| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 137/2021/0054/Э/001/2021/0392 |
| Дугаар | 2022/ШЦТ/13 |
| Огноо | 2022-01-17 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд
хохирогч Д.Б, Г.У, П.Э,
хохирогч Г.Уын өмгөөлөгч О.Үүрцайх,
шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Нд холбогдох 201526030052 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........ оршин суух, урьд ял шийтгэлгүй, М.Н.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч М.Н нь нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Д.Быг "Ө орших “Б” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллаж ашиг олно, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2013 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Бын өмчлөлийн ... ДГА улсын дугаартай Лексус-470 маркийн 23,000,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг, 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны ....... тоот данс руу 26,500,000 төгрөгийг шилжүүлүүлж тус тус залилан авч, нийт 49,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
хохирогч Г.Уыг “Ө орших “Б” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллаж ашиг олно, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2014 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Уын өмчлөлийн .... УБЕ улсын дугаартай Тоёото Ланд Крузер-80 маркийн 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг, 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хаан банкнаас өөрийн Хаан банкны ....... тоот данс руу 9000.000 төгрөгийг шилжүүлүүлж тус тус залилан авч, нийт 24,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
хохирогч П.Эыг “Өмнөговь аймгийн Ноён суманд уурхайн ажил руу орох гэж байгаа, зам тавих ажлын гэрээ эхлүүлэхийн тулд заавал зам тавих шаардлагатай гэнээ. Зам тавих ажлын гэрээ хийх гэсэн чинь дансандаа заавал мөнгө байршуулж байж хийнэ гэж байна" хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40 000 000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт өөрийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тариалан банкны 6228480876075608565 тоот данс руу 329,950 юань буюу Монгол мөнгөөр 94,755,041 төгрөгийг шилжүүлүүлж, 2014 оны 4 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 6,000,000 төгрөгийг бэлнээр тус тус залилан авч, нийт 140,755,041 төгрөгийн хохирол учруулсан,
хохирогч Ц.Жг “Ө орших “Б” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллаж ашиг олно, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Д.Адъяа гэгчийн Хаан банкны 5374373470 тоот данс руу 11,000,000 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны 5009715425 тоот данс руу 1,900,000 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д.Боор дамжуулж түүний Хаан банкны ....... тоот данс руу 2,000,000 төгрөгийг,
2014 оны 5 дугаар сарын 01-ний Д.Боор дамжуулж түүний хүү Б.Хонгорын Хаан банкны..... тоот данс руу 6,100,000 төгрөгийг Дорноговь аймгийн Сайншанд сумын төв Хаан банкнаас шилжүүлүүлж тус тус залилан авч, нийт 21,000,000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 235,255,041 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ө орших “Б” гэх газарт барилгын материал зардаг найзаараа дамжуулан танилцахад нүүрсний уурхайн төсөл эхлүүлэх гэж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ хамтран ажиллах талаар асуухаар нь би тэгье гэж хэлээд очиж уулзсан. Ирээд мөнгөө бэлдээд 25 самосвал авто машины урьдчилгаа 30 хувийг өг гэсэн. Тухайн үед юанийг төгрөг рүү шилжүүлж бодоход 96,000,000 төгрөг болж байсан. Тэгээд 25,000,000 төгрөгийн урьдчилгаа өгчих гэсэн болохоор 2013 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулаад мөнгөө өгсөн. Үлдэгдэл мөнгөний тухайд найз нөхдөдөө хэлж хамтран ажиллая гэж бодоод Д.Б, Г.У нараас мөнгө аваад, мөн өөрийнхөө амьдарч байсан орон сууц, машинаа зараад 1,800,000 юань болгоод үүнээс илүү өгч чадахгүй нь гэж хэлээд 2015 онд өгсөн гэх баримтыг Хятад талаас бичүүлж авсан. Уурхайгаас хил хүртэл нүүрс зөөх хатуу хучилттай зам тавина гэсэн. Монголд зам тавих хүн байгаа эсэхийг хятадууд асуухаар нь найз Д.Бод хэлэхэд тэр найз П.Этоо хэлээд бид нар Хятад талтай очиж уулзсаны дараагаар хамтран ажиллаж болохоор юм байна гэж П.Э мөнгөө болгоно гээд Монгол руу буцаж явсан. Д.Б бид хоёр Хөх хотод хүлээгээд үлдсэн. Тэгээд П.Э мөнгө болчихлоо хамтран ажиллая гэж хэлсэн. Д.Б бид хоёр Хөх хотоос ирээд буцаж 2014 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бид нар урагшаа /Эрээн хот/ хамт явсан. Б, ЧГЛ хоёрт 370,000 юань өгсөн. Бид нар гэрээ хийх зорилготойгоор Эрээн хотод очсон байхад гэрээ хийх компанийн хүмүүс ирж байна бид нарыг зочид буудал, хоолны мөнгө өгчих гэхээр нь би 130,000 юань шилжүүлсэн. Тэгээд гэрээгээ хийе гэтэл бүх мөнгөө өгвөл гэрээ хийнэ гэж хэлсэн. Сүүлд нь энэ ажил бүтэхгүй, хулхидуулж байгаа юм байна гэж бодоод 370,000 юань өгсөн гэсэн баримт хийлгэж авсан. 2015 онд бичиг хийлгэж авсны дараагаар ажил эхлэхгүй байсан болохоор 2016 оны эхээр би Хөх хотод Б, ЧГЛ нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. 1,800,000 юань өгсөн Ли Жунийг болохоор Хөх хотын Баяннуурын Халиут гэх газрын цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Одоо хүртэл хариу өгөөгүй. Өвөр Монголын Батчулуун гэх миний орчуулагчаар явж байсан хүнд итгэмжлэл өгөөд одоог хүртэл хөөцөлдүүлж байна. Намайг Эрээн хотоос ирсэн хойгуур “хэргийг хэрэгсэхгүй болгосон, шүүхэд шилжүүлнэ үү” гэсэн бичиг ирсэн. Би өөрөө ч гэсэн орон байр, машин зэрэг бүх эд хөрөнгөө өгч залилуулсан. П.Эоос 320,000 юань аваад би өөрөө дээр нь 50,000 юань нэмээд зам тавихаар тохиролцож 370,000 юанийг Б, ЧГЛ нарт өгсөн, Д.Боос Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэл, мөн 26,500,000 төгрөг авсан, нийт 49,500,000 төгрөг өгөх ёстой, Г.Уаас Тоёото Ланд Крузер-80 маркийн тээврийн хэрэгслийг 10,000,000 гаран төгрөгийн хамт авсан, П.Эроос 40,000,000 төгрөгийг бэлнээр, данс руу 329,950 юань буюу Монгол мөнгөөр 94,755,041 төгрөгийг шилжүүлүүлж, мөн 6,000,000 төгрөгийг бэлнээр нийт 140,755,041 төгрөг авсан, Ц.Жгээс 23,000,000 төгрөг авснаас хувааж төлөөд 18,000,000 төгрөг өгөх үлдсэн байгаа гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2013 оны 11 дүгээр сарын үеэр манай найз Бат-Эрдэнэ, М.Нг дагуулж Замын-Үүд суманд над дээр ирсэн. М.Н Эрээн хотоор 5-6 сарын хугацаанд ажил хөөцөлдөж байгаад ирлээ гэж надад гэрээ үзүүлж байсан. Тухайн үед би гэрээний талаар сайн ойлгоогүй. Самосвал авто машин оруулж ирэх гэж байгаа та хоёр нэг нэг самосвал авто машин оруулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг самосвал авто машины урьдчилгаанд Лексус-470 маркийн тээврийн хэрэгслээ оруулъя гэхэд болно гэж хэлсэн. Тэгээд тэр оройдоо Улаанбаатар хот руу М.Нгийн гэрийнх нь гадаа өөрийн эзэмшлийн Лексус-470 маркийн тээврийн хэрэгслээ хүргэж өгч үйл явдал эхэлсэн. М.Нгийн хувьд 5-6 сарын хугацаанд Эрээн хотоор Хятадууд гэж байгаа хүмүүстэйгээ ажил нь бүтэхгүй болоод буцаж явж байсан хүн юм билээ. Дараа нь бодоод үзэхэд буцаж явах замдаа бид нарыг залилах гэмт хэргээ эхлүүлсэн байгаа юм. Дандаа бусдаар дамжуулж мөнгө авдаг байсан. Тухайлбал, би У.Эаас 26,500,000 төгрөг авч М.Нд дамжуулж өгсөн. Дараа нь ажил нь бүтэхгүй болоод Э надаас мөнгөө нэхэмжилсэн. Шүүхээс намайг Эт 26,500,000 төгрөгийг төлөх шийдвэр гаргасан. Бид нараас авсан мөнгөө Хятад хүмүүс рүү шилжүүлсэн гэж худлаа ярьж байх шиг байна. Тухайн үед бид нараас авсан мөнгөө өөртөө зарцуулж дуусгасан байх. Хурдан морь, хөөрөг авсан зэргээр баярхаад явж байсан зэргээс бодоод үзэхэд бид нарын мөнгийг үрж явсныг мэдэлгүй хууртагдсан. Хамгийн гол нь би Э гэж хүнээс мөнгө авч М.Н руу шилжүүлснээсээ болж шүүхээр шийтгүүлсэн бөгөөд Эт өртэй гэж явж байгаа. 5-6 жилийн хугацаанд ийм байдалтайгаар М.Нгийн өмнөөс хэрэгт шийтгүүлээд явж байна. Би тухайн үед Лексус-470 маркийн тээврийн хэрэгслээ 28,000,000 төгрөгөөр авч байсан. Гэхдээ сүүлд нь М.Н үнэлгээ хийлгэхэд 23,000,000 төгрөгөөр үнэлсэн энэ үнэлгээгээр тооцоод, мөн У.Эт өгөх 26,500,000 төгрөгтэй нийлүүлээд нийт 49,500,000 төгрөг нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэрээр миний Эт өгөх 26,500,000 төгрөгийг М.Нгаас гаргуулж өгнө үү. Миний хувьд Эт төлсөн мөнгө байхгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч Г.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2013 оны 11 дүгээр сард Эрээн хотоос орж ирж байгаад Бат-Эрдэнэ, М.Н нартай тааралдахад “Ө орших “Б” гэх газарт ажил эхлүүлэх гэж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ гэж хэлсэн. Тэгээд ярилцаад би хамтран ажиллая гэж хэлэхэд самосвал авто машины урьдчилгаанд 27,000,000 төгрөг хэрэгтэй гэсэн. Би 2014 оны 02 дугаар сард хадам ахаасаа авах ёстой байсан 12,000,000 төгрөгийнхөө оронд Тоёото Ланд Крузер-80 маркийн тээврийн хэрэгслийг 16,000,000 төгрөгт бодож өгсөн. Дараа нь эхнэрээрээ цалингийн зээл авхуулаад 11,000,000 төгрөг өгсөн. М.Нд нийт 27,000,000 төгрөг өгсөн. Хохиролд төлөгдсөн мөнгө байхгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч П.Эрын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: М.Н гэж хүнтэй 2014 онд Д.Боор дамжуулж уулзаж байсан. М.Н нь 3 удаа оргон зайлсан бөгөөд бид нар араас нь хөөцөлдөж байж 2 удаа өөрсдөө олж авчирч байсан. Цагдаа нар нэг удаа олж байсан. Түүний араас олон жил хөөцөлдсөн. М.Нг оргоод Эрээн хотод бүгсэн байхад нь хэдэн сар хайж олж авчирч байсан удаатай. Би тухайн үед холбогдох бичиг баримт, мэдээллийг олж авч мөрдөгчид хэлээд янз бүрийн байдлаар уулзаж байсан. М.Нгийн Хятадуудад мөнгө өгсөн гэдэг нь худлаа. Яагаад худлаа гэхээр 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр данс руу нь шилжүүлсэн 130,000 юанийг тэр даруйд нь эхнэр Мөнгөнцэцэгээрээ дамжуулаад барилгын материалын бараа аваад Улаанбаатар хот руу орсон байдаг. Тухайн үед эхнэр нь бид нартай хамт зочид буудалд буугаад дөрвөн замын уулзвар дээр бууж үлдсэн. Бид нарыг усанд орж байх үед М.Нгийн эхнэр мөнгийг аваад барилгын материал авсан. Энэ талаар Д.Баяр-Од мэдэж байгаа, мөн тухайн үед тээвэрлэсэн Замын-Үүдийн жолооч байгаа. Түүнчлэн Ө орших “Б” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллана гэж байсан нь худлаа. Тухайлбал, “Б” гэх газар нь “Гурван зам” ХХК-ийн мэдэлд байсан бөгөөд Хан-Уул дүүрэгт лицензийн маргаантай байсан байдаг. Хятад хүний тухайд ЧГЛ гэх хүн гэртээ байсныг Б гэдэг хүн орчуулга хийж явсан. Д.Б, М.Н бид нар бөөнөөрөө очсон. Тэгтэл өмнө нь огт уулзаж байгаагүй, танихгүй хүн бололтой гар барилцаж, уулзаж байсан. Б орчуулга хийж байгаа байдалтай, хятадаар янз бүрийн зүйл ярихад тухайн үед ЧГЛ их гайхсан байдалтай уулзаж байсан. Тэгээд ЧГЛ гэх хүнийг дагуулж яваад хоолонд оруулаад, нэг буудалд оруулаад тусдаа өрөөнд байлгаад тэр хүнтэй ажил хэргийн ямар ч холбогдолгүй байсан. М.Н маш олон хүнийг хохироож, залилсан. 2017 онд прокурор Эрдэнэ гэж хүн байхад хуулийн өөрчлөлтийн улмаас түүний зарим хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Тухайлбал, найз Өсөхөөгөөрөө дамжуулж машин зарсан гэж яриад байгаа хүнээсээ гэхэд 70,000,000 төгрөг залилж авсан байсан. Энэ хэрэг нь Чингэлтэй дүүргийн цагдаа дээр байсан боловч хэрэгсэхгүй болсон. Одоо хохирогч хэдхэн хүн байгаа харагдаж байгаа боловч олон хүн байсан. М.Нгийн 500,000 юань, 370,000 юанийн талаар ярьж байгаа нь худлаа. Тухайн үед М.Нгийн Бтай ярьж байгааг сонсоход 50,000 юань гарын үсэг зурсан бичгээ надад өгч байсан. Надад энэ бичиг байгаа боловч шүүх хуралдаанаас хоцрох нь гэж сандарсандаа машиндаа үлдээсэн байна. Мөн Ууганаагийн гарын үсэг зурсан самосвал авто машины зээлтэй холбоотой гэрээ маягийн баримт надад байгаа. Хүмүүсийг залилахаар урьдчилан бичиг баримт бүрдүүлсэн байсан баримтуудаас нь надад байна. М.Н Эрээн хотын зочид буудалд нуугдаж байхдаа Хятад өмгөөлөгчтэй болсон бичиг бүрдүүлж байгаа гэсэн боловч тэр хүн нь өндөг зардаг маягийн хүн байсан. Мөн М.Н нь бусдаар дамжуулж хүний мөнгийг авдаг. Эхнэр болон найз нөхөд бусад хүмүүсийн дансаар дамжуулах байдлаар мөнгө авдаг байсан. Цагдаагийн байгууллагад нөлөөлөх замаар гэмт хэрэг үйлдсэн. Э гэдэг хүнийг байх үед цагдаагийн байгууллагад удаа дараа очиход “та нар чинь яасан сонин юм, битгий энэ хүний араас чаргууцалдаад байгаач, энэ хүн чинь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн ах Арсландорж гэдэг хүнтэй Өмнөговь аймагт уурхайгаас мөнгө олох гэж явж байна, наад хүнээ зүгээр явуулаач” гэж хэлж байсан. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн ахмад Ган-Эрдэнэ гэдэг хүн удаа дараа Хан-Уул дүүргийн 19-р хорооны урд талын бааранд 2-3 удаа хамт сууж байгааг харсан хүн нь надад хэлж байсан. Тэгээд цагдаагаас М.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэж 2 удаа прокурор луу бичиг явуулсан боловч прокурор буцаасан байдаг. Тухайн үед 6,000,000 төгрөгийг замын зардалд үрсэн гэж байна. Тийм зүйл байхгүй. Тэр үед Замын-Үүд рүү явах вагоны билет авах гэж вокзалын цайны газарт сууж байхдаа би Арын мөнгийг өгөх гэж байхад манай эхнэрт мөнгийг нь өгчих гэж хэлсэн. Тэгээд би Ар луу яриад мөнгө нь бэлэн байна, ирээд ав гэж хэлэхэд машин зардаг газарт хэдэн хүмүүстэй тоглож байна мөнгө чамд байж байг гэж хэлсэн. Тэгээд эхнэр нь дамжуулж өгнө гэж худлаа хэлээд мөнгө байхгүй. Мөнгөн дүн хэлбэлзэлтэй хавтаст хэргийн материалд явж байгаа. Тухайн үед Дэлгэрмөнх гэдэг прокурор надад эхнэр, нөхөр хоёрыг яллаж болохгүй М.Н нөхөр нь болохоор ялаа үүрээд явна, мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Олон жил хүмүүсийг залилан мэхэлж, хуурч байна. Мөн хууль, шүүхийн байгууллагыг хуурч болно гэж бодож байх шиг байна. Би О.З гэж найзынхаа байшинг барьцаанд тавиулаад 100,000,000 төгрөг авч өгсөн, мөн Ар гэж хүнээс 6,000,000 төгрөг, өөрөөсөө 40,000,000 төгрөг өгсөн. Мөнгөө нэхэхэд тухай бүрд нь өгнө гэж хуурдаг байсан. Өдөр ирэх тусам М.Нг анхнаасаа залилан мэхлэх санаа зорилготой байсан гэдгийг ойлгож, гомдож байна гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч О.Згийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би М.Н гэж хүнийг өнөөдөр анх удаа харж байна. Би 2013 оны 03 дугаар сард эд хөрөнгөө барьцаанд тавиад 100,000,000 төгрөгийн зээл аваад М.Нд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах зорилгоор П.Э гэх найздаа өгсөн. Тухайн үед 100,000,000 төгрөгийг компанийн нэр дээр бизнесийн зээлийн журмаар хүүтэй авсан. Шүүхийн шийдвэрээр 2-3 жилийн хугацааны дотор төлж барагдуулсан. Барьцаанд тавьсан байр, авто гражийг тухайн үеийн шүүхийн шийдвэрээр авсан зээлийнхээ өрөнд төлж барагдуулсан. Би байргүй, авто зогсоолгүй болж үлдсэн. Тиймээс 100,000,000 төгрөгийг шүүгдэгч М.Нгаас гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн мэдүүлэг,
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Си Чуань мужийн “Рэнь Шиан” хөрөнгө оруулалт, байгуулалтын ХХК болон Монгол Улсад бүртгэлтэй “НМБЦЭ” ХХК-ийн захирал М.Н нарын хооронд 2013 онд байгуулсан “Өмнөговь аймгийн Ноён сум дахь Б нүүрсний орд газарт хөрс хуулах ажлыг хамтран гүйцэтгэх тухай” гэрээний хуулбар, бусад баримтууд: (1 дүгээр хавтаст хэргийн 213-215, 216-224 дүгээр хуудас),
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/3441 дугаартай “М\/-016861 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг кадастрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд “Хунь Шинь” ХХК-ийн нэр дээр бүртгэлгүй, “Гурван зам” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна” гэсэн албан бичиг (1 хавтаст хэргийн 225 дугаар хуудас),
“Гурван зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Эгийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/13 дугаартай “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дахь “Б” нүүрсний орд, лицензийн дугаар 016861-А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь “Гурван зам” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нь үнэн. Энэхүү үүсээд буй хэрэг, маргаанд “Гурван зам” ХХК нь огт хамааралгүй бөгөөд “Хуань-Шинь” ХХК болон “Рэнь Шиан” ХХК-тай ямар нэгэн ажил хэргийн холбоогүй болно” гэсэн албан бичиг ( 1 хавтаст хэргийн 226-227 дугаар хуудас),
Авто тээврийн газраас ирүүлсэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний талаарх баримтууд (2 хавтаст хэргийн 61-71 дүгээр хуудас)
- Гэрч Б.Гавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2014 оны 02 сарын сүүлээр санагдаад байна “Да хүрээ” авто машины зах дээр машин зарж байсан ченжээс дээрх Ланд Крузер-80 маркийн автомашиныг 12,300,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн машиныг худалдаж авахдаа гэрээ байгуулсан эсэхээ санахгүй байна, тэнд машин зардаг ченж байсан нэрийг нь санахгүй байна. 1997 онд үйлдвэрлэгдсэн 2006 онд Монголд орж ирсэн, саарал өнгөтэй, хуучин, банк нь цоорхой, жолооч талын хойд хаалга нь цоожлогддоггүй, багажийн хаалга нь ханзархай гэмтэлтэй ийм автомашин байсан. Худалдаж авсныхаа дараа тухайн автомашинд ойр зуурын засвар хийж унаж хэрэглэж байгаад 2015 оны 08 сард 9.700.000 төгрөгөөр хүнд зарсан. Говь-Алтайнх гэсэн санагдаж байна эхнэр, нөхөр хоёрт уг автомашиныг зарсан. Уг автомашиныг зарахдаа авсан хүнд нь итгэмжлэл хийж өгсөн, тэр хүн машинаа нэр дээрээ шилжүүлээд авчихна гээд явсан. Нотариатаар ороод итгэмжлэл хийлгэсэн бичиг нь гэрт байж магадгүй, машиныг авсан хүний нэрийг нь одоо би санахгүй байна” мэдүүлэг (2 хавтаст хэргийн 33 дугаар хуудас)
- Иргэний нэхэмжлэгч О Згийн Кредит банкнаас 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээл авсан “Байгууллагын бизнесийн зээлийн гэрээ”-ий хуулбар (2 хавтаст хэргийн 116-120 дугаар хуудас)
М.Нгийн Хаан банкны ....... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (2 хавтаст хэргийн 141, 144 дүгээр хуудас),
Мөрдөн байцаах албаны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14/Н-570 дугаартай “Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.14, 28.2.15 дахь хэсэг, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Цагдаагийн газар хооронд байгуулсан хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг тус тус удирдлага болгон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн байгууллагаас дээрх материалыг хуулбарлан авах, хүсэлтэд дурдагдсан нэр бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдийг гэрчээр байцаалгахаар...мөрдөн байцаагчийн даалгавар хүргүүлж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” гэсэн албан бичиг (2 хавтаст хэргийн 159 дүгээр хуудас)
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 42а-31581 дугаартай “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын цагдаагийн газарт” гэсэн албан бичиг (З хавтаст хэргийн 100 дугаар хуудас)
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Цагдаагийн газраас ирүүлсэн албан бичиг, “М.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай” шийдвэр, М.Нгийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Тариалан банканд нээлгэсэн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, нэр бүхий хүмүүсээс авсан гэрчийн мэдүүлэг болон бусад баримтууд (З хавтаст хэргийн 124-141 дүгээр хуудас)
Хохирогч Д.Бын Хаан банкны ....... тоот дансны хуулга (З хавтаст хэргийн 144 дүгээр хуудас)
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 08/017, 09/017 дугаартай: “Тоёото Ланд Крузер-80 загварын автомашиныг 15,000,000 төгрөг, Лексус-470 загварын автомашиныг 23,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн болно” гэсэн үнэлгээний тайлан (З хавтаст хэргийн 177-178 дугаар хуудас),
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ЧГЛ-ы гэрчээр өгсөн: "...Баар дамжуулан Наранбаатай танилцаж, Наранбаагаас 300,000 юань зээлэхээр болсон. Ингэж зээлэхдээ миний ажил амжилттай байвал түүнд хүү бодож өгөхөөр болж, харин ажил бүтэмжгүй байвал түүнд банкны хүүтэй нь бодож зээлсэн мөнгөө өгөхөөр тохиролцсон. Үүнээс хойш 2013 оны 12 дугаар сард Наранбаа 90,000 юань өгч, бид хоорондоо 100,000 юаний зээлийн бичиг хийсэн. Илүү 10,000 юаний хүү бодно гэж тооцоолоод ийм зээлийн бичиг хийсэн. 2014 оны 03 дугаар сард тэр дахин надад 100,000 юань өгсөн. 2014 оны 04 сард дахин надад 100,000 юань өгсөн. Ингээд нийтдээ 290,000 юань өгсөн. Эхний удаагийн мөнгөн дээр л зээлийн бичиг үйлдсэн. Дараагийн 200,000 юань-д нь бичиг хийгээгүй. Түүнд мөнгийг нь өгөлгүй удаасан болохоор би түүнд 290,000 юань зээлсэн ч мөнгийг нь өгөлгүй удаасан болохоор хүү бодох хэрэгтэй гэж бодоод түүнд 370,000 юаний дүн бүхий зээлийн бичиг хийж өгсөн. Наранбаатай энэ талаар яриагүй...” гэсэн мэдүүлэг (З хавтаст хэргийн 131-134 дугаар хуудас),
Хохирогч Ц.Жгийн өгсөн: “...Дамдинсүрэнгийн Баярт-Од нь 2014 оны 01 дүгээр сараас эхлэн надад “уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж байна. Хамтарч ажиллах уу” гээд надад тайлбарлахдаа “уурхайн хөрс хуулдаг техник оруулж ирнэ, хэрвээ оруулж ирсэн тохиолдолд сарын ашгийг надад өгнө” гэсэн нэлээд ашигтай байдлаар санал тавьсан. Тэгээд би 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрт байсан 19 сая төгрөгийг би Д.Баярт- Одын данс руу түүний эхнэр Мөнгөнцэцэгийн данс руу 2 сая төгрөгийг хийсэн. Тэгээд Баярт-Одоос хэрхэн яасан тухай асуухаар М.Н гэх хүн рүү шилжүүлсэн гэдэг. Наранбаатай Баярт-Одоор дамжуулан хэд хэдэн удаа уулзсан. Хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сард уулзахад Баярт-Одоос 21 сая төгрөгөө аваад БНХАУ-ын гэрээ хийсэн компани нь мөнгө авчхаад өгөхгүй байна гэсэн...Наранбаад нийт 21 сая төгрөг шилжүүлэн өгснөөс 2.5 сая төгрөгийг буцаан авсан байгаа...” гэсэн мэдүүлэг (З хавтаст хэргийн 211, 250, 4 хавтаст хэргийн 53-54, 5 хавтаст хэргийн 150, 6 хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас)
Б.Хонгорын Хаан банкны..... тоот дансны хуулга (4 хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),
Д.Адъяагийн Хаан банкны 5374373470 тоот данс руу 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн орлогын мэдүүлгийн хуулбар (4 хавтаст хэргийн 47 дугаар хуудас),
Хаан банкнаас ирүүлсэн албан бичиг (4 хавтаст хэргийн 51 дугаар хуудас)
Иргэний нэхэмжлэгч У.Эын өгсөн: “...Баярт-Од гэх залуу 2014 оны эхээр Өмнөговь аймгийн Ноён суманд уур уурхайн хөрс хуулалтын ажил хийж байгаа Наранбаа гэх хүнтэй хамтран ажиллаж байгаа тул намайг уул уурхайн уур уурхайн хөрс хуулалтын ажил хий гээд надаас самосмал буюу өөрөө буулгагч машины 90,000,000 төгрөгөөр худалдаж авах уу, авах бол урьдчилгаа 20.000.000 төгрөг төлөөд явцын дунд үлдсэн мөнгийг төлж болно гэж санал тавихаар нь би ашгийг нь бодоод өөрөө буулгагч машин худалдан авахаар урьдчилгаа 28,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5374260882 тоот данснаас Д.Бын данс руу шилжүүлсэн...” мэдүүлэг (5 хавтаст хэргийн 126-127, 206 дугаар хуудас)
Иргэний нэхэмжлэгч О.Згийн өгсөн: “...Би П.Этой 2006 онд барилга дээр хамт ажиллаж байгаад танилцсан бөгөөд тэр үеэс хойш нөхөрлөж одоо гэр бүлийн найзууд болсон. 2014 оны 03 дугаар сард П.Э ажил дээр байж байтал өрөөнд орж ирээд надад “миний таньдаг нэг залуу хятад улсаас техник хэрэгсэл оруулж ирж, Өмнөговь аймагт газар шорооны ажил хийх гэж байна. Энэ ажилд хөрөнгө оруулалт хийгээд ашгаа хувааж авъя” гэсэн санал тавьсан. Ингээд бид ярилцаж байгаад хоорондоо зөвшилцөөд миний бие өөрийн нэр дээр байдаг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 3 өрөө 96 м/кв орон сууц болон авто зогсоол зэргийг Кредит банкинд 1 жилийн хугацаатай 22 хувийн хүүтэй барьцаалан 100.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч, мөнгийг бэлнээр П.Эт өгсөн. Би өөрөө зээлийн эргэн төлөлтийг хийж зээлээ хааж дуусгаад, байр авто зогсоолоо нэр дээрээ авч барьцаанд тавьсан байр, зогсоолыг 2015 оны 09 дүгээр сард зарчихсан Одоогоор П.Эроос нэг ч төгрөг буцааж аваагүй байна. 2014 оны 03 дугаар сард зээл аваад бэлэн 100,000,000 төгрөгийг өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд гэртээ найз П.Эт өгсөн...” мэдүүлэг(5 хавтаст хэргийн 193-194 дугаар хуудас),
Иргэний нэхэмжлэгч Д.Арын өгсөн: “...Би 2010 онд П.Этой танилцаж хамтран ажиллах гэж ганц нэг ажил эхлүүлж байсан. Гэтэл 2014 оны 03 дугаар сард П.Э надтай утсаар яриад “өөрийн нэр дээрх 2 зуслангийн газрыг барьцаанд тавиад 6,000,000 төгрөг зээлж авъя" гэж хэлсэн. Тэгэхэд би “урьдын танил учраас заавал барьцаа гээд яах юм бэ?” гэж хэлээд зуслангийн газрыг нь авалгүй, ямар нэгэн барьцаагүйгээр, баримт бичиг үйлдэлгүй бэлэн 6.000.000 төгрөгийг П.Эт хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш тухайн үедээ П.Эроос хэд хэдэн удаа уулзаж, “мөнгөө авъя” гэхэд “одоогоор боломж алга, өгнө” гэж хэлдэг. Надад анх хэлэхдээ “байгууллагын хөрс хуулалтын ажил авсан, ажлын урьдчилгаанд техник төхөөрөмжийн шатахуунд зарцуулна” гэж байсан...” мэдүүлэг ( 5 хавтаст хэргийн 195-196 дугаар хуудас)
М.Нгийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 172 дугаар хуудас),
2014.03.30-ны өдрийн Монгол банкнаас зарласан БНХАУ-ын юань ханш (6-р хавтаст хэргийн 189 дугаар хуудас),
Хохирогч Ц.Жгийн эхнэр Т.Уий Хаан банкны 5632076306 тоот дансны хуулга (6-р хавтаст хэргийн 208 дугаар хуудас),
Хохирогч Д.Бын Хаан банкны ....... тоот дансны хуулга (6-р хавтаст хэргийн 212 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 32 дугаар хуудас) болон бусад нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Н нь "Ө орших “Б” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллаж ашиг олно, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ” хэмээн хохирогч Д.Быг хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2013 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт түүний өмчлөлийн ... ДГА улсын дугаартай Лексус-470 маркийн 23,000,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг, 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны ....... тоот данс руу 26,500,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 49,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2014 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Уын өмчлөлийн .... УБЕ улсын дугаартай Тоёото Ланд Крузер-80 маркийн 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг, 2 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хаан банкнаас өөрийн Хаан банкны ....... тоот данс руу 9,000.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 24,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
хохирогч Ц.Жг төөрөгдөлд оруулж, 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Д.Адъяа гэгчийн Хаан банкны 5374373470 тоот данс руу 11,000,000 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны 5009715425 тоот данс руу 1,900,000 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д.Боор дамжуулж түүний Хаан банкны ....... тоот данс руу 2,000,000 төгрөгийг,
2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Д.Боор дамжуулж түүний хүү Б.Хонгорын Хаан банкны..... тоот данс руу 6,100,000 төгрөгийг Дорноговь аймгийн Сайншанд сумын төв Хаан банкнаас шилжүүлүүлэн авч, нийт 21,000,000 төгрөгийн хохирол учруулсан
“Өмнөговь аймгийн Ноён суманд уурхайн ажил руу орох гэж байгаа, зам тавих ажлын гэрээ эхлүүлэхийн тулд заавал зам тавих шаардлагатай гэнээ. Зам тавих ажлын гэрээ хийх гэсэн чинь дансандаа заавал мөнгө байршуулж байж хийнэ гэж байна" хэмээн хохирогч П.Эрыг хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт өөрийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тариалан банкны 6228480876075608565 тоот данс руу 329,950 юань буюу Монгол мөнгөөр 94,755,041 төгрөгийг шилжүүлэн авсан, 2014 оны 4 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 6,000,000 төгрөгийг бэлнээр авч, нийт 140,755,041 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 235,255,041 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд
Хохирогч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2013 оны 11 дүгээр сарын үеэр манай найз Бат-Эрдэнэ, М.Нг дагуулж Замын-Үүд суманд над дээр ирсэн. М.Н Эрээн хотоор 5-6 сарын хугацаанд ажил хөөцөлдөж байгаад ирлээ гэж надад гэрээ үзүүлж байсан. Тухайн үед би гэрээний талаар сайн ойлгоогүй. Самосвал авто машин оруулж ирэх гэж байгаа та хоёр нэг нэг самосвал авто машин оруулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг самосвал авто машины урьдчилгаанд Лексус-470 маркийн тээврийн хэрэгслээ оруулъя гэхэд болно гэж хэлсэн. Тэгээд тэр оройдоо Улаанбаатар хот руу М.Нгийн гэрийнх нь гадаа өөрийн эзэмшлийн Лексус-470 маркийн тээврийн хэрэгслээ хүргэж өгч үйл явдал эхэлсэн. ...Дандаа бусдаар дамжуулж мөнгө авдаг байсан. Тухайлбал, би У.Эаас 26,500,000 төгрөг авч М.Нд дамжуулж өгсөн. ... бид нараас авсан мөнгөө өөртөө зарцуулж дуусгасан байх. Би тухайн үед Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэлд М.Н үнэлгээ хийлгэхэд 23,000,000 төгрөгөөр үнэлсэн энэ үнэлгээгээр тооцоод, мөн У.Эт өгөх 26,500,000 төгрөгтэй нийлүүлээд нийт 49,500,000 төгрөг нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэрээр миний Эт өгөх 26,500,000 төгрөгийг М.Нгаас гаргуулж өгнө үү гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2013 оны 11 дүгээр сард Эрээн хотоос орж ирж байгаад Бат-Эрдэнэ, М.Н нартай тааралдахад “Ө орших “Б” гэх газарт ажил эхлүүлэх гэж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас самосвал авто машин импортоор оруулж ирнэ гэж хэлсэн. Тэгээд ярилцаад би хамтран ажиллая гэж хэлэхэд самосвал авто машины урьдчилгаанд 27,000,000 төгрөг хэрэгтэй гэсэн. Би 2014 оны 02 дугаар сард хадам ахаасаа авах ёстой байсан 12,000,000 төгрөгийнхөө оронд Тоёото Ланд Крузер-80 маркийн тээврийн хэрэгслийг 16,000,000 төгрөгт бодож өгсөн. Дараа нь эхнэрээрээ цалингийн зээл авхуулаад 11,000,000 төгрөг өгсөн. М.Нд нийт 27,000,000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг, хохирогч П.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: М.Н гэж хүнтэй 2014 онд Д.Боор дамжуулж уулзаж байсан. ...М.Нгийн Хятадуудад мөнгө өгсөн гэдэг нь худлаа. Яагаад худлаа гэхээр 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр данс руу нь шилжүүлсэн 130,000 юанийг тэр даруйд нь эхнэр Мөнгөнцэцэгээрээ дамжуулаад барилгын материалын бараа аваад Улаанбаатар хот руу орсон байдаг. ...Түүнчлэн Ө орших “Б” нүүрсний уурхайн төсөлд хамтран ажиллана гэж байсан нь худлаа. Тухайлбал, “Б” гэх газар нь “Гурван зам” ХХК-ийн мэдэлд байсан бөгөөд Хан-Уул дүүрэгт лицензийн маргаантай байсан байдаг. ...Би О.З гэж найзынхаа байшинг барьцаанд тавиулаад 100,000,000 төгрөг авч өгсөн, мөн Ар гэж хүнээс 6,000,000 төгрөг, өөрөөсөө 40,000,000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч О.Згийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би М.Н гэж хүнийг өнөөдөр анх удаа харж байна. Би 2013 оны 03 дугаар сард эд хөрөнгөө барьцаанд тавиад 100,000,000 төгрөгийн зээл аваад М.Нд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах зорилгоор П.Э гэх найздаа өгсөн. ...Би байргүй, авто зогсоолгүй болж үлдсэн. Тиймээс 100,000,000 төгрөгийг шүүгдэгч М.Нгаас гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрт байсан 19 сая төгрөгийг Д.Баярт- Одын данс руу, түүний эхнэр Мөнгөнцэцэгийн данс руу 2 сая төгрөгийг хийсэн. Тэгээд Баярт-Одоос хэрхэн яасан тухай асуухаар М.Н гэх хүн рүү шилжүүлсэн гэдэг. Наранбаатай Баярт-Одоор дамжуулан хэд хэдэн удаа уулзсан. Хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сард уулзахад Баярт-Одоос 21 сая төгрөгөө аваад БНХАУ-ын гэрээ хийсэн компани нь мөнгө авчхаад өгөхгүй байна гэсэн...Наранбаад нийт 21 сая төгрөг шилжүүлэн өгсөн...”гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Арын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны 03 дугаар сард П.Э надтай утсаар яриад “өөрийн нэр дээрх 2 зуслангийн газрыг барьцаанд тавиад 6,000,000 төгрөг зээлж авъя" гэж хэлсэн. Тэгэхэд би “урьдын танил учраас заавал барьцаа гээд яах юм бэ?” гэж хэлээд зуслангийн газрыг нь авалгүй, ямар нэгэн барьцаагүйгээр, баримт бичиг үйлдэлгүй бэлэн 6.000.000 төгрөгийг П.Эт хүлээлгэн өгсөн....” гэсэн мэдүүлэг болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/3441 дугаартай “М\/-016861 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг кадастрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд “Хунь Шинь” ХХК-ийн нэр дээр бүртгэлгүй, “Гурван зам” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна” гэсэн албан бичиг, “Гурван зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Эгийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/13 дугаартай “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дахь “Б” нүүрсний орд, лицензийн дугаар 016861-А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь “Гурван зам” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нь үнэн. Энэхүү үүсээд буй хэрэг, маргаанд “Гурван зам” ХХК нь огт хамааралгүй бөгөөд “Хуань-Шинь” ХХК болон “Рэнь Шиан” ХХК-тай ямар нэгэн ажил хэргийн холбоогүй болно” гэсэн албан бичиг, Авто тээврийн газраас ирүүлсэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний талаарх баримтууд, иргэний нэхэмжлэгч О Згийн Кредит банкнаас 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээл авсан “Байгууллагын бизнесийн зээлийн гэрээ”-ний хуулбар, М.Нгийн Хаан банкны ....... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газраас “М.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай” шийдвэр, М.Нгийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Тариалан банканд нээлгэсэн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Д.Бын Хаан банкны ....... тоот дансны хуулга, Б.Хонгорын Хаан банкны..... тоот дансны хуулга, Д.Адъяагийн Хаан банкны 5374373470 тоот данс руу 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн орлогын мэдүүлгийн хуулбар, 2014.03.30-ны өдрийн Монгол банкнаас зарласан БНХАУ-ын юань ханш, хохирогч Ц.Жгийн эхнэр Т.Уий Хаан банкны 5632076306 тоот дансны хуулга, хохирогч Д.Бын Хаан банкны ....... тоот дансны хуулга болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч М.Нг бусдад бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч нараас их хэмжээний мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан, мөн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан болохыг нотолж байна гэж шүүхээс үзсэн болно.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Шүүгдэгч М.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч болон өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн үйл баримттай тохирч байна гэж үзлээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “ залилах” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлд 497.1 дахь хэсэгт “ Бусдын...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б 49,500,000 төгрөг нэхэмжилж, үүнээс иргэний нэхэмжлэгч У.Эт 26,500,000 төгрөгийг шүүгдэгч М.Нгаас гаргуулж Эт олгож өгнө үү гэсэн хүсэлтийг,
Хохирогч Г.У нийт 27,000,000 төгрөг нэхэмжилнэ, Ланд крузер-80 машинаа 16,000,000 төгрөгөөр үнэлж, мөн шүүгдэгч М.Нд 9,000,000 төгрөг дансанд нь шилжүүлж, түүний зөвшөөрснөөр Замын-Үүд суманд оршин суух Бат-Эрдэнэд 2,000,000 төгрөг өгч нийт 11,000,000 төгрөг өгсөн. 27,000,000 төгрөг авах ёстой гэсэн нэхэмжлэлийг
Хохирогч П.Э “330000 юань буюу тэр үеийн ханшаар 115,500,000 төгрөгийг Наранбаагийн хятадын тариалан банкны данс руу шилжүүлсэн. Одоо үүнээс 100,000,000 төгрөгийг З, Ар 6,000,000 төгрөгийг авч, би 40,000,000 төгрөг авах ёстой” гэсэн нэхэмжлэлийг
Иргэний нэхэмжлэгч О.З 100,000,000 төгрөг, Д.Ар 6,000,000 төгрөг, хохирогч Ц.Ж 17,500,000 төгрөг нэхэмжилсэн байна.
Хавтаст хэрэгт У.Э нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байгаа боловч 2016 он 05 сарын 27-ны өдрийн 234 дугаартай Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 199 дүгээр тогтоол, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 сарын 04-ний өдрийн 335 дугаар шийдвэрээр Д.Боос У.Эт 28,000,000... төгрөг олгохоор бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудас, 2016 оны 03 сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/2016/00199 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 сарын 04-ний өдрийн 335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тогтоол, 2021 оны 06 сарын 18-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн 001/2021/00125 дугаартай ...шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хариуцагч Д.Бын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан тухай шүүхийн тогтоолууд хэрэгт авагдсан байна.
Иймд Д.Боос У.Эт гаргуулан олгохоор шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул иргэний нэхэмжлэгч У.Эт энэ тогтоолоор хохирол гаргуулан олгох, хохирогч Д.Бын хохирлыг шүүгдэгч М.Нгаас У.Эт гаргуулан олгохоор шилжүүлэх үндэслэлгүй байна.
Хохирогч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт “ тээврийн хэрэгслээ 16,000,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ” гэж мэдүүлж байх боловч уг тээврийн хэрэгсэл 16,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Тоёото Ланд Крузер-80 загварын автомашиныг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 08/017 дугаартай /3 хх-ийн 177/ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 15,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Дээрх шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна. Иймд Г.Уын нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгохоор,
Хохирогч П.Э нь 2014 оны 3 сарын 30-ны өдөр шүүгдэгч М.Нгийн БНХАУ-ын Тариалан банкны 6228480876075608565 тоот данс руу 329950 юань буюу Монгол төгрөгөөр тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцоход 94,755,041 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон ба хохирогч нь иргэний нэхэмжлэгч О.Зд 100,000,000 төгрөгийг шүүгдэгч М.Н хариуцан төлөх үндэслэлтэй болохыг мэдүүлсэн тул хохирогч П.Эт учирсан 40,000,000 төгрөгөөс үнийн зөрүү 5,244,959 төгрөг хасагдаж 34,755,041 төгрөг олгох нь зүйтэй гэж үзлээ. Иргэний нэхэмжлэгч Ц.Ж “...17500000 төгрөг яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна” гэж 5 дугаар хх-ийн 150 дугаар талд мэдүүлсэн тул гаргуулах хохирлын хэмжээг 17,500,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.
Иймд шүүгдэгч М.Нгаас хохирогч П.Эт 34755041 төгрөг, Г.Ут 24,000,000 төгрөг, Д.Бод 49,500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Зд 100,000,000 төгрөг, Ц.Жд 17,500,000 төгрөг, Д.Арт 6,000,000 төгрөг тус тус гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тодорхойлон тогтоожээ. Прокурор яллах дүгнэлтдээ “...хохирогч П.Эт нийт 140,755,041 төгрөгийн, хохирогч Г.Ут ...нийт 24,000,000 төгрөгийн хохирол учирсан” гэж хохирлын хэмжээг тодорхойлсон тул хохирогч Г.У нь Замын-Үүд суманд оршин суух Бат-Эрдэнэд шүүгдэгч М.Нгийн зөвшөөрлөөр өгсөн гэх 2,000,000 төгрөг, хохирогч П.Э нь 5,244,959 төгрөгийг шүүгдэгч М.Нгаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.Нгийн үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2021 оны 12 сарын 06-ны өдөр тус шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч М.Нд 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 5 дугаар сарын 01-ны өдөр хүртэл 5 удаагийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллагдагчаар татаж, үйлдсэн хэргүүдийг нь нэгтгэн шалгасан ба харин 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан уг хуульд нийцүүлэн түүнд 2020 оны 1 дүгээр сарын 27-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол үйлдэж, 2020 оны 12 сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулжээ.
Шүүгдэгч М.Н нь яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2015 оны 10 сарын 14-ний өдрөөс 2016 оны 9 сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд гадагш явахгүй байх, батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 11 сар 13 хоног оргон зайлсан үндэслэлээр хэргийг түдгэлзүүлж, 2016 оны 09 сарын 27-ны өдөр сэргээсэн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...яллагдагч...оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно “ гэж зааснаар шүүгдэгч М.Нд холбогдох эрүүгийн хэрэг 2016 оны 9 сарын 27-ны өдрөөс сэргээн тоологдсон байна. Энэ хугацаанд өөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Шүүгдэгч М.Нд холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 07 сарын 22-ноос 8 сарын 20 хүртэл хугацаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.4 дэх хэсэгт заасан “зайлшгүй шаардлагатай гэрч байхгүй” гэсэн үндэслэлээр түдгэлзүүлсэн нь түүний оргон зайлсан хугацаанд хамааралгүй байна.
Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд “1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй: ... 1.2. энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн; ...” гэж заасан байх бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилжээ.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1-т “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “ үйлдэл,эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон,оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. 2-т Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон,оногдуулсан ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.
2020 оны 01 сарын 20-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн заалтыг шүүх буцаан хэрэглэх боломжгүй гэж үзлээ. Учир нь: энэ заалт нь 2002 онд баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. 2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2-т “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно, ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж Эрүүгийн хуулиар зохицуулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа,түүнийг тоолох журам,шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа зэргийг үндэслэн эрх зүйн байдлыг дордуулсан Эрүүгийн шинэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэглэх үндэслэлгүй бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх таван жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч М.Нд холбогдох 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах,хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “залилах” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч М.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй , шүүгдэгч нь 24 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нгаас хохирогч Д.Бод 49,500,000 төгрөг, Г.Ут 24,000,000 төгрөг, П.Эт 34,755,041 төгрөг, Иргэний нэхэмжлэгч Ц.Жд 17,500,000 төгрөг, О.Зд 100,000,000 төгрөг, Д.Арт 6,000,000 төгрөг тус тус гаргуулан олгосугай.
5.Хохирогч Г.У нь Замын-Үүд суманд оршин суух Бат-Эрдэнэд шүүгдэгч М.Нгийн зөвшөөрлөөр өгсөн гэх 2,000,000 төгрөг, хохирогч П.Э нь 5,244,959 төгрөгийг шүүгдэгч М.Нгаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Г.Уын нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН