Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

 

 

 

                                   2022/ШЦТ/107  

 

 

                                                                                                        

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат  

Шүүгдэгч: Ц.Ж  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Цийн Жд холбогдох эрүүгийн 2212000000100 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, ах, дүүгийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Өлзийт гол баг Завчлага гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ц овогт Цийн Ж/РД:АП98070430/

 

                               Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Ц.Ж нь Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг дэвсгэрт Чулуут гол дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 02-ны орой 17 цагийн орчимд Э.Мыг зодож түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зулгаралт, зүүн дээд 1,2,3 дугаар шүд булгарч унасан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 *Эрүүгийн 2212000000100 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 *Хохирогч Э.Мын өгсөн:

“...2022 оны 03 дугаар сарын 02-ны орой 17 цагийн орчим Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн нутаг дэвсгэр Чулуут гол дээр манай найз Эын хамтаар хөдөө гарах гэж байгаад хоёулаа 0,5 литрийн хараа нэртэй архи хувааж уугаад, тэгээд өнөөдөр архи уусан юм чинь хөдөө явахаа больчихоод Эын гэрийн гадна очсон чинь араас мотоциклтой Б.Э, Ц.Ж хоёр ирээд Этай муудалцаад маргалдаад тэгсэн Эын эхнэр гарч ирээд нөхрөө аваад орсон. Тэгсэн Б.Э намайг араас хоёр гарыг бариад авсан чинь Ц.Ж намайг нүүр рүү цохиод авсан. Тэгсэн би унасан чинь хоёулаа толгой тархигүй өшиглөөд цохиод байсан. Б.Э, Ц.Ж хоёр их согтуу байсан болохоор миний өөдөөс уурлаж намайг зодож цохисон. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Миний толгой хэсэгт 4-5 удаа дэвсэж улмаар миний зүүн нүдний доод зовхинд урсан шарх үүсгэж улмаар үүдэн шүд рүү цохиж 3 шүд унаж, нүүр хэсэг хавдсан байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан. Харин Б.Э, Ц.Ж хоёр их согтуу байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд нэлээн согтуу байх шиг байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан байх. Намайг зодоод байсан болохоор би биеэ хамгаалахын тулд Ц.Жыг нүүр хэсэг рүү нь 3-4 удаа гараараа цохисон. Б.Эыг зодож цохисон зүйл байхгүй. Би гомдолтой байна. Шүдээ янзлуулмаар байна. Тухайн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-9 дүгээр тал/

 

*Хохирогч Э.Мын дахин өгсөн:

“...Ц.Ж нь намайг зодсон нь үнэн. Харин Б.Э намайг цохиж зодоогүй, харин бид хоёрын дундуур орж салгасан. Түүнээс Б.Э нар намайг бүлэглэж зодоогүй. Б.Э бол огт байгаагүй. Харийн Эын эхнэр зодоон болоод дууссаны дараа ирсэн бөгөөд тухайн болсныг мэдэхгүй. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авсан. Одоо ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зйл байхгүй. Учир нь би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар тал/

 

*Гэрч Б.Эын өгсөн:

“...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн гүүрний хажууд Ц.Жы хамт 0,75 граммтай хараа нэртэй архи хувааж уугаад гэр рүүгээ харих гэж явж байсан чинь Эрка, Э.М хоёр гэрийн гаднаа очиж байгаад таарсан. Тэгээд би Эркатай мэндлээд тэгээд гэртээ орсон тэгсэн цуг явсан Э.Мыг юу байна хө гэсэн чинь юу байлгах гээд байгаа гээд намайг цохиод авсан, тэгсэн Э.М, Ц.Ж хоёр зодолдоод тэгэхээр нь би дундуур нь орж салгах гэсэн салахгүй нэг нэгнээ цохиод байсан Э.М газраас чулуу аваад Ц.Жыг цохих гэхээр нь Э.Мыг тэврээд авсан чинь шүд уначихлаа гээд нэг шүд үзүүлсэн тэгээд цагдаа ирсэн. Архидан согтуурснаас болж хоорондоо хэрэлдэж маргалдсан юм. Түүнээс өөр ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй. Би Э.Мыг цохиж гар хүрсэн юм байхгүй. Миний харснаар Ц.Ж Э.М хоёр хоорондоо толгой нүүрэн хэсэг рүү нь гараараа цохилцоод дээр доороо ороод цохилцоод байсан. Миний харснаар Ц.Ж Э.М хоёр хоорондоо толгой нүүрэн хэсэг рүү л гараараа цохилцоод дээр доороо ороод цохилцоод байсан. Би өөр ямар нэгэн хүн байгаагүй. Надад гэмтсэн бэртсэн зүйл байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/

 

*Гэрч Б.Эын дахин өгсөн:

“...Би Э.Мыг өшиглөж цохисон асуудал байхгүй. Харин би Э.М, Ц.Ж нарыг салгасан. Түүнээс Э.Мын бие хэсэг болон нүүр ам руу нь цохисон асуудал байхгүй. Намайг Э.М Ц.Жтай хамт явж байсан болохоор хамт зодсон гэж ойлгоод байгаа юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-52 дугаар тал/

 

*Яллагдагч Ц.Жы өгсөн:

  “...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаартай“...Э.Мын биед зүүн зовхинд зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зулгаралт, зүүн дээд 1, 2, 3-р дугаар шүд булгарч унасан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх зүүн зовхинд зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрээгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн дээд 1,2,3-р дугаар шүд булгарч унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журам, ерөнхий хөдөлмөр алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгт 52 дугаар хүснэгтийн 2-т зааснаар /2-3 шүд,/ цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 124 дугаартай“...Ц.Жы биед зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 02-ны орой 17 цагийн орчимд Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг дэвсгэрт Чулуут гол дээр иргэн Э.М нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Ж үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Мын”...2022 оны 03 дугаар сарын 02-ны орой 17 цагийн орчим Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн нутаг дэвсгэр Чулуут гол дээр манай найз Эын хамтаар хөдөө гарах гэж байгаад хоёулаа 0,5 литрийн хараа нэртэй архи хувааж уугаад, тэгээд өнөөдөр архи уусан юм чинь хөдөө явахаа больчихоод Эын гэрийн гадна очсон чинь араас мотоциклтой Б.Э, Ц.Ж хоёр ирээд Этай муудалцаад маргалдаад тэгсэн Эын эхнэр гарч ирээд нөхрөө аваад орсон. Тэгсэн Б.Э намайг араас хоёр гарыг бариад авсан чинь Ц.Ж намайг нүүр рүү цохиод авсан. Тэгсэн би унасан чинь хоёулаа толгой тархигүй өшиглөөд цохиод байсан. Б.Э, Ц.Ж хоёр их согтуу байсан болохоор миний өөдөөс уурлаж намайг зодож цохисон. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Миний толгой хэсэгт 4-5 удаа дэвсэж улмаар миний зүүн нүдний доод зовхинд урсан шарх үүсгэж улмаар үүдэн шүд рүү цохиж 3 шүд унаж, нүүр хэсэг хавдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эын”...Э.М, Ц.Ж хоёр зодолдоод тэгэхээр нь би дундуур нь орж салгах гэсэн салахгүй нэг нэгнээ цохиод байсан Э.М газраас чулуу аваад Ц.Жыг цохих гэхээр нь Э.Мыг тэврээд авсан чинь шүд уначихлаа гээд нэг шүд үзүүлсэн тэгээд цагдаа ирсэн. Архидан согтуурснаас болж хоорондоо хэрэлдэж маргалдсан юм. Түүнээс өөр ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй. Би Э.Мыг цохиж гар хүрсэн юм байхгүй. Миний харснаар Ц.Ж Э.М хоёр хоорондоо толгой нүүрэн хэсэг рүү нь гараараа цохилцоод дээр доороо ороод цохилцоод байсан. Миний харснаар Ц.Ж Э.М хоёр хоорондоо толгой нүүрэн хэсэг рүү л гараараа цохилцоод дээр доороо ороод цохилцоод байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ц.Жы мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 120 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.Жы хүний биед зүүн дээд 1,2,3-р дугаар шүд булгарч унасан хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Жы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж  шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол саналгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.Жг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.Ж нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Жд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

          1.  Шүүгдэгч Ц овогт Цийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5. Шүүгдэгч Ц.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР