Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Ц.Батзаяа

         Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Бд холбогдох 2216000610048 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, эмээ, дүү нарын хамт амьдардаг, ...оршин суух хаягтай,  урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ... регистрийн дугаартай, Жалайр овогтой М.Б гэв.

Шүүгдэгч М.Б нь хохирогч Г.Бын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үед итгэмжлэн хариуцуулж, тэжээлгэхээр өгсөн 10 настай, хонгор халзан зүсмийн, 9-н тоо тамгатай 1 тооны гүүг 2021 оны 01 дүгээр сард иргэн Н.Д-д өрөндөө өгч, бусдын өгсөн эд хөрөнгийг завшиж 1.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч М.Бы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ч улсын яллагчийн асуултад хариулсан “...Г.Б нь тухайн гүүг тэжээлгэхээр өгсөн. Хүний хохирлыг барагдуулах гээд бусдад өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэг гүү, 500.000 төгрөг өгч хохирол барагдуулсан..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Г.Бын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би Хувьтөгөлдөр, М.Б нарыг ах нь ганцаараа байдаг юм. Ахынхаа гүүг тэжээгээд өг. Ах нь өвс тэжээлийг нь авч өгье гэж хэлсэн. Тэгээд тэжээлгэсэн юм. 2021 оны 01 дүгээр сард өвс тэжээл аваачиж өгөхөд байж байсан. Манай хүү Батбилэг цагаан сараар ирээд Сайханаа, Хувьтөгөлдөр хоёр адуу хулгайлж байгаад ял аваад шоронд явсан гэж ярьсан. Тэгэхээр нь би адуу тэжээж байсан хашаанд очиж үзтэл ямарч адуу байхгүй байсан. Сүүлд би шоронгоос гарчихсан байна гэж дуулаад Хувьтөгөлдөртэй уулзахад Сайханаа мэдэж байгаа, нөгөөх нь Хувьтөгөлдөр мэдэж байгаа гэж яриад байхаар нь цагдаад хандсан. ...Надад одоо нэхэмжлэх зүйл алга байна. Надад гүүний хохирол гэж 600.000 төгрөгийг өгсөн. Одоо нэг унагалах гүү өгнө гэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ8, 12, 123/,

Гэрч Н.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 01 дүгээр сард манай Батхуягийн азарганд байсан 3 айлын 3 даага хулгайд алдагдаад аймгийн төв дээр Жаргалантын хороонд айлын хашаанд тэжээж байхад нь олж авсан юм. Хувьтөгөлдөр, М.Б нар бид хоёр төлж өгнө гээд надад нэг гүү, Алтанхуяг ахад нэг байдсан гүү адуу 500.000 төгрөг өгөөд Батхуягт нэг байдас, 500.000 төгрөг өгсөн. Тухайн үед тэр хоёр адуу хулгайлсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан... ” гэсэн мэдүүлэг /ХХ28/ болон гэрч Н.Алтанхуяг /ХХ20/, Н.Батхуяг /ХХ24/ нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь хохирогч Г.Бын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үед тэжээлгэхээр өгсөн 10 настай, хонгор халзан зүсмийн, 9-н тоо тамгатай 1 тооны гүүг 2021 оны 01 дүгээр сард иргэн Н.Даваанямд өрөндөө өгч хохирогчид 1.400.000 төгрөгний хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Уг үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж, хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Иймд шүүгдэгч М.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг хохирогч Г.Бод бүрэн төлж барагдуулсан нь хохирогч Г.Бын  Цагдаагийн газарт ирүүлсэн “миний адууны хохирлыг мөнгөн хэлбэрээр болон 1 тооны адуу өгсөн тул хохирол бүрэн барагдсан. Надад одоо нэхэмжлэх зүйл алга байна. Гомдолгүй байдлыг харгалзаж үзнэ үү” гэсэн хүсэлтээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч М.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналын хүрээнд 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Бд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, будад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жалайр овгийн М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Бд танилцуулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, будад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА