Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З. Нандинцэцэг даргалж,

   Нарийн бичгийн дарга                 М.Баярмэнд

   Улсын яллагч                                Б.

   Шүүгдэгч                                        Г. *******

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                 С.

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,  Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******т холбогдох 2224000000018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар  сарын 28-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2 эхнэрийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын баг ийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,******* овогт *******гийн *******, /Регистрийн дугаар: /

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Завхан аймгийн ******* сумын ******* багийн гэх газрын ойгоос буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр 3.6774 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж ойн санд 1.116.381 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний нэхэмжлэгч  Завхан аймгийн ******* сумын засаг дарга Л.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иргэний нэхэмжлэгч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                    1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч******* овогт *******гийн ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Завхан аймгийн ******* сумын ******* багийн гэх газрын ойгоос 30 ширхэг мод бэлтгэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 Г.******* “Завхан аймгийн ******* сумын   гэх газар мод бэлтгэсэн” гэж өөрт нь хэлсэн талаар шууд тусган мэдүүлсэн гэрч А.*******гийн “... Г.*******... гэх газрын ойгоос 2022 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд мод бэлтгэсэн гэж надад хэлсэн юм. Надад хэлэхдээ 4 метрийн урттай, хуурай 30 орчим ширхэг бөөрөнхий модыг бэлтгэсэн... гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээр / 30 дахь  тал/,

Г.******* тухайн газар мод бэлтгэсэн байсан талаар мэдүүлсэн гэрч Г.*******гийн “ ...2022 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд манай нөхөр өвөлжөөний урд талын гэдэг газрын модноос ганцаараа мод бэлтгэсэн байсан юм. Манай нөхөр надад хэлэхдээ 4 метрийн 30 ширхэг хуурай бөөрөнхий мод бэлтгэчихлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр /24-25 дахь тал/,

 Шүүгдэгч Г.*******ын ганцаараа мод бэлтгэсэн талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Би 2022 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг гэх газраас хэрэглээний 4 метрийн урттай 30 ширхэг бөөрөнхий мод огтолж бэлтгэсэн...” гэсэн мэдүүлгээр,

Ойд хяналт шалгалт хийх явцад 30 ширхэг мод бэлтгэсэн байсан талаар мэдүүлсэн гэрч Н.ын “..Би ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд хяналт шалгалтаар ажилласан юм. Хяналт шалгалтаар ажиллах хугацаанд ******* багийн нутаг гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний хуурай 30 ширхэг бөөрөнхий модыг ойгоос бэлтгэсэн байсныг мэдсэн юм. Тухайн моднуудыг иргэн Г.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд ойгоос бэлтгэсэн байсан. Ойгоос тухайн модыг бэлтгэхдээ 10 гаруй тооны босоо модыг огтолж унагаагаад мөн ганц хоёр газрын унанги мод зэргээс тайрч бэлтгэсэн байсан. Мод бэлтгэсэн газарт очиход хожуулуудын тайралт шинэвтэр тайралттай байсан юм гэсэн” мэдүүлгээр, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

     Шүүгдэгч Г.******* нь ийнхүү мод бэлтгэхдээ Монгол Улсын Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий этгээдээс зохих зөвшөөрөл аваагүй  нь гэрч М.ийн “ Би 2016 оноос хойш одоог хүртэл байгаль хамгаалагчаар тасралтгүй ажиллаж байна... Миний зүгээс 2021 оны 01 сараас хойш одоог хүртэл ******* багийн хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Сумын хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш иргэдэд хэрэглээний болон түлшний мод бэлтгэх эрхийн бичгийг олгож эхэлсэн Тухайн цаг хугацаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй...” мэдүүлгээр,

     Гэрч Ч.*******ын “ тухайн иргэн надаас 2022 он гарсаар ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байна.

    Г.*******ын бэлтгэсэн мод нь “шинэс”-нэртэй мод бөгөөд түүний үйлдлийн улмаас ойн санд 1.116.381 төгрөгийн бодит хохирол учирсан нь Завхан аймгийн ******* сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай “ Иргэн Г.*******ын ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний хуурай модонд хамаарна...Ойгоос бэлтгэсэн  моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байна. Тухайн моднуудыг 2022 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд бэлтгэсэн байх боломжтой. Иргэн Г.*******ын ойгоос бэлтгэсэн моднууд 3,6774 метр куб мод байна. Мод бэлтгэсэн гэх ******* сумын ******* багийн гэх  газар нь ойн 1 дүгээр мужлалд хамаарна ... Иргэн Г.*******ын ойгоос бэлтгэсэн хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын А/176 дугаар тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход  бүх төрлийн хуурай модны 1 дүгээр мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг итгэлцүүр болох 1,8 -аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303.579 төгрөг, бэлтгэсэн 3,6774 метр  кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ 1.116.381 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. /40-41 дэх тал/,  

    Шүүгдэгчийн мод бэлтгэсэн Завхан аймгийн ******* сумын *******  багийн нутаг  гэх газар нь Монгол Улсын Их хурлын 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дугаартай тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газарт хамаардаг болох нь  шинжээчийн “...Мод бэлтгэсэн гэх ******* сумын ******* багийн нутаг гэх газар нь ... улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна.” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна.

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

  Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

    Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн ахуйн хэрэглээнд мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилжээ.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагааг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ойлгох ба Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглож, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр байна.

           Шүүгдэгч Г.******* нь Ойн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

       Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т улсын тусгай хамгаалалтын газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон зүйлчилсэн. Шүүгдэгч Г.*******ын Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Ойд мод бэлтгэх журмыг зөрчин улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжтэй байна.

   Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

    Шүүгдэгчийн үйлдлийн улмаас ойн санд 1.116.381  төгрөгийн бодит хохирол учирчээ. 

   Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн  1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан тул шүүгдэгч Г.*******аас 1.116.381 х 3 = 3349143 /гурван сая гурван зуун дөчин есөн мянга нэг зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй ба уг хохирлоос 1.120.000 төгрөгийг нөхөн төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан хохирол төлсөн баримтаар тогтоогдож байна. Иймд 3.349.143 төгрөгөөс төлөгдсөн 1.120.000 төгрөгийг хасч нийт 2.229.143 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

     Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол 1.116.381 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн учир Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

     Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

     Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэжээ. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл нэг жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан тул түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна. Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон байна. Шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бодит хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. 

      Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар алаг өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3.6774 метр куб хэрэглээний хуурай шинэс модыг улсын орлого болгож шийдвэрлэлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор 2 тооны нас гүйцсэн үнээг битүүмжилсэн бөгөөд шүүгдэгч бодит хохирлыг нөхөн төлсөн тул битүүмжлэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.*******т тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 30 ширхэг 3,6774 метр куб шинэс модыг, хар алаг өнгийн цахилгаан хөрөөг  улсын орлого болгосугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Г.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.*******аас 2.229.143 /хоёр сая хоёр зуун хорин есөн мянга нэг зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

8. Завхан аймгийн  ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 07/10 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 30 ширхэг 3,6774 метр куб шинэс мод, хар алаг өнгийн цахилгаан хөрөөний битүүмжлэлийг хэвээр үлдээж, 3,6774 метр куб шинэс мод, хар алаг өнгийн цахилгаан хөрөөг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, нас гүйцсэн 2 үнээг битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.  

9. Шүүгдэгч Г.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.НАНДИНЦЭЦЭГ