Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д

улсын яллагч Л.Э,

шүүгдэгч Ц.Ө нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Ц.Ө-д холбогдох эрүүгийн 2225000000141 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Ц.Ө

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ө нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр _ аймаг _сум _багт үйл ажиллагаа явуулдаг Ц.Т-д С.М-ын нүүрэн тус газарт нь гараар болон архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.Ө мэдүүлэхдээ “... С.М-ыг архины шилээр цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Архи нилээн уугаад согтчихсон байсан... хохиролд 3,000,000 төгрөг өгсөн... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний бие хуурай ах О, найз М, жолооч Н нарын хамтаар Хөвсгөл аймагт болсон мөсний баярын арга хэмжээнд оролцоод Улаанбаатар хот руу буцаж байхдаа _ аймагт Ц.Т зочид буудалд буусан. 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үүрээр О ах С.М ахыг буудалд дуудсан. Удалгүй С.М ах буудалд ирээд бид нарын хамт архи уусан. Яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Ямар ч байсан би Мягмар ахын нүүрэн тус газарт нь архины шилээр нэг удаа цохисон. Тэгтэл С.М ахын хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тэгээд би С.М ахаас уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13х/,

 

- Хохирогч С.М мөрдөн шалгах ажиллагаанд: ... 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үүрээр 04 цагийн үед намайг гэртээ унтаж байхад миний гар утас руу манай ангийн хүүхэд О залгаад найз нь Хөвсгөл аймагт мөсний баярын арга хэмжээнд оролцоод Улаанбаатар хот руу явж байна. Ирснийх чамтай нэг уулзаад явмаар байна. Би Ц.Т буудалд байна гэсний дагуу дуудлагын таксигаар тухайн буудалд очсон. Намайн буудалд очиход найз О, Ц.Ө, М мөн миний танихгүй хүнтэй нийт 4-үүлээ архи уугаад сууж байсан... тэгээд байж байтал Ц.Ө гэх залуу над руу агсам тавьж, хэл үгээр доромжилж эхэлсэн. Удалгүй буудлаас нилээд ууртай гараад явсан... хэсэг хугацааны дараа буудлын үйлчлэгч орж ирээд Ц.Ө гэх залуу буудлын 1 дүгээр давхарт агсам тавиад амгалан тайван байдал алдагдуулаад байна энэ хүнийг чинь яах ёстой вэ, цагдаа дуудлаа шүү гэсэн. Тэгээд байж байтал Ц.Ө нь О бид хоёрын сууж байсан өрөө рүү орж ирээд шууд намайг нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон. О-ыг салгатал хэсэг тайвширч байгаад ширээн дээр байсан хараа нэртэй архины шилээр баруун хөмсөг тус газар нэг удаа цохиж гэмтэл учруулсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-гийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн _____ дугаартай дүгнэлтэд: “...С.М-ын биед баруун хөмсөгний гадна буланд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээ нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16х/,

 

 - Хохирогч С.М-т 3,000,000 төгрөг өгсөн баримт /хх-ийн 52х/

 

- Ц.Ө-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21х/,

 

- Ц.Ө-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22х/зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар 2022 оны 03 сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум _____ багт үйл ажиллагаа явуулдаг Ц.Т зочид буудалд шүүгдэгч Ц.Ө, хохирогч С.М нар нь хүмүүстэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд улмаар Ц.Ө нь С.М-ын нүүрэн тус газар гараараа болон ууж байсан архины шилээрээ цохиж, С.Мын биед   баруун хөмсөгний гадна буланд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Ц.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, ял эдлэх хугацаандаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.М-ын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ____ дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ө-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Ц.Ө-д прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ц.Ө-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ц.Ө-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй боловч шүүгдэгч Ц.Ө нь хохирогч С.М-т хохиролд 3,000,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогч С.М нь “...эмчилгээний зардалд 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Ц.Ө-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “...550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, ял эдлэх хугацаандаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай...” гэсэн болно.

Шүүх шүүгдэгч Ц.Ө-ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх улсын яллагчийн “ял эдлэх хугацаандаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь:

 

Шүүгдэгч нь үндсэн ял болох торгох ялыг заасан хугацаанаас өмнө биелүүлсэн буюу үндсэн ялаа эдэлж дууссан тохиолдолд нэмэгдэл ялаа эдлэхээр байх бөгөөд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулана” гэж зааснаас үзэхэд нэмэгдэл ялыг зөрчсөн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах хууль зүйн үр дагавар үүсэхээр байх бөгөөд ял оногдуулах шударга ёсны зарчимд нийцэхгүйгээс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулана гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

       Шүүгдэгч Ц.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Ц.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Ө-д оногдуулсан  550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Ө-д 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ