Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

    

   2022         02           25                                      2022/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Э.Ариунболд,

шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Дд холбогдох эрүүгийн 2219000000012 дугаартай хэргийг 2022 оны 02 сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......... суух, хөдөлмөрийн чадвар алдалтийн 90 хувиар группэд байдаг

 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Д нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ... гэртээ  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Нгийн цээжин тус газар  хутгаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Ч.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр гэртээ архи уусан байхад Н орж ирсэн. Би нэг шил архи гаргаж ирээд уусан. Над руу давшлаад байсан. Маргасан зүйл бол байхгүй. Мах эвдэж байсан хутгаараа нэг удаа цохисон, гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би Дын гэрт очихдоо архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн очсон. Д надад 0.75 литрийн Хараа, Ерөө хоёрын аль нэгийг гаргаж өгсөн. Би Д, Од ах бид 3 архиа хувааж ууж байхад Од ах 3 хундага амсах төдий болоод унтаад өгсөн. Харин Д бид 2 үргэлжлүүлэн хувааж уусан. Би уусан архиндаа согтож Дын дургүйг хүргэсэн юм шиг байгаа юм. Намайг Д баруун эгэмний дээд талд хутгаар хатгасан, намайг хүү Ундрах-Эрдэнэ ирж эмнэлэгт аваачиж үзүүлсэн” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 18 дугаар тал),

 

Гэрч Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай дүү Д гэртээ манай нөхөр Сумъяа-Од, танихгүй 2 залуугийн хамтаар архи ууж байсан. Би хажуу гэрт нь охиныдоо байдаг болохоор орж гарч байсан. 18 цагийн орчим санаж байна Дд элэгнийх нь эмийг өгөх санаатай гэрт нь ортол манай нөхөр согтчихсон газар унтаж байсан. Д гэрийнхээ баруун урд гал тогооны шүүгээний наад талд мах эвдэж байсан гэрт нь ирсэн байсан хоёр залуугийн нэг нь явчихсан, нэг залуу нь нилээд согтсон байдалтай хэрүүл маргаан хийгээд манай дүү Ч.Дыг нүдийг чинь ухна, шувуунд өгнө гэх мэтээр заналхийлээд байсан. Тэгтэл Ч.Д гэнэт мах янзалж байсан шар өнгийн иштэй хутгаараа тухайн залуугийн цээж рүү нь хатгачихсан” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 20 дугаар тал),

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл ( хавтаст хэргийн 3-4 дүгээр тал),

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02/011 дугаартай “...Б.Нгийн биед цээжний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 32 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 51 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Д нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ... гэртээ  хохирогч Ө.Нтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх маргалдан түүний цээжин тус газар  хутгаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Д надад 0.75 литрийн Хараа, Ерөө хоёрын аль нэгийг гаргаж өгсөн. ...Д бид 2 үргэлжлүүлэн хувааж уусан. Би уусан архиндаа согтож Дын дургүйг хүргэсэн юм шиг байгаа юм. Намайг Д баруун эгэмний дээд талд хутгаар хатгасан,” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай дүү Д гэртээ манай нөхөр Сумъяа-Од, танихгүй 2 залуугийн хамтаар архи ууж байсан. ...Д гэрийнхээ баруун урд гал тогооны шүүгээний наад талд мах эвдэж байсан гэрт нь ирсэн байсан хоёр залуугийн нэг нь явчихсан, нэг залуу нь нэлээд согтсон байдалтай хэрүүл маргаан хийгээд манай дүү Ч.Дыг нүдийг чинь ухна, шувуунд өгнө гэх мэтээр заналхийлээд байсан. Тэгтэл Ч.Д гэнэт мах янзалж байсан шар өнгийн иштэй хутгаараа тухайн залуугийн цээж рүү нь хатгачихсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02/011 дугаартай “...Б.Нгийн биед цээжний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ч.Д  хохирогч Б.Н нар нь согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байх явцдаа хохирогчийг элдэв үг хэллээ гэж муудалцан түүний цээж рүү хутгаар 1 удаа хутгалж шүүгдэгч Ч.Д хохирогч Б.Нгийн биед цээжний шарх гэмтэл буюу хөнгөн гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  байна.

Шүүгдэгч Ч.Дын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Хохирол төлбөрийн талаар:

 Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Дд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболд нь шүүгдэгч Ч.Дд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Ч.Дд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Ч.Дийн хувийн байдал /элэгний хорт хавдартай/ зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

         Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтийн 90 хувиар группэд байдаг, группээс өөр орлогогүй зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Шүүгдэгч Ч.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ч.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч Ч.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН