Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1982

 

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01682 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.К ХХК-д холбогдох

 

500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 3, 4 сард М.К ХХК-ийн захирал Д.Д утасдаж, гадны компанитай хамтран ажиллахаар шинэ компани байгуулсан тул түүнд оролцох, зөвлөхөөр ажиллах, гэхдээ тухайн компанийн үйл ажиллагааны ашгаас хувь хүртэх хүсэлтэй байгаа тул гадаадын хамтрагчаас ирүүлсэн гэрээний төслийг судлан үзэхгүй юу, тухайн гэрээнд манай компанийн, миний эрх ашгийг хангах, хамгаалах талаарх хууль зүйн дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн. М.К ХХК-ийн захирал Д.Д-ийн гаргасан санал, мэйлээр ирүүлсэн гэрээний төслийг судалж, шинжлэн дүгнээд, компанийн хувьцаа эзэмших эсэх асуудлаар болон гадаадын харилцагчаас ирүүлсэн гэрээний төсөлд өөрийнх нь эрх ашиг хангагдаагүй, эрх зүйн хамгаалалт шаардлагатай тухай хууль зүйн дүгнэлт гаргаж, өөрийнх нь мэйл хаягаар явуулсан. Энэ хугацаанд өөрт нь гэрээний төсөл болон үнийн саналыг явуулсан боловч хариу өгөөгүй. Гэрээ байгуулах, эсхүл татгалзах ердийн боломжит хугацаа хангалттай өнгөрсөн боловч, өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгэсэнгүй. Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т заасныг баримтлан хариуцагч М.К ХХК-иас хууль зүйн зөвлөгөө өгч, дүгнэлт гаргуулсан төлбөрт 500 000 төгрөг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОХУлсын иргэнтэй Монгол Улсад хамтарсан компани байгуулахаар ярилцаж байсан учраас надад 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хамтран ажиллах гэрээний санал явуулсан байсан. Түүнтэй 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр уулзаж, учир явдлаа товчхон хэлээд, гэрээ ирсэн нэг хараад өгөөч гэхэд та над руу мэйлээр явуулчих гэсний дагуу Б.Б руу гэрээг мэйлээр явуулсан. Бидний хооронд үнэ хөлстэй гэрээ дүгнүүлэх талаар тохиролцоо хийгдээгүй. Гэрээний саналын хариуг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр явуулах ёстой байсан. Би 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б.Б-ийн утас руу залгасан боловч утсаа аваагүй. Ингээд өөрөө гэрээгээ харж, саналаа бичээд тэр өдөрт нь саналаа явуулсан. Гэтэл Б.Б 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дүгнэлт гэрээ гэх 5, 6 хуудас юм мэйлээр явуулсан. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр над руу “Тохиролцсон ёсоор гэрээний төсөл, үйлчилгээний үнийн тарифаа явууллаа. Урьд хийсэн хууль зүйн 2 дүгнэлтийн төлбөрийн нэхэмжлэх явуулах уу” гэсэн утгатай мэйл явуулсан байсан бөгөөд хавсаргасан файлыг үзвэл Эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний төслийг миний нэр дээр боловсруулан явуулсан байсан. Би Б.Б-той гэрээ дүгнүүлэх, хөлс төлөх талаар тохиролцоо хийгээгүй байхад тохиролцсон мэт агуулгаар мэйл бичиж явуулсан байна. Үүнийгээ гэрээ байгуулах санал гэж үзэж, үүнд хариу өгөөгүй учраас зөвшөөрсөн мэтээр дүгнэж нэхэмжлэл гаргасан байна. Гэрээний саналд аль хэдийнээ хариугаа явуулаад, дүгнүүлэх шаардлагагүй байхад надад Б.Б-с 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр явуулсан гэрээний саналыг хүлээн авах үндэслэлгүй. Мөн уг гэрээний төсөлд хариу өгөөгүй бол гэрээг байгуулагдсанд тооцох тухай заалт байхгүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Өмгөөлөгч үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан байна. Бидний хооронд гэрээ байгуулагдаагүй тул хөлс төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М.К ХХК-иас 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчээс 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчид явуулсан цахим шууданд хавсаргасан "Хуулийн зөвлөх үйлчилгээний гэрээ"-нд үнийн санал тодорхой тусгагдсан, хүсэл зориг болон хүсэл зоригийн илэрхийлэл буюу гэрээний гол нөхцөл илэрхийлэгдсэн гэж үзнэ. Хариуцагчийн зүгээс гэрээний саналыг татгалзсан, үгүйсгэсэн, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ямар нэгэн санал гаргаагүй, ийм үйл баримт болсон бол түүнийг нотлох ямар нэгэн баримт шүүхэд гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзлаа нотлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүх талуудын хооронд үүссэн харилцаа, хэргийн бодит үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй тогтоож чадаагүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд аман хэлцлийн гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон нь тогтоогдохгүй байна гэж дүгнэснээр илэрхийлэгдэж байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т заасны дагуу хэлцэл хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.К ХХК-д холбогдуулан 500 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ М.К ХХК-ийн захирал Д.Д-ийн хүсэлтээр гадаадын компанитай хамтран ажиллах, тухайн компанийн үйл ажиллагааны ашгаас хувь хүртэхтэй холбоотой гэрээний төслийг судлан үзэж, уг төсөл хариуцагчийн эрх ашигт нийцэхгүй, эрх зүйн хамгаалалт шаардлагатай байгаа талаар хууль зүйн дүгнэлт гаргаж өгсөн гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч үнэ хөлстэйгээр гэрээний төслийг дүгнүүлэх талаар тохиролцоо хийгдээгүй, Б.Б 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 5, 6 хуудас дүгнэлт явуулснаар хөлс төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

            Талуудын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар гэрээ хийгдсэнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул хөлсөөр ажиллах гэрээний дагуу хөлс шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаагүй нь зөв байна.

 

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасан хууль тогтоомжоор хориглоогүй эрх зүйн бусад туслалцаа үзүүлэх төрөлд хамаарч байх ба мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заажээ. Гэрээний гол нөхцөл болох өмгөөллийн үйлчилгээний хөлсний талаар талууд хэлэлцэн тохиролцсон нь нотлогдоогүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Тодорхой хөлстэйгээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тохиолдолд уг хөлсний хэмжээг нөгөө талтай тохиролцсон байх шаардлагатай.

 

Гэтэл зохигчдын хооронд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцсоныг нотолсон баримт буюу 500 000 төгрөгийн хөлстэйгээр үйлчилгээ үзүүлэх талаар гэрээний нөгөө тал болох үйлчлүүлэгчтэй тохиролцсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн бидний хооронд үнэ хөлстэй гэрээ дүгнүүлэх талаар ямар ч тохиролцоо хийгдээгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй болно.

 

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй тул хариуцагч татгалзлаа нотлоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн гаргасан давж гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01682 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                        

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ