Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

Хохирогч Б.М,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 222500******** дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум __________ тоотод эхнэр Б.М-тэй маргалдан улмаар нүүр болон зүүн шууны хэсэгт цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай гэрт найз А, С нар нь машинтай ирсэн юм. Тэгээд намайг нэг шил архи аваад өгөөч гэхээр нь би 0,75 литрийн нэг шил Стандарт нэртэй архи авсан, мөн А ч гэсэн 0,75 литрийн нэг шил Стандарт нэртэй архи авсан. Тэгээд эхнэр Б.М бид 2 машинд нь суугаад Говил руу С-ын гэрт очиж нөгөө архиа хувааж уусан. Архи дууссаны дараа эхнэр бид 2 Алтанцоожоор гэртээ хүргүүлсэн. Гэрт иртэл ундны ус байхгүй байсан тул эхнэр бид 2 усанд явсан. Замдаа дэлгүүрээс 0,5 литрийн нэг шил архи авсан. Тэгээд худаг дээр очоод бид хоёр хүмүүсээс худгийн карт гуйсан бөгөөд тэнд байсан 3 залуутай маргалдсан юм. Эхнэр бид 2 тэдгээр хүмүүстэй маргалдсан бөгөөд түлхэлцэж зууралдсан. Тэгээд эхнэр бид 2 усаа аваад гэртээ очсон. Тэгтэл эхнэрийн нүд нь хөхөрчихсөн байсан. Гаднаас хадам ээж Б ирсэн. Тэгээд нөгөө авсан архиа бид 3 хувааж уусан. Архи дууссаны дараа эхнэр согтчихоод охин бид хоёрыг гэрээс хөөхөөр нь би охиноо дагуулаад 19 цаг өнгөрч байхад гэрээс гарсан. Би тэгээд такси бариад Говил руу дүү Бр-ынд очиж хоносон. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө дүү Бр-н хамт нүүрс буулгачихаад орой 15 цагийн үед гэртээ харихад хадам ээж, эхнэр 2 согтуу байсан, мөн хадам дүү М ирчихсэн байсан. Би өчигдөр 0,33 литрийн нэг шил архийг ганцаараа уучихсан байсан юм. Ийм л үйл явдал болсон. Би 2019 онд эхнэрийгээ зодож 2020 онд шүүхээр орж 7 сарын хугацаагаар хорих ял авч байсан. Түүнээс хойш гар хүрээгүй. Харин шүүхээр орохоосоо өмнө архи ууж агсам тавьсан гээд 2 удаа баривчилгаанд явж байсан. Би эхнэрийнхээ биед гэмтэл учруулаагүй, харин худаг дээр ус авах үед л эхнэрийн биед хохирол учирсан байх. Тухайн үед эхнэр маань нилээн согтуу байсан. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр барагцаагаар 17-18 цагийн үед цагаан шар өнгийн 34-р худаг дээр 17-18 насны 3 хүүхэд мөн тэдгээртэй хамт явсан 40 орчим насны нэг эгч нар манай эхнэртэй ноцолдоод байсан. Тухайн үед манай эхнэр газарт унаж байсан бөгөөд их согтуу байсан. Би яг манай эхнэрийг цохиж, зодохыг хараагүй, ноцолдоод байсан. Эхнэр маань уухаараа хурдан согтчихдог бөгөөд хөл дээрээ тогтож явж чаддаггүй, хөлөндөө орчихдог юм... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38х/,

- Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 13 цаг өнгөрч байхад гэртээ нөхөр Б.Б-ын хамт 0,75 литрийн нэг шил архийг хувааж уусан. Тэгээд бид 2 нилээн согтсон бөгөөд юунаас болсоныг нь санахгүй байна, нэг мэдсэн чинь нөхөр маань намайг гурлын элдүүр модоор зодож байсан. Тэгээд зодож байснаа өөрөө болиод надаас уучлалт гуйгаад “яанаа би ухаанаа алдчихаж” гээд байсан. Ингээд байж байтал манай охин 10 настай А нь миний нагац дүү 8 настай А.Э-н хамт сургалтаа тараад ирсэн юм. Мөн орой 18 цагийн үед манай ээж Б нь хөдөөнөөс ганцаараа ирсэн ба нөхөр Б.Б-ыг загнасан юм. Нөхөр тэгтэл унтахгүй байж байгаад охин А-г аваад шөнийн 02 цагийн үед гэрээс гараад явчихсан юм, бодвол Говилд байдаг өөрийнхөө төрсөн дүү Бр-ынд хоносон байх. Би тухайн үед цагдаа, эмнэлэгт хандаагүй бөгөөд өнөөдөр миний төрсөн дүү М нь 17 цагийн үед манайд ирсэн юм. Тэгээд тэрээр цагдаад дуудлага өгсөн. Мөн нөхөр, охин маань 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Нөхөр бас архи уучихсан байсан. Дүү М нь нөхөрт хандан “яаж байгаа юм бэ, цагаан сар болох гэж байхад хүн харахын аргагүй болгочихсон байна шүү дээ” гэтэл нөхөр хэлэхдээ “агаа нь мэдэхгүй байна, уучлаарай” гэж байсан. Тэгээд би дүүгийн хамт эмнэлэг орж үзүүлэхэд миний зүүн гарыг хугарсан байна гээд гипс тавьсан, мөн миний зүүн нүд хөхөрч, баруун гарын булчин хөхөрч, баруун өвдөг хөхөрч, толгой хагарсан байна гэсэн. Би Б.Б-той 2002 оноос үерхэж эхлээд 2008 онд гэр бүл болсон. Дундаасаа 1 охинтой юм. Бид хоёр албан ёсны гэрлэлтийн батлахтай. Б.Б нь намайг урд өмнө нь олон удаа зодож байсан. 2019 онд зодож, зугтаагаад 2020 онд шүүхэр орж 7 сарын хугацаагаар хорих ял авч байсан. Түүнээс хойш намайг зодоогүй байж байгаад өчигдөр л зодсон. Нөхөр маань шүүхээс ял авахаас өмнө буюу 2017 онд намайг зодож 14 хоног баривчлагдаж байсан. Би Орхон аймгийн ШША-ны шинжээч эмч Ж.Г-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ___ дугаартай дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан зүүн гарын шууны ясны дээд 1/3-ээр далд хугарал гэмтлийг нөхөр Б.Б нь цохиж учруулсан. Тухайн үед түүнийг юугаар цохисныг сайн санахгүй байна. Мөн зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлийг Б.Б нь миний нүүр лүү гараараа цохиж учруулсан. Тухайн үед Б.Б нь явах гээд байхаар нь би түүнийг явуулахгүй гээд зууралдсан. Тэгж байхдаа би газарт өөрөө унасан юм. Тэр үед бусад гэмтэл маань надад учирсан байх... Ус авах гэж байхдаа нэг хүүхэнтэй муудсан юм тэгэхдээ би согтуу байсан болохоор хэд хэдэн удаа унасан. Тэгээд гэртээ харих замдаа  хүнтэй муудсан байсан болохоор нөхөртөө тэр уураа гаргаад мууталцсан. Гэртээ ирээд би нөхөр лүүгээ түлээ нүүрсээ шидсэн гэтэл нөхөр маань явна гэхээр нь явуулахгүй гэж зууралдаж үүдний гадаа би унасан. Ер нь бол миний буруу байгаа юм. Тэр гэмтлийг хэн учруулсныг санахгүй байна. Би нилээн согтуу байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, гар эдгэсэн. Одоо зүгээр болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 24х/

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 5-6х/,

- Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 11-14х/,

- ____ багийн хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 15-16х/,

   - Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Өнөөдөр өглөө би нагац дүү А-ийн _____дугаар луу залгатал “эгээ би Говилд байна, өчигдөр аавтай Говилд ирсэн. Аав өчигдөр ээжийг зодоод ээж гэртээ үлдсэн” гэж хэлсэн. Тэгээд эгч утасгүй байсан тул би холбоо барьж чадаагүй юм. Тэгээд ажлаасаа чөлөө авч Заамараас Орхон аймагт 18 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд шууд төрсөн эгч Б.М-ийн гэрт ирэхэд тэрээр гэртээ хэвтэж байсан бөгөөд нагац дүү 8 настай А.Э, охин 2 настай Ан, ээж Б нар байсан. Харин хүргэн ах Б.Б, охин 10 настай А-ийн хамт байхгүй байсан. Тэгтэл эгчийн нүд нь хөхөрчихсөн, 2 гар нь хөхөрчихсөн, хөл нь хөхөрчихсөн, толгой нь хагарчихсан, мөн гар өвдөөд байна гээд байж байсан. Тэгээд би цагдаа дуудсан бөгөөд эгчийг аваад эмнэлэгт үзүүлтэл түүний зүүн гарыг 2 хугарсан байна гэж хэлсэн. Би эгчээс юу болсон талаар асуухад нөхөр зодсон гэж хэлсэн. Ер нь манай эгчийг байнга зоддог. Сардаа 1-2 удаа зоддог гэж хэлж болно. 2019 онд эгч маань Говил багт зодуулсан байхад нь би очиж авч байсан. Тэгээд тэр асуудлаар Б.Б нь шүүхээр орж хоригдож байсан. Миний мэдэж байгаагаар 4-5 удаа баривчилгаанд явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26х/,

- Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өглөөнөөс хойш манай охин Б.М-ийн ______ дугаар нь холбогдохгүй, мөн тэдний гэрт байдаг миний ач хүү А.Э-ийн ______ дугаар нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би ямар нэг юм боллоо гэж бодоод хотод байдаг охин Э рүү залгаж хэлсэн. Э тэгтэл хотоос цагдаа руу ярьж мэдэгдсэн. Тэгээд цагдаагаас Б.М-ийн гэрт очиж үзсэн бөгөөд нийгмийн ажилтантай холбогдсон байсан. Мөн манай охин М нь Заамраас ажлаасаа ирж үзэхэд охин Б.М маань нөхөр Б.Б-д зодуулаад гар нь хугарчихсан, толгой нь хагарчихсан, бие хаа нь хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28х/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ____дугаартай “...Б.М-ийн биед зүүн гарын шууны ясны дээд 3/1-ээр далд хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи баруун шуу, мөр, өвдөг гуя, шилбэнд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шууны ясны хугарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, зүүн нүдний салстад цус харвалт, баруун гар, баруун хөлийн зөөлөн эдийн цус хуралтууд нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42х/,

- Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ________ тоотод эхнэр Б.М-тэй согтууруулах ундаа хэрэглэсэн улмаар эхнэр Б.М-ийг зодож зүүн гарын шууны ясны дээд 3/1-ээр далд хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи баруун шуу, мөр, өвдөг гуя, шилбэнд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий гэмтлүүдийг үүсгэсэн үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Б.М-ийн “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 13 цаг өнгөрч байхад гэртээ нөхөр Б.Б-ын хамт 0,75 литрийн нэг шил архийг хувааж уусан. Тэгээд бид 2 нилээн согтсон бөгөөд юунаас болсоныг нь санахгүй байна, нэг мэдсэн чинь нөхөр маань намайг гурлын элдүүр модоор зодож байсан. Тэгээд зодож байснаа өөрөө болиод надаас уучлалт гуйгаад “яанаа би ухаанаа алдчихаж” гээд байсан... би дүүгийн хамт эмнэлэг орж үзүүлэхэд миний зүүн гарыг хугарсан байна гээд гипс тавьсан, мөн миний зүүн нүд хөхөрч, баруун гарын булчин хөхөрч, баруун өвдөг хөхөрч, толгой хагарсан байна гэсэн. Би Б.Б-той 2002 оноос үерхэж эхлээд 2008 онд гэр бүл болсон. Дундаасаа 1 охинтой юм... Б.Б нь намайг урд өмнө нь олон удаа зодож байсан. 2019 онд зодож, зугтаагаад 2020 онд шүүхээр орж 7 сарын хугацаагаар хорих ял авч байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч М-ын “...эгчийн нүд нь хөхөрчихсөн, 2 гар нь хөхөрчихсөн, хөл нь хөхөрчихсөн, толгой нь хагарчихсан, мөн гар өвдөөд байна гээд байж байсан. Тэгээд би цагдаа дуудсан бөгөөд эгчийг аваад эмнэлэгт үзүүлтэл түүний зүүн гарыг 2 хугарсан байна гэж хэлсэн. Би эгчээс юу болсон талаар асуухад нөхөр зодсон гэж хэлсэн. Ер нь манай эгчийг байнга зоддог. Сардаа 1-2 удаа зоддог гэж хэлж болно...” гэсэн, гэрч Б-ын “...Тэгээд цагдаагаас Б.М-ийн гэрт очиж үзсэн бөгөөд нийгмийн ажилтантай холбогдсон байсан. Мөн манай охин М нь Заамраас ажлаасаа ирж үзэхэд охин Б.М маань нөхөр Б.Б-д зодуулаад гар нь хугарчихсан, толгой нь хагарчихсан, бие хаа нь хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ____дугаартай шинжээчийн дүгнэлт, ____ багийн хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь “...би эхнэрээ зодсноо санахгүй байна...” гэж, хохирогч Б.М "...Гэртээ ирээд би нөхөр лүүгээ түлээ нүүрсээ шидсэн гэтэл нөхөр маань явна гэхээр нь явуулахгүй гэж зууралдаж үүдний гадаа би унасан. Ер нь бол миний буруу байгаа юм. Тэр гэмтлийг хэн учруулсныг санахгүй байна. Би нилээн согтуу байсан..." гэх боловч хохирогч Б.М-ийн биед учирсан зүүн гарын шууны ясны дээд 3/1-ээр далд хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи баруун шуу, мөр, өвдөг гуя, шилбэнд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий гэмтлүүд нь шүүгдэгч Б.Б-ын үйлдлийн улмаас үүссэн, шүүгдэгч Б.Б, хохирогч Б.М нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан этгээдүүд байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь Б.М-ийн эрүүл мэндэд нь гэм хор учруулж бие махбодын хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохиролын талаар:

            Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй ба хохирогч Б.М нь нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 43 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 43 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ