| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/00552/И |
| Дугаар | 102/ШШ2017/00911 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2017/00911
| 2017 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2017/00911 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Дунд гол, өөрийн байранд, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /РД: 5011248/-д холбогдох
Дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 41,500,205 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинзориг, төрийг төлөөлж Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо, нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн шүүх хуралдаанд: “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит ААТҮГ нь Монгол Улсын Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1,17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 27,666,803 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 23 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 27,666,803 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан 13,833,402 төгрөг, бүгд 41,500,205 төгрөгийг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит ААТҮГ-ийн хөрөнгөөс гаргуулж Төрийн банкин дахь тус хэлтсийн 105100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү. Манай зүгээс хариуцагч талтай эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмоб шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын эвлэрлийг дэмжиж байна гэв.
Зохигчид шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинзориг би нэхэмжлэгч талд 2017 оны 04 дүгээр сарын 15-ны дотор нийгмийн даатгалын өр төлбөр болох 27,666,803 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа мэдэгдэж байна. Заасан хугацаанд 20,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд алданги болох 13,833,402 төгрөгийг нэхэмжлэгч тал нэхэмжлэх эрхтэйг дурьдая. Тухайн сарын шимтгэлийг сард нь багтаан шилжүүлж байх болно. Үлдэгдэл төлбөр болох 17,666,803 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 31-нд төлөхөөр харилцан тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит ААТҮГ холбогдуулан дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 41,500,205 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд “Хариуцагч тал 2017 оны 04 дүгээр сарын 15-ны дотор нийгмийн даатгалын өр төлбөр болох 27,666,803 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа мэдэгдэж, заасан хугацаанд 20,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд алданги болох 13,833,402 төгрөгийг нэхэмжлэгч тал нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, үлдэгдэл төлбөр болох 17,666,803 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 31-нд төлөхөөр харилцан тохиролцож” эвлэрсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит ААТҮГ холбогдох иргэний хэргийн зохигчид “Хариуцагч тал 2017 оны 04 дүгээр сарын 15-ны дотор нийгмийн даатгалын өр төлбөр болох 27,666,803 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа мэдэгдэж, заасан хугацаанд 20,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд алданги болох 13,833,402 төгрөгийг нэхэмжлэгч тал нэхэмжлэх эрхтэйг дурдаж, үлдэгдэл төлбөр болох 17,666,803 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 31-нд төлөхөөр харилцан тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
4. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР