| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2022/0043/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/45 |
| Огноо | 2022-04-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Бт холбогдох 2216000000044 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-нд төрсөн, 48 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Банди овогтой М.Б гэв.
Шүүгдэгч М.Б нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Я.Гийн эзэмшлийн “Ганхуяг шатахуун түгээх станц”-д түгээгчээр ажиллаж байх хугацаандаа 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын хооронд “Ганхуяг шатахуун түгээх станц”-н түгээгүүрийн спидометрийг /милл/ гүйлгэдэг арааг салгаж 185 литр А-80 бензин гарган авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч М.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн “2021 оны 09 дүгээр сард түгээгүүрийн доод тэрэг эвдэрснийг мэдэхгүй бүгдийг нь задлаад лацадсан байсныг лацыг нь салгаад дээд талыг нь шахаж байна уу гээд үзэх гэхэд милл нь гүйхгүй байсан. Тэгээд л мэдсэн. Эхлээд 15 литрийг мотоциклдоо хийсэн. Дараа нь 11 дүгээр сард Л.О ирээд шатахуун авах гэхээр нь хийж өгсөн. Тэр үед өөрийнхөө мотоциклд бас хийж авсан. Дараа нь дахиад хийж авсан. Нийтдээ 185 литр бензин авсан. Хохирогчид хохирлыг төлж барагдуулсан. Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Я.Гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 09 дүгээр сард манай “Ганхуяг шатахуун түгээх станц”-д гэмтэл гараад үзлэг хийхэд түгээгүүрийн тэрэг гэх эд анги нь эвдэрсэн байсан. Эвдэрсэн байсан эд ангийг янзлах үедээ А-80 шатахуун спидометрийг гүйлгэдэг арааг салгадаг эд ангийн лацыг аваад тухайн үед буцааж лацдаагүй байсан юм. 2022 оны 01 сарын эхээр буцаагаад түгээгүүрийг лацдах гээд онгойлгоход гүйлгэлэг арааг салгадаг эд ангийн боолт нь сул байсан. Түгээгчээр ажилладаг М.Баас энэ талаар асуусан чинь би түгээгүүрийн спидометрийг салгаж байгаад нийт 3 удаа өөрийн эзэмшлийн мустанг-150 маркийн мотоциклдоо А-80 шатахуун авсан. Мөн тус сумын иргэн Л.О гэх залууд Ланд-80 маркийн машинд 2 удаа А-80 шатахуун өгсөн талаараа надад хэлсэн. М.Б, Л.О нар авсан нийт 185 литр бензиний үнэ 481.000 төгрөгийг надад өгч миний хохирлыг барагдуулж өгсөн. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт гэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /ХХ13-14/,
Гэрч Л.Оын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 11 дүгээр сард бензин авах гээд очсон чинь М.Б гэх хүн гарч байсан. Би бензин авъя гэсэн чинь М.Б ах би чиний машинд үнэгүй бензин хийгээд өгөх үү гэж хэлээд түгээгүүрийнхээ урд талын тагийг онгойлгоод тусгай түлхүүрээр нэг юм тайлаад миний машинд бензин хийсэн чинь түгээгүүрийн хянах самбар дээр байдаг тоо нь гүйхгүй байсан. Тэгээд би бензинээ аваад М.Б ахад мөнгө өгөлгүй явсан. Дараа нь бас 12 сард очоод М.Б ахыг та дахиад хэдэн литр бензин өгчих юм уу гэхэд мөн адил нэг юм салгаад хянах самбар дээрх тоо нь гүйхгүй болгоод өгсөн. Би 2 удаа нийт 140 литр бензин авсан... ” гэсэн мэдүүлэг /ХХ19/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ5-8/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Я.Гийн эзэмшлийн “Ганхуяг шатахуун түгээх станц”-д түгээгчээр ажиллаж байх хугацаандаа 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын хооронд “Ганхуяг шатахуун түгээх станц”-н түгээгүүрийн спидометрийг /милл/ гүйлгэдэг арааг салгаж 185 литр А-80 бензин гарган авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогчид 462.500 төгрөгний хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Уг үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж, хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан байх тул Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Иймд шүүгдэгч М.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Я.Г нь “Түгээгчээр ажиллаж байсан М.Б нь өөртөө болон иргэн Л.Оод бензин өгч нийт 185 литр бензиний 481.000 төгрөгийн хохирлыг Л.О, М.Б нар нь барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол байхгүй” гэсэн хүсэлтийг Цагдаагийн газарт ирүүлжээ. Иймд шүүгдэгч М.Быг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг хохирогч Я.Гт бүрэн төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Шүүдэгчийн ухамсар сэтгэхүй болон хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас болж дээрхи гэмт хэрэг гарсан байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Банди овогт М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч М.Быг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч М.Бт танилцуулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА