Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2018/ДШМ/44

 

*******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар


Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхнаран

Прокурор Б.Догмиддорж нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолыг “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржийн бичсэн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1721003230114 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******. ******* регистрийн дугаартай, Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1982 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдахын өмнө Дашбалбар сумын хэсгийн цагдаа ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, 2-10 насны 3 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Дашбалбар сумын “” багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

******* ******* овогт гийн . регистрийн дугаартай, Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 9-16 насны 2 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Дашбалбар сумын “” багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 50 хувийн группэд байдаг /нүдээрээ/.

овогт ы . регистрийн дугаартай, Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 30  настай, эрэгтэй, дээд боловсролтой, м еханик мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын зам засварын машинч станцад туслах механик ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо 16 дугаар байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Төв аймаг дахь 2 дугаар шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэгдэж байсан.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж “******* нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын багт оршин суух иргэн *******гийн гэрт байгаль орчны улсын байцаагч, ий хамт очиж, улмаар *******гийн иргэдээс зохих зөвшөөрөлгүй худалдан авч бэлтгэсэн “ховор ургамал” болох Дэрвэгэр, жиргэрүү ургамалын үндсийг хурааж авсан боловч, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, *******гээс 500.000 төгрөгийн хахууль авч, хураасан үндэсний зарим хэсгийг буцааж өгсөн,

******* нь 20017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод оршин суух иргэн *******оос 750.000 төгрөгийг дансаар шилжүүлэн, улмаар “ховор ургамал” болох Дэрвэгэр, жиргэрүү ургамалын үндсийг хурааж авсан хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч *******од 500.000 төгрөгийн хахууль өгч, хураагдсан үндэсний зарим хэсгийг буцааж авсан,
******* нь Дорнод аймгийн Дашбалбар сумын багт оршин суух *******д 4000.000 төгрөгийг дансаар өгч, “ховор ургамал” болох Дэрвэгэр, жиргэрүү ургамалын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авахуулж, хууль бусаар бэлтгүүлж, бусдаас худалдан авахуулж байх үедээ сумын цагдаа *******од хураалгасан байх ба уг ургамалын үндсийг буцааж авахуулахыг тулд *******гээр дамжуулан хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч *******од 500.000 төгрөгийн хахууль өгүүлж, улмаар хураагдсан үндэсний зарим хэсгийг буцааж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлснийг Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд

2018 оны 06 дугаар 15-ны өдрийн 2018/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 500,000 төгрөгийг хахуульд авсан, шүүгдэгч ******* ******* овогт гийн , шүүгдэгч овогт ы нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ...шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж бичсэн дүгнэлтдээ:
“...Яллагдагч ******* нь *******той хамтран Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдээс улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан нийт 600 кг “дэрвэгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, тус сумын багт байрлах гэрийнхээ хашаанд хадгалсан,

Яллагдагч ******* нь *******тэй хамтран Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдээс улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан нийт 600 кг “дэрвэгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож, Прокурорын газраас *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1821000000184 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч шүүгчийн захирамжаар “эрүүгийн хэргийг нэгтгэж шийдвэрлэх” үндэслэлээр прокурорт буцаасан.
Прокурор хэргийг хүлээн авч хянан үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалт явуулж болно”, энэ зүйлийн 5 дахь хэсгийн “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ” гэх заалтуудын дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1821000000184 дугаартай хэргийг *******, *******, ******* нарт анхан шатны шүүхээс ял оногдуулсан эрүүгийн 1721003230114 дугаартай хэрэгт нэгтгэж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” заалтыг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох, мөн хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордож, хуулийг хэрэглэхэд ойлгомжгүй нөхцөл үүссэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн заалт байгаа боловч энэ нь сэжигтэн, яллагдагчийг орхигдуулсан, зөвхөн ялтанд хамаарах эрх зүйн зохицуулалт болсон тул шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд *******, *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1821000000184 дугаартай хэрэгтэй нэгтгүүлж, мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1721003230114 дугаартай хэргийг прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцаах, хэргийг прокурорт очтол авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолоор: *******, ******* нарыг хахууль өгөх, *******ыг хахууль авах гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ авсан байна. Гэвч *******, ******* нар нь энэ шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2017 оны 8 дугаар сард ховор ургамлын жагсаалтад орсон дэрвэгэр, жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзэхээр заасан, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасныг тус тус үндэслэн *******, ******* нарын холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд прокурор Б.Догмиддоржийн бичсэн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг сэргээн шалгуулахаар Дорнод аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.    Хэргийг прокурорт очтол *******, *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлэн авсугай.

3.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД    З.ЭНХЦЭЦЭГ

Л.НАРАНБАЯР