| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/00549/И |
| Дугаар | 102/ШШ2017/00959 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/00959
| 2017 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/00959 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо Энх тайвны өргөн чөлөө, Хилл сайдын байр, 2 тоот хаягт байрлах, “Гэрэлт ой” ХХК /РД: 5343471/-д холбогдох
Дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 34,499,512 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Гэрэлт ой” ХХК нь Монгол Улсын Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 22,999,675 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 3 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо.
Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т заасан дагуу “Гэрэлт ой” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 22,999,675 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан 11,499,837 төгрөг, бүгд 34,499,512 төгрөгийг “Гэрэлт ой” ХХК-ийн хөрөнгөөс гаргуулж Төрийн банкин дахь тус хэлтсийн 105100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Тус хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч бид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд хүргүүлсэн тул бидний эзгүйд шүүх хуралдааныг хийж, эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир нь шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Тус хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч бид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд хүргүүлсэн тул бидний эзгүйд шүүх хуралдааныг хийж, эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэж ээ.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгион шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч “Гэрэлт ой” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлээ бүрэн төлөхөө илэрхийлсэн, нэхэмжлэгч, хариуцагчийн саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул эвлэрлийг дэмжиж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, талуудын эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэж ээ.
Зохигчоос шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Хариуцагч Гэрэлт Ой” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,499,512 төгрөгийн үндсэн өр төлбөр болох 22,999,675 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг төлж 22,999,675 төгрөгийн үлдэх төлбөр олох 2,999,675 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Нэхэмжлэгч тал алданги болох 11,499,837 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Гэрэлт ой” ХХК-д холбогдуулан дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 34,499,512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэргийн оролцогч нар шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг тэдний эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу тэдний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд “Нэхэмжлэгч тал нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 34,499,512 төгрөгийн 11,499,837 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Гэрэлт Ой” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,499,512 төгрөгийн үндсэн өр төлбөр болох 22,999,675 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөр олох 2,999,675 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож” эвлэрсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Гэрэлт ой” ХХК-д холбогдох иргэний хэргийн зохигчид “Нэхэмжлэгч тал нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 34,499,512 төгрөгийн 11,499,837 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Гэрэлт Ой” ХХК нь үндсэн өр төлбөр болох 22,999,675 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөр олох 2,999,675 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
4. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР