Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/115

 

 

 

 

 

                           2022/ШЦТ/115

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат    

Шүүгдэгч: Р.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Рийн Жт холбогдох эрүүгийн 2212000000106 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 04-нд Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Тариат сумын ............. оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Рийн Ж/РД:А3............../

 

                              Холбогдсон хэргийн талаар:  

 

Шүүгдэгч Р.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 16-аас 19-ний өдрийн хооронд Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн нутаг дэвсгэр Хамар даваа гэх газраас 4 м урттай, 90 ширхэг, 2 метр куб хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 82-34 АРХ улсын дугаартай Кантер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, ойн санд 1.329.969 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000106 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Б.Бийн өгсөн:  

“...Р.Ж гэх манай нутгийн иргэн 2022 оны 02 дугаар сарын 16-наас 19-ний өдрийн хооронд Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн нутаг дэвсгэр Хамар даваа гэх газраас 4 метр урттай, 90 ширхэг, 2 метр куб хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 82-34 АРХ улсын дугаартай Кантер маркийн автомашинаар тээвэрлэн ойн санд 1.329.969 төгрөгийн хохирол учруулсан байсан бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Тухайн газар нь улсын тусгай хамгаалалттай газар ордоггүй. Тухайн үед мод бэлтгэх үед нь мэдээгүй. Харин сүүлд манай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б надад хэлсэн. Тэгэхээр нь би мэдсэн. Түүнээс би огт мэдээгүй байсан. Байгаль орчинд учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 115-116 дугаар тал/

 

          *Гэрч Р.Бгийн өгсөн:

          “...Би Архангай аймаг Тариат сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагч ажил эрхэлдэг энэ ажил мэргэжлээрээ 18 жил ажиллаж байна. Би иргэн Р.Ж гэх хүн Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн нутаг Хамар даваа гэх газар хууль бусаар мод бэлтгэсэн талаар мэдсэн зүйл байхгүй, харин сүүлд мэдсэн. Иргэн Р.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мод бэлтгэхдээ надад мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар хандсан зүйл байхгүй. Өмнө 2021 оны сүүл хэсгээр сарыг нь сайн санахгүй байна надаас мод бэлтгэх эрхийн бичиг асууж байсан тэгэхээр нь би энэ оны мод бэлтгэх эрхийн бичиг дууссан 2022 он гарахаар талбай тусгаарласан талбайд хэдэн метр куб мод бэлтгэх эрхийн бичиг ирэх байх тэр үед болох байх гэж хэлсэн. Р.Жын бэлтгэсэн мод нь шинэс төрлийн хуурай босоо болон унаанги мод холилдсон хэрэглээний журмаар бэлтгэсэн мод байсан. Иргэн Р.Жын мод бэлтгэсэн Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Хамар даваа гэх газарт өмнө он болон энэ онд талбай тусгаарласан зүйл байхгүй, огт хийгдэж байгаагүй. Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур, Тэрх багийг хариуцсан байгаль хамгаалагч гэж В.Э гэж хүн хүн байгаль хамгаалагч тус багуудыг хариуцсан байгаль хамгаалагчаар 6, 7 жил ажиллаж байгаа. Иргэн Р.Ж нь уг байгаль хамгаалагчид мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар хандсан талаар мэдсэн зүйл байхгүй. Р.Ж нь талбай тусгаарлагдаагүй газарт мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй босоо болон унанги мод хууль бусаар мод бэлтгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно. Харин Хууль дүрмийн дагуу бол иргэн ойгоос мод бэлтгэхдээ зохих зөвшөөрлийн бичиг авч талбай тусгаарласан талбайд галын түлээний мод бэлтгэж байгаа бол зөвхөн унанги модыг ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэнэ. Хэрэглээний журмаар мод бэлтгэхдээ иргэн тухайн сумын Засаг дарга. Иргэдийн төлөөлөгчийн хурлын шийдвэр, Ой ангийн байгууллагаас зөвшөөрөл авч уг модоо бэлтгэнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 07-08 дугаар тал/

 

         *Гэрч Л.Гийн өгсөн:

         “...Миний нөхөр Р.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Хамар даваа гэх газар мод бэлтгэж Кантер маркийн 8234-АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багт байх хашаа руугаа тээвэрлэсэн болон өмнө бэлтгэж Цагаан нуур багт байх хашаанд мод татсан. 2022 оны 02 дугаар сарын 16-17-ны үед анх бэлтгээд тухайн модоо Цагаан нуур багт байх хашаандаа буулгасан дараа нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дахин нэг мод бэлтгэж тээвэрлэсэн. Надад Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн нутаг Хамар даваа гэх гэх газраас бэлдсэн гэж хэлж байсан. Би Хамар даваа гэх газрыг сайн мэднэ, сүүлд би 2022 оны 02 дугаар сарын 19-ний хамт явж наад аманд байх дүүгийн харалдаа бууж эргээд ирэхэд нь замыг нь тосон суусан. Би тоо ширхэг болон уртыг нь мэдэхгүй байна уртаар нь бэлтгэж ачсан байсан. Манай нөхөр тухайн модоо бэлтгэхдээ ганцаараа бэлтгэсэн өөр тусалчих хүн байгаагүй. Манай нөхөр мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй өмнө уул нь авах гэж нөхөр бид хоёр Тариат сумын төв орж байгаль хамгаалагчид хандсан тэгэхэд мод бэлтгэх эрхийн бичиг ирээгүй байна гээд 2022 оны 02 дугаар сарын 16-17-ны үед нэг мод бэлтгэж татчихаад дахин байгаль хамгаалагчид мод бэлтгэх эрхийн бичиг авахаар хандтал ирээгүй байна ирэхээр дуудъя гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар тал/  

 

           *Гэрч В.Эийн өгсөн:

           “...Иргэн Р.Ж гэх хүн нь Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Нутаг Хамар даваа гэх газар хууль бусаар мод бэлтгэсэн талаар мэдсэн зүйл байхгүй сүүлд харин мэдсэн. Тухай үед надад тийм мэдээлэл ирээгүй. Иргэн Р.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мод бэлтгэхдээ надад мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар хандсан зүйл байхгүй. Өмнө 2021 оны сүүл хэсгээр сарыг нь сайн санахгүй байна надаас мод бэлтгэх эрхийн бичиг асууж байсан тэгэхээр нь би энэ оны мод бэлтгэх эрхийн бичиг дууссан 2022 он гарахаар талбай тусгаарласан талбайд хэдэн метр куб мод бэлтгэх эрхийн бичиг ирэх байх тэр үед болох байх гэж хэлсэн. Тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиггүй ойгоос мод бэлтгэж болохгүй талаар иргэн Р.Жт анхааруулж хэлсэн зүйл бий. Иргэн Р.Жын бэлтгэсэн мод нь шинэс төрлийн хуурай босоо болон унанги мод холилдсон хэрэглээний журмаар бэлтгэсэн мод байсан. Р.Жын мод бэлтгэсэн Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Хамар даваа гэх газарт өмнө он болон энэ онд талбай тусгаарласан зүйл байхгүй огт хийгдэж байгаагүй. Урьд өмнө шатсан гэмээр ой байдаг. Р.Ж нь талбай тусгаарлагдаагүй газарт мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй босоо болон унанги мод хууль бусаар мод бэлтгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно. Харин Хууль дүрмийн дагуу бол иргэн ойгоос мод бэлтгэхдээ зохих зөвшөөрлийн мод бэлтгэх эрхийн бичиг авч талбай тусгаарласан талбайд галын түлээний мод бэлтгэж байгаа бол зөвхөн унанги модыг ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэнэ. Хэрэглээний журмаар мод бэлтгэхдээ иргэн тухайн сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчийн хурлын шийдвэр, Ой ангийн байгууллагаас тусгайлсан талбай тусгаарласан уг талбайд модоо бэлтгэнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-40 дүгээр тал/

 

         *Гэрч Л.Гийн өгсөн:

         “...Иргэн Р.Ж гэх хүн нь Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Нутаг Хамар даваа гэх газар хууль бусаар мод бэлтгэсэн талаар мэдсэн тэр үед манайх Архангай аймгийн Тэрх багийн Шарилжит хонко гэх газар байхад манай манай эгч Л.Г нь тэр өдөр манай харалдаа буугаад манайд ирээд ах Ж нь мод бэлтгэх гээд явчихлаа гэж ярьж байсан. Иргэн Р.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 19-ны өдөр мод бэлтгэхдээ өөр хүнтэй явсан эсэх талаар манай эгч Л.Г нь ярьсан ах бид хоёр л яваа ах чинь ганцаараа модонд явчихлаа гайгүй байгаа гэж байсан. Тэгээд би эгчид аяга хоол хийж өгөөд жаал хуучилж суугаад манай эгч ах чинь ирэх бол байгаа байх гээд манайхаас гарж явсан. Би хараагүй манай гэрээс холуур явсан. Манай эгч очиж сууж байгаа харагдсан би сайн анзаарч харсан зүйл бахгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 82-83 дугаар тал/

 

         *Гэрч Ж.Эын өгсөн:

         “...82-34 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч нь би боловч манай аав Р.Жын өөрийнх нь тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг анх худалдан авахад би бичиг баримтын өөрийнхөө нэр дээр аваад Архангай аймгийн Тариат сумын хөдөө аав Р.Жт аваачиж өгсөн. Тэрнээс хойш тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлж амжаагүй л явна. Би иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Оролцох шаардлага байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай аав Р.Жын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 103-104 дүгээр тал/

 

         *Яллагдагч Р.Жын өгсөн:

         “...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 92-93 дугаар тал/

    

            *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай”...2.0 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хуурай  мод/ шууд үр ашгийн 161892₮, шууд бус үр ашгийн-207544₮, нийт 369436₮ мод, хэрэглээ хуурай 1.8 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1.329.969₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 31-33 дугаар тал/

 

            *Дамно ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн АЦ22-24 дугаартай:

            “...Хуучин цахилгаан хөрөөний үнэ 216.000/хоёр зуун арван зургаан мянга/ төгрөг, 2 метр куб модны үнэ 360.000/гурван зуун жаран мянга/ төгрөг, модны сүхний үнэ 6.000/зургаан мянга/ төгрөг, нийт 582.0000/таван зуун наян хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдлээ...” гэх дүгнэлт/хх-ийн 60-62 дугаар тал/

          

            *Дамно ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн АЦ22-25 дугаартай:

            “...1996 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн, 82-34 АРА улсын дугаартай Мицубиши кантер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 4.287.871/дөрвөн сая хоёр зуун наян долоон мянга найман зуун далан нэг/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 65-67 дугаар тал/

 

            *Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 45-55 дугаар тал/  

            *Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 72-79 дүгээр тал/

            *Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай албан бичиг/хх-ийг 85 дугаар тал/

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 16-аас 19-ний өдрийн хооронд Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн нутаг дэвсгэр Хамар даваа гэх газраас шүүгдэгч Р.Ж нь 4 м урттай, 90 ширхэг, 2 метр куб хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 82-34 АРХ улсын дугаартай Кантер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, ойн санд 1.329.969 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Р.Ж үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Бийн”...Р.Ж гэх манай нутгийн иргэн 2022 оны 02 дугаар сарын 16-наас 19-ний өдрийн хооронд Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн нутаг дэвсгэр Хамар даваа гэх газраас 4 метр урттай, 90 ширхэг, 2 метр куб хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 82-34 АРХ улсын дугаартай Кантер маркийн автомашинаар тээвэрлэн ойн санд 1.329.969 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Гийн”...Миний нөхөр Р.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Хамар даваа гэх газар мод бэлтгэж Кантер маркийн 8234-АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багт байх хашаа руугаа тээвэрлэсэн болон өмнө бэлтгэж Цагаан нуур багт байх хашаанд мод татсан. 2022 оны 02 дугаар сарын 16-17-ны үед анх бэлтгээд тухайн модоо Цагаан нуур багт байх хашаандаа буулгасан дараа нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ахин нэг мод бэлтгэж тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг, гэрч В.Эийн”...Р.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мод бэлтгэхдээ надад мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар хандсан зүйл байхгүй. Өмнө 2021 оны сүүл хэсгээр сарыг нь сайн санахгүй байна надаас мод бэлтгэх эрхийн бичиг асууж байсан тэгэхээр нь би энэ оны мод бэлтгэх эрхийн бичиг дууссан 2022 он гарахаар талбай тусгаарласан талбайд хэдэн метр куб мод бэлтгэх эрхийн бичиг ирэх байх тэр үед болох байх гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Гийн”...Иргэн Р.Ж гэх хүн нь Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Нутаг Хамар даваа гэх газар хууль бусаар мод бэлтгэсэн талаар мэдсэн тэр үед манайх Архангай аймгийн Тэрх багийн Шарилжит хонко гэх газар байхад манай манай эгч Л.Г нь тэр өдөр манай харалдаа буугаад манайд ирээд ах Ж нь мод бэлтгэх гээд явчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Эын”...82-34 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч нь би боловч манай аав Р.Жын өөрийнх нь тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг анх худалдан авахад би бичиг баримтын өөрийнхөө нэр дээр аваад Архангай аймгийн Тариат сумын хөдөө аав Р.Жт аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.329.969 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Р.Жын хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Р.Жын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Р.Жыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.329.969 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.329.969 *3=3.989.907/гурван сая есөн зуун наян есөн мянга есөн зуун долоо/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 3.989.907/гурван сая есөн зуун наян есөн мянга есөн зуун долоо/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Р.Ж нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Жыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна.  

Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Мицубиши Кантер маркийн 82-34 АРХ улсын дугаартай автомашиныг эзэмшигч Ж.Эод олгож, шүүгдэгч Р.Жаас Мицубиши Кантер маркийн 82-34 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.287.871/дөрвөн сая хоёр зуун наян долоон мянга найман зуун далан нэг/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэх 3.989.907/гурван сая есөн зуун наян есөн мянга есөн зуун долоо/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 297.964/хоёр зуун ерэн долоон мянга есөн зуун жаран дөрөв/ төгрөг, 216.000/хоёр зуун арван зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий хуучин цахилгаан хөрөө 1 ширхэг, 360.000/гурван зуун жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий 4 метр урттай, 90 ширхэг, 2 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод, 6.000/зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий сүхийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Р.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б овогт Рийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Жыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ж нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Р.Жаас 3.989.907/гурван сая есөн зуун наян есөн мянга есөн зуун долоо/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 40 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Мицубиши Кантер маркийн 82-34 АРХ улсын дугаартай автомашиныг эзэмшигч Ж.Эод буцаан олгож, шүүгдэгч Р.Жаас Мицубиши Кантер маркийн 82-34 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.287.871/дөрвөн сая хоёр зуун наян долоон мянга найман зуун далан нэг/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэх 3.989.907/гурван сая есөн зуун наян есөн мянга есөн зуун долоо/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 297.964/хоёр зуун ерэн долоон мянга есөн зуун жаран дөрөв/ төгрөг, 216.000/хоёр зуун арван зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий хуучин цахилгаан хөрөө 1 ширхэг, 360.000/гурван зуун жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий 4 метр урттай, 90 ширхэг, 2 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод, 6.000/зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий сүхийг тус тус улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Р.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР