Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00910

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

   Дугаар 102/ШШ2017/00910

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, өөрийн үйлдвэрийн байранд байрлах “АТА трейд” ХХК /РД: 2564483/-ийн нэхэмжлэлтэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Халиунааг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “АТА трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нямжав нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “АТА трейд” ХХК-ийн менежер байсан Б.Халиунаа нь 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манай компанийн эзэмшлийн 61-69 УНН улсын дугаартай “Сузуки Порензо’' маркийн автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж иргэн М.Гансүхэд 1,982 000, иргэн Д.Батцэцэгт 18 265 350 төгрөгийн хохирол учруулж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 687 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 632 дугаартай тогтоолоор дээрх хохирлуудыг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсний дагуу манай компани дээрх хохирлуудыг төлж барагдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон юм. Дээрх шийдвэр, магадлал, тогтоолд манай компани Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2-д зааснаар учирсан хохирол болох 20 247 350 /хорин сая хоёр зуун дөчин долоон мянга гурван зуун тавин/ төгрөгийг Б.Халиунаагаас шаардаж гаргуулах эрхтэй болохыг дурдсан. Б.Халиунаа нь өнөөдрийг хүртэл дээрх хохирлыг төлж барагдуулаагүй бөгөөд уулзахаар хайсан боловч оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу Борлууд овогт Болдбаатарын Халиунаа /РД: ЧЕ84010960/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож өгнө үү. Б.Халиунаа нь тухайн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 30-749 тоотод оршин суудаг гэж Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 632 дугаартай тогтоолд тэмдэглэгдсэн байсан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “АТА трейд” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Халиунааг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Б.Халиунаад холбогдох 20,246,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21056 дугаартай захирамжаар хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 30-749 тоот хаягт оршин суудаг гэх Б.Халиунаа нь тус хорооны тус хаягт оршин суудаггүй болохыг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Б.Халиунаа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд оршин байх хаяг болох Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 30-749 тоот хаягт оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21056 дугаар захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэргийн материалд авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Халиунааг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Б.Халиунаагийн оршин суудаг гэх албан ёсны хаяг: Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 30-749 тоот /РД: ЧЕ84010960/, утас- болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118,133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт зааснаар Борлууд овогт Болдбаатарын Халиунаа РД: ЧЕ84010960/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Борлууд овогт Болдбаатарын Халиунаа РД: /ЧЕ84010960/-г эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.МӨНХТӨР