогч Г.Гы өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Элстэй гэх газар оршин суудаг 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би хониндоо яваад 17 цагийн үед гэртээ ирэхэд Хангай сумын Гичгэнэ багийн иргэн Г.О, Б.Э, О, Д.Уа, Б.Г нар нь манай гэрт машинтай ирээд хоол цай идэж уугаад Нийслэл нэртэй 2.5 граммын савтай пиво уугаад сууж байсан тэгсэн надад ууж байсан пивоноосоо хийж өгөөд би Г.О, Б.Э, О нартай хамт пиво уугаад нэлээн согтоод байж байхад гадаа харанхуй болсон. Тэгсэн удалгүй гадаа Б.Э нь та нарыг ална пиздаа гэх мэтээр хараагаад орилоод байсан. Тэгээд бид нар гэрээсээ гараад Б.Этэй гадаа хэрүүл маргаан хийгээд Б.Э бид хоёр хоорондоо зодоон цохион хийгээд дээр доороо ороод бие биеэ цохиж зодоод байж байтал миний толгой хэсэг рүү Б.Э нь гараараа цохиод цус гарахаар нь хажууд байсан мотоциклийн урд төмөр амаржин байхаар нь Б.Эийн толгой хэсэг рүү нь цохисон чинь хажуу талд буун дуу гарахаар нь бид хоёр зодоон цохион хийхээ болиод юу болсон талаар асуутал Н.Б ах буудсан гэсэн тэгээд бид нар гэртээ орсон. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлийг нь санахгүй байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Миний толгойн хойд хэсэгт хагарсан байгаа. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/

 

*Хохирогч Г.Эийн өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Элстэй гэх газар оршин суудаг 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед манай хажуу талын айл Г.Гы гэрт Хангай сумын Гичгэнэ багийн иргэн Г.О, Б.Э, О, Д.Уа, Б.Г нар нь машинтай ирсэн удалгүй 16-17 цагийн үед манай гэрт Г.О ганцаараа орж ирээд 2 нүднийхээ дуранг зарах уу гэхээр нь чи сонирхоод байгаа бол ав ав гэсэн чинь үнэ ханш нь хэд гэж байна гэхээр нь бяруутай үнээгээр өгнө гэсэн чинь Г.О нь дээлний өвөрөөс 1 шил тал архи гаргаж ирээд надад аягалаад өгөхөөр нь би уухгүй гэсэн чинь Г.О нь Н.Б ахад мөн аягалж өгсөн. Тэгээд Н.Б ах манай гэрээс гараад үхэртэй яваад өгсөн, тэгээд Г.О бид хоёр шилний дундуур байсан архийг хувааж уугаад Г.Гыд ортол Б.Э, О, Д.Уа, Б Г нар нь пиво уугаад сууж байсан тэгээд би шаазан аягаар 2 аягыг уугаад буцаж О Б.Э бид гурав манайд орж нэг шил архины талыг хувааж уугаад Г.О бид хоёр хоорондоо маргалдаад намайг дараад байхаар нь Н.Б ах бид хоёрыг салгаад байж байтал Д.Уа миний араас төмөр саваар цохиж аваад байсан. Тэгээд би Н.Б ахынд ороод сууж байтал дахин миний араас орж ирээд хэрүүл маргаан хийгээд байсан тэгээд дахин гарч хоорондоо хэрүүл маргаан хийгээд бие биеэ өдөөд зодоон хийсэн. Тэгсэн миний толгой хэсэг рүү төмрөөр харанхуйд цохисон тэгээд би мэдэхгүй ухаан алдаад унасан гэрийн хажуу талд хэвтэж байгаад сэргэсэн чинь миний толгойны араас цус гарч байсан би өөр зүйл мэдэхгүй байна. Мөн миний толгой руу хэн цохисоныг нь би хараагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Миний толгойн хойд хэсэгт хагарсан, баруун гар хавдсан хүзүүний хойд хэсэгт хавдсан. Гайгүй байсан 8 хундага архи 2 аяга пиво уусан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 06-07 дугаар тал/

 

*Гэрч Н.Бы өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Элстэй гэх газар өвөлжиж байхад 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед хажуу айлын Г.Гы гэрт нь Хангай сумын иргэн Г.О, Б.Э, О, Д.Уа, Б.Гантулга нар нь машинтай ирсэн орой 17 цагийн үед би Г.Эийн гэрт нь ороод сууж байтал гаднаас Г.О Б.Э хоёр орж ирээд идээ идчихээд Г.О нь дээлний өврөөсөө нэг шил архины тал гаргаж ирээд надад хийж өгөхөөр нь би уугаагүй буцаагаад өгсөн тэгсэн Г.О нь Г.Эд архи аягалж өгөөд шахаад байсан. Тэгэхээр нь би Г.От Г.Эд архи өгөхгүй шүү Г.Э өнөө орой ажилтай та нар одоо гэр гэртээ хариарай гэж хэлсэн чинь Г.О танд хамаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би удалгүй үхэртэй яваад орой харанхуй болоод 19 цагийн үед үхрээсээ гэртээ ирээд байж байтал гадаа хүмүүс орилоод байхаар нь гараад хартал Г.Эийн гадаа хүмүүс зодоон цохион хийгээд байх шиг болохоор нь яваад очтол Г.Эийн дээрээс Г.О нь дараад /гэхдээ зодоон хийгээгүй/ сууж байхаар нь Г.Оын цамцнаас нь татаад босгоод зогсож байсан чинь О мөн Г.Этэй хэрүүл маргаан хийгээд байхаар нь би цааш нь түлхээд явуулсан. Тэгсэн Д.Уа хог хийдэг төмөр савыг Г.Э рүү шидсэн чинь тухайн үед оноогүй тэгээд би Г.Эийг өөрийн гэртээ дагуулаад орсон чинь араас Г.О, Б.Э О, Г.Г нар нь гаднаас манай гэрт орж ирсэн. Тухайн үед Г.Э болон Г.Г нарын биед гэмтэл үүсээгүй зүгээр байсан. Г.Э нь Огийн үснээс татсан чинь О нь Г.Эийг цааш нь түлхсэн тэгэхээр нь би орон дээр сууж байгаад босоод манай гэрт орж ирсэн хүмүүсийг бүгдийг нь гэрээсээ гаргасан чинь гадаа гараад хэрүүл маргаан хийгээд байхаар нь дахин би дундуур нь ороод салгасан чинь Г.Э Г.Г нар нь хоорондоо зодоон хийж байгаад Г.Г нь Г.Эийн толгой хэсэг рүү төмрөөр цохиод байна гээд тэнд байсан хүмүүс орилохоор нь энэ хүмүүс Г.Эийг алж магадгүй юм байна гэж бодоод би өөрийн гэртээ гүйж ороод салгах гэхээр дийлэхгүй болохоор нь нь өөрийн карбин маркийн буугаар нэг удаа хошууг нь дээш нь харуулж байгаад буудсан. Тэгсэн манай эхнэр Болормаа ирж миний бууг аваад явсан. Тэгсэн зодоон цохион хийж байсан хүмүүс тараад гэр гэртэй орсон өөр зүйл болоогүй. Г.Э болон Г.Г нар нь нэлээн согтуу байсан. Миний харж байсанаар Г.Г нь Г.Эийн толгой хэсэг рүү төмрөөр цохисон харин Г.Гы толгой хэсэгт хэн цохисныг мэдэхгүй байна. Гадаа харанхуй байсан. Тухайн үед би буугаар нэг удаа буудсан. Ямар нэгэн хүн амьтан бэртэж гэмтээгүй. Вентов маркийн 3936 гол төмрийн дугаартай 3556 замгийн дугаартай уг галт зэвсэг нь миний эзэмшлийн буу байгаа. Надад миний аав нас барахаасаа өмнө өгсөн. Ямар нэгэн бичиг баримт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/

 

*Гэрч Д.Уын өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Өвөр даваат гэх газар оршин суудаг 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би нөхөр Г.Оын хамт Хангай сумын Ноёнхангай багийн төв орж ирээд найз Б.Э, Г, О нартай тааралдаад хоорондоо ярилцаад Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Элстэй гэх газар явж найз Б.Гы гэрт нь өдөр 14 цагийн үед очиход Г.Г хониндоо явсан харин эхнэр Х.Чулуунчимэг нь гэртээ байсан. Тэгээд бид нарт Г хоол цай хийж өгөөд 2.5 граммын савтай Боргио нэртэй нэг пиво уугаад дахин 0.5 граммын савтай ерөөл нэртэй архи уугаад дуусаж байхад Г.Г хониноосоо ирээд хонио хашаад гэртээ орж ирээд хоол цайгаа идээд бид нарын авч очсон архи пивоноос уугаад бид нар сууж байхад Г.Э нь гаднаас орж ирээд бид нартай хамт архи пиво уугаад сууж байгаад Г.Э, Б.Э, Г.О нар гэрээс гараад явсан. Удалгүй Б.Э гаднаас орж ирээд Г.Э нь ахындаа ороод томроод байна гээд орж ирсэн удалгүй гадаа хүмүүс зодоон цохион хийгээд байхаар нь гүйгээд очтол Г.Г Г.Э хоёр зодоон цохион хийж байсан. Тэгэхээр нь би салгах гэтэл дийлэхгүй байсан болохоор газар байсан төмөр савыг аваад зодоон хийж байсан Г.Г Г.Э хоёрын тийш шидсэн чинь Г.Эийн ард нь унасан гэхдээ тэнд байсан хүмүүсийг онож цохиогүй харин Г.Г нь Г.Эийн толгой хэсэг рүү нь төмрөөр цохисон тэгсэн буун дуу гарсан тэгээд бид нар айгаад Г.Гыд бүгдээрээ гүйгээд орсон тэрнээс өөр зүйл болоогүй. Г.Э болон Г.Г нар нь нэлээн согтуу байсан. Миний харж байснаар Г.Г нь Г.Эийн толгой хэсэг рүү төмрөөр цохисон. Г.Г нь Г.Э намайг гараараа цохиж миний толгойг гэмтээсэн гэж тухайн үед Г.Г ярьж байсан.  Тухайн үед Н.Б гэдэг хүн буугаар нэг удаа буудсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-36 дугаар тал/

 

*Гэрч Б.Эын өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Хангай сумын Арбаясгалан багт оршин суудаг 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би эхнэр Б.Ггийн хамт Хангай сумын Ноёнхангай багийн төв орж ирээд найз Г.О эхнэр Д.Уа, О нартай тааралдаад хоорондоо ярилцаад Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Элстэй гэх газар явж найз Г.Гы гэрт нь өдөр 14 цагийн үед очиход Г.Г хониндоо явсан харин эхнэр Х.Чулуунчимэг байсан тэгээд бид нарт хоол цай хийж өгөөд 2.5 граммын савтай Боргио нэртэй нэг пиво уугаад дахин 0.5 граммын савтай ерөөл нэртэй архи уугаад дуусаж байхад Г.Г хониноосоо ирээд хонио хашаад гэртээ орж ирээд хоол цайгаа идээд бид нарын авч очсон архи пивоноос уугаад бид нар сууж байхад Г.Э гаднаас орж ирсэн. Тэгээд хамт уугаад сууж байгаад Г.О Г.Э бид гурав Г.Э ахынд орж нэг шил архи хувааж уугаад Г.О Г.Э хоёр хоорондоо маргалдаад байсан чинь Н.Б ах тэр хоёрыг салгаад аваад явсан тэгэхээр нь би угаасаа зодоон болж магадгүй байна гэж бодоод машинаа асаах гэсэн боловч асахгүй байхаар нь уулын  уруу газар машинаа өнхрүүлээд зогсож байтал хүмүүс хоорондоо зодоон цохион хийгээд байхаар нь гүйгээд очтол Г.Э Г.Г нар нь хоорондоо зодоон цохион хийгээд байхаар нь дундуур нь ороод салгатал буун дуу гарсан тэгэхээр бид нар Г.Гы гэрт гүйгээд орсон тэрнээс өөр зүйл би мэдэхгүй байна. Тухайн үед согтуу байсан гэхдээ юу болж байгааг мэдэж байсан. Г.Э болон Г.Г нар нь нэлээн согтуу байсан. Би зодоон болоход байхгүй байсан болохоор мэдэхгүй байна. Миний биед гэмтэл үүсээгүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Тухайн айлын хажууд байсан Н.Б гэдэг хүн буудсан. Ямар нэгэн хүн амьтан бэртэж гэмтээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-24 дүгээр тал/

 

*Гэрч Ц.Цийн өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Элстэй гэх газар оршин суудаг. 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед машинтай 5 хүн манай хажуу талд байдаг Г.Гы гэрт ирж байсан. Орой Г.Э, Г.Г мөн машинтай ирсэн хүмүүс бүгд согтуу байсан. Тэгсэнээ харанхуй болж байхад хоорондоо зодоон цохион хийж байснаа чимээгүй болсноо дахин зодоон цохион хийгээд орилоод байхаар нь гэрээсээ гарсан чинь Г.Г, Г.Э хоёр зодоон хийж байсан. Тэгээд би салгах гээд очтол Г.Г нь Г.Эийн толгой хэсэг рүү газар байсан төмрийг аваад толгой хэсэг рүү хоёр удаа цохиж авсан тэгэхээр нь Г.Гыг чи хүн алах шахлаа одоо боль гэсэн чинь ойролцоо буун дуу гарахаар нь юу болсон талаар асуухад Н.Б буудсан байсан тэгээд тэр хавиар байсан хүмүүс тараад гэр гэртээ орсон. Намайг байхад Г.Э болон Г.Г нар нь нэлээн согтуу байсан. Миний харж байснаар Г.Г нь Г.Эийн толгой хэсэг рүү төмрөөр 2 удаа зохисон харин Г.Гы толгойг хэн цохисоныг би мэдэхгүй байна. Г.Э Г.Г нар хоорондоо зодоон цохион хийж байсан өөр хүн оролцоогүй. Г.Гы хажууд байсан Н.Б гэдэг хүн буудсан. Ямар нэгэн хүн амьтан бэртэж гэмтээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-40 дүгээр тал/

 

*Яллагдагч Г.Эийн өгсөн:

“...Би зүйлчлэлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 121-122 дугаар тал/

*Яллагдагч Г.Гы өгсөн:

“...Би Г.Этэй сайн дураараа эвлэрсэн одоо бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй болсон бие биеэсээ уучлалт гуйсан байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 130-131 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 79 дугаартай“...Г.Эийн биед дагз орчим хуйханд язарсан шарх, баруун гарын долоовор хурууны 2-р шивнүүрийн далд хугарал, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, 2,3-р хуруунд жижиг шарх, зулгаралт, сэрвээнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дагз орчим хуйханд язарсан шарх, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, долоовор хурууны 2-р шивнүүрийн далд хугарал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2,3-р хуруунд жижиг шарх, зулгаралт, сэрвээнд цус хуралт гэмтэл тус бүр 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.Э нь хэвлийн эхо шинжилгээгээр дотор эрхтэнд архаг хууч өвчингүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 91-92 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 74 дугаартай“...Г.Гы биед зулайн баруун хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 75-76 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134, 135 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Г.Э, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн нутаг, Элстэй гэх газарт иргэн Г.Э, Г.Г нар нь харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Г.Э, Г.Г нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Гы ”...Тэгсэн удалгүй гадаа Б.Э нь та нарыг ална пиздаа гэх мэтээр хараагаад орилоод байсан. Тэгээд бид нар гэрээсээ гараад Б.Этэй гадаа хэрүүл маргаан хийгээд Б.Э бид хоёр хоорондоо зодоон цохион хийгээд дээр доороо ороод бие биеэ цохиж зодоод байж байтал миний толгой хэсэг рүү Б.Э нь гараараа цохиод цус гарахаар нь хажууд байсан мотоциклийн урд төмөр амаржин байхаар нь Б.Эийн толгой хэсэг рүү нь цохисон...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Эийн”...Тэгээд би Н.Б ахынд ороод сууж байтал дахин миний араас орж ирээд хэрүүл маргаан хийгээд байсан тэгээд дахин гарч хоорондоо хэрүүл маргаан хийгээд бие биеэ өдөөд зодоон хийсэн. Тэгсэн миний толгой хэсэг рүү төмрөөр харанхуйд цохисон тэгээд би мэдэхгүй ухаан алдаад унасан гэрийн хажуу талд хэвтэж байгаад сэргэсэн чинь миний толгойны араас цус гарч байсан би өөр зүйл мэдэхгүй байна. Мөн миний толгой руу хэн цохисоныг нь би хараагүй...” гэх мэдүүлэг, гэрч Н.Бы”...Г.Э Г.Г нар нь хоорондоо зодоон хийж байгаад Г.Г нь Г.Эийн толгой хэсэг рүү төмрөөр цохиод байна гээд тэнд байсан хүмүүс орилохоор нь энэ хүмүүс Г.Эийг алж магадгүй юм байна гэж бодоод би өөрийн гэртээ гүйж ороод салгах гэхээр дийлэхгүй болохоор нь нь өөрийн карбин маркийн буугаар нэг удаа хошууг нь дээш нь харуулж байгаад буудсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Уын”...Удалгүй Б.Э гаднаас орж ирээд Г.Э нь ахындаа ороод томроод байна гээд орж ирсэн удалгүй гадаа хүмүүс зодоон цохион хийгээд байхаар нь гүйгээд очтол Г.Г Г.Э хоёр зодоон цохион хийж байсан. Тэгэхээр нь би салгах гэтэл дийлэхгүй байсан болохоор газар байсан төмөр савыг аваад зодоон хийж байсан Г.Г Г.Э хоёрын тийш шидсэн чинь Г.Эийн ард нь унасан гэхдээ тэнд байсан хүмүүсийг онож цохиогүй харин Г.Г нь Г.Эийн толгой хэсэг рүү нь төмрөөр цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эын”...хүмүүс хоорондоо зодоон цохион хийгээд байхаар нь гүйгээд очтол Г.Э Г.Г нар нь хоорондоо зодоон цохион хийгээд байхаар нь дундуур нь ороод салгатал буун дуу гарсан тэгэхээр бид нар Г.Гы гэрт гүйгээд орсон тэрнээс өөр зүйл би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Цийн”...хоорондоо зодоон цохион хийж байснаа чимээгүй болсноо дахин зодоон цохион хийгээд орилоод байхаар нь гэрээсээ гарсан чинь Г.Г, Г.Э хоёр зодоон хийж байсан. Тэгээд би салгах гээд очтол Г.Г нь Г.Эийн толгой хэсэг рүү газар байсан төмрийг аваад толгой хэсэг рүү хоёр удаа цохиж авсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Г.Э, Г.Г нарын мэдүүлэг, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 73, 74 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Эийн хүний биед зулайн баруун хэсгийн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, шүүгдэгч Г.Гы хүний биед дагз орчим хуйханд язарсан шарх, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, долоовор хурууны 2-р шивнүүрийн далд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Э, Г.Г нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж  шүүх дүгнэв.

 

   Хохирол хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э, Г.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд харилцан бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрийн талаар харилцан тохиолцсон, гомдол саналгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүгдэгч Г.Э, Г.Г нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.Э, Г.Г нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Г.Э, Г.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан никель 63 см урттай мотоциклийн амортизатор 1/нэг/ ширхэгийг устгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч Х овогт Ггийн Г, Б овогт Гий Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Г.Г нарыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Г.Г нар нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Г.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан никель 63 см урттай мотоциклийн амортизатор 1/нэг/ ширхэгийг устгасугай.

 

6. Шүүгдэгч Г.Э, Г.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Э, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР