Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

 

 

 

                                   2022/ШЦТ/95  

 

 

                                                                                                        

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Бичинхүү  

Шүүгдэгч: З.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Зын Мод холбогдох эрүүгийн 2112002070021 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн ............ ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............... тоотод суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Зын М/РД:АБ............../

 

                               Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч З.М нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хангайн Отог” зочид буудалд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө 04 цагийн орчим тооцоо хийхгүй гэх шалтгааны улмаас маргалдаж иргэн Б.Бгийн хамар болон толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 *Эрүүгийн 2112002070021 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 *Хохирогч Б.Бгийн өгсөн:

“...2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 23 цаг арай болоогүй байхад 3 залуу, 3 хүүхэн буудалд өрөө авъя гэж ирэхээр нь 507 дугаартай өрөөг 40000 /дөчин мянга/ төгрөгөөр өгсөн. Шөнийн 01 цагийн үед хоорондоо маргалдаад байхаар нь очиж харахад З.М гэх залуу нь дахин хэрүүл зодоон хийхгүй уучлаарай гэхээр нь бусад өрөөний хүмүүсийг амраахгүй байна гэж хэлчихээд явсан. Удалгүй 30 минутын дараа дахин ширээ, сандлаа цохиод пижигнээд ирэхээр нь орж хартал бас л хоорондоо маргалдаад байхаар нь зүгээр байж чадахгүй бол гарцгаа гэхэд бас л уучлаарай удахгүй гарна аа гэсэн. Тэгээд шөнийн 02 цагийн үед 3 хүүхэн нь гарсан, нэлээн байж байгаад З.М нь нэг залуутайгаа араас нь гарсан. Үлдсэн нэг залуу нь гарч ирэхгүй болохоор нь өрөөнд нь очиж уулзахад би хонохоо болилоо, эд нарын араас гарвал хэрүүл зодоон болно, намайг өөр хаалгаараа гаргачих гэхээр нь би заалныхаа хаалгаар гаргасан. Буцаад 03 цагийн үед З.М нь куртик, ноосон цамцаа авъя гээд орж ирээд өрөө рүүгээ ороод, шууд гараад явах гэхээр нь би тооцоогоо нэхсэн чинь чи яахаараа надаас буудлын тооцоогоо нэхдэг юм, өгөө биз дээ гэхээр нь би хийгээгүй байна гэсэн. З.М нь нэлээн согтчихсон, буудлын 506 дугаартай өрөөний үүдийг нүдэж сэрээгээд унтаж байсан залууг гаргаж ирээд “миний тооцоог хэн хийх ёстой юм, надтай хамт явсан залуу хаана байна” гэж түлхээд өрөө рүү нь орж хайж байгаад гарч ирээд, чи нуусан уу гээд агсраад байсан, нөгөө залуу нь эрүүл байсан болохоор урдаас нь юм яриагүй. Тэгснээ 501 дугаартай өрөөний хаалгыг нүдээд үүдээ онгойлго, хамт явсан залууг нуусан уу гээд орилоод байсан, ер нь тэр хавиар орилоод хаалга, хаалга нүдээд явсан. Тэгээд үүдэнд ирээд гарах гэхээр нь тооцоогоо хийгээд яваарай гэсэн чинь “чи надаас тооцоо нэхдэг хэн бэ” хуц пизда гээд миний энгэрээс заамдаад авахаар нь би буцааж адилхан заамдаад авсан, гэтэл хамар руу шаагаад авсан, дараа нь толгой руу 2- 3 удаа цохисон. Хамт явсан залуу нь салгах гэж ирсэн хэрнээ миний араас хоёр гарын хамт тэврээд авсан. Гэтэл З.М нь намайг заамдсан хэвээрээ хойш түлхэж ор руу унагааж байгаад дахин толгой руу 2-3 удаа цохиж авсан. Цохиулаад байхад хамт явсан залуу нь тэвэрчхээд тавихгүй байхаар нь би тавиач гэж уурлаж байгаад тавиулсан. Эхнэр маань ирээд салгах гээд З.Мыг болиоч гээд татаад байсан чинь, дуугай бай гичий минь гээд хоёр удаа өшиглөөд, пивор сандал чулуудаж эвдсэн. Цуг явсан охин нь гаднаас орж ирээд эхнэртэй хамт хамжиж байгаад З.Мыг салгаж авсан. Ингээд салаад өрөөнөөс гарч иртэл урдаас цагдаа нар гарч ирээд аваад явсан. Тэр хоёр цагдааг нэрээр нь дуудаад намайг авч явах болоогүй шүү, учир зүйгээ олох гэж байна гээд явахгүй байсан. Цагдаа нарын үгэнд орохгүй гадаа 30-д минут хэртэй болсон байх, машинд нь сууж өгөхгүй ноцолдоод байх шиг байсан. Хоорондоо маргалдаад байхаар нь өрөөнд нь орж харахад хойд орыг бүр урагш нь татаад тавьчихсан, З.М гээд байгаа нь хувцасаа тайлчихсан, Пудволктойгоо босоод зогсчихсон хэрүүл маргаан болсон шинжтэй байцгааж байсан. Тэр залууг нуугаад гаргаж байхад хэдэн бацаан нарт зодуулахаа шахлаа, дарамтлаад байна, одоо уулзвал хэрүүл зодоон болно байх гэхээр нь өөр хаалгаар гаргасан. Анх орж ирэхдээ эрүүл байх шиг байсан, тортой зүйлс авч орсон, анх пижигнээд дуу чимээ гаргаад байхаар нь ороход 0,75 гр-тай “Эдэн” нэртэй архи ууж байсан. Хамар хавдаад цус гарч байхад нэг цагдаад нь харуулсан. Толгой руу нэлээн хэдэн удаа атгасан гараараа цохисон болохоор толгой өвдөж байна. Шүүх эмчийн дүгнэлт гаргуулна. Нэгдсэн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд эмч нь хамрын цөмрөлттэй, таславч нь гэмтсэн байна зургийг нь авхуул гэсэн. Би З.М гэх залууд гар хүрч цохиж, зодсон асуудал гаргаагүй.  Гомдолтой, үзүүлж дуусаж байгаад нэхэмжлэл гаргана. Бусад гарсан тооцоонуудаа авна...” гэх мэдүүлэг/хх-ийн 4-6 дугаар тал/

 

*Гэрч М.Цгийн өгсөн:

“...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 23 цаг өнгөрч байхад З.М нь 2 эмэгтэй 2 эрэгтэйтэй тавуулаа миний таньдаг дүүтэй орж ирээд манай буудалд гуйсаар байгаад орцгоосон. Буудалд байхдаа архидан согтуурч хоорондоо зодоон хийгээд байхаар нь манай нөхөр 2 удаа орж шаардлага тавьсан. Тэгээд цуг байсан нэг залуу нь манай нөхөртэй уулзаад З.М гэх залуу намайг зодох гээд байна намайг гаргаад өгөөч гээд тэгэхээр нь манай нөхөр гаргаж өгсөн. Тэгээд үлдсэн хүмүүс нь 03 цаг өнгөрч байхад явах болоод үлдэгдэл 9.000 төгрөгийн тооцоо дутуу байсанг төлөөрэй гэж манай нөхөр шаардлага тавихад надаар төлүүлдэг хэн бэ гөлөг минь гээд З.М гэх залуу нь орилоод байсан. Тэгээд манай нөхөртэй барилцаж авахаар нь би хамт явсан хүмүүсийг нь дуудаад салгуулсан. Тэр хооронд манай нөхрийн хамар руу гараараа цохьчихсон, тэгээд би цагдаад дуудлага өгсөн. З.М нь буудлын үлдэгдэл төлбөр болох 9000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй, мөн манай нэг сандлыг эвдсэн, 2-3 хоногийн дараа яг ижил шинэ сандал авчирч хохирол барагдуулсан. Өөр эвдэд хэмхэлсэн зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-56 дугаар тал/

 

*Гэрч М.Цгийн дахин өгсөн:

“...З.М нь буудлын үлдэгдэл төлбөр болох 9000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй, мөн манай нэг сандлыг буудлын хана руу шидэж эвдсэн, 2-3 хоногийн дараа яг ижил шинэ сандал авчирч хохирол барагдуулсан. Буудлын хана эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй. Халуун сав унаж цай нь асгарсан түүнээс хагарч гэмтсэн зүйл байхгүй. Манай тек рүү гараараа цохиж өшиглөсөн модон тек болохоор эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй. З.Мыг манай нөхөр буудлынхаа үлдэгдэл мөнгийг төлчих гэж хэлсэн чинь манай нөхрийг заамдаж аваад текний хажуу талын өрөө рүү ороод манай нөхрийг дарж аваад хажуу талд нь байсан сандал болон халуун савтай цай асгасан. Тэгээд би болиоч ээ гээд орилсон чинь миний зүүн талын бөөр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Манай нөхрийн тархи толгой руу нүдэж цохисон, мөн нүүрэн рүү нэг удаа, хамар руу нь гараараа цохисон. Өөр асуудал байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 84-85 дугаар тал/

 

*Гэрч Т.Дгийн өгсөн:

“...2021 оны 11 сарын 29-ний орой манай найз охин Сэргэлэн өнөөдөр найздаа итгэчих, хамт яваад өгөөч гэхээр нь Ций бид хоёр хамт явсан. “Хангай отго” гэх нэртэй буудалд 23 цагийн үед байх орцгоосон. Тэгтэл гаднаас худалдаж авсан архи, ундаа, шоколат байсан, түүнийгээ идэж ууцгаасан. Гурван залуугийн нэг танихгүй ахтай нь З.М маргаад, юм ярихаар л хоорондоо сөргөлдөөд байсан. Найз охин Сэргэлэн нэлээн согтчихсон байхаар нь явъя гэхээр Өрнөхбаярын хажууд суучихаад явахгүй байсан. Тэгээд ууж идэж дуусаад бүгд буудлаас гарцгаасан. З.М маргалдаж байхдаа гаднах хувцасаа тайлсан байсан, хувцасаа мартчихаж, намайг хамт ороод авъя гэхээр нь хамт ороод хувцасыг нь аваад өрөөнөөс гараад буух гэтэл буудлын ах тооцоогоо төлөөгүй ээ гэж хэлсэн тэр нь самар, ундааны мөнгөө төлөөгүй байсан. Би доош буугаад З.М буудлын ахтай 2 давхарт үлдсэн. Гадаа гараад цонхоор хартал 2 давхарт буудлын ах, З.М хоёр зодоон хийж харагдахаар нь би, дээшээ гараад ортол буудлын ахыг буланд дээш нь харуулчихсан, З.М дээр нь гарчихсан гараа далайгаад цохих гэж байхад нь би араас нь татаад настай хүнийг цохиж болохгүй ш дээ гээд татсаар байгаад арай гэж салгаж авсан. Тэр буудлын ахын хамраас нь цус гоожиж байсан. Би доошоо буугаад Өрнөхбаярыг дуудаж дээш гаргуулсан. Сэргэлэн гадаа бөөлжөөд байсан болохоор Дүзий бид хоёр хажууд нь байсан. Би буудал руу дахин орж харахад З.Мыг цагдаа аваад буудлаас гарсан. Тэгээд бид гурав дотуур байр руугаа явсан. Буудлын ах тооцооноос л болж маргалдсан. Надад өөр харсан зүйл байхгүй. Буудалд 2 шил архи уусан, намайг уу уу гээд шахаад байхаар нь би нэг рүнк уусан. Сэргэлэн бол нилээн уусан, Дүзиймаа нээх уугаагүй, бараг эрүүл шахуу, З.М, Өрнөхбаяр, нэрийг нь мэдэхгүй ах гурав бүгдийг нь уугаад дуусгасан. З.М цагдааг таньдаг бололтой нэрээр нь дуудаад байсан, цагдаа шууд аваад гарсан. Гадаа юу болсонг хараагүй, би дотор байсан. З.М, нэрийг нь мэдэхгүй ах тэр хоёр л хоорондоо маргалдаад байсан, тэрнээс хоорондоо бол зодолдсон зүйл байхгүй. Бусад нь маргалдсан зүйл болоогүй. Анх орохдоо л тэр гурав ямар нэгэн асуудал гаргахгүй ээ гэж хэлээд дагуулж орсон юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/

 

*Шинжээч Б.Оын өгсөн:

“...Уг дүгнэлтийг гаргахдаа Б.Бн биед нь үзлэг хийж чих хамар хоолойн эмчийн үзлэг, рентгенд харсан бичлэгийг үндэслэж гаргасан. Чих хамар хоолойн эмчийн үзлэгт хамар яс хугараагүй, хамрын таславчийн мурийлттай гэж бичигдсэн байсан. Мөн рентген харалтаар хамар яс хугараагүй, хамрын таславчийн мурийлттай гэж рентгений эмч бичсэн байсан. Энэ нь шинэ гэмтэл байсан. Үзлэгээр хамар тэмтрэхэд хөндүүр эмзэглэлтэй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 60-61 дүгээр тал/

 

*Яллагдагч З.Мын өгсөн:

“...Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 79-80 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 444 дугаартай“...Б.Бгийн биед хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч З.Мод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны 04 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хангайн Отог” зочид буудалд иргэн Б.Б нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч З.М үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Бн”...З.М нь нэлээн согтчихсон, буудлын 506 дугаартай өрөөний үүдийг нүдэж сэрээгээд унтаж байсан залууг гаргаж ирээд “миний тооцоог хэн хийх ёстой юм, надтай хамт явсан залуу хаана байна” гэж түлхээд өрөө рүү нь орж хайж байгаад гарч ирээд, чи нуусан уу гээд агсраад байсан, нөгөө залуу нь эрүүл байсан болохоор урдаас нь юм яриагүй. Тэгснээ 501 дугаартай өрөөний хаалгыг нүдээд үүдээ онгойлго, хамт явсан залууг нуусан уу гээд орилоод байсан, ер нь тэр хавиар орилоод хаалга, хаалга нүдээд явсан. Тэгээд үүдэнд ирээд гарах гэхээр нь тооцоогоо хийгээд яваарай гэсэн чинь “чи надаас тооцоо нэхдэг хэн бэ” хуц пизда гээд миний энгэрээс заамдаад авахаар нь би буцааж адилхан заамдаад авсан, гэтэл хамар руу шаагаад авсан, дараа нь толгой руу 2- 3 удаа цохисон. Хамт явсан залуу нь салгах гэж ирсэн хэрнээ миний араас хоёр гарын хамт тэврээд авсан. Гэтэл З.М нь намайг заамдсан хэвээрээ хойш түлхэж ор руу унагааж байгаад дахин толгой руу 2-3 удаа цохиж авсан. Цохиулаад байхад хамт явсан залуу нь тэвэрчхээд тавихгүй байхаар нь би тавиач гэж уурлаж байгаад тавиулсан. Эхнэр маань ирээд салгах гээд З.Мыг болиоч гээд татаад байсан чинь, дуугай бай гичий минь гээд хоёр удаа өшиглөөд, пивор сандал чулуудаж эвдсэн. Цуг явсан охин нь гаднаас орж ирээд эхнэртэй хамт хамжиж байгаад З.Мыг салгаж авсан. Ингээд салаад өрөөнөөс гарч иртэл урдаас цагдаа нар гарч ирээд аваад явсан. Тэр хоёр цагдааг нэрээр нь дуудаад намайг авч явах болоогүй шүү, учир зүйгээ олох гэж байна гээд явахгүй байсан. Цагдаа нарын үгэнд орохгүй гадаа 30-д минут хэртэй болсон байх, машинд нь сууж өгөхгүй ноцолдоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Цгийн”...Тэгээд манай нөхөртэй барилцаж авахаар нь би хамт явсан хүмүүсийг нь дуудаад салгуулсан. Тэр хооронд манай нөхрийн хамар руу гараараа цохьчихсон, тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Дгийн”...Би доош буугаад З.М буудлын ахтай 2 давхарт үлдсэн. Гадаа гараад цонхоор хартал 2 давхарт буудлын ах, З.М хоёр зодоон хийж харагдахаар нь би, дээшээ гараад ортол буудлын ахыг буланд дээш нь харуулчихсан, З.М дээр нь гарчихсан гараа далайгаад цохих гэж байхад нь би араас нь татаад настай хүнийг цохиж болохгүй ш дээ гээд татсаар байгаад арай гэж салгаж авсан. Тэр буудлын ахын хамраас нь цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг, шинжээч Б.Оын”...Уг дүгнэлтийг гаргахдаа Б.Бн биед нь үзлэг хийж чих хамар хоолойн эмчийн үзлэг, рентгенд харсан бичлэгийг үндэслэж гаргасан. Чих хамар хоолойн эмчийн үзлэгт хамар яс хугараагүй, хамрын таславчийн мурийлттай гэж бичигдсэн байсан. Мөн рентген харалтаар хамар яс хугараагүй, хамрын таславчийн мурийлттай гэж рентгений эмч бичсэн байсан. Энэ нь шинэ гэмтэл байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч З.Мын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 444 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч З.Мын хүний биед хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч З.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж  шүүх дүгнэв.

 

   Хохирол хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Бн эмчилгээ хийлгэх зардал 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч энэ талаар баримт ирүүлээгүй тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,  шүүгдэгч З.Мыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүгдэгч З.М нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч З.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч З.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

1.  Шүүгдэгч М овогт Зын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч З.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Бн нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч З.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР