| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 201/2018/0040/Э |
| Дугаар | 2018/ДШМ/43 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2018/ДШМ/43
*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхнаран
Прокурор Б.Догмиддорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Л.Батжаргал, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарын давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 1821002570180 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******гийн *******. Дорнод аймгийн Хэрлэн суманд 1998 оны 10 сарын 17-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД:*******/, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багийн “*******” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй.
******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ногоон” гэх газарт иргэн *******ын биед архины хагархай шилээр хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолоор:
1/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,
2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******ыг 5 /тав/ жил хорих ялаар шийтгэж,
3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
4/ Шүүгдэгч ******* нь 1821002570180 дугаартай эрүүгийн хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хор уршигт хохирогч *******т 1050000 төгрөг төлсөн ба хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж,
5/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Сархад” архины шилний амсрын хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
6/ Бичиг баримтаар ирсэн шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,
7/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 08 сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж, ...шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд давж заалдах гомдолдоо: “...Дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гэмт хэрэг гарахын өмнө хохирогч ******* нь *******ы баруун хацар, шанаа, чих рүү цохисон, мөн аягаар баруун чихний дэлбээ хэсэгт нь цохисноос үүдэн тэрээр гэмтэл авчээ.
*******ы биед үүссэн гэмтлийг 2018 оны 04 сарын 23-ны өдрийн 321 тоот шинжээчийн дүгнэлтээр “...мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна” гэдгийг тогтоосон юм. Хохирогч ******* мэдүүлэхдээ “...******* түрүүлээд ор засаад унтчихсан байсан тул түүний хажуугаар унтах гээд түлхэж нуруу руу нь цохисон, алгадсан, ...орноос зууралдаад унасан, би *******ы дээр гарч суугаад 2 гараараа хоолойг нь боож шахсан” гэж ярьснаар дээрх шинэ гэмтлүүд үүссэн нь нотлогддог.
Эдгээр нотлох баримтыг шүүх үнэлж дүгнэн үзээд гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг харгалзан үзсэн болно. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ******* нь хохирогчтой зууралдан ширээнээс унахдаа шил хагарах чимээ сонссон тэгээд архины хагархай шилээр цохисон гэж мэдүүлсэн боловч шүүх хурлаас хойш түүнтэй уулзаж ярилцахад хурал болохын урьд орой мориноос унасан бөгөөд шүүх хурал дээр биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж буруу зөрүү зүйл ярьсандаа маш их харамсаж байна гэдэг. Тэрээр эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хохирогчтой зууралдаж унахдаа шил хагарах чимээ сонссон гэдэг мэдүүлгээ архины шил хагалаагүй гэж хольж хутган буруу мэдүүлсэн гэдэг юм. ...Иймд *******ы гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүгээс түүнд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, өөрийн буруутай үйлдлээс хэрэг гарсныг хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, ар гэрийн хувьд ээж, дүү нараа тэжээн тэтгэдэг ганц хүн байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг хэрэглэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор *******д оногдуулсан 5 жилийн хорих ялыг багасган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл, шүүхийн дүгнэлт хийхэд хүргэсэн нөхцөл байдлыг үнэн зөвөөр илэрхийлэн оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч ******* анх удаа гэмт хэрэгт холбогдсон, анхнаасаа хэргээ шударгаар хүлээж хохирогч *******тай маргаж муудалцан ноцолдож байхдаа ойрхон байсан архины шилийг хагалан хохирогчийг хатгаж хохирол учруулснаа хүлээж байсан. Шүүхэд ирээд хэрэг чинь хөнгөрнө гэсэн өмгөөлөгч, хуульчийн зөвлөсний дагуу шүүх хуралд мэдүүлэг өөрчлөгдсөн байдаг. ...Энэ талаар шүүгдэгч, түүний ээж мэдээлэл өгч байгаа ба шүүх хурлын дараа прокурор ч гэсэн хэлсэн гэдэг. Ер нь архины шилийг хагалж ир үзүүртэй болгоод хатгах, гартаа таарсан хагархай шилийг авч хатгах хоёрын хууль зүйн үр дагавар ялгааг 19 настай, анх удаа хэрэгт холбогдож байгаа, хууль мэдэхгүй учир өмгөөлөгчийн зөвлөсний дагуу мэдүүлэг өгсөн нь өөрт нь хохиролтой үр дагавар үүсгэнэ гэдгийг мэдээгүй, итгэсэн. ...Хохирогчийн буруутай үйлдэл, тэр үед илтэд хүч давамгайлсан, өөрөө дор нь орчихсон, хоолойгоо шахуулсан зэрэг байдалд хохирогчийн үйлдлийг эсэргүүцэн сааруулах, өөрийгөө хамгаалж үйлдэл хийсэн нь харагддаг. Хохирогч ч тэр байдлыг хэлж зөвшөөрсөн байгаа. Иймд шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтын дагуу хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Хохирогч ******* давж заалдах гомдолдоо: “Миний бие шүүгдэгч *******д гомдол саналгүй. Хохирогч миний зүй бус буруутай үйлдлийн улмаас тэрээр хэрэгт холбогдсон. Миний хувьд өөрт учирсан гэмтлийг эмчилж эдгээсэн, ямар нэгэн зовиургүй болсон. ******* надад эмчилгээний болон бусад зардлыг бүгдийг нь гаргаж өгсөн. Иймд *******д оногдуулсан 5 жилийн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...би анхнаасаа хэргээ хүлээж байсан, юу гэж хэлбэл хөнгөрөх, хүндрэхийг мэдэхгүй. Хуульчийн зүгээс хагархай шил байсан гэж хэлбэл хөнгөрнө гэхээр нь тэгж ярьсан. Гэтэл намайг хэргээ шударгаар хүлээгээгүй гэж шүүх дүгнэсэн. Энэ үнэн учраа хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Би хохирогчтой уулзаж уучлалт гуйж, эмчилгээний зардалд 1050000 төгрөг төлсөн бөгөөд хохирогчийн зүгээс ч гэсэн намайг зодож цохин, цамцны захаар хоолой боосноо хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйж нэг нутгийн хүмүүс хоорондоо эвлэрч учир зүйгээ олсон болно. Миний хувьд 19 настай, айлын мал харж зарим үед тааралдсан ажлыг гололгүй хийж ар гэрээ тэжээн тэтгэж авч явдаг хөдөлмөрийн чадвартай ганц хүн нь бөгөөд ээж маань элэг муу өвчтэй, дүү нар нас бага. Аав минь бие муутай, группэд байдаг байнга эмчилгээ асаргаатай.
Иймд энэ бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялыг багасгаж шийдвэрлэж өгнө үү. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа бөгөөд дахин хэрэг хийхгүй, шударгаар ажиллаж хөдөлмөрлөж ар гэрээ тэжээн тэтгэж явах болно” гэжээ.
Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд ******* нь архины шилийг хагалж хохирогчийг хатгасан гэж мэдүүлж байсан боловч анхан шатны шүүх хуралдаанд энэ мэдүүлгээ өөрчилж, архины хагарсан шилийг авч хатгасан гэж мэдүүлсэн. Тухайн үед улсын яллагчийн зүгээс аль мэдүүлэг чинь үнэн зөв бэ гэж асуухад шүүх хуралдаан дээр одоо гаргаж байгаа нь үнэн зөв гэж хариулж байсан. Анхан шатны шүүх энэ байдалтай нь холбогдуулаад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Давж заалдах гомдлын дагуу судлан үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын явцад 2 удаа мэдүүлэг өгсөн ба ингэхдээ “...архины шилийг авч шалан дээр цохиж хагалаад *******ыг хатгасан” /хх-ийн 21, 64-66/ гэж мэдүүлсэн, харин хохирогч *******ын хувьд анх мэдүүлэг өгөхдөө “...архи ууж байснаа санаж байна. Түүнээс хойш яг юу болсон талаар санахгүй байна” гэж, хожим хохирогчоор мэдүүлэхдээ “...******* орны хажууд байсан ууж дууссан архины шилийг хагалаад миний зүүн хэвлийн тус газар хатгахыг би мэдэрсэн” /хх-ийн 16-20/ гэж мэдүүлсэн байна. Мөн *******ы найз эмэгтэй гэх ******* “2018 оны 04 сарын 15-нд аймагт ирээд *******тай уулзаж болсон асуудлын талаар асуухад ...******* гэх нутгийн ах унтуулахгүй татаад, дээрээс нь хоолойг нь боогоод байхаар нь уурандаа босож ирээд ширээн дээр байсан архины шилийг хагалаад доороос нь хатгаад зүсчихсэн гэж надад хэлсэн” /хх-ийн 27-28/ гэж мэдүүлжээ. Түүнчлэн ******* шүүх хуралдаанд “...Бид хоёрыг зодолдож байх үед архины шил унаж өөрөө хагарсан. Би гарт таарсан архины шилний амсраар хэвлий хэсэгт нь хатгасан” /шүүх хуралдааны тэмдэглэлээс хх-105/ гэж мэдүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, хохирогч *******, ******* нарын дээрх мэдүүлгүүдэд үндэслэн “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж үзсэн ба улмаар “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэх асуудлаар маргаж байгааг гэм буруугаа шууд хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хамааруулж ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзнэ” хэмээн дүгнэсэн байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчид гэмтэл учруулсан гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, түүнчлэн түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд нь хэргийн бодит байдлыг тогтооход тус дөхөм болж улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон зэргийг харгалзан үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх ойлголтод хамааруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас үүсэх үр дагаврыг зөвхөн “шүүх хуралдаанд хүндрүүлэх шинжийн талаар маргасан” гэдгээр үгүйсгэх нь тухайн зохицуулалтын зорилгод нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг зөв тайлбарласан гэж үзэх боломжгүй бөгөөд давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГ ТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******гийн *******ыг 5 /тав/ жил хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******гийн *******д гурван жил таван сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан гурван жил таван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчлөн, тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ы 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Л.НАРАНБАЯР