| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02116/И |
| Дугаар | 102/ШШ2017/01159 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2017/01159
| 2017 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2017/02197 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 1 дүгээр гудамж 22 тоотод оршин суух, Их тугтан ургийн овогтой Дамдингийн Нарангэрэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 302 байр, 134 тоотод оршин суух, Чоноо ургийн овогтой Лхагвацэндийн Уранчимэгт холбогдох,
20,625,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Нарангэрэл, хариуцагч Л.Уранчмэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дандин овогтой Нарангэрэл миний бие 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн Л.Уранчимэгт гурван сарын хугацаатай 15,000,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хүүгүй зээлдүүлсэн. Зээлдүүлэх гол учир нь Л.Уранчимэг нь нэг хүнийг 5,000,000 төгрөгөөр Солонгос руу гурван жилийн хугацаатай гэрээт ажилтнаар 30-45 хоногийн дотор явуулж өгнө гэж итгэл төрүүлсэн. Нэг нутгийн таньдаг хүн учир би хүүгээ явуулна гээд 5,000,000 төгрөг, хоёр дүүгээ явуулна гээд Сононцэрэн овогтой Дэлгэрцэцэг, Лхагва овогтой Бат-Өлзий 10,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг бэлнээр өгч нотариатаар баталгаажуулсан. Л.Уранчимэг нь мөнгө авахдаа заавал Солонгос явуулна гэж гэрээ хийгээд яах вэ мөнгө зээлдүүлсэн гэж гэрээ хийе гэсний дагуу бид хүнээс хүүтэй мөнгө зээлж энэ хүнд Л.Уранчимэгт бэлнээр өгсөн. Үүнээс хойш Л.Уранчимэгтэй байнга холбоотой байсан. Явах ажил маань юу болж байна гэж асуухад жоохон асуудал гараад байна жоохон л хүлээчих найдвартай явуулна санаа зоволтгүй гэж хэлээд хугацаа заагаад, өдөр хоногоо хойшлуулсаар өдийг хүргэсэн. Энэ хугацаанд Л.Уранчимэг нь ажил сонголт нь ирсэн гээд 03 дугаар сарын 05-ны өдөр ажил сонголтыг нь тус тус хийлгэсэн. Мөн 04 дүгээр сарын 24-ний өдөр гурван хүнийхээ гадаад паспортыг эх хувиар нь эрүүл мэндийн шинжилгээний бичигтэйгээ өг гэж хэлэхэд нь мөн өгсөн. Мөнгө өгссөнөөс хойш ойролцоогоор зургаан сар болсон. Гэрээнд заасны дагуу 03 дугаар сарын 24-ний өдөр хүүгүй зээлсэн мөнгөний хугацаа дууссан. 03 дугаар сарын 24-ний өдрөөс хойш алданги бодогдохоор гэрээ хийсэн. Тиймээс үндсэн мөнгө болох 15,000,000 төгрөгөө алданги болох 03 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх 75 хоногийн 5,625,000 төгрөгийг Л.Уранчимэгээс нэхэмжилж байна. Иймд нийт 20,625,000 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Уранчимэг нь нэг хүнийг 5,000,000 төгрөгөөр Солонгос руу гурван жилийн хугацаатай гэрээт ажилтнаар 30-45 хоногийн дотор явуулж өгнө гэсэн тул би хүүгээ явуулна гээд 5,000,000 төгрөг, хоёр дүүгээ явуулна гээд 10,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Мөнгө авахдаа заавал Солонгос явуулна гэж гэрээ хийгээд яах вэ мөнгө зээлдүүлсэн гэж гэрээ хийе гэсний дагуу зээлийн гэрээ нотариатаар баталгаажуулсан. Би 15,000,000 төгрөгийн зээлж аваад өгсөн. Гэвч энэ виз гаргаж өгнө гэсэн нь худлаа болсон. Иймд 15,000,000 төгрөгийн 3 сарын алданги 5,625,000 төгрөг нийт 20,625,000 төгрөгийг Л.Уранчимэгээс нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Л.Уранчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Уранчимэг миний бие Д.Нарангэрэлийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хохирогчоор тогтоон шалгаж байгаа тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Уранчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Уранчимэг 20,625,000 төгрөгийг бүгдийг нь төлөх боломжгүй байгаа бөгөөд анхнаасаа н.Тунгалаг гэж хүн виз гаргаж өгнө гэсэн байдаг. Л.Уранчимэг нь н.Тунгалаг гэж хүнд визний материалуудаа өгсөн байдаг. Л.Уранчимэг нь 15,000,000 төгрөгийг гаргаж өгөх боломжтой. Хүү, алданги тооцох боломжгүй. Учир нь гэрээнд хүү, алданги тооцох эрхгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Нарангэрэл нь хариуцагч Л.Уранчмэгт холбогдуулан 20,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 15,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 5,625,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Нарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Л.Уранчимэг нь Солонгос улс руу зорчих виз найдвартай гаргаж өгнө. 1 хүн 5,000,000 төгрөг шаардлагатай гэсэн учир 3 хүний виз гаргуулахаар 15,000,000 төгрөгийг өгсөн. Мөнгө өгөхдөө жуучлалын гэрээ гэж байгуулалгүй зээлийн гэрээ гэж байгуулъя гэсэн. Гэрээнд алданги тооцохоор заасан байгаа тул 5,625,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна” гэж, хариуцагч нь “...Солонгос улс руу виз гараагүй. 15,000,000 төгрөгийг авч Т.Тунгалаг гэдэг хүнд өгсөн. Т.Тунгалаг нь виз гаргаж өгөх байсан боловч одоо эрүүгийн журмаар эрэн сурвалжлагдаж байна. Алдангийг төлөхгүй....” гэж тайлбарлажээ.
Монгол Улсын иргэнийг БНСУлс руу зорчих эрх /виз/ олгох эсэх асуудлыг зөвхөн Монгол Улсад суугаа БНСУлсын элчин сайдын яам шийдвэрлэх тул хариуцагч Л.Уранчимэг /виз/ олгох эрх, үүрэг бүхий этгээд биш.
Нэхэмжлэгч Д.Нарангэрэл нь хариуцагч Л.Уранчимэгтэй 2016 оны 12 сарын 24-ний өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулсан боловч бодит байдалд зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдаагүй өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн алданги гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.
Харин хариуцагч Л.Уранчимэг нь нэхэмжлэгч Д.Нарангэрлээс 15,000,000 төгрөг авсныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Л.Уранчимэгээс 15,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нарангэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,625,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Уранчимэгээс 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нарангэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,625,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Нарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Уранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР