Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01199

 

 

 

 

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01199

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 6 дугаар байр, 46 тоотод оршин суух, Боржигин ургийн овгтой Очиржавын Оюунбилэг /РД:ЦШ60050208 /,

Хариуцагч: Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 7-1-10 тоотод оршин суух, Боржгин ургийн овогтой Дуламжавын Цолмон /РД:ЧБ65061175/,

Хариуцагч: Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 7-1-10 тоотод оршин суух, Хатагин ургийн овогтой, Балдандоржийн Энхтуяа /РД:ХВ59040864/ нарт холбогдох,

            Д.Цолмонгоос 883,000 төгрөг, Б.Энхтуяагаас 250,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Оюунбилэг, түүний өмгөөлөгч М.Оюумаа, хариуцагч Д.Цолмон, түүний өмгөөлөгч О.Даваажаргал, хариуцагч Д.Энхтуяа, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Оюунбилэг миний бие Д.Цолмонгоор анх нийтийн бүжиг заалгахаар тохиролцож төлбөрийг түүний хамтран амьдрагч Б.Энхтуяагийн дансанд 2016 оны 08 сард 100,000 төгрөг, 09 сард 150,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд бүжгээ заалгаж эхэлтэл Д.Цолмон багш архинд маш мх дуртай, хүнээс архи тамхины мөнгө гуйж гарцаагүй байдалд оруулж авахуулдаг байсан. Миний бие тухайн үед нийтийн бүжиг сурах чин хүсэлтэй байсан ба төлбөрөө төлсөн учраас бүжиг заалгах гэж хэлсэн бүгдийг нь авч өгдөг байсан. Д.Цолмон багшийн хамтран амьдрагч Б.Энхтуяа нь бүжиг заасны хөлсийг нь өөрийн дансандаа аваад өөрт нь өгөхгүй байна гэж байнга ярьдаг байсан. Миний бие тухайн үедээ бүжиг сурах чин хүсэлдээ хөтлөгдөж Д.Цолмон багшийг өрөвдөж байнга тусалж дэмжиж байсан. Хамтран амьдрагч Энхтуяа нь байнга гэрээсээ хөөчихдөг байсан. Ингээд Д.Цолмон багш байнга над руу утсаар ярьж тусламж гуйдаг байсан. Би бүжгээ сурахын тулд тухай бүр нь Д.Цолмон багшийн гуйлтад зөвшөөрч мөнгө зарцуулж тусалж байсан. Гэтэл хамтран амьдрагч Б.Энхтуяа нь Д.Цолмон багш бид хоёрыг хардаж, намайг байнга сүрдүүлж дарамталж Цолмонгоор бүжиг заалгахгүй миний бүжиглэдэг бүжгийн клубд намайг маш муу хүн гэж цуурхал тарааж, миний нэр төрд байнга халдах болсон. Миний бие Д.Цолмон багшаар бүжгээ заалгахад маш хүндрэлтэй болж бүжгээ гүйцэд сурч Чадаагүй. Бүжгээ гүйцэд заалгая гэтэл хамтран амьдрагч Б.Энхтуяа намайг дарамталж заалгахгүй байсаар байгаад өдийг хүрсэн. Одоо миний бие өөр багшаар бүжиг заалгаж эхэлсэн. Иймд миний бие сэтгэл зүйн дарамтад орж айдастай амьдарсаар байна. Би тухайн үед Д.Цолмон багшийг өрөвдөж сайхан сэтгэлээр тусалж байхад хамтран амьдрагчтайгаа нийлээд намайг доромжилж, хүүхдийн чинь ажил дээр очиж чамайг хэлнэ, чиний сэтгүүлийг хаалгана гэж байнга дарамталж хийгээгүй хэргийн минь төлөө сүрдүүлж байгаад үнэхээр гомдолтой байна. Д.Цолмон багшаар бүжиг заалгахын тулд зарцуулагдсан мөнгийг дэлгэрэнгүйгээр задалж бичвэл: 08 сард сургалтын төлбөр 100,000 төгрөг, 09 сард сургалтын төлбөр 150,000 төгрөгийг Б.Энхтуяагын дансанд хийсэн. 10 сард Д.Цолмон багшийн эрүүлжүүлэхийн төлбөр 5,000 төгрөг, торгууль 15,000 төгрөг, 10 сарын 13-нд хонох газаргүй хөөгдсөн гэхэд нь 2 хоног буудалд өрөө авч өгсөн 50,000 төгрөг, сургалтын байр түрээсэлж өгсөн 690,000 төгрөг, хиймэл шүд хийлгэсэн 86,000 төгрөг, хувцас авахуулсан 82,000 төгрөг, хоолны мөнгө өдөрт 10,000 төгрөг 16 хоног нийт 160,000 төгрөг эмчилгээний зардал 45,000 төгрөг, нийт 1,383,000 төгрөг. Эдгээр мөнгийг авсан гэдгээ Д.Цолмон багш өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа бөгөөд нотлох баримтаар хавсаргав. Иймд Д.Цолмон багш бид хоёр 250,000 төгрөгт тал бүжиг заасан гэж тооцоод үлдсэн 1,133,000 төгрөгөнд бүжиг заахаар тохиролцож энэ талаар 2016 оны 12 сарын 01-ний өдөр бичгээр гэрээ байгуулсан боловч энэ хүн мөн хэлсэндээ хүрч бүжиг зааж өгөөгүй бөгөөд үлдсэн мөнгө болох 1,133,000 төгрөгийг Д.Цолмон багш болон түүний хамтран амьдрагч Б.Энхтуяа нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Цолмон 2016 оны 10 сарын 13-ны өдрийн орой 19-20 цагийн орчим над руу тусламж хүсч ярьсан. Хамтран амьдрагч Б.Энхтуяа нь цагдаад баривчлуулах гээд байна. Миний эрүүлжүүлэхийн мөнгийг өгч туслаач гэж уйлж гуйж байсан. Би Д.Цолмонгийн дансанд мөнгийг нь шилжүүлсэн бөгөөд н.Байгаль гэх шавь дээрээ очсон. н.Байгаль надад “би багшийг яах вэ, хоол өгч чадахгүй, даллага авхуулсан” гэж хэлсэн. Тэгээд би очоод хоол авч өгсөн. Багш надад хэлэхдээ “10 хүн сургах байр олж өгөөч” гэсэн. Тэгэхээр нь 5-р сургуулийн хажууд 3 өрөө байрыг хөлсөлж өгсөн. Цагдаагаас гаргахад шүдгүй, хувцасгүй байсан. Би дэлгүүрээс 82,000 төгрөгөөр цамц, дотуур хувцас авч өгсөн. Багш нь үнэгүй бүжиг зааж өгнө гэж хэлээд Улсын Их дэлгүүрийн 7 давхарт гарын үсэг зурсан бөгөөд Д.Цолмон эрүүл байсан. Дараа нь 3 өрөө байрыг буцааж өгнө ингэхдээ 16 хоногийн мөнгийг өгье гэсэн боловч тухайн байрыг сараар түрээслэсэн учир сарын төлбөрийг өгөхийг шаардсан. Бид дараа нь бүжиглэх гэхэд Б.Энхтуяа нь намайг хүмүүсийн нүүрэн дээр муулж чичилж байсан. 2010 оны 10 сарын 14-ний өдрөөс би бүх мөнгийг гаргаж байсан бөгөөд нийт 2,000,000 гаруй төгрөг болсон. Би хувийн бизнес эрхэлдэг хүн. Д.Цолмонгоор нийтийн бүжиг заалгахаар тохирч хамтран амьдрагч Б.Энхтуяагийн дансанд 250,000 төгрөг шилжүүлсэн тул хариуцагч Б.Энхтуяагаас 250,000 төгрөг, Д.Цолмонгоос эрүүлжүүлсний төлбөрт төлсөн 5,000 төгрөг, торгууль 15,000 төгрөг, 2 хоног буудалд өрөө авч өгсөн 50,000 төгрөг, бүжгийн сургалтын байр түрээсэлж өгсөн 690,000 төгрөг, хиймэл шүд хийлгэсэн 86,000 төгрөг, хувцас авсан 82,000 төгрөг, 16 хоногийн хоолны мөнгө 160,000 төгрөг, эмчилгээний төлбөр 45,000 төгрөг нийт 883,000 төгрөг зарцуулсан тул буцаан гаргуулна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Цолмон бүжгийн багш мэргэжилтэй хүмүүсээс мөнгө авч бүжиг зааж өгдөг гэсэн боловч бүжиг заалгая гэхэд бүжиг заадаг эсэх нь эргэлзээтэй, эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөг эсэх нь эргэлзээтэй. Бүжгийн багш гэсэн нэрийг барьж бусдаас мөнгө авдаг. Б.Энхтуяа нь 8 сард 100,000 төгрөгийг сургалтын төлбөр гэж авсан. Дараа нь 150,000 төгрөгийг шилжүүлсэн. 10 сард Д.Цолмон багшийг эрүүлжүүлэхэд орсон 15,000  төгрөг, 10 сарын 13-ны өдөр зочид буудалд орсон 50,000 төгрөгийг зөвшөөрсөн байсан. Сургалтын байр гэж 690,000 төгрөг, хиймэл шүд 86,000 төгрөг, хувцас 82,000 төгрөг, хоол 10 өдөрт 160,000 төгрөг, эмчилгээ 45,000 төгрөг  нийт 883,000 төгрөг болж байгаа. Д.Цолмон нь энэ бүгдэд гарын үсэг зурсан бөгөөд баримтуудыг хэрэгт өгсөн. Хариуцагч нар нь 250,000 төгрөгөөр бүжиг зааж өгнө гэсэн боловч нэхэмжлэгч маань бүжиг заалгаагүй. Иймд Б.Энхтуяагаас 250,000 төгрөг, Д.Цолмонгоос 883,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д.Цолмон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 13 хоног О.Оюунбилэгийн гэрт нь хамт амьдарч байсан. Буудалд ороогүй. Намайг АНУ-руу авч явна, Улаан-Үдэд очиж эмчлүүлэе гэж байсан. 250,000 төгрөгийг би Б.Энхтуяагийн дансанд хийлгэсэн. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн цагдаад гомдол гаргахдаа  250,000 төгрөгийг хассан байсан. 2016 оны 10 сарын 14-ний өдрөөс би өөрийнх нь гэрт хамт амьдарч байсан. Өглөө сургалттай байх хугацаанд н.Түмэн-Өлзий гэж миний шавь над руу яриад таньд сургалтын байр түрээслэсэн гэсэн. Хоол ундны асуудалд өдөр бүр 10,000 төгрөг өгч байсан гэдэг нь худал юм. Харин би эрүүлжүүлсний төлбөрт төлсөн 5,000 төгрөг, торгууль 15,000 төгрөг,  хиймэл шүд хийлгэсэн 86,000 төгрөг нийт 106,000 төгрөгийг төлнө” гэжээ.

Харицагч Д.Цолмонгийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Оюунбилэгт бүжиг зааж өгсөн нь 250,000 төгрөг болсон. Нэхэмжилж байгаа үнийн дүн нь хэрэгт нотлох баримтаар байхгүй байгаа. Түрээсийн гэрээнд Д.Цолмон гэж хүний нэр байгаагүй. Тухайн орон сууц нь хүн амьдрах зориулалттай байр бөгөөд бүжиг заах зориулалттгүй. 690,000 төгрөгөөр О.Оюунбилэг нь байр түрээслэсэн байж болох ч Д.Цолмонтой ямар ч холбоогүй. Хамт амьдарч байхдаа Д.Цолмон багшид бүжиг зааж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан бөгөөд Д.Цолмон багш зөвшөөрч бүжиг заасан. Энэ асуудал нь хувийн таарамжгүй харилцаанаас гарсан. Энэ 2 хүн салахад Д.Оюунбилэг нь хаанаас ч хамаагүй мөнгөн дүн гаргаж ирсэн боловч төлбөрийн баримтууд хэрэгт байдаггүй. Зочид буудалд орсон гэсэн боловч мөн л ямар нэгэн нотлох баримт байддаггүй. Хэрэгт 1 гэрээ авагдсан байгаа. Тус гэрээг О.Оюунбилэг нь өөрийн гараар бичсэн боловч он,сар байхгүй гэрээний шаардлага хангаагүй. Д.Цолмонг гарын үсэг зурсан гэж байгаа боловч өөрөө зурсан гэдэг нь эргэлзээтэй. Өөрөө зурсан юм шиг харагдаж байгаа. 2 янзын гэрээ байгаа бөгөөд гэрээнүүдэд гарын үсгүүд зөрж байгаа. Нэхэмжилж байгаа шаардлага нь тодорхойгүй байгаа бөгөөд ямар нэгэн зүйл надад авч өг гэж шаардсан зүйл байхгүй. Нэхэмжлэх үндэслэл байхгүй. 2016 оны 12 сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй, үндэслэл байхгүй байна. Шүд хийлгэсэн болон эрүүлжүүлэхээс гаргасан мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О.Оюунбилэг эрхээ мэдэж байхад үүргээ мэдэх ёстой. Би Д.Цолмонтой 4 жил хамт амьдарсан цаашид хамт амьдрах сонирхолтой. О.Оюунбилэг нь өмнө нь н.Дэлгэрмаа багшаар бүжиг заалгаж байгаад Д.Цолмон багшаар бүжиг заалгах хүсэлт гаргасан бөгөөд төлбөр 250,000 төгрөг өгсөн бөгөөд би Д.Цолмонд мөнгийг өгсөн. Амралтанд бид 4 явснаар Д.Цолмонтой дотны харилцаа үүсгэж байгааг харсан. О.Оюунбилэг эмэгтэй нь Д.Цолмонг машиндаа суулгаад аваад явсан. Би тухайн үед цүнх, түлхүүр, мөнгөгүй үлдсэн бөгөөд өөрөө аргалж ирсэн. Энэ үед О.Оюунбилэг Цолмонг АНУ-руу авч явна бүжгийн клуб нээж өгнө, Улаан-Үдэд эмчлүүлнэ гэж байсан. Би дараа нь Д.Цолмонг эрүүлжүүлэхэд өгсөн. Намайг байнга дарамталдаг. Өөрөө эрүүл саруул хүн намайг цохисон. О.Оюунбилэг санаатайгаар Д.Цолмон багшийн сул талыг ашиглаж ийм зүйл хийсэн. Надаас нэхэмжилж байгаа 250,000 төгрөгөөр бүжиг заалгасан учир хүлээн зөвшөөрөхгүй. 250,000 төгрөгийг Д.Цолмон өөрөө авсан” гэжээ.

 

Хариуцагч Б.Энхтуяагийн өмгөөлөгч шүүх хуралдаад гаргасан тайлбартаа:  2016 оны 8,9 сард 100,000 төгрөг, 150,000 төгрөг тус тус шилжүүлсэн бөгөөд Д.Цолмон авч ашигласан учир Б.Энхтуяагаас нэхэмжлэх үндэслэлгүй байгаа. О.Оюунбилэг нь хүмүүсийг гүтгэж байгаа харагдаж байдаг. Гэр бүлийн баталгаа байхгүй, дундын өмч байхгүй, хамтран амьдарч байсан учир Д.Цолмонгоос авах төлбөрийг Б.Энхтуяагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Оюунбилэг нь хариуцагч Д.Цолмонгоос 883,000 төгрөг, хариуцагч Б.Энхтуяагаас 250,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Энхтуяа нь 250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч Д.Цолмон 883,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас эрүүлжүүлсний төлбөр 5,000 төгрөг, торгууль 15,000 төгрөг, хиймэл шүд хийлгэсэн 86,000 төгрөг нийт 106,000 төгрөгийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 777,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Оюунбилэг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Д.Цолмонгоор нийтийн бүжиг заалгахаар тохирч хамтран амьдрагч Б.Энхтуяагийн дансанд 250,000 төгрөг шилжүүлсэн тул хариуцагч Б.Энхтуяагаас 250,000 төгрөг, Д.Цолмонгоос эрүүлжүүлсний төлбөрт төлсөн 5,000 төгрөг, торгууль 15,000 төгрөг, 2 хоног буудалд өрөө авч өгсөн 50,000 төгрөг, бүжгийн сургалтын байр түрээсэлж өгсөн 690,000 төгрөг, хиймэл шүд хийлгэсэн 86,000 төгрөг, хувцас авсан 82,000 төгрөг, 16 хоногийн хоолны мөнгө 160,000 төгрөг, эмчилгээний төлбөр 45,000 төгрөг нийт 883,000 төгрөг зарцуулсан тул буцаан гаргуулна гэж тайлбарлаж байна.  

 

Нэхэмжлэгч О.Оюунбилэг нь хариуцагч Д.Цолмонгоор нийтийн бүжиг заалгахаар хамт нийтийн бүжгэнд нэг удаа орч бүжиглэхэд 10,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, нийт 250,000 төгрөгийг хариуцагч Д.Цолмонгийн заасан дансанд буюу Б.Энхтуяагийн дансанд хийсэн талаар зохигч маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заажээ.

 

Гэвч О.Оюунбилэг, Д.Цолмон нарын хооронд хийгдсэн бүжиг заахаар тохиролцсон хэлцлийн дагуу Б.Энхтуяагийн дансанд мөнгө шилжүүлсэн тул  250,000 төгрөгийг Б.Энхтуяагаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн О.Оюунбилэг нь хариуцагч Д.Цолмонд 2 хоногийн буудлын мөнгө 50,000 төгрөг, бүжгийн сургалтын байрны түрээсийн төлбөр 690,000 төгрөг, хувцас 82,000 төгрөг, 16 хоногийн хоолны мөнгө 160,000 төгрөг, эмчилгээний төлбөр 45,000 төгрөг нийт  777,000 төгрөгийг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Голомт банкин дахь дансны хуулга, орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлогдож байна гэж тайлбарласан боловч дансны хуулганд бичигдсэн зарлага нь дээрх зардалд зарцуулагдсан болох нь тодорхойгүй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтаа, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч нотолж чадаагүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. 

 

Иймд хариуцагч Д.Цолмонгийн зөвшөөрсөн хэмжээнд буюу 106,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Оюунбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 777,000 төгрөг, хариуцагч Б.Энхтуяад холбогдох 250,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Цолмонгоос 106,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Оюунбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 777,000 төгрөг, хариуцагч Б.Энхтуяад холбогдох 250,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Цолмонгоос 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Оюунбилэгт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давч заалдах шатны шүүхэд давч заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.АЗБАЯР