Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Ц.Батзаяа

         Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Эт холбогдох 2216000000036 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ний өдөр төрсөн, эрэгтэй, ... настай, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эгч нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, Баянгол дүүрэг ... давхар 120 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, ...регистрийн дугаартай, Хөх толбо овогт Л.Э гэв.

Шүүгдэгч Л.Э нь 2022 оны 02 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Оргил багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Ахуй үйлчилгээний ордны 2 давхрын “Аэро Монголиа” ХХК-ийн оффисын өрөөнд нууцаар, хууль бусаар нэвтэрч М.Бгийн эзэмшлийн цагаан өнгийн “НР” маркийн нөүтбүүк буюу зөөврийн компьютерийг хулгайлж, хохирогч М.Бд 1.100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Л.Эын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...2022 оны 02 дугаар сарын 08-ны орой Говь-Алтай аймагт архи уусан явж байсан. Тэгэхэд цасаар шуурсан. Зах орчмоор эргэлдэж байгаад дулаацах гээд “Аэро Монголиа” оффисын өрөөнд орсон. 1 давхардаа барилгын захтай гадна талдаа хамгаалагч байхгүй байсан. Тэгээд хаалгыг нь татахад онгойсон болохоор нь дулаацах гээд нэвтэрсэн байгаа. Дээшээ 2 давхарт гарахад цулгуй хана байсан. Аркаар ортол 3:4 харьцаатай шилэн оффис байсан. Тухайн үед 2 давхарт 20-25 минут амарсан байгаа. Тухайн үед өөрөө өөрийгөө авч явах чадваргүй үедээ компьютерыг авсан байгаа. 2013 онд Төв аймгийн Заамарт мотоциклтой явж байгаад машинд мөргүүлснээс болоод барьсан тавьснаа мэддэггүй ухаан санаа орон гаран болчихдог. Архи уухаараа бүр орж гараад гэмт хэрэгт холбогдчихдог байгаа. Манай аав бурхан болоод 20 жил, ээж бурхан болоод 17 жил болж байна. Айлын отгон хүүхэд. Хотоос хүнсний 4 дүгээр дэлгүүрээс зарын дагуу Говь-Алтай аймгийн Бигэр сумын алтны уурхайд хамгаалагчаар ажиллах гээд зуучлагдаж ирсэн. Аймагт ирээд уурхай руу явах гэтэл унаанд нь багтахгүй байхаар нь аймагт Цолмонбаатар гэдэг айлд үлдсэн. Тэр хүнтэй архи ууж, хулгай хийсэн. ...Тухайн үед урагшаа гүйдэг замаар нь баруун мөрөөр мөрлөхөд доор шалан дээр цоожлогч цоожтой байсан. Мөрлөсний дараа цоож нь онгойсон. Уг компьютерийг асаахад паспорт нэхсэн. Тэгээд надаас код нь хэд вэ? гэхээр нь би мэдэхгүй гэсэн. Тэгвэл таных биш байна гэж тэр үзелийн охин  хэлсэн. Оффист нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Айлын отгон хүүхэд аав ээжгүй өнчин өрөөсөн ажил төрөл байхгүй. Хэрэг даах чадвартай гэж байна. Хэрэг даах чадвар гэдэг нь санхүүгийн байдал, ажил төрөл, мэргэжилтэй байж даадаг юм болов уу гэж бодож байна. Өөрийн гэсэн байр суурьгүй, хөлөө олоогүй хүнийг харанхуй нүх рүү түлхэх нь зөв юм уу, буруу юм уу. Улсын яллагчийн дүгнэлтийг үгүйсгээгүй хүнийг бас өөр өнцгөөс хараасай гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч М.Бгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өглөө 10 цагт ажилдаа ирээд 15 цагийн үед ажлаасаа гарсан. Тэгээд 19 цагийн үед ажил дээрээ ирэх гэж байгаад ээж Эрдэнэцэцэгийн бие өвдөөд шууд гэр рүүгээ явсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед ажил дээрээ ирсэн. Хаалгаа түлхүүрээр онгойлгоод өрөөнд ороход ширээн дээр байсан цагаан өнгийн НР гэсэн бичиглэлтэй зөөврийн компьютер байхгүй байсан. Тэгээд Очир гээд манай оффисыг түрээслүүлэгч рүү яриад манай өрөөнд байсан нөүтбүүк алга болсон байна гэхэд таны өрөөний хаалга өглөө хувилнаасаа гарсан байхаар нь түлхээд оруулсан гэж хэлсэн. Тэгээд орой Очир руу залгаад камераа шүүсэн үү гэсэн чинь шүүсэн би нэг хүн харсан. Гэхдээ царай нь сайн харагдахгүй байна. Та цагдаад өгөх юмуу гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /ХХ25/,

Гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2022 оны 02 дугаар сарын 09-ний өглөө Шинэ-Алтай захын хойд талын шуурхай зарын төвд сууж байтал 11 цагийн үед улаан куртиктай цүнх үүрсэн залуу орж ирээд Бигэр сум явах унаа байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би унаа алга чи зар тавьчих юмуу гэхэд нөгөө залуу мөнгө алга. Нөүтбүүк зармаар байна. Та авах уу гэхээр нь би ямар нөүтбүүк, юун учиртай юм гэж асуусан. Тэр залуу миний өөрийн нөүтбүүк байгаа юм. Би цэнэглэгчийг нь Улаанбаатар хотод орхиод ирцэн байна гэсэн. Тэгэхээр нь би авахгүй ээ та яв гэхэд тал үнээр нь 300.000 төгрөгөөр авчих гээд зогсоод байсан. Эхлээд зарахдаа 750.000 төгрөг гэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ32-33/,

Гэрч Б.С-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байхад манай ээж Дэлгэрмаа залгаад энд нэг хүн компьютер аваад ирсэн байна. Хямдхан үнэ тохиролцоод авъя гэж бодож байна. Чи ирээд үзээдэхээч гэсэн. Тэгээд нөүтбүүкийг үзэх гээд асаах гэтэл асахгүй байхаар нь би тухайн нөүтбүүкийг аваад Оргил утас засвар, Их нуруу руу очоод асуухад цэнэглэгч нь байхгүй байсан. Тэгээд ээжийн ажил дээр очоод байж байтал эзэн нь гээд улаан куртиктэй залуу орж ирсэн. Тухайн нөүтбүүкийг 2021 онд Номингоос 1.200.000 төгрөгөөр хямдралаар авч байсан. 750.000 төгрөгөөр зарна гэсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ37/ болон хэргийн газрын үзлэг, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ3-4/ эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /ХХ7/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ11/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ12-17/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Э нь 2022 оны 02 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Оргил багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Ахуй үйлчилгээний ордны 2 давхрын “Аэро Монголиа” ХХК-ийн оффисын өрөөнд нууцаар, хууль бусаар нэвтэрч М.Бгийн эзэмшлийн цагаан өнгийн “НР” маркийн нөүтбүүк буюу зөөврийн компьютерийг хулгайлж, хохирогч М.Бд 1.100.000 төгрөгний хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Уг үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэнэ.

Иймд шүүгдэгч Л.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Э нь гэмт хэрэг үйлдэж хулгайлсан компьютерыг хохирогч М.Бд буцаан өгсөн байх тул хохирогчид хохирол бүрэн төлөгдсөн байна гэж үзлээ. Дээрхи гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь тухайн үед шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал болон амьдралын нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв. 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Л.Эыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.Э нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Хөх толбо овогт Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Эыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Ялтан Л.Эыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ  өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Эт авсан цагдан хорих сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА