Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2035

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02396 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С.Т” ХХК-д холбогдох

 

Үйлдвэрийн ослын улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирол буюу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн зөрүү, тахир дутуугийн тэтгэмжийн зөрүү болон үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр, сэтгэл санааны хохиролд 35 775 145 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.У нарын давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.У,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хариуцагч “С.Т” ХХК-д нарийн боовны тасагт нарийн боовчин, ачигчаар ажиллаж байсан. Тэрээр уг компанид ажиллаж байхдаа 50 килограммын гурил болон мөн хэмжээний зуурмагийг олон удаагийн давтамжаар гараар өргөж, зөөвөрлөх ажлыг хийж байсан ба үүний улмаас түүний бүсэлхийн 4, 5-р нугаламын жийргэвчиний цүлхийлт, үений суулттай болж, хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдаж, нурууны эмгэг өөрчлөлтийн улмаас нуруу нь байнга өвдөж, зовиурлан эмийн болон бусад олон эмчилгээ хийлгэсэн боловч үр дүн гараагүй учир бүсэлхийн 4 дүгээр нугаламын сэртэн авах, 4, 5 дугаар нугалам хоорондын диск авах хагалгааг гэмтлийн эмнэлэгт хийлгэсэн ч өвдөлт намдахгүй одоо босож, суухад хүндрэлтэй байнгын зовиуртай байгаа ба цаашид дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан. Хариуцагч “С.Т” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн зөвлөлийн 2000 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 105 тоот тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, өргөх зөөх ачааны массын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS:4970:2000 стандартын 3.3 дахь хэсэгт заасан насанд хүрсэн эмэгтэй хүний нэг удаагийн гараар өргөж, зөөх ачааны хүндийн хэмжээ 20 кг байхаар тогтоосон байтал тухайн стандартыг зөрчиж, зөвшөөрөгдсөн хэмжээнээс 1.5 дахин илүү гурил, зуурмагийг өргүүлдэг байсан нь нурууны гэмтлийн суурь шалтгаан болсон. Бид Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд зааснаар 2014 оны 10 дугаар сард “С.Т” ХХК-д хандаж, осол гэмтлийн тухай акт тогтоолгох хүсэлт гаргасан боловч тус компани тогтоож өгөөгүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандахад Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гомдлоо гаргах ёстой гэсний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01957 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг хариуцагч компанид нарийн боовчин, ачигчаар ажиллаж байх хугацаанд нуруундаа гэмтэл авсан болохыг тогтоосон.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 14 181 208 төгрөгөөс татгалзаж, 21 593 937 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар хөдөлмөрийн чадвараа 31-50 хүртэл алдсан тохиолдолд ажил олгогч тал 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг ажилтанд олгох ба нэхэмжлэгчийн нөхөн төлбөрийн хэмжээ 5 190 145 төгрөг болж байна. Нэхэмжлэгч тал хариуцагч байгууллагад ажиллаж байхдаа компанийн буруутай үйлдлийн улмаас нуруундаа гэмтэл авсан тул Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийг тус тус үндэслэн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүү 2 252 421 төгрөг, тахир дутуугийн тэтгэврийн зөрүү 4 396 338 төгрөг, эмчилгээ, эмнэлгийн төлбөр бусад хохиролд төлсөн 2 754 950 төгрөг, сэтгэл санааны хохиролд 7 000 000 төгрөг, 21 593 937 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сард Б.М-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, нарийн боовчны албан тушаалд томилсон. Тэрээр ажиллаж байх хугацаандаа би хүнд юм өргөж болохгүй гэдэг байсан ба тогтворгүй, байнга ажил тасалдаг, чөлөө авъя, бие өвдлөө гэдэг. Би Б.М-г крем зуурагч, тортны крем цохигч, кекс зуурагч гэх зэрэг хөнгөн ажил дээр тавьсан ба нэхэмжлэгч ажиллах хугацаанд маш их хөдөлгөөнтэй, ээлжинд ажиллаж байсан хүүхдүүдтэйгээ амралт чөлөөт цагаараа барилцаад ноцолддог байсан, энэ бүгдийг ажилчид бүгдээрээ сайн мэдэж байгаа. Нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд манай компанид үйлдвэрлэлийн осол огт гараагүй, хэрэв үйлдвэрийн осол гарсан бол түүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоогоод тухайн хүнийг яаж осолдсон болохыг тогтоох ёстой. Манай компани тусдаа ачигчтай, 50 кг-ын гурил тэр болгон ирээд байдаггүй, Алтан тариа, Улаанбаатар компанийн гурилууд ихэвчлэн 25 кг-аар савлагддаг. Манай талаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын улмаас нийгмийн даатгалын байгууллагаас нөхөн төлбөр гаргуулж байгаагүй талаарх талархлын бичгээр үйлдвэрийн осол гараагүй гэдгийг нотолж байгаа. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1957 тоот шүүхийн шийдвэрт “С.Т” ХХК-д үйлдвэрлэлийн осол гарсан эсэхийг тогтоогоогүй. Нэгэнт үйлдвэрлэлийн осол болоогүй, гараагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч “С.Т" ХХК-иас 6 973 595 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 620 342 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 126 527 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.У нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Учир нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид учирсан эдийн болон эдийн бус хохирлыг хариуцагчаас гаргуулахын тулд гэм хорыг үнэлүүлэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мөн шинжээч томилж нэхэмжлэгчийг "С.Т" ХХК-д ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсон болохыг тогтоолгож дүгнэлт гаргуулах, хариуцагчийг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн зөвлөлийн 2000 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 105 тоот тогтоолоор батлагдсан "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, өргөх зөөх ачааны массын зөвшөөрөгдөх дээд хэмжээ" MNS:4970:2000 стандартыг зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Гэтэл шүүгч шийдвэртээ хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй үйлдсэн эсэх нь тодорхойгүй гэж үзсэн. Шүүгч ийнхүү нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг эс хангаж, захирамжид гомдол гаргах эрхгүй байхаар дурдсан нь зохигчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн. Мөн зохигчийн хууль бус захирамжид гомдол гаргах, гомдлоо шийдвэрлүүлэх эрхийг эдлүүлээгүй. Хэрэв шүүгч дээрх хүсэлтүүдийг хангасан бол хариуцагчийн гэм буруу хангалттай тогтоогдож, шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхой болох байсан.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын №0119418 болон №0025023 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан болохыг тогтоосон байдаг. Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №101/ШШ2016/01957 тоот шийдвэрээр "С.Т" ХХК-д ажиллаж байхдаа нуруундаа гэмтэл авсан болохоо шүүхээр тогтоолгосон бөгөөд энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг шүүгч зөв үнэлж хариуцагчаас нөхөн төлбөрт 5 190 451 төгрөг, гэм хорын хохиролд 1 783 450 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл сэтгэл санааны хохирол, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүд нэхэмжилсэн 13 648 759 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч байгууллагын гэм буруугаас нэхэмжлэгчид гэм хор учирсан, эрх нь зөрчигдсөн гэдэгт шалтгаант холбоо байхгүй, хариуцагч байгууллагын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тодорхойгүй гэж үзсэн. Шүүхийн дээрх хоёр дүгнэлт, шийдвэрийн үндэслэл нь хоорондоо зөрчилдөөнтэй байгаа нь шүүгч хэргийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй  талаас  нь  үнэлээгүй гэж үзэж байна.

Хариуцагч "С.Т" ХХК нь "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, өргөх зөөх ачааны массын зөвшөөрөгдөх дээд хэмжээ" MNS:4970:2000 стандартыг хэрэгжүүлдэг болохоо нотлосон буюу эрх бүхий ажилтан, албан тушаалтан дээрх стандартыг мөрдөж, ажилчдынхаа эрүүл мэнд, үйлдвэрлэлийн осолд өртөх эрсдлийг тооцоолж хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг болохоо нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд дээрх стандартыг зөрчсөн гэм буруутай үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсоор байтал шүүгч ийнхүү гэм буруу нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “С.Т” ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирол буюу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн зөрүү, тахир дутуугийн тэтгэмжийн зөрүү болон үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр, сэтгэл санааны хохиролд 35 775 145 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.М хариуцагч “С.Т” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байна.

 

Зохигчид нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын үндэслэл болсон үйлдвэрлэлийн осол гарсан эсэх үйл баримтын талаар маргажээ.

 

Хэргийн 14 дүгээр талд нэхэмжлэгч Б.М-гийн нийгмийн даатгалын дэвтэр авагдсан байх бөгөөд уг дэвтэрт Б.М-г “С.Т” ХХК-д нарийн боовчиноор ажиллаж байсан гэж бичигдсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.М-г 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “С.Т” ХХК-д нарийн боовчин ачигчаар ажиллахдаа нуруундаа гэмтэл авсан болохыг тогтоосон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01957 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Уг шийдвэрт Б.М-г “С.Т” ХХК-д нарийн боовчин ачигчаар ажиллаж байх хугацаанд нуруундаа гэмтэл авсныг тогтоосон байх ба ачигчаар ажилласнаас болж нуруу гэмтэж, улмаар нуруундаа гэмтэл авсан болохыг тогтоогоогүй байна.

 

Хэргийн 146 дугаар талд авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтыг ердийн өвчний улмаас 50 хувиар алдсан гэж тогтоосон бөгөөд дээрх шүүхийн шийдвэр гарсны дараа хэргийн 13, 76 дугаар талд авагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр Б.М-г 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувь алдсан гэж тогтоосон нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ болон хугацааг эрх бүхий байгууллага болох Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр тогтоосон тул үр дагаврыг хуульд зааснаар шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.М хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан тул 7 сарын цалинг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг хэрэгт авагдсан баримтыг үндэслэж 741 493 төгрөгөөр тооцож 7 сарын дундаж цалин хөлс болох 5 190 451 төгрөг шүүх гаргуулсан нь зөв байв.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсч нэхэмжлэгч Б.Мөнхзаяа хариуцагч “Сумангүн трейд” ХХК-д ажиллаж байхдаа гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа алдсан тул учирсан хохирлоо арилгуулахаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан шаардлага хангасан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэгч Б.М-ийн эмчилгээний төлбөрт хариуцагчаас 1 783 450 төгрөгийг гаргуулж үлдэх 971 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

 Хэргийн үйл баримтаар хариуцагчийн ямар гэм буруутай үйлдэл эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учруулсан нь тогтоогдоогүй бөгөөд тэдгээрийн хооронд шалтгаант холбоо үгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирлыг шаардах эрх үүсээгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч Б.М-ийн сэтгэл санааны хохирол 7 000 000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийн зөрүү 2 252 421 төгрөг, тахир дутуугийн тэтгэврийн зөрүү 4 396 338 төгрөг, нийт 13 648 759 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гаргуулах хууль зүйн үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Хэрэгт авагдсан шинжээч томилуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулгаас үзвэл үйлдвэрлэлийн осолд орсон талаар акт дүгнэлт гаргуулах, MNS 4970:2000 Монгол улсын Стандарт зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлт нь хэрэгт ач холбогдолгүй эрх бүхий байгууллага нэхэмжлэгч Б.М-г үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаныг тогтоосон тул уг хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02396 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ