Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.От холбогдох эрүүгийн 222500000**** дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Д.О

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т Баяжуулах үйлдвэрлэлийн засварын хэсэгт жолоочийн ажил үүргийг хийж гүйцэтгэж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан 160 литр дизель түлшийг завшиж, 305,604 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд: “...2021 оны 10 сараас эхлээд **** ОРО улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд орох боломжгүй байх үед нь түлш хурааж эхэлсэн. Архангай аймгийн Чулуутын голд харшилын халуун рашаан байдаг. Манай эхнэр харшилтай болоод 2 жил болж байгаа. Тиймээс тийшээ явах шаардлагатай хэрэг гараад ийм явдал болчихлоо. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 2013 оноос хойш одоо хүртэл Баяжуулах фабрикийн засварын хэсэгт засварчинаар ажиллаж байна. Манай засварын хэсэг 2019 оны намар үйлдвэрээс акталсан **** ОРО улсын дугаартай старикс маркийн тээврийн хэрэгслийг засаж, сайжруулаад 2020 оны 01 сараас хойш үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн. Уг тээврийн хэрэгслийн би жолоодож байсан. 2021 оны 10 сараас хойш өдөр тутам үйлдвэрээс олгодог 14 литр дизель түлшнээс бага багаар 200 литрийн багтаамжтай төмөр саванд цуглуулж эхэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө ажил дээрээ цуглуулж байсан түлшийг гэрийнхээ хашаанд тавих гээд албаны **** ОРО улсын дугаартай старикс маркийн тээврийн хэрэгслийн зааланд 200 литрийн багтаамжтай төмөр савтай түлшийг хэвтүүлэн ачаад үйлдвэрийн шалган нэвтрүүлэх автын 1 дүгээр постоор гарч явж байгаад барилгачины талбайн харалдаа замын цагдаад баригдсан. Би цагаан сараар Архангай аймаг руу явах гээд төлөвлөсөн байсан тул замд зарцуулах түлшээ эртнээс цуглуулж байгаад үйлдвэрээс гаргасан юм. Үйлдвэрийн автын шалган нэвтрүүлэх 1 дүгээр постоор өглөө 07 цаг 00 минутаас 07 цаг 30 минутын хооронд хөдөлгөөн ихтэй байдаг тул заримдаа үйлдвэрээс гарч байгаа тээврийн хэрэгслийг шалгахгүйгээр гаргадаг. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө намайг автын 1 дүгээр постын цагдаа шалгаагүй үйлдвэрийн хашаанаас гаргасан. Тэрнээс биш ямар нэгэн цагдаагийн алба хаагчтай хамтарсан зүйл байхгүй.  Уг түлшийг би ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн бүсээс гаргасан. Ойролцоогоор 160-170 орчим литр түлш цуглууулж байгаад гаргасан. Өнөөдөр цагдаагийн газрын хашаанд миний цуглуулж, үйлдвэрийн хашаанаас гаргасан 200 литрийн багтаамжтай төмөр савтай түлшинд хийсэн үзлэгээр 160 литр түлш байсан нь тогтоогдсон. Уг үйлдэлд надтай бүлэглэсэн, хамтарсан хүн байхгүй, мөн надаас өөр хүн энэ талаар мэдэхгүй, би нууцаар түлш цуглуулж байгаад гаргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдвэрийн хашаанаас зөвшөөрөлгүй эд зүйлс гаргаж болохгүй гэдгийг мэдэж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 06 цаг 30 минутад үйлдвэрийн Баяжуулах фабрикийн харъяа цаны баазны хашаанд байх гражнаас албаны **** ОРО улсын дугаартай старикс маркийн тээврийн хэрэгслийг очиж аваад 06 цаг 45 минутад автын шалган нэвтрүүлэх 1 дүгээр постоор үйлдвэрийн бүс рүү нэвтэрч Баяжуулах фабрикийн гражид нууж, цуглуулсан төмөр савтай түлшээ ачаад эргээд үйлдвэрээс гарсан юм. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагаас хийх ажлын зааварчилгаа авдаг тул эхлээд цанын баазны хашаанд байх гражнаас машинаа авч хэсгийн дарга Э-ийг гэрээс нь аваад ажил дээр хүргэж өгсөн. Эргэж үйлдвэрээс гарч Н даргыг авах ёстой байсан болохоор энэ үеийг ашиглаад цуглуулсан түлшээ аваад гарчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54х/,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: ...Үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүйгээр ямар нэг зүйл авч гарч болохгүй. Энэ талаар үйлдвэрийн бүх ажилчид мэднэ. Д.Оын хувьд үйлдвэрийн эзэмшлийн түлшийг хулгайлсан байна. **** ОРО улсын дугаартай старикс маркийн тээврийн хэрэгсэл нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Авто тээврийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй, ашиглагдаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтын хугацаа дуусч актлагдсан. Одоогийн байдлаар уг тээврийн хэрэгслийг Баяжуулах үйлдвэрийн засварын хэсэгт ашиглаж байгаа боловч үйлдвэрийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, актлагдсан гэж явж байгаа. **** ОРО улсын дугаартай старикс маркийн тээврийн хэрэгслийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас дуудлага худалдаа зохион байгуулагдаагүй, одоо хүртэл үйлдвэрт ашиглагдаж байгаа тул Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын өмч гэж үзнэ... Хохирол төлбөр төлөгдсөн Ц.Гын авч явсан түлшийг эргүүлээд авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/,

 

- Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд: ... 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 07 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэт хивс ХХК-ийн урд талын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байхад Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын **** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэн явж байсан ба зогсоох гээд араас нь явсан боловч амжаагүй, уг машин нь барилгачины талбайн чиглэл рүү явахаар нь ахлах ахлагч Ш.Бгийн утас руу залгаж машины дугаарыг нь хэлж, зогсоож шалгах хэрэгтэй байна гэдгийг хэлсэн. Би ойролцоогоор 2-3 минутын дараа барилгачдын талбай дээр очиход **** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ахлах ахлагч Ш.Б зогсоочихсон байсан ба бичиг баримтыг нь шалгаж үзэхэд машинаас нь түлш үнэртэж байсан. Арын хаалгыг нь онгойлгож шалгахад 200 кг жинтэй төмөр саванд түлш хийгээд тээвэрлэж явсан ба хаанаас авсан бэ гэж асуухад Баяжуулах үйлдвэрийн засварын хэсэг дээр бөөгнүүлж байгаад өнөөдөр ачаад үйлдвэрийн автын 1 дүгээр постоор гаргасан гэж хэлсэн. Энэ талаар цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдэж, уг тээврийн хэрэгслийг цагдаагийн газрын хашаанд авч ирсэн. Уг машинд Д.О ганцаараа явж байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 27х/,

 

- Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд ... Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 07 цагаас Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах барилгачины уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байхад миний утас руу ахлах ахлагч Д.Ор залгаад **** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл сэжиг бүхий байдалтай чиний зүг явж байна, би араас нь гүйцэхгүй байна, чи зогсоогоод шалгаад үз гэж хэлсэн. Тэр үед **** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл төв замаар зүүнээс баруун чиглэлтэй барилгачны талбайн уулзвар руу ирэхээр нь би зогсоож бичиг баримтыг нь шалгаж байхад Ор араас нь ирсэн. Уг машины баруун талын хаалгыг онгойлгож шалгахад 200 кг багтаамжтай төмөр саванд түлш хийгээд зөөвөрлөж байсан. Жолоочоос уг түлшийг хаанаас авсан талаар асуухад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрээс цуглуулж байгаад ачаад өнөөдөр гаргасан гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29х/,

 

Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд “... 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 07-08 цагийн хооронд үйлдвэрийн ажилчид ажилдаа ирдэг, тээврийн хэрэгсэл, явган хүний хөдөлгөөн ихсэж, ачаалал нэмэгддэг тул үйлдвэрийн байнга орж гардаг зарим тээврийн хэрэгслийг шалгахгүйгээр нэвтрүүлэх, гаргах тохиолдол гарсан. **** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахгүйгээр үйлдвэрийн хашаанаас гарсан маань үнэн. Яагаад гэвэл уг тээврийн хэрэгсэл нь үйлдвэрийн эзэмшлийнх, байнга орж, гардаг тул тухайн өглөө шалгаагүй гаргасан. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 08 цаг өнгөрч байхад тус хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Л.О миний утас руу залгаж, ...**** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл автын шалган нэвтрүүлэх 1 дүгээр постоор гарсан уу, түлш тээвэрлэж явж байна гэж хэлсэн. Энэ үед миний шалгаагүй гаргасан тээврийн хэрэгсэл түлш ачсан байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,

 

 - Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаартай “Hyundai staгех маркийн **** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,768,540 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-45х/,

 

-  “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Баяжуулах үйлдвэрийн дизелийн түлшний үнэлгээ /хх-ийн 84х/,

 

  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8х/,

 

  • Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9, 11-12х/,

 

  • Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10х/,

 

  • Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 18х/,

 

  • Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 19-20х/, 

 

  •  Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58х/,

 

- Д.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,  эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 59, 63, 72-73х/   зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т Баяжуулах үйлдвэрлэлийн засварын хэсэгт жолоочийн ажил үүргийг хийж гүйцэтгэж байхдаа 2021 оны 10 сараас эхлэн үйлдвэрийн өмчлөлийн **** ОРО улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгсэлд өдөрт олгодог дизелийн түлшнээс цуглуулж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө үйлдвэрээс **** ОРО улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгсэлд ачаад явж байхад нь цагдаа зогсоож шалгахад 160 литр дизель түлшийг авч явсан үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 1 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.О нь “Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т Баяжуулах үйлдвэрлэлийн засварын хэсэгт жолоочийн ажил үүргийг хийж гүйцэтгэж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан 160 литр дизель түлшийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гын мэдүүлэг, гэрч Л.О, Ш.Б, Б.Ө нарын мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Оын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Д.От прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Оын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Д.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.О нь завшсан эд хөрөнгө болох 160 литр дизель түлшийг буцааж өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “...1 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах  саналтай...” гэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

        Бусад асуудлаар:

       Шүүгдэгч Д.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын өмчлөлийн **** ОРО улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байх бөгөөд уг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,  “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар Старикс маркийн **** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГазарт олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ