Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/97

 

 

 

 

 

         2022/ШЦТ/97

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал

Шүүгдэгч: Р.Оэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б өндөр овогт Рын Оэд холбогдох 2112000380194 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ......... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б өндөр овогт Рын Оэ/РД:АР............./

 

                              Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Р.Оэ нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгой хорооллын 49-05 тоот байрлах гэртээ 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

  *Эрүүгийн 2112000380194 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Гэрч Р.Эийн өгсөн:  

“...2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дүү Р.Өэ надад Р.Оийг цахим орчинд бооцоот тоглоом тоглуулаад цагдаа дээр шалгагдаж байгаа юм байна гэж надад хэлэхэд нь би өнөөдөр дүүгээ цахим орчинд бооцоот тоглоом тоглуулсан талаар нь мэдсэн. Дүү Р.Оэ 2020 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ирээд айлын хашаа байшин түрээсэлж амьдарч байгаа. Дүү Р.Оэ 2008 онд оюутан болоод Эрдэнэмандал сумаас яваад ирэн очин л байдаг. Суманд амьдрахгүй 10-аад жил болж байна. Манай дүү Р.Оэ бол миний төрсөн охин дүү бага насны 2 хүүхэдтэй, ажилгүй, өрх толгойлсон эмэгтэй байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр тал/

 

*Гэрч Р.Өийн өгсөн:

“...Би 2021 оны 01 дүгээр сард Цахим орчинд “Онлайн Их хурд” нэртэй шагайн морин уралдаан үнэгүй тоглолт явагдаж байхаар нь би тухайн тоглоомд оролцож тоглоод миний сонгож авсан шагайн морь түрүүлж дараагийн уралдаанд оролцох эрх авсан. Би дансанд мөнгө шилжүүлээгүй. Эхний үнэгүй тоглолтод миний морь түрүүлсэн болохоор дараагийн тоглолтод үнэгүй оролцоод миний морь дахин түрүүлэхэд би 60.000 төгрөг хожсон. Миний 5152107976 тоот дансанд гүйлгээний утга дээр Ёндоо гэсэн нэрээр 60.000 төгрөг орлогоор гүйлгээ хийгдсэн. Би ганцхан удаа тоглож 60.000 төгрөг хожсон. Би дээрх дансанд мөнгө шилжүүлээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39 дүгээр тал/

 

*Гэрч Ц.Нын өгсөн:

             “...Би 2021 оны 01 дүгээр сард Цахим орчинд “Онлайн Их хурд” нэртэй шагайн морин уралдаанд орж тоглож байсан. Хэдэн удаа тоглосноо санахгүй байна. Би 10, 20 мянган төгрөг шилжүүлж тоглож байсан. Би мөнгө шилжүүлж байсан дансаа санахгүй байна. Би бооцоот тоглоом тоглоод мөнгө алдаагүй. Шилжүүлж байсан мөнгө авч байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/

 

*Гэрч Р.Өийн өгсөн:

“...Манай дүү Р.Оэ аймагт зарагдахгүй байна гээд 2021 оны 02 сард 23 ширхэг куртик зараад өгөөч гэж явуулсан. Би одоо хэдэн ширхэг нь эрэгтэй, хэдэн ширхэг нь эмэгтэй байсныг сайн санахгүй байна. Улаан, хар, хар саарал, алаг, хөх, өнгийн 23 ширхэг куртик байсан. Тухайн куртикүүдийг ноолуурын үед мөнгийг нь авна гээд хүмүүст зээлээр өгсөн, зарагдахгүй үлдсэн улаан өнгийн эмэгтэй 2 ширхэг, хар өнгийн эрэгтэй 1 ширхэг куртикийг Р.Оэ зун ирээд аваад явсан байх...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 24-25 дугаар тал/

 

*Гэрч Л.Сийн өгсөн:

             “...2020 оны 12 дугаар сарын сүүлээр Фейсбүүкээр “Онлайн их хурд” нэртэй бооцоот морь уралдуулдаг тоглоом лайваар явж байхыг хараад 10.000, 5.000 төгрөгөөр тус тус тоглосон. Энэ тоглоом нь эхлээд мөнгөө шилжүүлээд 1-12 дугаарын шагайнаас сонгоод лайваар шагай орхиж морь уралдаж тоглодог юм байна лээ. Би энэхүү тоглоомоос сугалаанаас улаан өнгийн куртик 1 ширхэгийг хожсон. Миний куртикийг маргааш нөгөөдрөөс нь нэг эмэгтэй хүн авчирч өгсөн. Би хууль бус гэдгийг мэдэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 28-29 дүгээр тал/

 

              *Яллагдагч Р.Оийн эзэмшлийн 5057071286 дугаарын дансны 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд/хх-ийн 51- 92, 119-125, 147-156 дугаар тал/

 

             *Яллагдагч Р.Оийн эзэмшлийн 5057071286 дугаарын дансны  2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-20, 99-118, 132-146 дугаар тал/

 

 *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 174 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Р.Оэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Оэ нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгой хорооллын 49-05 тоот байрлах гэртээ 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Р.Оэ үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Р.Эийн”...2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дүү Р.Өэ надад Р.Оийг цахим орчинд бооцоот тоглоом тоглуулаад цагдаа дээр шалгагдаж байгаа юм байна гэж надад хэлэхэд нь би өнөөдөр дүүгээ цахим орчинд бооцоот тоглоом тоглуулсан талаар нь мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Р.Өийн”...Би 2021 оны 01 дүгээр сард Цахим орчинд “Онлайн Их хурд” нэртэй шагайн морин уралдаан үнэгүй тоглолт явагдаж байхаар нь би тухайн тоглоомд оролцож тоглоод миний сонгож авсан шагайн морь түрүүлж дараагийн уралдаанд оролцох эрх авсан. Би дансанд мөнгө шилжүүлээгүй. Эхний үнэгүй тоглолтод миний морь түрүүлсэн болохоор дараагийн тоглолтод үнэгүй оролцоод миний морь дахин түрүүлэхэд би 60.000 төгрөг хожсон. Миний 5152107976 тоот дансанд гүйлгээний утга дээр Ёндоо гэсэн нэрээр 60.000 төгрөг орлогоор гүйлгээ хийгдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Нын”...Би 2021 оны 01 дүгээр сард Цахим орчинд “Онлайн Их хурд” нэртэй шагайн морин уралдаанд орж тоглож байсан. Хэдэн удаа тоглосноо санахгүй байна. Би 10, 20 мянган төгрөг шилжүүлж тоглож байсан...” гэх мэдүүлэг, гэрч Р.Өийн”...Манай дүү Р.Оэ аймагт зарагдахгүй байна гээд 2021 оны 02 сард 23 ширхэг куртик зараад өгөөч гэж явуулсан. Би одоо хэдэн ширхэг нь эрэгтэй, хэдэн ширхэг нь эмэгтэй байсныг сайн санахгүй байна. Улаан, хар, хар саарал, алаг, хөх, өнгийн 23 ширхэг куртик байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Сийн”...2020 оны 12 дугаар сарын сүүлээр Фейсбүүкээр “Онлайн их хурд” нэртэй бооцоот морь уралдуулдаг тоглоом лайваар явж байхыг хараад 10.000, 5.000 төгрөгөөр тус тус тоглосон. Энэ тоглоом нь эхлээд мөнгөө шилжүүлээд 1-12 дугаарын шагайнаас сонгоод лайваар шагай орхиж морь уралдаж тоглодог юм байна лээ. Би энэхүү тоглоомоос сугалаанаас улаан өнгийн куртик 1 ширхэгийг хожсон...” гэх мэдүүлэг, Яллагдагч Р.Оийн эзэмшлийн 5057071286 дугаарын дансны 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, яллагдагч Р.Оийн эзэмшлийн 5057071286 дугаарын дансны  2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Р.Оийн мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Р.Оийн мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Р.Оийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Р.Оэ нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Р.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлан шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Оийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Самсунг галакси эс-5 загварын гар утас, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 125.000/нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Р.Оэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б өндөр овогт Рын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Оийг  6/зургаа/ сарын  хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Оэд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Оэ нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Р.Оэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  шүүгдэгч Р.Оийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг галакси эс-5 загварын гар утас, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 125.000/нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Оээс 200.000/хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамжны Скай Плаза Биснес төвийн Д хэсэг, 3 давхарт байрлах Дамно ХХК-нд олгосугай.

 

8. Шүүгдэгч Р.Оэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Оэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР