Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 239

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа,

шүүгдэгч М.Түмэнбаярын өмгөөлөгч өмгөөлөгч С.Сувдмаа,

шүүгдэгч Г.Тэмүүлэнгийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

насанд хүрээгүй шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ,

насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Цагаач,

хохирогч Ө.Дашпүрэв,

шүүгдэгч М.Түмэнбаяр, Г.Тэмүүлэн, Б.Эрдэнэбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Баярхүүгийн Эрдэнэбилэг, Мөнхбатын Түмэнбаяр, Гэрэлт-Одын Тэмүүлэн нарт холбогдох 201519000683 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Баянчандмань сумын МСҮТ-ийн барилгын сан техникийн 2-а ангид сурдаг, ам бүл-7, эцэг, эх 1 эгч, 3 дүүгийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цагаач овогт Баярхүүгийн Эрдэнэбилэг, /РД:НП98090117/

 

Шүүгдэгч М.Түмэнбаярын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эргэтй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Боловсролын Их сургуулийн биеийн тамирын багшийн 2 дугаар курсын оюутан, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр баг 3 дугаар байрны 01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мөнхбатын Түмэнбаяр, /РД:УШ9702211/

 

Шүүгдэгч Г.Тэмүүлэнгийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мандах бүртгэл дэд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн 2 дугаар курсын оюутан, ам бүл-3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар баг Илтийн 12-5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийнхуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг мөн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлогдож шийтгэгдсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Гэрэлт-Одын Тэмүүлэн, /РД:НХ97102719/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Төв аймгийн Баянчандмань сумын Зам багийн нутагт 2016 оны 03 дугаар сарын 18-19-д шилжих шөнө Г.Тэмүүжин, М.Түмэнбаяр, Б.Эрдэнэбилэг нар бүлэглэн, догшин авирлаж, ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Ө.Дашпүрэв, Б.Буянбаатар, Д.Болдбаатар нарыг зодож, Ө.Дашпүрэв, Д.Болдбаатар нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч М.Түмэнбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 03 сарын 18-19-нд шилжих шөнө Тэмүүлэн, Эрдэнэбилэг хоёртой хамт Замт багийн тэнд явж байсан. Бид 3 хоорондоо чанга дуугаар юм ярьсан. Тэгээд би Энхбаттай маргалдсан чинь Энхбат Шараа, Шараа гээд хүн дуудсан. Тэгтэл Дашпүрэв гуай гарч ирээд манай хүүхэд байхгүй байна гэхээр нь би гэрт нь оруулж өгчихөөд гарч ирээд бид 3 явж байсан чинь Болдбаатар манай хадам аавыг дээрлэхдэг хэн бэ гээд Дашпүрэв гуай гарч ирээд намайг хүрзээр 3 удаа цохьсон гэв.

Шүүгдэгч Г.Тэмүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид нар Эрдэнэбилэгийн гэрт очоод буцаж явж байсан чинь Түмэнбаяр хүмүүстэй маргалдаад байж байхаар нь очиж салгасан. Тэгсэн Болдбаатар гэх залуу хутга бариад хөөсөн. Тэгэхээр нь зугтаад нэг машинд орж сууж байгаад цагдаа дуудсан гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Эрдэнэбилэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр бид 3 манай гэрийг эргэчихээд явж байхад Түмэнбаяр, Энхбаттай шүргэлцсэнээс болоод маргалдсан. Тэгсэн чинь Энхбат Шараа,  Шараа гээд Дашпүрэв гуайн хүүхдийг дуудсан чинь Дашпүрэв гуай гарч ирээд манай хүүхдээр яах гээд байгаа юм бэ гэсэн. Тэгээд Түмэнбаяр гэрт нь оруулж өгчихөөд явж байхад Болдбаатар хутга бариад бид нарыг хөөсөн гэв.

Хохирогч Ө.Дашпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Шүүгдэгч нарт гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Д.Болдбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Соёлын Клуб дээр найзуудтайгаа бүжгинд ороод 2016 оны 03 дугаар сарын 19-ний шөнийн 01 цаг өнгөрч байхад найзуудаасаа салаад Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн Сүүн завод 2 дугаар гудамж 1-а тоотод гэртээ ороод хоол, цай, идэж уугаад сууж байтал манай хашааны зүүн талд бөөн шуугилдаан болоод байхаар нь гэрээсээ гараад очиход манай хадам аав Дашпүрэв хүнд зодуулсан байдалтай фудволк, дотуур хувцастайгаа цасан дээр хэвтэж байсан. Тэгээд намайг очихын завдалгүй “та нар яагаад манай хадам аавыг зодож байгаа юм бэ” гэхэд хар куртиктай, спорт маягийн зассан үстэй Түмэнбаяр гэх залуу ирээд “за за болъё гэж байтал хадам аавын хажуу талд байсан шар куртиктай Тэмүүлэн над дээр хүрч иээд ямар нэгэн үгийн зөрөөгүй миний цээжин хэсэг рүү өшиглөсөн. Тухайн үед түүний өшиглөлт нь миний аймхайд орсон тул би юм ярьж чадахгүй, шууд газарт унасан. Харин энэ үед тэр залуучууд тал талаас нийлээд өшиглөж дэвслээд зодсон. Би үхлээ, гэр рүү хүргээд өгөөч гэсэн чинь тэр дундаас хоёр залуугийн нэг нь үснээс, нөгөөх нь мөрнөөс чирээд хадам аавын гэрийн гадаа авч ирж хаясан. Тэгээд хэсэг хэвтэж байгаад босоод өөрийн хашаа руу алхаж явах үед Эрдэнэбилэг гэх залуу морьтой ирээд миний нуруу хэсэг рүү хазаарын цулбуураар 4-5 удаа ороолгосон. Тэгээд би гэр рүүгээ зугтаагаад орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Буянбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой Төв аймгийн Баянчандмань сумын Соёлын төвд бүжиг тоглолт үзэж 19-ний шөнийн 01 цаг өнгөрч байхад тоглолт тарсан. Тэгээд би найз Энхбатын хамт түүний гэрт очиж амрахаар Сүүн заводын нарийн гудамж руу алхаж яваад 4 залуутай таарсан юм. Тухайн 4 залуугийн нэг нь морь унасан байсан. Тэр 4 залуугийн хажуугаар зөрөөд гарах гэтэл хар куртиктай залуу нь намайг мөрлөөд унагаасан. Тэгээд босох гэтэл морьтой залуу нь намайг шууд цулбуураар нуруу руу ороолгосон. Би босч ирээд морьтой хүүхдийнх нь цулбуураас барьж аваад “чи яагаад байгаа юм бэ” гээд морьных нь амгайнаас бариад түлхсэн юм. Харин энэ үед хар куртиктай залуу нь ирээд миний хувцаснаас бариад бид хоёр ноцолдсон. Тэр үед Энхбат хажуу айл руу Шараа, Шараа гээд хэд хэдэн удаа орилсон. Би шууд Энхбаттай хамт тал хашаагүй айлын гэр рүү гүйгээд орсон юм. Бид хоёрыг хашаа руу орж явтал өөдөөс Дашпүрэв гэх эрэгтэй зөрөөд гарсан. Тухайн үед намайг цулбуураар ороолгоод байхаар нь дийлэгдэхгүй юм байна гэж бодоод шууд гэр рүүгээ явсан. Намайг зодсон шалтгааныг ойлгоогүй. Гудамжаар явахад хар куртиктай залуу нь шууд л мөрлөөд шууд надтай маргалдаж зодоон болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Отгонлхагва мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 02 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар баг Сүүн завод 2 дугаар гудамж 1а тоотод гэртээ нөхөр болон хүүхдийн хамт унтаж байхад гадаа хашгиралдаад Шараа, Шаркаа гэж дуудаад байсан. Тэр үед манай хүү Шараа буюу Мөнхням гэртээ байгаагүй юм. Би нөхөр Дашпүрэвийг дуудаж сэрээгээд чи гараадах хүүхэд дуудаад байна гэж хэлсэн. Нөхөр Дашпүрэвийг гэрээс гаргаад удаагүй байж байтал түүний хажуугаар манай хойд айлын залуу болон Энхбат цус нөжиндөө холилдсон байдалтай орж ирсэн. Тэгээд би “хүүе хүүхэд минь юу болов, би нялх нойтон хүүхэдтэй гар чи” гэж загнисан юм. Энхбат юм ярилгүй хамаг бие нь чичрээд 20 орчим минут сууж байгаад явсан. Түүнийг явахаас өмнө манай нөхөр нүүр болон толгой нь хавдаж, цус нөжиндөө хутгалдаад гэрт орж ирсэн. Хүргэн Болдбаатарыг хоёр залуу үс болон мөрнөөс нь зулгаагаад авч ирээд хаясан. Тухайн үед хаалга онгорхой байсан тул тэр хоёр залуу шар болон хар куртикатай харагдаж байсан. Анх Энхбат нэг найзтайгаа 2-уулаа орж ирсэн, тэр үед хүүхдүүд сэрээд уйлаад Энхбатыг хөөж хойноос нь шар куртиктай залуу түүний хойноос өөр нэг залуу орж ирсэн. Би яагаад байгаа юм бэ гэж загинаад гэрээс гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Энхбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 03 дугаар сарын 19-ний 08 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Соёлын төвд бүжиг тараад гэр рүүгээ найз Буянбаатарын хамт харих гээд явж байсан юм. Тухайн үед Замд багийн Сүүн заводын нарийн гудамжаар найз Буянбаатарын хамт явж байгаад 1 морьтой, 3 явган залуутай зөрсөн юм. Тухайн үед хар куртикатай хүүхэд нь Буянбаатарыг мөрлөөд газарт унагаасан. Түүнээс болоод Буянбаатар тэр хүүхэдтэй маргалдсан. Би очиж тэр хоёрыг салгасан. Нэг морьтой хүүхэд нь Буянбаатарыг газар унаад босож байхад нь 2 удаа ороолгосон. Буянбаатарыг зодоод байхаар нь Шараа, Шараа гээд дуудахад Дашпүрэв ах гарч ирээд Шараа гэж хэн дуудсан юм бэ, та нар манай хүүхдийг дуудаж яах гэж байгаа юм бэ, гээд байсан. Тэгээд бид хоёр Дашпүрэв ахтай зөрөөд гэр рүү нь орсон юм. Араас тухайн 4 залуугийн 2 залуу нь үүдэн дээр ирээд буцсан. Гэрт Дашпүрэв ахын эхнэр архи уусан бололтой нялх хүүхэдтэй айлд орж ирлээ гээд хөөгөөд байсан. Тэгээд бид 2 гэрт нь байж байгаад гараад шууд манай гэрт очиж унтсан. Би шалтгааныг нь ойлгоогүй, гудамжаар зөрөхдөө хар куртиктай залуу нь шууд мөрлөсөн. Дашпүрэв гэх хүн бид хоёрыг гэрт орж байхад зөрөөд нөгөө 4 залуу руу явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Нарантуяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дашпүрэвт 400.000 төгрөг өгсөн, Дэлгэрмаа мөн адил хүүхдийнхээ өмнөө 400.000 төгрөгийг Дашпүрэвт өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Дэлгэрмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Хохирогч Дашпүрэв болон Болдбаатар нарт 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөг өгсөн. Мөн Түмэнбаяр эх Нарантуяа нар 400.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4034 тоот дүгнэлт: Болдбаатарын биед баруун дээд зовхи, хамрын нуруу, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэг хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4033 тоот дүгнэлт: Дашпүрэвийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4161 тоот дүгнэлт: Б.Энхбатын биед гэмтэл тогтоогдсонгүй. Хэсэг газрын үзлэг: Хамрын нуруу зүүн тийш мурий, бага зэрэг эмзэглэлтэй...гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Түмэнбаяр, Г.Тэмүүлэн, Б.Эрдэнэбилэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж заасны дагуу  шүүгдэгч нарыг бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ө.Дашпүрэв, Д.Болдбаатар нарын мөрдөн байцаатанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.Отгонлхагва, С.Бадрахгэрэл, Д.Нарантуяа, Э.Дэлгэрмаа, Ц.Баярхүү, Б.Энхбат, Б.Баттүшиг, Н.Эрдэнэтунгалаг, Т.Лувсанжамц, шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4034 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4161 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4033 тоот дүгнэлт, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, шүүгдэгч М.Түмэнбаяр, Г.Тэмүүлэн нар мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, шүүгдэгч М.Түмэнбаяр, Г.Тэмүүлэн нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Түмэнбаяр, Г.Тэмүүлэн, Б.Эрдэнэбилэг нарыг догшин авирлаж бусдыг үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Ө.Дашпүрэв, Д.Болдбаатар, Б.Буянбаатар нарыг зодож танхайрсан гэж үзсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ө.Дашпүрэв, Д.Болдбаатар, Б.Буянбаатар нарын мэдүүлгийг шинжлэн судлахад шүүгдэгч нар нь нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаар зориуд удтал үргэлжүүлэн догшин авирласан байдал нь нотлогдохгүй байна. Хохирогч Ө.Дашпүрэвийн мэдүүлэгт “шар куртикатай залуу миний хойноос хоолойноос боогоод эргээд харахад баруун хацар руу цохиод цасны хунгарт унагаасан, голчлон шар куртикатай залуу зодсон” гэх мэдүүлэг, хохирогч Д.Болдбаатарын мэдүүлэгт “шар куртикатай залуу үгийг зөрөөгүй миний цээж рүү өшиглөсөн, харин энэ үед тэр залуучууд тал талаас нийлээд өшиглөж дэвслээд байсан” гэх мэдүүлэг, хохирогч Б.Болдбаатарын мэдүүлэгт “хар куртикатай залуу намайг мөрлөөд унагаасан, тэгээд босох гэтэл морьтой залуу намайг цулбуураар ороолгосон” гэх мэдүүлэг зэрэг нь шүүгдэгч нарыг догшин авирлаж танхайрсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

       Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцно гэж зааснаар ял шүүгдэгч Г.Тэмүүлэнийг ял хойшлуулсан 1 жил 6 сарын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй байх тул анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан бол гурваас дээш, таван жил хүртэл хорих ял оногдуулах ял шийтгэнэ гэж заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийг анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугтэй этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд нийгмээс тусгаарлахгүйгээр хорих ял хойшлуулж, О.Цагаач, эцэг Ц.Баярхүү, нарын хяналтанд өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учрах хор уршгийг зайлуулсан, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 290.3, 377, 294, 295, 298 зүйлийг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

            1. Төв аймгийн Прокурорын газраас насанд хүрээгүй шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, М.Түмэнбаяр, Г.Тэмүүлэн нарт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Цагаач овогт Баярхүүгийн Эрдэнэбилэг, Боржигон овогт Мөнхбатын Түмэнбаяр, Боржигон овогт Гэрэлт-Одын Тэмүүлэн нарыг бүлэглэн  бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Эрдэнэбилэгт 3 жил, 6 сарын, шүүгдэгч М.Түмэнбаярт 3 жил, 6 сарын, шүүгдэгч Г.Тэмүүлэнд 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8, 52.5 дахь хэсгүүдэд зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Эрдэнэбилэгт оногдуулсан 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч М.Түмэнбаярт оногдуулсан 3 жил, 6 сарын,  Г.Тэмүүлэнд оногдуулсан 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Эрдэнэбилэгт 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, эцэг Ц.Баярхүү, өвөө О.Цагаач нарын хяналтанд байлгасугай. 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.3 дахь хэсэгт зааснаар ажил, сургуульд орох, учруулсан хохирлоо нөхөн төлөх, гэм хорыг арилгах ажлын газар, сургуулиа өөрчилсөн тухайгаа оршин суугаа газрынхаа цагдаагийн байгууллагад мэдэгдэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргана, мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Б.Эрдэнэбилэг нь гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Б.Эрдэнэбилэгт оногдуулсан ялыг эдлүүлэхийг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Түмэнбаярт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Г.Тэмүүлэнд оногдуулсан 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Түмэнбаяр, Г.Тэмүүлэн нарт хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн хэсэгт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар ялтан М.Түмэнбаяр, Г.Тэмүүлэн нар нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж насанд хүрээгүй шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, шүүгдэгч М.Түмэнбаяр, Г.Тэмүүлэн нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ