Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Л.Энхтайван,

Хохирогч Б.О,

Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О-д холбогдох эрүүгийн 2225000****** дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.О

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ______ дугаар байрны орцны гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.О-ийг түлхэж, байшингийн хана мөргүүлэх, өшиглөх, базах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ж.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Б.О-тэй 2006 онд танилцаад 2007 онд гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн. Бид хоёрын дундаас охин Үа, хүү Мт нар төрсөн. Хөдөө уул уурхайгаар явж ажил хийхээр эхнэр хардаад байнгын хэрүүл маргаантай болсон. Үүнээс болж 2018 оноос хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан хийж маргалдах болсон. Маргалдах бүрт цагдаад дуудлага өгч намайг бариулдаг байсан. Тэрнээс биш цохиж зодож байгаагүй. Эхнэр бид хоёр 2019 онд гэр бүлээ цуцлуулж, тусдаа амьдарч байгаад 2021 оны 01 сараас хойш эргээд хамт амьдарч эхэлсэн боловч дахиад маргалдаж эхэлсэн. 2021 оны 02 сарын эхээр гэртээ байж байхад эхнэр Б.О-ийн утас дуугараад нэг хүнтэй ярьсан. Тэгээд гэрээсээ гарна гэхээр нь би одоо гарч яах гээд байгаа юм бэ, хэнтэй утсаар яриад байгаа юм бэ гэж асуухад хэнтэй уулзах, хаана явах нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд гэрээс гараад тэр шөнө 02 цагийн үед гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирсэн. Б.О бид хоёр хоорондоо маргалдахад Б.О цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед Б.Оийн биед халдаагүй, хаагуур, хэнтэй хамт архи уусан бэ гэж хэрүүл хийсэн. Эхнэрийн утас руу эрэгтэй хүн ...уурлачихсан юм уу, гомдсон юм уу гэсэн утгатай мессеж бичсэн байсан. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны орой эхнэр Б.О ажил дээрээ байна, тайлангийн ажилтай гэж хэлээд оройтсон. Дагавар том охин Сийн найз залуу гэх эрэгтэй манай гэрт ирээд хадам ээж, аавтайгаа танилцсан. Бид нар эхнэр Б.Оийг тэр орой их хүлээсэн боловч ирээгүй тул том охин Сийн найз залуу нь гэртээ харина гээд явсан. 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 03 цагийн үед эхнэрээ хүлээгээд орцонд тамхи татаж байхад орцны хаалганы кодыг 3-4 удаа гаднаас нь нэг хийгээд байхаар нь орцны хаалга онгойлгож харахад эхнэр Б.О архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хөл дээрээ тогтож чадахгүй ганцаараа байсан ба орцныхоо кодыг хийж чадахгүй байсан. Би эхнэрт уурлаж ...ингэтлээ согттолоо архи ууж байгаа юм уу, хөлдөж үхэх чинь дутаа юу гэж хэлээд цээж хэсэг рүү нь түлхээд Б.О байрны гадна талын хана хэсгийг толгойгоорой мөргөөд газар суусан. Б.О газраас босохгүй байхаар нь дээшээ босгох гээд өмднөөс нь татахдаа гуя хэсгийг нь давхар базчихсан юм. Хөл рүү нь өшиглөсөн. Б.Оийг гэрт оруулж өгсөний дараа хадам ээж Н болон хүүхдүүддээ хандаж ...Б.О согтуу байна, дахиад бид хоёр маргалдаж магадгүй, би ахынхаа гэрт очиж хонолоо гэж хэлээд гэрээс гарсан. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэг нутгийн найз Х-ийн хамт гэртээ нэг шил архи уугаад Х усанд орсон. Тэр үед Б.О миний утасруу залгаад ...хуухай архичин минь наад архичингаа аваад зайл, гэртээ архичин авчираад архи ууж, усанд оруулдаг хэн юм бэ гэж хэлсэн. Би Б.От хандаж ...найзынхаа хамт явлаа гэж хэлчихээд хувцасаа өмсөж байхад цагдаа нар ирсэн... Зодсон зүйл бол байхгүй. Хаалганы кодоо хийж чадахгүй согтуу зогсож байсан... уурлаад түлхсэн, тэгээд босгох гээд татсан, тэрнээс зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

 

- Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: ...Би Ж.Отэй 2005 онд танилцаж, гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. Ж.Отэй танилцахаас өмнө 1 охинтой байсан. 2018 оноос эхлэн гэр бүлийн маргаантай болсон улмаар 2018, 2019 онуудад Ж.Оийн архи согтууруулах ундаа хэрэглэх нь ихсэж цагдаагийн байгууллагад хандах болсон. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхээр орж гэр бүлээ цуцлуулсан. Ж.О нь дахиж ийм асуудал гаргахгүй, үр хүүхдүүдээ бодсон шийдвэр гаргамаар байна гэж амлалт өгсөн тул 2021 онд эргэн нийлээд гэртээ хамтран амьдарч эхэлсэн. Ж.О нь 2021 оны 02 сарын эхээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь би уурлаж улмаар хэрүүл, маргаан болсон тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Үүнээс хойш ямар нэгэн маргаангүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө би ажлын газрын хүмүүстэй жаахан сууж байгаад шөнө дунд 03 цагийн үед гэртээ ирэхэд орцны гадна нөхөр Ж.Отэй таарсан. Тухайн үед би нилээн согтуу байсан ба Ж.О намайг архи уусан, бусадтай хардсаны улмаас уурлаж түлхээд байшингийн хана мөргүүлсэн, тухайн үед миний толгой маш их өвдөөд газраас босож чадахгүй байхад хөл рүү маань өшиглөсөн, хөлнөөс базаад газраас босгож гэрт оруулчихаад өөрөө гэрээс гараад явсан. Тэр орой манай гэрт ээж Н, том охин С, бага хүүхдүүд маань унтаж байсан. Гэрт ороход ээж, том охин хоёр сэрсэн. Үүнээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээрээ байхдаа нөхөр Ж.Оийн утас руу залгахад гэртээ нэг хүн оруулчихсан, архи уугаад, усанд оруулсан гэдгийг мэдээд уур хүрч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Ж.Отой хамт амьдарч байх хугацаанд буюу 2018-2019 оны хооронд миний биед халдаж, цохиж, зодож байсан. Зарим нэг тохиолдолд нь чимээгүй өнгөрөөж байсан. Ж.О хүүхдүүддээ гар хүрдэггүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Одоогоос олон жилийн өмнө хөдөө гүү сааж байгаад моринд өшиглүүлсэний улмаас миний хамар хугарсан. Уг гэмтэл нь нөхөр Ж.О-д ямар нэгэн хамаарал байхгүй... Тухайн үйл явдал болсны дараа гэрт ирж гэрийн хаалга аймар нүдээд орилоод байхаар нь айгаад гэртээ оруулсан. Гэтэл удаагүй гэртээ хүн оруулж усанд оруулж архи уусан, хүүхдүүдээ гэрээсээ хөөсөн...  Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... Энэ үйл явдал болсноос хойш бид хоёр уулзаагүй, дахиж ирэхгүй, ийм асуудал болохгүй гэсэн. Нэг ажилд орж байгаа гэсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-ийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ____ дугаартай дүгнэлтэд: “...Б.Оийн биед дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Толгойн дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал нь шинэ гэмтэл ба 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй, хамрын таславчийн мурйлт нь хуучин гэмтэл байна. Толгойн дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Уг гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21х/,

 

- Ж.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37х/,

 

- Ж.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36х/,

 

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 46-48х/,

 

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 51-59х/,

 

- ____ багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 60-63х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Оийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө шүүгдэгч Ж.О нь эхнэр Б.Оийг хүлээж гэрийнхээ орцонд тамхи татаад зогсож байхад хохирогч Б.О нь ажлын газрын хүмүүстэй согтууруулах ундаа хэрэглэн шөнө гэртээ орохоор Орхон аймаг Баян-Өндөр сум ______ дугаар байрны орцны хаалгыг онгойлгох гээд зогсож байхад нь Ж.О нь уурлаж, түлхэхэд нь Б.О нь хойшоогоо хана мөргөж унасны улмаас түүний биед дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Б.Оийн “...2018 оноос эхлэн гэр бүлийн маргаантай болсон улмаар 2018, 2019 онуудад Б.Ж.Оийн архи согтууруулах ундаа хэрэглэх нь ихсэж цагдаагийн байгууллагад хандах болсон. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхээр орж гэр бүлээ цуцлуулсан. Ж.О нь дахиж ийм асуудал гаргахгүй, үр хүүхдүүдээ бодсон шийдвэр гаргамаар байна гэж амлалт өгсөн тул 2021 онд эргэн нийлээд гэртээ хамтран амьдарч эхэлсэн. Ж.О нь 2021 оны 02 сарын эхээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь би уурлаж улмаар хэрүүл, маргаан болсон тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө би ажлын газрын хүмүүстэй жаахан сууж байгаад шөнө дунд 03 цагийн үед гэртээ ирэхэд орцны гадна нөхөр Ж.Отэй таарсан. Тухайн үед би нилээн согтуу байсан ба Ж.О намайг архи уусан, бусадтай хардсаны улмаас уурлаж түлхээд байшингийн хана мөргүүлсэн, тухайн үед миний толгой маш их өвдөөд газраас босож чадахгүй байхад хөл рүү маань өшиглөсөн, хөлнөөс базаад газраас босгож гэрт оруулчихаад өөрөө гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн _____ дугаартай шинжээчийн дүгнэлт, ______ багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл  болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.О нь “...уурлаад түлхсэн, тэгээд босгох гээд татсан, тэрнээс зодоогүй...” гэх боловч хохирогч Б.Оийн биед учирсан дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүгдэгч Ж.Оийн үйлдлийн улмаас үүссэн, шүүгдэгч Ж.О, хохирогч Б.О нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан этгээдүүд байх бөгөөд шүүгдэгч Ж.О нь Б.Оийн эрүүл мэндэд нь гэм хор учруулж бие махбодын хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Оийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ж.Оийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохиролын талаар:

            Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй ба хохирогч Б.О нь нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Ж.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оийг гурван зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч Ж.Оийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Ж.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

0-0   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.О нь 550,000 /таван зуун тавин/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ