| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01199/И |
| Дугаар | 102/ШШ2017/01191 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2017/01191
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 63в байр, 12 тоотод оршин суух, Их мэргэд овогтой Чинбатын Чимгээ /РД:МЮ77011867/-ийн нэхэмжлэлтэй З.Гэсэрбадамыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Чимгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Чимгээ би З.Гэсэрбадамтай 2015 оны 10 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5,500,000 төгрөг зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дуусч, 2016 оны 06 сарын 16-ны өдөр хүртэл хайж олж уулзаж, зээлийн хүү, үндсэн мөнгөний хамт 8,500,000 төгрөг болсныг тооцож 7,000,000 төгрөгийг авч үлдэгдэл 1,560,000 төгрөгийг 6 дугаар сарын 23-ны өдөр өгөхөөр тохиролцож гарын үсэг зурсан. Гэвч өгөлгүй хууран мэхэлж, маш их зардал чирэгдэл болсоор 2017 оны 02 сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхойгүй байна гэсэн. Иймд З.Гэсэрбадамыг эрэн сурвалжилж өгнө үү, З.Гэсэрбадам нь Сүхбаатар дүүргийг шүүхийн зүүн хойно байрлах 45 дугаар байранд “Буман жаалууд” цэцэрлэг ажиллуулдаг бөгөөд 2 дугаар салбар нь Баянгол дүүрэгт 3,4 дүгээр хороололын эцэст байдаг” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Чимгээ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Ч.Чимгээ миний бие З.Гэсэрбадамыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу намайг байлцуулалгүйгээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Чимгээ нь З.Гэсэрбадамыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заажээ.
Модчин овгийн Загдаагийн Гэсэрбадам нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Ч.Чимгээ, З.Гэсэрбадам нарын хооронд 2015 оны 10 сарын 22-ны өдөр бичгээр байгуулсан “Зээлийн гэрээ”, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 102/ШЗ2017/02208 дугаар захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5, 6 дугаар тал/
Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд З.Гэсэрбадамын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан З.Гэсэрбадамын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 18 дугаар байр, 54 тоот хаягт амьдардаггүй болохыг нотолсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 102/ШЗ2017/02208 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Модчин овгийн Загдаагийн Гэсэрбадам /РД:ФМ58030366/-ийг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Модчин овгийн Загдаагийн Гэсэрбадам /РД:ФМ58030366/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан З.Гэсэрбадамыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр/-д хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Чимгээгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР
| ||||
| |