Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 243

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,  

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

шүүгдэгч Б.Гологдол нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баасанжавын Гологдолд холбогдох 201619000299 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 4 дүгээр гудамж 04 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, оюуны хөнгөн хомсдолтой, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баасанжавын Гологдол, /РД:ЖИ68102506/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Б.Гологдол нь 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн Уйлантын 1-2 тоотод иргэн Ч.Мөнхбаярын өмчлөлийн 42 инчийн Panasonic  маркийн зурагт, 2 ширхэг ханын цагийг модны тайрдасаар цохиж санаатайгаар усгаж, гэмтээн 665.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Гологдол шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Энэ асуудал бөгжнөөс болсон юм. Манай нөхөр хулгай хийгээд надад дийлдэхгүй, үнэхээр хэцүү байдаг. Би бусдын эд зүйлийг эвдэж, гэмтээсэн нь үнэн гэв.  

 

Хохирогч Ч.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 1-2 тоотод байрлах гэртээ эхнэр Оюун-Эрдэнэ болон 4 хүүхдийн хамт амьдардаг юм. Эхнэр бид 2 гэртээ байхад 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаднаас хажуу айлын Маам орж ирээд юм яриад сууж байсан. Тухайн үед Дэмбэрэлсайхан, Гологдол нар хэрүүл хийгээд эхэлсэн юм. Би орон дээрээ хэвтэж байгаад тоогоогүй юм. Тэгтэл гэнэт Гологдол газар байсан хус модны тайрдас аваад манай хойморт байсан зурагт руу шидчихсэн. Тэгэхээр нь би Гологдолыг чирээд гаргах гээд зууралдаад байж байтал надаас мултраад гарчихаад түлээний саванд байсан тайрдас аваад намайг доромжлоод Хужаа Баяраагийн эд хөрөнгө юу юм бэ, гээд хаалга дээр байсан цагийг тэр түлээний тайрдасаар цохиод хагалчихсан. Дараа нь шалгаж үзэхэд гал тогооны өрөөний хоёр талын хананд байсан 2 цагийг эвдэлсэн, том өрөөний мөлхөө тавилга дээр байсан зурагтны дэлгэц хагарсны улмаас ажиллагаагүй болсон. Мөн зүгээр байхгүй гол тогооны өрөөнд байсан савтай усыг асгаж, би авч өгсөн усаа асгана гэж хэлээд асгасан. Би түүнийг арай гэж гэрээсээ гаргасан. Өөр зүйл болоогүй. Би бол Монгол улсын иргэн хүн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

Гэрч Г.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 1-2 тоотод байрлан өвлийн сууцандаа нөхөр Мөнхбаяр болон 4 хүүхдийнхээ хамт амьдардаг юм. 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 11-12 цагийн үед Дэмбэрэлсайхан орж ирээд сууж байтал араас нь түүний эхнэр Гологдол орж ирээд юм яриад сууж байсан. Дэмбэрэлсайхан манай нөхөрт хандаж гар утсаараа яриалаач гэж гуйгаад нэг хүнтэй утсаар ярьсан юм. Тэр үед Гологдол Дэмбэрэлсайханд уурлаад “зайл, битгий ирээрэй чи” гэж хашгираад байсан. Тэгээд уурандаа том өрөөний буйдангийн ивээс хийж байсан хус модны тайрдас модыг бариад хойморт байсан зураг руу шидэж зурагтны дэлгэцийг хагалчихсан, энэ үед манай нөхөр орон дээрээс босож ирээд “чи яаж байгаа юм бэ, гэж уурлаад түүнийг загнасан. Мөнхбаярыг гутлаа өмсөх хооронд Гологдол түлээний мод бариад гал тогооны өрөөний баруун, зүүн талын хананд байсан 2 цагийн цохиж эвдэлсэн. Тэгээд Мөнхбаяр уурлаад түүнийг гэрээсээ чирээд гаргасан, гадаа гараад Гологдол зүгээр байхгүй вакум өрөөний цонхыг хүрзээр цохих гэж байхад нь түүний нөхөр Дэмбэрэлсайхан хүрзийг нь булааж аваад тэр хоёр яваад өгсөн. Дэмбэрэлсайханд уурласан уурандаа манай гэрийн зурагт болон 2 цагийг санаатайгаар цохиж, устгасан. Зурагт нь Panasonic маркийн 42 инчийн зураг бөгөөд манай нөхөр Мөнхбаяр 2013 онд 890.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн Мөнхбаяр 2014 онд 530 юанаар электрон цахилгаан хөдөлгөөнт цагийг авч байсан. Гологдол эд хөрөнгөний хохирлыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр барагдуулна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Маамуу мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр гэртээ байж байгаад боорцог хайраад шүүх гэтэл шүүр байхгүй байхаар нь би Мөнхбаярын гэр рүү орж боорцогны шүүр авах гээд ортол Мөнхбаяр нь “Гологдол манай зурагт руу мод шидээд зурагт хагалчихлаа” гээд надад хэлж байсан. Дэмбэрэлсайхан гал тогоонд байсан савтай усыг нь асгачихсан гэсэн Мөнхбаяр, Гологдол  нар хоорондоо хэрүүл хийж байхаар нь гараад явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/

 

Гэрч Т.Одонбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би гудамжинд явж байгаад Мөнхбаярын гэрт ормоор санагдаад ортол Мөнхбаярын гал тогоо нь нил ус болчихсон байсан. Мөнхбаяр хэлэхдээ манай зурагтыг хагалчихсан мөн хаалганы дээд талд байдаг цагийг хагалчихсан гэж хэлж байсан. Тэр Мөнхбаярын гэрч түүний эхнэр мөн Чинбат гэх хүн байсан. Дэмбэрэлсайхан эхнэр Гологдолтой орж ирээд манай гэрийг ийм болгочихлоо гэж хэлж байсан. Зурагтны доод буланд цуурчихсан, цаг нь хагарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-17 дугаар хуудас/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23 дугаар хуудас/

 

Орон нутгийн эд хөрөнгийн үнэлгээгээр: 42 инчийн зурагт 535.000, ханын цаг 100.000, ханын цаг 30.000 төгрөг /хх-ийн 47 дугаар хуудас/

 

Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа: Б.Гологдол нь хэрэг хариуцах чадвартай болно...гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гологдол нь 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн Уйлантын 1-2 тоотод иргэн Ч.Мөнхбаярын өмчлөлийн 42 инчийн Panasonic  маркийн зурагт, 2 ширхэг ханын цагийг модны тайрдасаар цохиж санаатайгаар усгаж, гэмтээн 665.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, шүүх сэтгэц судлалын 717 дугаар дүгнэлт, хохирогч Ч.Мөнхбаярын мэдүүлэг, гэрч Г.Оюун-Эрдэнэ, Б.Гэрэлтуяа, Д.Маамуу, Т.Одонбаатар нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, Б.Гологдол мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гологдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

    Шүүгдэгч Б.Гологдолд холбогдох гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ гэж заасан нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Б.Гологдолд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Б.Гологдолын өмчлөлийн усны сав, сандал зэрэг эд зүйл битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23х7х16 см модны тайрдас, дөрвөлжин ханын цаг 1 ширхэг, цагаан өнгийн ханын цаг 1 шихэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Б.Гологдол нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Мөнхбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баасанжавын Гологдолыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээн, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гологдолыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Б.Гологдолд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Гологдолд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Гологдолд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Батсүмбэр сумын цагдаагийн хэсэгт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Б.Гологдолд тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйийн 134.10 дахь хэсэгт зааснаар Б.Гологдолын өмчлөлийн усны сав, сандал зэрэг эд зүйл битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23х7х16 см модны тайрдас, дөрвөлжин ханын цаг 1 ширхэг, цагаан өнгийн ханын цаг 1 шихэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

9. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Гологдол нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Гологдолд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохыг тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ