Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/42

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Ц.Батзаяа

          Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Бт холбогдох 2216000740049 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, сумын Соёлын төвд галч ажилтай, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг,  Говь-Алтай аймгийн ... багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, О овогтой  Д.Б гэв.

Шүүгдэгч Д.Б нь Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд иргэн Б.Сурахбаярын эзэмшлийн 700 дугаартай хашаан дотор 2022 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 23-аас 24 цагийн үед С.Бтай “чи миний ахыг надаас гуйж сумын аварга малчин боллоо гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг татаж унагаан хөл хэсэгт нь өшиглөж С.Бийн биед цээжний зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, уушигны шалчийлт, уналт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, баруун бугалганд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл учруулж түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

             Шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд иргэн Б.Сурахбаярын эзэмшлийн 700 дугаартай хашаан дотор 2022 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 23-аас 24 цагийн үед С.Бтай “чи миний ахыг надаас гуйж сумын аварга малчин боллоо гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг татаж унагаан хөл хэсэгт нь өшиглөж С.Бийн биед цээжний зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, уушигны шалчийлт, уналт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, баруун бугалганд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл учруулж түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай  учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд дээрхи үйл баримт нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Б гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...2022 оны 01 дүгээр сарын 29-нд нагац ахын цайллаган дээр муудалцаад түүнд гэмтэл учруулсан нь үнэн. 1.800.000 төгрөгийг дансаар өгсөн, эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эмнэлгийн зардал, эм тарианы мөнгө, замын зардлыг өгсөн байгаа. Нийт 2.500.000 төгрөг орчим өгсөн. Миний сарын цалин 400.000 төгрөг, манай эхнэр эмнэлэгт үйлчлэгч хийдэг. Бас 400.000 төгрөгийн цалин авдаг.  100 гаруй толгой малтай байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

Хохирогч С.Бийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Тэгээд байж байтал Хосбаяр согтчихсон над руу би танайд очиход хоол горьдлоо, яс горьдсон нохой шиг гэж хүмүүст чи ярьсан байсан гэх мэтээр яриад гаръя, уулзъя гээд байсан. Д.Б одоо хэдүүлээ амаръя гэж хэлж байсан. ...Тэгээд Сурахбаярынд дахин ороход Хосбаяр гаръя гээд байхаар би түрүүлээд Хосбаяртай гарч надтай барьцалдаж аваад газарт унасан. Д.Б гэрээс гарч ирээд намайг хөл рүү өшиглөж авсан. Энэ үед Хосбаяр Д.Баа наад С.Б чинь танай ахыг гуйж сумын аварга болсон гээд байна ш дээ гэж хэлэхэд Д.Б уурлаад холдож байснаа куртикаа тайлчихаад буцаж ирээд мөрөн дээрээс татаж доош унагаагаад зүүн хавирга орчим нэг удаа хүчтэй өвдөглөсөн. Тэр үед би амьсгаа авч чадахгүй болсон. Тэгээд би босоод ирэхэд Д.Б дахин баруун хөлөөрөө миний зүүн хөл дээр хавсрахад би зүүн талаараа унасны дараа дахин хөл орчим өшиглөж байсан. Тэгээд би ганцаараа хэсэг хэвтэж байгаад гэр рүүгээ яваад өгсөн... Д.Б надад эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөгийг миний дансаар өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /ХХ60, 63/,

Гэрч О.С-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Тэгтэл удалгүй Д.Б ах эргээд орж ирээд С.Б Сурах ахыг аваргын шагналыг худалдаж авсан гээд байна гээд миний ахыг яахаараа доромжилдог юм бэ? гэж хэлээд цамцаа тайлж шидээд цээж нүцгэлээд гарсан. Сурах, Балдан, Болд-Эрдэнэ ах бид нар хоорондоо юм яриад гайгүй байх гэж ярилцаад сууж байтал Д.Б ах эргээд ороод ирсэн. Орж ирэхдээ миний ахыг доромжлоод байна. Өөрөө эхэлсэн хүүхэд уйлдаггүй юм гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг /ХХ67/,

Гэрч Б.И-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Тэр хоёр гарч явчихаад буцаад ороод ирсэн. Орж ирээд С.Б нь дахиад л Д.Быг пизда минь бас гөлөг гээд янз бүрийн үгээр хэлээд байсан. Тэгтэл Д.Б нь цамцаа тайлж шидчихээд дахиад маргалдаад С.Бтай хамт манай гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй Д.Б нь буцаж орж ирээд хувцсаа өмсөөд С.Бийг 2 удаа цохьчихлоо гэж хэлээд яваад өгсөн юм... ” гэсэн мэдүүлэг /ХХ69/,

           Шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай “...1. С.Бийн биед гэмтэл учирсан байна. 2. С.Бийн биед цээжний зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, уушигны шалчийлт, уналт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, баруун бугалганд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. Тухайн гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /ХХ90-91/, өвчний түүх /ХХ5427-54/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

           Иймд шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Дээрхи гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч Д.Б нь төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрхи гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь тухайн үед шүүгдэгч болон хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв. 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар прокурорын санал болгосон 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтох ялыг хөнгөрүүлж өгнө үү * гэсэн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Быг  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч С.Бид хохирол төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овгийн Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

         4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бт мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА